Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 819

 

 

З.А-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.А-ын хариуцагч Г.Т, Ч.С нарт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.А

Хариуцагч Г.Т, Ч.С, өмгөөлөгч Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 онд Г.Ттай танилцаж, улмаар 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Т.Бадруун нар төрсөн. Энэ хугацаанд бид удаан хугацааны зан харилцааны үл ойлголцол, энэ хүний огцом аашнаас болж миний 2 хүү цочимтгой, аймхай, болж хүүхдүүдийн хүмүүжил, зан аашинд илт сөргөөр нөлөөлж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн жижиг асуудлаас болж үүссэн маргаан хүндэрч Г.Т нь 2 хүүхдийнхээ нүдэн дээр хутга барин өөрийгөө ална гэж хашгичсаны улмаас хүүхдүүд айн шоконд орж, би цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Тэр өдрөөс хойш Г.Т гэртээ ирээгүй, би түүнтэй холбогдох гэж 2 сарын хугацаанд тасралтгүй оролдож ч холбоо барьж чадаагүй. Цаашид ийм хэрүүлтэй, айдастай амьдралаар амьдрахгүй, хүүхдээ ийм орчинд өгөхгүй гэж шийдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох Т.Ирмүүн, Т.Бадрууныг миний асрамжинд үлдээж, Г.Т-аас гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054677 дугаар, 000313485 дугаар гэрчилгээ бүхий Нарны хорооллын 7 дугаар байр 85 тоотын 3 өрөө 84.46 м.кв талбайтай орон сууц, мөн орон сууцны доор байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205056889 дугаар, 000355564 дугаар гэрчилгээ бүхий 15.65 м.кв талбайтай дулаан зогсоол, 49-18 УНЦ улсын дугаартай Lexus 470 маркийн автомашин эдгээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Анхбаяр бид хоёр 2008 онд танилцаж улмаар бидний харилцаа дотносож 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын энэ хэдэн жилд эхнэрийн маань надад хандах хандлага, хэлж ярьж байгаа үг, гаргаж байгаа ааш авир үйлдлийг харах, сонсох болгондоо надад хайртай биш байсан юм болов уу. Тэгээд надтай яах гэж суусан юм бол гэж бодох үе зөндөө байсан. Түүнчлэн хадам ээж Г.Баярмаа болон түүний дүү нарын хэнийг ч болов үл ойшоосон, хүнийг хайрлах сэтгэлгүй, дээрэлхүү зантай, онгироо сагсуу байдал, охиныхоо гэр бүлийн амьдралд оролцдог, байнга мөнгө нэхэж дарамталдаг, миний ээж, аавын санхүүгийн тусламж дэмжлэгийг үгүйсгэдэг ч эмэгтэй хүний гаргадаг зан ааш төдий гэж бодож явсан. Би өрхийн тэргүүн эцэг хүний хувьд ажил хийж, гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ, гэр орны бүхий л ажилд оролцдог. Мөн З.А-ын хүссэнээр түүнийг цалингаа ээж, дүүдээ зарцуулахыг нь зөвшөөрч харин би өөрийн цалингаа гэр бүлдээ бүгдийг нь зарцуулж зарим үед автобус унааны мөнгөгүй болох тохиолдол гарч байсан. З.Ань өөрийнхөө цалингаас нэг төгрөг ч гэр бүлдээ зарцуулдаггүй байж намайг мөнгө олж чадахгүй байна. Би айлын ганц хүү тул эцэг эх хоёр маань 3 өрөө байр авч өгсөн. 2016 онд З.Атанидаг хүнтэйгээ хамтран ББСБ байгуулахаар болсон байсан. Харин ББСБ-ынхаа зөвшөөрлийг хөөцөлдөж байх үедээ гэр бүлтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байсан. Энэ талаар би мэдээд уучилж тэр хүнтэйгээ дахин битгий уулзаарай 2 хөөрхөн хүү маань байгаа шүү дээ гээд өнгөрсөн. Би архи ууж, тамхи татдаггүй. Надад эхнэр хүүхдээ айлгаж ичээж орилж хашгираад байх тийм гэр бүлийн хүмүүжилч байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүхдийг түүний асрамжинд үлдээхийг зөвшөөрөхгүй. З.А2 хүүхдийг дөнгөж 4 сартай байхад нь ажлаа хийнэ гээд дүүгээрээ харуулаад ажилдаа орж байсан. З.Ань дээр дурьдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзээд өөрт ногдох хэсгийг шүүхээр хуваалгахаар нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054677 гэрчилгээтэй Г.Т, Ч.С нарын 2 хүний өмч болох 7 дугаар байрны 5 давхар 85 тоот 84,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахдаа 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хурд групп” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг би байгуулж байрны үнэ болох 152 028 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу гурав хувааж 2014 оны 4 дүгээр сарын 16-нд төлж барагдуулсан. Байрны төлбөрийн 45 610 000 төгрөгийг эх Ч.С бэлнээр 21 000 000 төгрөг, эцэг Т.Ган-Эрдэнэ дансаар үлдэх 85 418 000 төгрөгийг миний бие дансаар дамжуулан төлсөн. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205056889 гэрчилгээтэй Г.Т, Ч.С нарын 2 хүний өмч болох 7 дугаар байрны зоорийн давхарт байрлах 521 тоот 15,65 м.кв талбай бүхий автозогсоолыг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Хурд групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулж үнэ болох 21 000 000 төгрөгийг 2 хувааж, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж дууссан. Автозогсоолын төлбөрийн 50 хувь болох эхний 10 500 000 төгрөгийг тухайн үед З.А-ын эх Г.Баярмаагаас зээлж төлсөн. Үлдэгдэл 10 500 000 төгрөгийг би өөрөө төлсөн. Хадам эх Г.Баярмаагаас зээлсэн 10 500 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буцаан өгсөн. Lexus 470 маркийн 49-18 УНЦ улсын дугаартай суудлын автомашин нь миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдан авч байсан. Энэ үед би З.Анхбаяртай хамтран амьдраагүй байсан учраас гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш. Энэ автомашиныг 2017 оны 2 дугаар сард бусдад худалдсан гэжээ.

Хариуцагч Ч.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т Ч.Снарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир уг орон сууц болон автозогсоолыг манай нөхөр бид худалдаж авсан. Г.Т нь манай ганц хүү тул орон сууц, автозогсоолыг авч өгсөн. З.Анхбаяраас нэг ч төгрөг гараагүй. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу хийсэн тул хүчин төгөдөл бус гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хүү Т.Ирмүүн, Т.Бадруун нарыг өөрийн асрамжид авч, З.Анхбаяраас тэтгэлэг гаргуулах, бидний хамтын амьдрал болон гэрлэлтийн хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулна. 2016 онд З.А-ын нэр дээр худалдаж авсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 9 талбар газар тус бүр 700 м.кв, 3.Анхбаярын өөрийн хөрөнгөөр худалдаж авсан 132 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, З.А-ын хувийн хадгаламжийн 200 000 000 төгрөг, Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламжийн 20 000 000 төгрөг, 3.Анхбаярын өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тоёото приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, тоёото приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай автомашинаас ногдох хэсгээ гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч З.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Г.Т нь хувь хүн болоод зан араншингийн догогдолтой, хариуцлага ухамсарлах мөн үүрэх чадваргүй, түргэн огцом ууртай, хүүхдүүдтэй орилж хашигачин, загнаж зандарсан үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2 хүүхэд болон надтай нэг ч удаа холбогдоогүй ийм хүн цаашид хүүхдүүдийг асран халамжлана гэдэгт эргэлзэж байна. Мөн бусдыг гүтгэн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх өргөдөл удаа дараа гаргасан боловч хэрэгсэхгүй болгож байсан. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам гудамжид байрлах тус бүр нь 0.7 га, 9 талбар нэгж бүхий газрын эзэмших гэрчилгээ хэрэгт байгаа хэдий ч тус газрын зөвхөн талбар нэгж бүхий газрын гэрчилгээ нь З.Аминий нэр дээр гарсан байдаг ч гэр бүлийн болон өөрийн хөрөнгөөр худалдаж авсан газар биш гэдгийг Г.Т мэдэж байгаа. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Ривер Хаусын 5А байр, 51 тоот хаягт байрлах орон сууцыг миний эх Г.Баярмаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн бичил хороололын 3 өрөө хуучин байраа Ц.Алтантуяа гэгч иргэнд 123 000 000 төгрөг, 110 000 000 төгрөгийн Хас банкны 8 хувийн лизингээр өгч тухайн үед 60 000 000 төгрөгийг эх Г.Баярмаа өөрийн дансанд, 50 000 000 төрсөн дүүгийн нэр дээрх дансанд тус тус байршуулж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг cap бүрийн эцэст төлж барагдуулж дуусгана гэж тохиролцсон. Мөн уг орон сууц худалдаж авсан татварын буцаан олголт болох 3 000 000 төгрөгийг өмчлөгч болох эх Г. Баярмаа нь буцаан авсан. 2 хүүхдийн хадгаламж зэргийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хэмээн хүүхдүүдийнхээ цаашид сурч боловсрол эзэмшихэд нь зориулж буй хадгаламжаас ногдох хувь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэхээр эр хүний, эцэг хүний гаргахааргүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хадгаламж бол бид хоёрын дундын өмч биш гэж үзэж байна. 81-05 УБС улсын дугаартай, тоёота приус 30 маркийн автомамшиныг Г.Ттай ярилцан тохиролцож бусдад худалдсан. 63-85 УБӨ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг миний дүү З.Баасандорж худалдан авсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Олохнууд овогт Зоригтын Анхбаяр, Гөөж овогт Ган-Эрдэнийн Тамир нарын гэрлэлтийг цуцлаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг эх З.А-ын асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Таар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Т нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Г.Т Ч.Снарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ...орон сууцыг Г.Тын өмчлөлд үлдээж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Г.Таас Баянгол дүүргийн 3 дугаар хороо нарны хороолол 7 байр 85 тоот 3 өрөө орон сууцны үнэтэй тэнцэх 128 379 221 төгрөг, 

Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байрны доор байрлах авто зогсоолын үнэ 15 000 000 төгрөг,

Lexus LX470 автомашины үнэ 20 935 000 төгрөг, нийт 164 304 221 тбөгрөг гаргуулан З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт олгож, дээрх эд хөрөнгүүдийг Г.Тын эзэмшил, өмчлөлд үлдээж,

З.Анхбаяраас Сонгино хайрхан дүүрэг 22 дугаар хороо Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 м.кв газар буюу түүний үнэнээс 8 064 000 төгрөг гаргуулан Г.Тт олгож, дээрхи газрыг З.А-ын эзэмшилд үлдээж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Хан-уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэр гудамж 20 дугаар байр Ривер хаус 51 тоот 3 өрөө орон сууц, Тоёото Приус 20, Тоёото Приус 30 маркийн автомашин, насанд хүрээгүй хүүхэд Т.Ирмүүн, Т.Бадруун нар болон З.А-ын банкин дахь хадгаламжаас ногдох хэсгийг гаргуулах Г.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч З.Анхбаяр, хариуцагч Г.Т нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.А-ын урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Таас 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Анхбаярт олгож, хариуцагч Г.Тын урьдчилан төлсөн 136 496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны хороолол 7 дугаар байр, 85 тоот орон сууцыг 171 172 295 төгрөгөөр үнэлснийг гэр бүлийн гишүүдэд хуваасан. Шүүх 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13976 дугаартай шүүгчийн захирамжаар хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг буруу үнэлсэн. Уг гэрээнд миний эцэг орон сууц авахад 100 000 000 төгрөг бэлэглэж орон сууц захиалан бариулсан. Бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн мөнгөн хуримтлалаас гадна ямар мөнгийг орон сууц авахад оруулснаа нэхэмжлэгч нотлоогүй. Хэрэв мөнгөн хөрөнгө оруулсан бол өөрийн нэрээ оруулах байсан. Энэ байр манай эх эцэг хоёрын авч өгсөн орон сууц юм. Эцэг эхээс өвлүүлж өгсөн 100 000 000 төгрөг бол миний хуваарьт хөрөнгө байхад шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн. УНЦ 49-18 улсын дугаартай Lexus 470 маркийн суудлын автомашиныг 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр буюу гэр бүл болохоос өмнө худалдаж авсан хуваарьт хөрөнгө юм. Энэ автомашиныг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 000 000 төгрөгөөр бусдад худалдсан. Гэтэл шүүх зарсан эд хөрөнгийг 27 900 000 төгрөгөөр дүгнэж гэр бүлийн гишүүдэд хуваасан. З.А-ын хөрөнгийг үнэлээгүй. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 м.кв газрыг гэр бүлийн дундын өмч гэж дүгнэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/1209 дугаартай албан бичгээр З.А-ын нэр дээр 13 ширхэг газар бүртгэлтэй байгааг нотолж шүүхэд ирүүлсэн. Гэтэл 4 ширхэг газрыг үнэлээгүй. Шүүх З.А-ын банкин дахь дансны үлдэгдлүүдийг үнэлээгүй. Худалдаа хөгжлийн банк дахь түүний хадгаламжийн дансны үлдэгдэл 92 408 595,93 төгрөг байсан. Энэ хадгаламж дахь мөнгөн хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө мөн. Өмчлөх эрхийн Ү-2206033398 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 20 байр 51 тоот хаягт байрлах З.А-ын үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж дүгнээгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 3 хүний өмч болох нь тодорхой байна. Харин 132 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны захиалгын гэрээ, бүх төлбөр тооцоог З.Ахийсэн байхад манай гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж дүгнээгүй нь буруу. Гэр бүл болсноос хойш бий болсон мөнгөн хуримтлал 129 750 000 төгрөгийг Б.Өнөрзаяад залилуулан З.Ахохирогчоор тогтоогдоод байгаа нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/9801 тоотоор нотлогдож байхад энэ хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж дүгнээгүй, огт тайлбар хийгээгүй. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 4 газраас бусад нь тодорхой үнийн дүнтэй.

Үнэлгээний компани 1 газрыг ойролцоогоор 3 584 000 төгрөгөөр үнэлсэн байна. Дутуу үнэлсэн газар 4х3 584 000:4=3 584 000 төгрөг,

            Хадгаламжийн дансны үлдэгдэл 92 408 595,93 төгрөг байна. 92 408 595,93:4=23 102 149 төгрөг,

            Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 20 дугаар байр, 51 тоот хаягт байрлах З.А-ын үл хөдлөх хөрөнгө 128 048 063 төгрөгийн үнэлгээтэй. 128 048 63:3=42 682 688 төгрөг манай гэр бүлийн дундын өмч. 42 682 688:4=10 670 672 төгрөг.

            Бусдад залилуулсан 119 750 000 төгрөг нь гэр бүлийн дундын өмч. 119 750 000:4=29 937 500 төгрөг.

            Автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэнтэй маргахгүй гэсэн. Гэр бүлийн 1 гишүүнд ногдох хөрөнгө нь 5 000 000+ 3 584 000+23 102 149+10 670 672 +29 937 500=72 294 321 төгрөг болж байна. Гэр бүл болсноос хойш 72 294 321х4=289 177 284 төгрөгийн дундын өмч, мөнгөн хуримтлал үүсгэсэн байна. Автозогсоолын 20 000 000 төгрөг надаас гарах ёстой. Харин үлдэгдэл 269 177 284 төгрөг нь нэхэмжлэгч З.Анхбаяраас гарах ёстой. Иймд нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.Ань хариуцагч Г.Т, Ч.Снарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, Г.Т, Ч.Снарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Мөн хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч З.Анхбаярт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тодорхойлсоны үндсэн дээр гишүүдэд ногдох хэсгийг хуваарилах учиртай.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж; мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” заажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгч З.Ань Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, зуслан Баянголын аманд нийт 13 нэгж талбарт бүртгэлтэй газар эзэмшдэг болох нь эрх шилжүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, кадастрын зургаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ баримтаар авагдаагүй байгааг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх нь улсын бүртгэлээр баталгаажсан байж хөрөнгөд тооцогдох юм.

Мөн гэрлэгчид нэхэмжлэгчийн нэр дээрх 200 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн эсэх талаар маргасан. Шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтаар З.А200 000 000 төгрөгийн хадгаламжтай болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна. Учир нь нэхэмжлэл гарах үед Худалдаа хөгжлийн банк дахь З.А-ын эзэмшлийн 463004723 тоот дансанд 92 408 595 төгрөг байсан болох нь тус банкнаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогджээ. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/9801 дугаар албан бичгээр нэхэмжлэгч З.Ань дээрх мөнгөн хөрөнгийг бусдад залилуулж эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, энэ хэрэг хянан шийдвэрлэгдээгүй, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй тохиолдолд гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг анхаараагүй байна.

Иймд шүүх дээр дурьдснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 738 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                        Д.БАЙГАЛМАА