Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ,,,, Р.*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.*******д эзэмшүүлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д олгосон 96 м.кв газар нь Р.*******д олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн Ө******* Зохион байгуулалттай нэгдэлд /цаашид ЗБН гэнэ/ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Р.******* миний бие Нийслэлийн барилга засварын трестэд ажиллаж байх үед манай компани Э ХК болон өөрчлөгдөж, улмаар компаний хөрөнгүүдийг ажилчиддаа хувьчлан өгсөн. Тэр үед компаний мэдлийн газраас ажилчиддаа эзэмшүүлэх хүсэлт гаргаж, миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр 24 м.кв бүхий аккумуляторын өрөөг 300 м.кв талбай бүхий газрын хамт эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

Миний бие тус байгууллагад 25 жил ажилласан тул 1999 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот тушаалаар аккумуляторын өрөө нэртэй 24 м.кв барилгыг надад хувьчлан өгсөн. Уг барилга нь миний 300 м.кв газрын талбайд орсон. Уг барилгаа 1999 онд 2.5 сая төгрөгөөр үнэлүүлэн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд гэр бүлийн 4 хүний хамт өмчилдөг. Тухайн үед 300 м.кв газраа хашаалсан байсан. Р.*******тэй хамт ажиллаж байсан Ч.Д******* хашаанд нь контейнер тавьж ажиллуулъя гэсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш маргаан үүссэн. Контейнер ажиллуулж байсан Ө******* хоршоо нь Р.*******гийн эзэмшлийн 300 м.кв талбай бүхий газартай давхцуулан газар эзэмших хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/226 дугаар захирамжаар 47 м.кв газар олгосныг 96 м.кв болгон өөрчилж, дараа нь 172 м.кв болгосон. Ө******* хоршооны газар үндэслэлгүйгээр 3 дахин томорсон байхад Р.*******гийн 300 м.кв газар үндэслэлгүй, багассаар 24 м.кв газар үлдсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 147Б дугаар захирамжаар Р.*******д 300 м.кв газар эзэмшүүлсэн болохыг баталгаажуулж, 2001 онд ******* тоот цагаан гэрчилгээг олгосон. Уг гэрчилгээг 2003 онд 2 жилээр сунгасан зэргээс үзвэл Р.******* нь 300 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй байсан болох нь тогтоогдож байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 147Б дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй, уг захирамж нь хүчинтэй байхад Нийслэлийн Засаг дарга давхардуулж газар олгосон буруутай үйлдэл байна. Р.*******гийн газрыг сунгахгүй, харин Ө******* хоршооны газрыг сунгаад байдаг, тэр ч байтугай газраа зарахыг шаардаж, сунгахгүй байгаа үйлдэл байгаа.

Харин Ө******* хоршоо нь анх газрыг яаж олж авсан нь тодорхойгүй, хүсэлт гаргаагүй байхад газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүсэлтийг үндэслэж шийдвэрлэх ёстой. Гэтэл Ө******* хоршооны зүгээс ямар нэгэн хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй, хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн. Үүнд газрын албаны буруутай үйл ажиллагаа байгаа, үүнийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Ө******* хоршоонд анх хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болговол дараагийн захирамжууд нь хүчингүй болно гэж үзэж байна гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т*******, Д.Н******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ө******* ЗБН-д 1997 оны хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаас 96 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар түр ашиглуулах шийдвэр гаргасан. Тухайн үед уг газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй байсан тул Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* нөхөрлөлд 50 м.кв газрыг, иргэн Р.*******д 100 м.кв газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар түр ашиглах эрх олгосон байна.

Иргэн Р.*******д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ард Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар 300 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн Р.*******д Нийслэлийн Засаг даргын 1997 оны захирамжаар 100 м.кв газрыг түр ашиглах эрх олгосон боловч нэг ч удаа гэрээ байгуулж байгаагүй, 20 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд кадастрын зургийг оруулаагүй, одоо ч 56 м.кв газарт кадастрын зураг хийлгээгүй, захирамжаар олгосон газраа хашаа барьж тэмдэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, захирамжаар олгосон газраа хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас 24 м.кв болсныг төрийн байгууллага хариуцахгүй.

Бодит байдал дээр Р.*******гийн шаардаад байгаа 300 м.кв газар байхгүй, 24 м.кв газарт аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг газар нь газар ашиглах эрхийн үндсэн дээр ашиглаж байгаа газар юм. Газар ашиглагч тухайн газрыг бусдад шилжүүлэх болон захиран зарцуулах эрх байхгүй, гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй.

Уг газрыг Р.******* нь гэр бүлийн хэрэгцээнд ашигладаггүй. Тэгээд ч уг байршил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэх байршилд тусгагдаагүй. Түүнчлэн Р.******* нь Нийслэлийн Засаг даргад хандаж, 300 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байна.

Нэхэмжлэгч нь 1997 онд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар 300 м.кв газар эзэмших эрхтэй байтал миний эрх ашгийг зөрчиж, 1997 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ө******* хоршоонд газар ашиглуулах эрх олгосон гэх гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд иргэн Р.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн захирал Д.Э******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Манлайжав нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 1995 оноос зохион байгуулалттай нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2002 оноос Ө******* ХХК болж, Ч.Д*******, Д.Э******* нарын 2 гишүүнтэй үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсан билээ.

2006 оноос Ч.Д******* дангаараа үйл ажиллагаа явуулж байгаад тэтгэвэртээ гарч, 2010 оноос охин Д.Э*******т компаниа 100 хувь шилжүүлж, нэг гишүүнтэй болсон.

1995 оноос Сүхбаатар дүүргийн 1нд байрлах 100 айл буюу барилга засварын нэгдсэн трестийн залгаа, одоогийн Болор дэлгүүрийн байгаа газар барилгын материалын дэлгүүр ажиллуулж байхад буюу 1997 онд газар чөлөөлөх мэдэгдэл авч, дэлгүүрийн вагончигоо Р.*******гийн дэлгүүрийн хажууд буюу хур хогийн цэг байсан газрыг цэвэрлэн, хогийг тээвэрлэн хаяж, газар дээр нь вагончигоо тавьж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргаж, 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А226 дугаар захирамжаар газар эзэмшиж, гэрээ байгуулан, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, газрыг хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Газар дээрээ дэлгүүрийн байр барьж, худалдаа үйлчилгээ явуулж, улсад үл хөдлөх эд хөрөнгийн татвар, аж ахуйн нэгж байгууллагын албан татвар зэргийг 2002 оноос хойш тасралтгүй төлж байна.

Р.******* нь 2000 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд манай газрыг Ч.Д******* авчихлаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147Б дугаар захирамжаар 300 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээ авсан гэж шүүхэд хандаж байсан. Тухайн үед 300 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ нь хуурамч болох нь нотлогдсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147Б дугаар захирамжаар Р.*******д газар олгосон эсэх нь тодорхойгүй, захирамж болон хавсралт нь байдаггүй. Энэхүү захирамжид Р.*******д газар олгов гэсэн нэг ч үг, өгүүлбэр байгаагүй. Харин Нийслэлийн Засаг даргын 1997 оны А226 дугаар захирамжаар Р.******* болон манай компанид хоёуланд нь газар олгосон. Уг захирамжийн дагуу Р.******* нь газраа баталгаажуулж авалгүй, хуурамч 300 м.кв талбай бүхий газрын гэрчилгээндээ найдсаар л байсан. Ер нь манай тэнд 300 м.кв талбай байхгүй.

Р.******* нь нэхэмжлэлдээ 24 м.кв аккумуляторын өрөөнд гэр бүлээрээ амьдардаг гэж материал бүрдүүлжээ. Үнэн хэрэгтээ Баянгол дүүргийн ,, 16 дугаар байрны 05 тоотод насаараа шахуу амьдарч байгаа. Дээрх 24 м.кв байранд хүн амьдрах ямар ч боломжгүй бөгөөд цэвэр бохир усны ямар ч холболтгүй, орчинд нь айл өрх амьдрах ямар боломжгүй, уг газар нь гэр бүлийн зориулалтаар газар өмчилж болох хэсэгт ордоггүй газар юм.

Р.******* нь анх 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 24 м.кв талбай бүхий газрыг эзэмших хууль ёсны гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн Заг ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай шинээр баригдах үйлчилгээний талбайд 24 м.кв талбай авахаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 51 тоот хоёр талт гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 16-нд 51 тоот гурван талт гэрээг байгуулж, 2014 оны 04 дүгээр сараас газар чөлөөлөхөөр тохиролцсон бөгөөд үүнийг Р.******* нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Иймд Р.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь анх тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл, мэдээллийн төв архивын ард байрлах 300 м.кв талбай бүхий газрыг Р.*******д өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг ихэсгэж, шаардлагаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл, мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.*******д эзэмшүүлэхийг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д олгосон 96 м.кв газар нь Р.*******д олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн Ө******* ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшилд шилжээгүй газрыг Ө******* ЗБН-д олгосон үйлдэл нь илт хүчин төгөлдөр бус болохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч Р.******* нь уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Нийтийн эзэмшилд шилжээгүй газрыг Ө******* ЗБН-д олгосон үйлдэл нь илт хүчин төгөлдөр бус болохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу хүлээн зөвшөөрүүлэх шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Р.*******гийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн Ө******* ЗБН-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар Р.*******д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв архивын ард байрлах, 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар, улмаар Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р. *******д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар, Ө******* ЗБН-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,005 га газрыг үйлчилгээний зориулалтаар гэрээгээр түр ашиглуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар Ө******* ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 130 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар Ө******* ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 128 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 147 дугаар шийдвэрээр 300 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. ... Ч.Д******* нь манай газарт байшин барьсны улмаас миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны147 дугаар захирамжаар Р.*******д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв архивын ард байрлах 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын бүртгэлийн 1125 дугаарт бүртгэж, амины хэрэгцээнд газар эдлэх 95628 дугаар үнэмлэх[1] олгосон, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчид дээрх газрыг ашиглуулахаар 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар газар ашиглах гэрчилгээ[2] олгосон, Сүхбаатар дүүргийн Газрын алба нь 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газар ашиглах гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгаж баталгаажуулсан, нэхэмжлэгч Р.******* нь дээрх газрыг амины хашааны зориулалтаар ашиглаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, газар эдлэх эрхийн болон газар ашиглах гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/314 тоот албан бичиг[3], Үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээний тайлан[4], Р.*******гийн амины хашаа, барилгын ерөнхий схем болон фото зураг[5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч Р.******* нь Нийслэлийн Газрын болон бүртгэлийн албанд 300 м.кв газраа /хашаатай/ эзэмших хүсэлтийг[6] гаргаж байсан байх ба Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р.*******д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд дэлгүүр үйлчилгээний зориулалтаар 0,01 га /100 м.кв / газрыг гэрээгээр түр ашиглуулахаар шийдвэрлэжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .. 300 м.кв газраа аж ахуйн зориулалтаар эзэмших тухай өргөдөл, гомдлоо огт гаргаж байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р.******* нь амины хашааны зориулалтаар 300 м.кв газрыг ашиглаж байсан, Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн 300 м.кв газраа эзэмших хүсэлтийн дагуу түүнд 100 м.кв газар ашиглуулах шийдвэрийг гаргасан байх бөгөөд Р.*******д газар ашиглуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж, түүний хавсралт олдохгүй байгаа түүнчлэн захирамж гарсны дараа гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй нь захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийг иргэн Р.*******д албан ёсоор мэдэгдээгүй, гардуулаагүй, түүнтэй газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй атлаа Р.*******гийн 300 м.кв газар ашиглах гэрчилгээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулсан нь тодорхойгүй байх бөгөөд энэхүү факт нь захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой байна гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн /1994 оны/ 32 дугаар зүйлийн 1-д зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан нь тухайн иргэнтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэх ёстой.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 0,005 га газрыг Ө******* ЗБН-д үйлчилгээний зориулалтаар гэрээгээр түр ашиглуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн Газрын алба нь дээрх шийдвэрийг үндэслэн Өлзийт чимэг ЗБН-тэй 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрээ[7] байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Ө******* ЗБН-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын хэмжээг Засаг даргын захирамжид зааснаас өөрөөр буюу 96 м.кв гэж бичиж, уг гэрээг улсын бүртгэлийн 1821 дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Газрын алба нь Засаг даргын шийдвэрт заасан газрын хэмжээг нэмэгдүүлж, Ө******* ЗБН-тэй газар ашиглах гэрээ байгуулсан байх бөгөөд 1821 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээнд[8] ашиглуулахаар олгосон газрын хэмжээг Засаг даргын захирамж, гэрээнд зааснаас өөрөөр буюу 0,01 га гэж нэмэгдүүлэн бичиж олгожээ.

Улмаар Нийслэлийн Газрын алба нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийг үндэслэн Өлзийт чимэг ЗБН-тэй 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 144 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар нэг жилийн хугацаагаар ашиглуулахаар[9], мөн 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 130 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар нэг жилийн хугацаагаар ашиглуулахаар[10] тус тус газар ашиглах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн 1821, 228 /2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр/ дугаарт бүртгэж баталгаажуулжээ.

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд Нийслэлийн Газрын алба /Нийслэлийн Газрын албаны харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн алба/ нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Ө******* ЗБН-тэй гурван өөр хэмжээтэй газар ашиглах гэрээг /гурван өөрөөр/ байгуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд Нийслэлийн Газрын алба нь газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээг байгуулах, гэрчилгээ олгох зохицуулалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн гуравдагч этгээд нь Нийслэлийн газрын албанд 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 226 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг[11] гаргаж байсан байх бөгөөд уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 130 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Ө******* ЗБН нь зөвхөн Нийслэлийн Засаг даргын 1997 оны 226 дугаар захирамжаар олгосон газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга нь өмнөх захирамжид заасан газрын хэмжээнээс өөрөөр буюу газрын хэмжээг 80 м.кв-аар нэмэгдүүлж, /Нийслэлийн газрын алба болон Ө******* ЗБН-ийн хооронд байгуулсан 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газар ашиглах гэрээнд заасан газрын хэмжээг үндэслэж/ 130 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь Ө******* ХХК-д олгосон газрын хэмжээг нягтлан шалгаж, эзэмшил газар нь бусдын газартай давхцалтай эсэхийг тодруулах боломжтой байжээ.

Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/883 дугаар албан бичгээс үзэхэд Газрын кадастрын мэдээллийн сангийн архивд хадгалагдаж буй нэгж талбарын 18644312088889 дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д газар ашиглах зөвшөөрөл олгогдон 128.47 м.кв талбайтайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, 2006 оноос одоог хүртэл өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д 50 м.кв газар олгогдсон байхад 128.47 м.кв талбайтайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нь ойлгомжгүй байна.

Үүний зэрэгцээ Ө******* ЗБН нь 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан байхад үүнийг хэрхэн шийдвэрлэсэн, түүнчлэн Ө******* ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээг хуульд заасан ямар үндэслэлээр удаа дараа нэмэгдүүлж, өөрчилсөн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Ө******* ХХК нь 132 м.кв талбайтай буюу Засаг даргын захирамжид олгосон газраас 4 м.кв талбайгаар илүү, Р.******* нь 56 м.кв талбайтай нэгж талбарыг тус тус эзэмшиж байгаа болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шалгаад маргаан бүхий захиргааны актыг өөрчлөх эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл, мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.Пүрвээд эзэмшүүлэхийг даалгуулах болон Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д олгосон 96 м.кв газар нь Р.Пүрвээд олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгох шаардлага шийдвэрлэгдэх боломжтой гэж шүүх үзлээ.

Эдгээрээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар Ө******* ЗБН-д 50 м.кв талбай бүхий газар, газар эзэмших гэрээгээр 96 м.кв газар, гэрчилгээгээр 100 м.кв газар тус тус эзэмшүүлсэн нь бодит нөхцөл байдалтайгаа уялдаж буй нь тодорхойгүй, захиргааны акт зорилгодоо нийцээгүй, бодит байдлаар хэрэгжээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрууд нь ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэх, бодит байдал дээр нэхэмжлэгчийн эзэмшлийн 300 м.кв газар байгаа эсэх, нэхэмжлэгч С.*******гийн газрын хэмжээ ямар үндэслэлээр багассан, гуравдагч этгээд Ө******* ЗБН-ийн газар ашиглах эрх ямар журмаар үүссэн, захиргааны байгууллага, албан тушаалтанд газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаж байсан эсэх, түүний эзэмшил болон ашиглаж буй газар нь ямар үндэслэлээр нэмэгдсэн /ихэссэн/, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын хэмжээ, хил зааг, байршил зэрэг газар эзэмших эрхтэй холбоотой нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Р.******* нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 300 м.кв газраа /хашаатай/ эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргаж, улмаар Нийслэлийн Засаг дарга нь 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Р.*******д 100 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа газар ашиглуулсан шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүнд биечлэн гардуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг. шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох Нийтийн эзэмшилд шилжээгүй газрыг Ө******* ЗБН-д олгосон үйлдэл нь илт хүчин төгөлдөр бус болохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн /1994 оны/ 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн Ө******* ЗБН-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

[1]. 1 дүээгрхавтастхэргийн 13 дугаар хуудсанд

[2]1 дүгээр хавтастхэрогийн 24 дүгээр хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд

[5]1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд

[6]1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд

[7] 1 дүгээрхавтастхэргийн 100 дугаар хуудсанд

[8]2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд

[9]2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд

[10]2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд

[11]2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд