Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 144

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр,

Шүүгдэгч Б.Э, Б.Ч, Г.С нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.Ч, Г.С нарт холбогдох эрүүгийн 1730001390107 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн  харьяат, 1983 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Б.Э. 

 

Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн харьяат, 1966 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Ч.

 

Гурав. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн харьяат, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.С. 

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

 Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв дээр 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үе Б.Ч, Г.С нартай маргалдаж, улмаар тэдгээрийн үснээс нь зулгааж зууралдан Б.Чын эрүүл мэндэд “ тархи доргилт, зүүн гарын шууны хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий ” хөнгөн хохирол учруулсан, Г.Сын эрүүл мэндэд “ тархи доргилт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг 2 /хоёр/ хүний эсрэг үйлдсэн,

  шүүгдэгч Б.Ч нь Г.Стой бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв дээр 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Б.Этэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, зууралдан Б.Эийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

           шүүгдэгч Г.С нь Б.Чтай бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв дээр 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Б.Этэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, зууралдан Б.Эийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э албан газар орж ирж хэрүүл хийгээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Намайг цайны газар сууж байхад С хүүхдээ тэврээд уйлаад орж ирсэн. Би хүмүүс гарахаар нь асуухад Э миний хүүхдийг авна гээд байна гэж хэлсэн. Би Э рүү утсаар залгаад асуухад би цагдаа дагуулаад очиж хүүхдийг чинь авна гэж хэлсэн. Эийг орж ирэхэд С хайрга авч Э рүү шидээд оноогүй. Э үсэрч ирээд Хгийн үсийг зулгаасан. Би боль гээд очиход та хүүхдээ өмөөрлөө гээд миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Миний үс туг тугаараа унасан. Энэ байна. / Туг үс харуулав/. Хүүхдийг нь уйлаад байхаар нь хүүхдийг нь аваад дүүдээ бариулсан. Би энэ хоёрыг салгасан. Салгасны дараа хэрэлдэж байгаад Сын үснээс зулгаасан. Гаднаас Б орж ирэхээр нь би энэ хоёрыг дийлэхгүй байна. Тэгээд гарч яваад Э чулуу аваад цонх хагалсан. Э гадаа гараад намайг хараалч хөгшин гараад ир, чи манай аавыг хэвтэрт оруулсан биз дээ, нүд амгүй болгосон гэж хашгирсан. Хүнийг ингэж доромжилчихоод хариуцлага хүлээдэг юм уу. Намайг гараад ир гэхээр нь гарч очиход намайг ташиж унагаачихаад миний хормогчийг урсан, үс зулгаасан. Би сохор гэж хэлээгүй. Намайг гүтгэж байна. Адилхан хөнгөн гэмтэлтэй гарчихаад хүзүүнийхээ бэхэлгээг авдаггүй юм бэ, өвчтэй харагдах гэж ингэж байна. Би зодоон хийе гэж босоогүй, хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ авах гэж боссон. Бид ураг төрлийн хүмүүс байж гурвуулаа адилхан хөнгөн гэмтэл учирсан юм чинь гайгүй байх гэхэд энэ хүн их мөнгө нэхэж байна. Цонх нь дээр үеийн зузаан шилтэй байсан. Цагдаа БО өөрөө зургийг нь аваад хийчихнэ гэж хэлсэн. Давхар цонхыг нь хийчихсэн байгаа. Цонхны үнийг гадуур судалж яваагүй. Би 80.000 төгрөг болон цонхны мөнгөө нэхэмжилнэ... гэв. 

 

- Яллагдагч, хохирогч Б.Чын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10-р сарын 20-ны 16 цагийн үед би өөрийнхөө цайны газар байж байтал манай охин С гаднаас уйлсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуутал “ хадам эгч Э нь утсаар дүүгийнхээ хүүхдийг авна гээд байна “ гэж ярьсан. Би Э рүү залгаад “ чи хүний нялх хүүхэд авдаг хэн юм бэ “ гэхэд өөдөөс “ би дүүгийнхээ хүүхдийг авна, сумын цагдааг дагуулж очино “ гээд утсаа тасалсан юм. Тэгээд байж байтал Э гаднаас манай цайны газар руу орж ирэхээр нь “ та хоёр чинь яагаад муудаад байгаа юм “ гэхэд “ би ямар ч байсан дүүгийнхээ хүүхдийг авна, дээрээс нь төрөөс өгдөг 40.000 төгрөгийн авна “ гээд Хг загнаж байсан. Х цонхон дээр байсан хайрганы хагархайг Э рүү шидсэн, тэр нь оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Тэгсэн Э босож ирээд Хг үсдэж аваад доошоо тонгойлгосон бөгөөд тухайн үед Х өрөөсөн гартаа хүүхдээ барьчихаад бахираад байхаар нь Хгоос хүүхдийг нь аваад тэнд байсан өөрийн дүү Чд өгөөд эргэж хартал тэр 2 хоёр биенийхээ толгойтой үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би очоод хооронд нь орж салгатал Э “ та хүүхдээ өмөөрлөө “ гээд лангууны тэнд байсан шалны модоор гар руу цохихоор нь миний уур хөдлөөд би нүүр рүү нь гараараа самардахад миний толгойтой үснээс зулгааж, хормогч цамцыг урсан. Би эсэргүүцэхдээ Эийн үснээс бага зэрэг зулгаасан, тэгээд гайгүй болоод би Эийг цайны газраасаа гаргасан. Э дахиж ирээд гаднаас “ хэрүүлч хөгшин минь гараад ир, чи манай аавыг насаар нь хэвтүүлээ биз дээ “ гээд хашгираад байсан ба тэгэхээр нь би уур хөдлөөд гарч иртэл намайг ташиж унагаагаад миний дээр гарч толгойтой үснээс зулгаагаад байсан. Тухайн үед холбооны Ц ирж бид хоёрыг салгаад намайг дотогшоо оруулж хаалга гаднаас хаачихаад явсан юм. Төд удалгүй Э гаднаас дахиж орж ирээд Хтой хоорондоо хэрэлдээд байсан ба гэнэт дахиж муудаад хоёр биенийхээ үснээс зулгаагаад байж байтал гаднаас Б орж ирэхээр нь би “ Эийн гэрээс хүн олоод ир “ гээд явуулсан юм. Удалгүй Эийн ээж болох Бямбаа орж ирэхээр нь би “ энэ хүүхдээ ав “ гээд ээжид хэлэхэд ээж нь муудаж байсан хүүхдээ салгахгүй “ энийг нь аваад явчихья “ гээд Хгийн хүүхдийг авах гээд дайраад байхаар нь бид нар хүүхдээ өгөөгүй, харин Этэй нь цуг гаргасан юм. Тэгээд хаалгаа хаагаад байж байтал гаднаас Э чулуу шидэж манай цайны газрын цонхыг хагалсан ба би цагдаа руу явж дуудлага өгөх гээд очтол төлөөлөгч байхгүй байсан юм. Би өөрт учирсан эмчилгээний зардал болох 80000 төгрөг, мөн цайны газрынхаа цонхыг төлүүлэх хусэлтэй байна, өөр гаргах ямар нэгэн санал, гомдол байхгүй ” гэх мэдүүлэг./хх-09/

 

- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 10 сарын 20-нд нөхөр Сэргэлэнбаатар руу ярьж “ Хүүхдээ ав, ажил хиймээр байна “ гэж хэлсэн. Би хүүхдээ үзүүлхээ явах гэж байна гэсэн. Би нөхрөөсөө 80.000 төгрөг авсан. Манай нөхрийн цалинг гэрийнхэн нь аваад нуучихдаг. Би хүүхдээ үзүүлчихээд ирсэн. Тэр 80.000 төгрөгнөөс болж Этэй муудсан. Намайг хүүхдээ 80.000 төгрөгөөр эм тариа авлаа гэж загнасан. Манай хүүхэд толгойндоо өвчтэй гарсан. Би өмнө нь 2 хүүхэдтэй байсан. Э “ чи тэтгэмж авдаг юм чинь, энэ хүүхдийнхээ тэтгэмжийг надаас аваарай “ гэж хэлсэн. Би аав, ээжийг нь доромжлоогүй. Э намайг, манай ээжийг хараалч гэж доромжилсон. Манай ээжийг сумаар нэг хүзүү хугалсан гэж хэлсэн. Манай нөхрийн цалин буухаар намайг авч үрлээ гэж загнаад байдаг. Тэр хүүхдийг би эмчлүүлэх ёстой байсан. Э цайны газар орж ирээд чи юу яриад байгаа юм бэ гэхээр нь би нөхөр рүүгээ ярьсан чам руу яриагүй гэж хэлсэн. Би хайрга авч шидсэн. Э миний үснээс зулгаагаад доош нь дараад байсан. Би хүүхдээ барьж байсан болохоор үсдээгүй. Хүүхдийг маань Ч эгч авсан. Манай ээжийг хүүхдээ өмөөрлөө гээд манай ээжтэй маргалдаад гадаа гарсан. Э чулуу аваад цонх хагалсан. Эийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний тархи доргисон. Би дусал хийлгэсэн, бөөлжихөөс хамгаалах тариа хийлгэсэн, 70.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Баримт байхгүй... гэв. 

 

          - Яллагдагч, хохирогч Г.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай нөхөр болох С нь Сүхбаатар сумын 3-р баг Арын нуурын уурхайд ажилладаг бөгөөд бид 2 албан ёсоор гэр бүл болоогүй байгаа юм. Тухайн өдөр би нөхөр рүүгээ залгаад “ хүүхдээ ирж ав, би ажил хиймээр байна “ гэж хэлсэн бөгөөд удалгүй манай нөхрийн эгч болох Э над руу залгаад намайг хэл амаар доромжлоод дээрээс нь “ манай дүү чам шиг хүүхэнтэй суусанд баярлаж яв “ гэсэн. “ С хүүхдээ ав гэсэн би хүүхдийг нь  авмаар байна “ гэхээр нь бид  2 эмнэлэг рүү үзүүлэхээ явах гэж байна гэж хэлсэн ба хүүхдээ үзүүлчихээд ээжийн цайны газар байж байтал гаднаас Э орж ирсэн. Э “ юу гээд байгаа юм бэ, хүүхдээ ав “ гээд яриад байх юм гэхээр нь “ таныг ав гэж хэлээгүй, дүүг чинь хэлсэн юм “ гэхэд “ чи хүүхдийн тэтгэмж авдаг гээ биз дээ, чи наад хүүхдийнхээ тэтгэмжийг аваарай “ гэхээр нь миний уур хөдлөөд цонхон дээр байсан хайргыг аваад чулуудахад оноогүй. Э шалан дээр байсан шалны модыг аваад миний нуруун дээгүүр цохиод, намайг хүүхдээ өргөөд зогсож байтал үснээс зулгаагаад доошоо дараад байсан. Би тухайн үед хүүхдээ цохиулчих байх гэж бодоод эсэргүүцэж чадаагүй ба хажуунаас ээж боль гээд дундуур орж ирэн надаас хүүхдийг минь аваад Ч эгчид өгсөн. Э миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь би мөн Эийн үснээс нь зулгаасан юм. Тэгээд ээж мөн дундуур орж ирээд боль гэсэн. Ээжийг хүүхдээ өмөөрлөө, муу хараалч хөгшин гээд бахираад ээжийн үснээс зулгаагаад ноцолдоод байсан ба тухайн үед холбооны Ц ах ирж салгасан. Тэгээд ээжийг цайны газар руу оруулаад байж байтал Э гаднаас чулуу шидэж цонх хагалчихаад, мөн манай ээжийг хараалчаар нь  дуудаад байсан. Ээж цагдаад хэлэхээ яваад, байхгүй байна гэж ирсэн. Тухайн үед Ч эгч, бид нар байсан. Миний тархи доргисны улмаас 70000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Үүнийгээ Эөөс гаргуулах хүсэлтэй байна. Манай цайны газрын цонх хуучны модон хүрээтэй давхар шилтэй цонх байсан. Нэг шилийг нь авсан байсан ” гэх мэдүүлэг./хх-15/

 

 - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 20-ны өдөр С, Ч хоёр утсаар залгаад “ сохор аав, өцгөр ээжийгээ аваад ир, манайх хүүхнээ танайд өгөхгүй, 500 төгрөгийн хадаг, архиа ав, танай дүүг босгоороо алхуулахгүй “ гэж хэлсэн. Байн байн утсаар залгаад байсан. Тэгээд би аргаа ядаад юу гэж утсаар доромжлоод байгаа юм бэ гээд цайны газарт нь очиход үгийн зөрөөгүй С над руу хайрга билүү авч шидсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Би Сыг хүүхдээ тэвэрсэн байсан болохоор гар хүрээгүй. Ч намайг галын хайчаар цохисон. Би энэ хоёрын биед нь хүрээгүй, үсэнд нь л хүрсэн. Би цохиж зодоогүй. Би хүүхдийг авна гэж дайраагүй, хүүхдийнх нь 40.000 төгрөгийг авна гэж хэлээгүй. С, Ч нарын биед гэмтэл учруулснаа би хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө хамгаалж үснээс нь зулгаасан. 

 Аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Аймгийн эмч М гэдэг хүн намайг хот явж онош тодруул гэсэн. Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний хүзүү хөдлөхгүй, хэцүү байна. Би Сүхбаатар суманд хүзүүндээ бэхэлгээ хийлгэсэн. Би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат хүн. 10 сарын 23-ны өдрөөс 11 сарын 09 хүртэл эмчилгээ хийлгэсэн. Дүүргийн эмнэлэгт ор олдохгүй байсан учраас би Баянзүрх дүүргийн эмнэлэгт төлбөртэй өрөөнд 10 хоног хэвтсэн. Би төрсөн эгч Атэй 86-28 ДОА дугаартай приус-10 маркын машинтай явсан. Энэ машинтайгаа буцаж ирсэн. Хот руу эмчилгээнд явахдаа авсан шатахууны баримтыг өгсөн. Эмчилгээний зардалд 1.256.100 төгрөг нэхэмжилнэ. Би 12 сард Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Эмчийн бичиг байгаа. Гомдолтой байна... гэв. 

 

          - Яллагдагч, хохирогч Б.Эийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10-р сарын 20-ны өдөр над руу манай төрсөн дүү болох Б.Сын эхнэр болох С гэх эмэгтэй залгаад “ дүүгийнхээ хүүхдийг ав, би өөрөө ажил төрөл хиймээр байна” гэсэн бөгөөд би “ хүүхдийг чинь авч чадахгүй, наадах чинь хөхнөөсөө гараагүй хүүхэд шүү дээ “ гэсэн. Дараа нь ээж нь залгаад “ та нар ирж энэ 500-ын хадгаа архитайгаа ав, манайх хүүхнээ өгч чадахгүй “ гэж ярихаар нь “ та өөрөө ирээ, би очиж чадахгүй, манайд ирээд учраа ол, та ер нь манай аав ээжийг доромжлож болохгүй, хүн доромжлох хуультай байдаг юм “ гэсэн бөгөөд над руу байн байн залгаад байхаар нь Чын  цайны  газарт очиход Ч, С хүүхэдтэйгээ, Ч нар байсан. Би ороод “ яагаад утсаар хэл амаар доромжлоод байгаа юм бэ “ гэхэд Х шууд над руу билүү хайрга аваад чулуудсан, миний хацар дээр оносон юм. Тэгээд С нэг гартаа хүүхдээ барьсан хэрнээ шууд миний  үснээс зулгаагаад  дараад авсан, би тухайн үед С хүүхдээ тэвэрчихсэн байгаа болохоор нь гар хүрч  чадаагүй бөгөөд төд удалгүй ээж нь хажуунаас орж ирээд миний үснээс зулгаасан. Тэр хооронд Х хүүхдээ цаанаа тавьсан ба тухайн үед ээж нь миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Х дахин ирж миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би уур хөдлөөд Хгийн үснээс зулгаагаад байж байтал, ээж нь намайг галын хайчаар дал мөр рүү 2-3 удаа цохисон юм. Тэгээд салаад байж байтал Х нь ээжийн хийж өгсөн дээлийг аваад над руу шидэхээр нь чи яаж байгаа юм гэж Хд хэлсэн ба тэгээд би явах гээд гадагшаа гарсан ба Ч над руу чулуу шидсэн ба тэр нь намайг оноогүй цонх рүү онож цонх нь хагарсан юм. Тэгээд Ч чи цонх хагаллаа гээд дахиж миний үснээс зулгаагаад татаад намайг унагааж хөл гар руу өшиглөөд байсан, Холбооны Ц, гэрлийн А 2 ирээд больцгоо гээд салгасан. Тэгэхээр нь би “ та хүнийг яагаад ингэж хамжиж зоддог юм бэ “ гэхэд “ чамайг ер нь яасан ч яадаг юм “ гээд байсан. Би өөрийнх нь шидсэн чулууг хагарсан цонх руу нь шидсэн юм. Тэгээд цагдаад хэлнэ гээд явсан. Би маш их гомдолтой байна, өөрт учирсан эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна ” гэх  мэдүүлэг./хх-13 /

 

         - Гэрч Б.Чгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би өөрийн төрсөн эгч болох Б.Чын цайны газарт хэд хоног ажиллах гээд очсон. 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 16 цагийн үед С хүүхэдтэйгээ, эгч Ч, бид 3 цайны газар сууж байтал гаднаас Б.Э орж ирээд Сд “ чи хүүхдээ ав гээд юу яриад байгаа юм бэ “ гэхэд Х “ би таныг хэлээгүй, дүүд чинь хэлсэн юм “ гэхэд “ чи хүүхдийнх нь тэтгэмжийг авдаг юм чинь наад хүүхдээ өөрөө ав “ гэхэд Х нэг юм аваад Э рүү  шидэж байх шиг байсан. Тэгсэн Э шууд Хгийн үснээс зулгаагаад доош нь тонгойлгож тавихгүй байсан ба Х тухайн үед хүүхдээ нэг гартаа барьчихсан байсан.Ч эгч очоод хүүхдийг нь авч надад өгсөн. Тухайн үед Х Э 2 бие биенийхээ үснээс зулгаагаад тавих шинжгүй байсан тул Ч эгч дундуур нь орж салгатал Ч эгчийг “ чи муу юу гээд байгаа юм, намайг охинтойгоо нийлж дээрлэхлээ “ гээд Ч эгчийн үснээс нь зулгааж тэнд байсан шалны модоор гар болон цээж хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Ч эгч Эийг гараараа самардаж үснээс нь зулгаасан бөгөөд хажуунаас нь Х орж ирээд мөн Эийн үснээс зулгааж тэр чигээрээ цайны газраас Э Ч хоёр гарсан. Би хүүхдийг хараад дотор Хгийн хамт үлдсэн. Цонхоороо хартал Ч эгч Эийн үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан дээр нь гараад байж байтал  Ц, А  2 ирээд болиулсан. Ч эгчийг  цайны газар нь оруулаад байж байтал гаднаас Э том чулуугаар хойт талын цонхийг нь хагалсан ба цонх хагалчихлаа гээд Ч эгч цайны газраас гарч шууд Эийн үсийг зулгаагаад эхлэхээр нь би “ боль “ гээд, мөн ээж нь ирж болиулсан юм... гэх мэдүүлэг. /хх-19/

 

         -  Гэрч Э.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 сарын 20-ны өдөр 14 цагийн үед цайны газар руу ороход Ч эгч Эийг хорьчихсон, С нь хүүхдээ тэврээд уйлаад, хоорондоо хэрэлдэж байсан. Ч эгч “ чи Эийн ээжийг дуудаад ир “ гэхээр нь би Эийн ээжийг дуудчихаад Төмөр ахын дэлгүүр рүү орж ойр зуурын юм авчираад эргээд иртэл цонх нь хагарчихсан байсан. Ч эгч Э чулуу шидээд цонх хагалчихсан гэж ярьж байсан ...гэх мэдүүлэг /хх-18/

                

          - Шинжээч АБийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 390 дугаартай дүгнэлтэнд Б.Эийн эрүүл мэндэд тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон нь үснээс зулгаасан үед үүсэх боломжтой, Б.Ч, Г.С нар нь 2-лаа Б.Эийн үснээс зулгаасан байдаг бөгөөд хэнийх нь үйлдлээс болж тархи доргисон гэдгийг тогтоох боломжгүй. Үснээс зулгаах, үснээс зулгааж доошоо дарах үйлдэл 2 үйлдэл нь адилхан нөлөөлнө ” гэх мэдүүлэг./хх-20/

 

         - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 388 дугаартай дүгнэлтэнд: Г.Сын биед тархи доргилт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ./хх-33/

     

         - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 389 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Чын биед тархи доргилт, зүүн гарын шууны хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ./хх-24/

    

          - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 390 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Эийн биед тархи доргилт, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх-35/ 

 

- Б.Чын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/ 

 

- Б.Эийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ 

 

- Г.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/ 

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн Засаг даргын 2017.11.02-ны өдрийн 89 тоот тодорхойлолт /хх-73 / 

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн Засаг даргын 2017.11.02-ны өдрийн 90 тоот тодорхойлолт /хх-76 / 

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.17-ны өдрийн 54,55,56 дугаартай саналууд /хх-86-88/,

 

- Хохирогч Б.Чын хохирлын баримт, Яаралтай тусламжийн хуудас, Эд зүйлийн үнэлгээ / 3 хуудас/,

 

- Хохирогч Б.Эийн хохирлын баримт /11 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвд Б.Чын цайны газарт Б.Ч, Г.С нартай маргалдаж, улмаар Б.Чын үснээс нь зулгааж, зууралдан түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, зүүн гарын шууны хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий ” хөнгөн хохирол, мөн Г.Сын үснээс нь зулгааж, зодолдон түүний эрүүл мэндэд “ тархи доргилт ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг 2 /хоёр/ хүний эсрэг  үйлдсэн,

 шүүгдэгч Б.Ч нь Г.Стой бүлэглэн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвд дэх өөрийн цайны газартаа Б.Этэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, зодолдон түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

  шүүгдэгч Г.С нь Б.Чтай бүлэглэн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв дэх ээж Б.Чын эзэмшлийн цайны газарт Б.Этэй маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, зодолдон түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э, Б.Ч, Г.С нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, гэрч Э.Б, Б.Ч, шинжээч АБэ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 388, 389, 390 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхөцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн санал үндэслэлтэй байна.

  Тухайлбал, Б.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, Б.Ч, Г.С нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болох ба шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байна. 

           Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Г.С нь  Б.Эийн дүү Стай гэр бүл болж байгаа, түүний хүүхдийг төрүүлсэн бөгөөд тэдгээр нь хүүхдийн асуудлаас хэрүүл, маргаан үүсгэн, улмаар бие биенээ үсдэх зэргээр харилцан зодолдсон, Б.Чыг тэдгээрийн маргааныг зогсоох явцад шүүгдэгч Г.С нь “ хүүхдээ өмөөрлөө “ гэх шалтгаанаар түүнтэй маргаан үүсгэн, үсдэлцэх зэргээр зодолдсон, Б.Э цайны газрын цонхыг чулуугаар шидэж хагалсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Эийн “ 2017 оны 10-р сарын 20-ны өдөр над руу манай төрсөн дүү болох Б.Сын эхнэр болох С залгаад “дүүгийнхээ хүүхдийг ав, би өөрөө ажил төрөл хиймээр байна”  гэсэн. Дараа нь ээж нь залгаад “ та нар ирж энэ 500-ын хадгаа архитайгаа ав, манайх хүүхнээ өгч чадахгүй “ гэсэн. Чын цайны газарт ороод “ яагаад утсаар хэл амаар доромжлоод байгаа юм бэ “ гэхэд Х шууд над руу билүү хайрга аваад чулуудсан, миний хацар дээр оносон. Тэгээд С нэг гартаа хүүхдээ барьсан хэрнээ шууд миний үснээс зулгаагаад дараад авсан, төд удалгүй ээж нь хажуунаас орж ирээд миний үснээс зулгаасан. Би өөрийнх нь шидсэн чулууг хагарсан цонх руу нь шидсэн юм “ гэх, 

   шүүгдэгч Г.Сын “ С 2 албан ёсоор гэр бүл болоогүй байгаа. Тухайн өдөр би нөхөр рүүгээ залгаад “ хүүхдээ ирж ав, би ажил хиймээр байна “ гэж хэлсэн. Удалгүй манай нөхрийн эгч болох Э над руу залгаад намайг хэл амаар доромжлоод “ манай дүү чам шиг хүүхэнтэй суусанд баярлаж яв “ гэсэн. Хүүхдээ үзүүлчихээд ээжийн цайны газар байхад Э орж ирээд “ юу гээд байгаа юм бэ, хүүхдээ ав “ гээд яриад байх юм, чи хүүхдийн тэтгэмж авдаг гээ биз дээ, чи наад хүүхдийнхээ тэтгэмжийг аваарай “ гэхээр нь миний уур хөдлөөд цонхон дээр байсан хайргыг аваад чулуудахад оноогүй. Э шалан дээр байсан шалны модыг аваад миний нуруун дээгүүр цохиод, намайг хүүхдээ өргөөд зогсож байтал үснээс зулгаагаад доошоо дараад байсан. Тэгээд ээж мөн дундуур орж ирээд боль гэсэн. Ээжийг хүүхдээ өмөөрлөө, муу хараалч хөгшин гээд бахираад ээжийн үснээс зулгаагаад ноцолдоод байсан. Э гаднаас чулуу шидэж цонх хагалчихаад, мөн манай ээжийг хараалчаар нь  дуудаад байсан“ гэх,

  Б.Чын “ Э манай цайны газар руу орж ирэхээр нь “ та хоёр чинь яагаад муудаад байгаа юм “ гэхэд “ би ямарч байсан дүүгийнхээ хүүхдийг авна, дээрээс нь төрөөс өгдөг 40.000 төгрөгийн авна “ гээд Хг загнаж байсан. Х цонхон дээр байсан хайрганы хагархайг Э рүү шидсэн, тэр нь оноогүй. Тэгсэн Э босож ирээд Хг үсдэж аваад доошоо тонгойлгосон. Тэр 2 хоёр биенийхээ толгойтой үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би очоод хооронд нь орж салгатал Э “ та хүүхдээ өмөөрлөө “ гээд лангууны тэнд байсан шалны модоор гар руу цохихоор нь миний уур хөдлөөд би нүүр рүү нь гараараа самардахад миний толгойтой үснээс зулгааж, хормогч цамцыг урсан. Э дахиж ирээд гаднаас “ хэрүүлч хөгшин минь гараад ир, чи манай аавыг насаар нь хэвтүүлээ биз дээ “ гээд хашгираад байхаар нь уур хөдлөөд гарч иртэл намайг ташиж унагаагаад миний дээр гарч толгойтой үснээс зулгаагаад байсан. Тухайн үед холбооны Ц ирж бид хоёрыг салгасан. Э чулуу шидэж манай цайны газрын цонхийг хагалсан “ гэх, 

  гэрч Б.Чгийн “ 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 16 цагийн үед С хүүхэдтэйгээ, эгч Ч, бид 3 цайны газар сууж байтал гаднаас Б.Э орж ирээд Сд “ чи хүүхдээ ав гээд юу яриад байгаа юм бэ “ гэхэд Х “ би таныг хэлээгүй, дүүд чинь хэлсэн юм “ гэхэд “ чи хүүхдийнх нь тэтгэмжийг авдаг юм чинь наад хүүхдээ өөрөө ав “ гэхэд Х нэг юм аваад Э рүү шидэж байх шиг байсан. Тэгсэн Э шууд Хгийн үснээс зулгаагаад доош нь тонгойлгож тавихгүй байсан. Ч эгч дундуур нь орж салгатал Ч эгчийг “ чи муу юу гээд байгаа юм, намайг охинтойгоо нийлж дээрлэхлээ “ гээд Ч эгчийн үснээс нь зулгааж тэнд байсан шалны модоор гар болон цээж хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Ч эгч Эийг гараараа самардаж үснээс нь зулгаасан бөгөөд хажуунаас нь Х орж ирээд мөн Эийн үснээс зулгааж тэр чигээрээ цайны газраас Э Ч хоёр гарсан. Гаднаас Э том чулуугаар хойт талын цонхийг нь хагалсан “ гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

 

  Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа бусдыг үсдэх, үснээс нь зулгаах зэргээр бие биенийхээ эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Ч, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Ч, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хохирогч Б.Эийн шүүхэд ирүүлсэн хохирлын баримтыг тооцоход 1.259.400 төгрөг болох ба шүүх энэ нэхэмжлэлээс 2017.11.08-ны өдрийн 000000362403 дугаартай тасалбартай 260.000 төгрөгийн баримтаас 200.000 төгрөгийг, 2017.10.23-ны өдөр Сод Монгол ШТС-ын 51.774 төгрөгийн, Баялагийн ундрах дэлгүүрийн 10.450 төгрөгийн, 2017.11.03-ны өдөр Алхана трейд ШТС-ын 18.181 төгрөгийн, 2017.11.08-ны өдрийн Ойн бирж ШТС-ын 20.000 төгрөгийн, 2017.10.29-ны өдрийн Алхана трейд ШТС-ын 36.363 төгрөгийн, нийт 336.773 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, эм, тарианы 365.300 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээн, 557.327 төгрөгийг шүүгдэгч Б.Ч, Г.С нараас тэнцүү хэмжээгээр хувааж гаруулахаар тогтоолоо.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг дурдвал, 000000362403 дугаартай тасалбартай 260.000 төгрөгийн баримтанд үнийг “ жаран мянга төгрөг” гэж бичгээр бичсэн байхад 60.000 гэсний урд 2-ын тоо бичсэн ба Баялагийн ундрах дэлгүүрээс авсан 10.450 төгрөгийн эд зүйл нь хүний өдөр тутмын хэрэглээний зүйл байна. Мөн Сод Монгол ШТС-аас авсан 51.774 төгрөгийн шатахуун нь Б.Эийн эгчийн Дорнод аймгаас ирэхдээ авсан шатахууны үнэ болохыг тэрээр шүүх хуралдаанд мэдүүлсэн, 2017.11.03-ны өдөр Алхана трейд ШТС-аас авсан 18.181 төгрөгийн шатахуун нь түлш /бусад ШТС-аас авсан шатахуун нь бензин/ хийгээд Ойн бирж ШТС-ын 20.000 төгрөгийн шатахуун авсан 2017.11.08-ны өдөр тэрээр эмнэлэгт хэвтэж байсан болох түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан “ Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас” -аар тогтоогдоно. 

2017.10.29-ний Алхана трейд ШТС-ын 36.363 төгрөгийн шатахууныг хэн, ямар зорилгоор зарцуулсаныг тэрээр шүүхэд нотлоогүй байна.

Түүнчлэн Б.Эийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эм, тарианы үнийн 365.300 төгрөгийн 3 хуудас баримт нь ямар эмнэлгийн баримт болох нь тодорхойгүй, тухайн эмнэлгийн тамга, тэмдэг байхгүй байгаа тул энэ тогтоолоор гаргах боломжгүй гэж үзлээ.

Хохирогч Б.Ч эм, тарианы зардалд 80.000 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэстэй хийгээд харин түүний цонхны хохирлын 250.000 төгрөгийг  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээнэ. Учир нь Б.Эийн үйлдлээс цайны газрын цонх хагарсан нь хэрэгт тогтоогдох бөгөөд  цонхны үнэлгээ нь бодит байдалт нийцээгүй нь Б.Эийн “дан шилтэй цонх байсан “ гэж, Г.Сын “ Манай цайны газрын цонх хуучны модон хүрээтэй давхар шилтэй цонх байсан. Нэг шилийг нь авсан байсан “ гэх мэдүүлгээр нотлогдоно. Иймд Б.Ч нь холбогдох баримтыг үнэн зөв бүрдүүлж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй. 

 

Хохирогч Г.С 70.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй болно. 

 

Шүүгдэгч Б.Э, Б.Ч, Г.С нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан,  тэдгээр нь ураг төрлийн холбоотой, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь гэр бүлийн асуудлаас болсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг үндэслэн прокуророос гаргасан саналыг харгалзан тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдая.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б. Эийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Ч, Г.С нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Чыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Сыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Б.Э, Б.Ч, Г.С нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ялтан Б.Чаас 278.663 төгрөг, Г.Соос 278.663 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Эөд, ялтан Б.Эөөс 80.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Чт тус тус олгож, хохирогч Б.Эийн нэхэмжлэлээс 336.773 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э нь эм, тарианы үнийн 365.300 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг, хохирогч Б.Ч цонхны хохирлыг, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.С эмчилгээний зардлыг тус тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 6. Ялтан Б.Э, Б.Ч, Г.С нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН