| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2108031190080 |
| Дугаар | 2022/ДШМ/693 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/693
2022 06 30 2022/ДШМ/693
Ц.М-, Ч.Н- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч, хохирогч Ц.М-,
шүүгдэгч, хохирогч Ч.Н-, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.М-, Ч.Н- нарт холбогдох эрүүгийн 2108031190080 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М-,
2. Н-,
Шүүгдэгч Ц.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-1а тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргаж, түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Ч.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-1а тоот гэртээ хамтран амьдрагч Ц.М-тэй “өөрийг нь түлхлээ” гэх шалтгаанаар нуруун тус газар нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ч.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Н-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.М-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч Ц.М-, Ч.Н- нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор, шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн хамтран амьдрагч Ц.М-тэй хардалтын улмаас муудалцаж, түүний ар далан тус газар хутгалан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа удаа дараа мэдүүлж байсан. Прокурорын шатанд хохирогчтой эвлэрсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг прокурорын зүгээс надад тавьж би уг асуудлыг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч миний өмгөөлөг А.Ганбат энэ ажиллагааг зогсоож, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч миний үйлдсэн хэрэг нотлогдон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж улсын яллагчийн зүгээс надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөөр байтал өмгөөлөгч тухайн зүйл ангитай маргаж миний эрх зүйн байдлыг дордуулснаас болж надад хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ял хөнгөрөх боломжийг алдагдуулсан. Би өмгөөлөгч А.Ганбатаас татгалзаж байгаагаас гадна үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Н-ын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгч А.Ганбат хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ Ч.Насанажргалыд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж шүүх хуралдааны явцад маргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт оруулж ирсэн байна. Мөн хэрэг прокурорын шатанд шилжихээс өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой, ял тохиролцох боломжтой талаар хуулийн заалтыг танилцуулсан боловч өмгөөлөгч нь ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж буруу тайлбар хийсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Ч.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Ц.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Н-ын ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад “тухайн үед би согтуу байсан. Би яаж хутгалснаа санахгүй байна” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлгийг өгсөн. Түүний өмгөөлөгч А.Ганбат хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Шүүх хуралдааны явцад Ч.Н- нь өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байгаа талаараа хэлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н- хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдалд нь дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэлгүйгээр 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.М-, Ч.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-1а тоотод хамтран амьдрагч Ч.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргаж, түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хоёр талын дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-1а тоотод хамтран амьдрагч Ц.М-ийг “өөрийг нь түлхлээ” гэх шалтгаанаар нуруун тус газар нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Ц.М-ийн хохирогчоор өгсөн “...Н- босож ирээд үүдэн шүдээ дараад чи намайг яаж байгаан гээд дайраад байхаар нь чи миний өнгөрсөн амьдралыг яриад хэрэггүй гэж хэлээд хоол хийх гээд эрийнхээ гал тогооны хэсэгт зогсож байсан. Миний гарт байсан цагаан өнгийн төмөр хутгыг булааж аваад миний ар нурааны хэсэгт хоёр удаа хатгасан. ...” /1хх 14/,
Ч.Н-ын хохирогчоор өгсөн “...М- намайг гараараа хүчтэй түлхэх үед би хажууд байсан буйдан луу унахдаа буйдангийн гарын тавиурыг мөргөж шүдээ гэмтээсэн. ...” /1хх 20/
Ц.М-ийн яллагдагчаар өгсөн “...Н- бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би Н-ыг түлхээд унагаачихсан юм. Н- унахдаа буйдангийн гар амраагчийг шүдээрээ мөргөөд унасан. Тэгээд шүд нь хөдөлсөн. ...” /1хх 65-66/,
Ч.Н-ын яллагдагчаар өгсөн “..би М-ийн барьж байсан цагаан төмөр иштэй хутгыг булааж аваад араас нь зүүн далны хэсэгт хоёр удаа хатгаж гэмтэл учруулсан. ...” /1хх 75-76/ гэсэн мэдүүлгүүд,
“...Ч.Н-ын биед хоёр талын дээд үүдэн 1 дүгээр шүдний сулралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11919 дугаартай дүгнэлт /1хх 32-33/,
“...Ц.М-ийн биед зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд, хий, цус хуралдалт, баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 11910 дугаартай дүгнэлт /1хх 37-38/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9/, Ц.М-ийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх 49-56/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийн хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ч.Н-, Ц.М- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ц.М-ийн хамтран амьдрагч Ч.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүнийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Н-ын Ц.М-ийг түлхэж унагалаа гэх шалтгаанаар нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Н- “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Ч.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг 3 жил 5 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Н-ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Харин шүүхээс Ц.М-д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа уг ялыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд хэрхэхийг шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байх тул энэ талаар нэмэлт заалт оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул Ч.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ял...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н- 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 80 /ная/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН