Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 868

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/00658 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч З.М-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч Н.Т

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь З.М-тай 2015 оны 6 дугаар сард танилцаж, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү А.З, А.З нар төрсөн. Хоёр ихэр хүүхэдтэй болж бидний амьдрал аз жаргалтай сайн сайхан болж эцэг эх маань туслан дэмжиж эв найртай амьдарч байсан. Миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Австрали улсад богино хугацаанд сурч, ажиллахаар болсон. Австрали Улсад гэр бүлээ татах бодолтой байсан ч эзгүй хойгуур эхнэр З.МГ.Хүрэлсүхтэй дотно харилцаанд орж хайр сэтгэлийн харилцаатай болсон талаар багийн найз надад цахим шуудангаар хэлсэн. Энэ талаар мэдэж удаан бодсоны эцэст Монгол руу буцаж гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхээр шийдэж, ажлаасаа 1 сарын чөлөө авч 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монголд ирж хадмындаа эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч эхэлсэн. Намайг Австрали улсаас ирэхэд З.Мнь Г.Хүрэлсүхээс жирэмсэн болсон байсан. З.М-ын зүгээс тэр хүүхдийг төрүүлэх хүсэлгүй байсан тул бид хамтын шийдвэр гаргаж үр хөндүүлсэн. Бидний хоорондын харилцаа нэг гэр бүл шиг болж өгөхгүй байсан бөгөөд З.Мойр ойрхон орой шөнөөр гарч найз нөхөдтэйгөө уулзлаа гэж явдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр З.Мруу залгахад Г.Хүрэлсүх утсыг нь авч хамт байгаагаа хэлсэн. Иймд З.М-ын дээрх байдалд цөхөрч Австрали Улсаас ирээд 1 сар гаран болж байхад юу ч өөрчлөгдөөгүй тул буцах болж Бээжин ортол З.Мнадад битгий яваач, үлдээч хамт амьдармаар байна гэхэд нь нислэгээ цуцалж буцаж ирсэн. Энэ явдлаас хойш бид 4 хэсэг хугацаанд хамт амьдарч байсан боловч З.М2018 оны 9 дүгээр сард гэрээсээ явсан. Гэтэл З.Мнь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд гэрлэлт цуцлуулах асуудлаар өргөдөл өгсөн боловч өөр хүнээс жирэмсэн болсон, 6 сартай удахгүй төрнө чамтай амьдрахгүй гэж хэлсэн. Нэгэнт бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцалж, ихэр хүү А.З, А.З нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. З.Мнь эрхэлсэн ажилгүй, гэр хороололд эх, дүү нартайгаа хамт амьдардаг. Бага насны хүүхдийг асран хамгаалж өсгөн бойжуулах боломжгүй. Саяхан хүүхэд төрүүлсэн, өөр хүнтэй сууж байгаа. Миний бие өөрийн гэсэн орон гэртэй, хоёр хүүхдээ төрсөн үеэс нь хамт асарч хүмүүжүүлж байгаа, байнгын ажлын байртай, цалин хөлстэй учир хүүхдүүдэд шаардлагатай орчныг бүрдүүлж чадна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Атай 2016 оны 3 сараас хойш хадам эхийн хамт түүний гэрт амьдарч байсан. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү А.З, А.З нар төрсөн. Бид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хүүхдээ төрүүлснээс хойш миний бие сэтгэл санааны байнгын дарамтад байсан. Б.А нь эх н.Наранцэцэгтэй нийлж үргэлж хэл амаар доромжилдог байсан. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны орой бид хоёр хадас эх н.Наранцэцэгээс болж маргалдсан ба Б.А нь шөнө дунд намайг гэрээс хөөж явуулсан. Б.Аг Австрали явахаас өмнө эвлэрлээгүй. Б.А нь Австрали улсаас ирсэнээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, үргэлж ажил голж 2 хүүхдэд мөнгөний хэрэгцээ гарах үед боломжгүй байдаг. Хоёр хүүхдээ 2017 оны 9 сард сувиллын 41 дүгээр цэцэрлэгт оруулсан. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс “Таван Богд Фүүдс” ХХК-д ажиллаж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Одоо жирэмсний амралтаа авсан. Б.А нь өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхийнхээ гэрт амьдардаг. Тусдаа амьдрах хугацаанд Б.А нь хүүхдүүдээ хэд хэдэн удаа авч явж байсан боловч өөрөө харж байгаагүй. Эхдээ үлдээсэн, эгчийн гэрт байгаа гэх тайлбар тавьдаг байсан. Иймээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хоёр хүүхдийг өөрийн асрамжид авна гэжээ.

Хариуцагч З.Мшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хоёр ихэр хүү А.З, А.З нар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш хоёр хүү миний асрамжид байгаа. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тул Б.Агаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь хүүхэд эцэг, эхийн хэний асрамж хүүхдийн эрх ашигт нийцэх талаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчээр ажиллахад хүүхдүүд эцгийн асрамжид байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд хүүхдийн асрамжийг З.М-д үлдээн, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А, З.Мнарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү А.З, А.З нарыг эх З.М-ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.З, А.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Агаар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Амарасанаа нь тус хуулийн 26.2 дахь хэсэгт заасан үүргийг эхийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эх З.Мсаад болохгүй байхыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 71 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1536 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж чадаагүй. З.М-ын тайлбарт дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасныг зөрчиж хариуцагч З.М-ын зарим үгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. З.М-ын угийн төрөлх гэмээр үнэнч биш, хөнгөн хуудамгай зан чанар, үр хүүхдээ, хань ижлээ гэх сэтгэлгүй байсан үйл баримтыг түүний сул тал гэж үзэхгүй гэж дүгнэсэн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг дагуу ажиллаж биднийг огт таньж мэдэхгүй төрийн албан хаагч, сэтгэл зүйч нарын дүгнэлтийг үндэслэл болгохоос татгалзсан ямар учир шалтгаантай болохоо шийдвэртээ тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Б.А намайг яагаад хоёр хүүхдээ асарч хамгаалж халамжилж чадахгүй гэх үндэслэл шийдвэрт огт дурьдагдаагүй. З.Мнамайг хүүхэд асарч хүмүүжүүлэх чадваргүй мэтээр худал тайлбар гаргасан. Харин өөрөө ёс зүйн хувьд дутагдалтай гэр бүлээс гадуур харьцаатай болсон хүний тоо надад мэдэгдсэн нь 2-3, гэтэл ийм хүнд хоёрыг хүүхдийн үлдээж шийдвэрлэсэн нь буруу. З.Мөнхзултай хамт амьдарч байгаа н.Мягмардоржийн зан араншин болон боловсрол, ажил мэргэжилийн талаар баримт хэрэгт байхгүй. Хоёр хүүхдийг төрсөн эцгээс нь илүү анхаарч халамжлах хүн байхгүй. Шинжээчийн баг дүгнэлт гаргахаар очиход хоёр хүүхдийг гадуурахсан байдал ажиглагдаагүй байж болно. Харин цаашид яах нь эргэлзээтэй байна. Одоо өөрийнх нь хүүхэд төрсөн тул сэтгэл санаа нь өөрчлөгдөх талаар хэлж мэдэхгүй. З.Мнь төрөөд удаагүй байгаа нялх биетэй хүн 3 настай хоёр ихэр хүүхдийг асрах цаг хугацаа, эдийн засгийн боломж нөхцөл хомс, ар гэр, эцэг эхийн тусламж байхгүй. Харин миний бие шинээр амьдрал зохиогоогүй. Өөрийн амьдрал дээр ааваасаа хол ээжтэйгээ өссөн. Хоёр хүүд минь төрсөн эцгийн хайр халамж юунаас ч чухал болохыг мэдэрсэн. З.Мгэр хороололд эцэг, эх, дүү нартайгаа амьдардаг. Одоо түр зуур түрээсийн байранд байгаа. Миний амьдарч байгаа орон сууц бол надад өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгө юм. Шүүх эдгээр байдлыг харгалзан үзээгүй. 2017 оны 4 дүгээр сараас хойш хамт амьдраагүй гэх худал тайлбарыг үндэслэн хүүхдүүдийг эхтэйгээ илүү ээнэгшин дассан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэтэл бодит байдалд 2019 оны 9 сар хүртэл хамт байсан. Шинжээчийн баг хүүхдийн ирээдүйн боловсрол, хүмүүжил, амьдрах нөхцөл байдал зэргийг харгалзан эцгийнх нь асрамжид үлдээх 100 хувийн санал гаргасан. З.Мхоёр хүүхдийг огт танихгүй н.Мягмардоржийг ааваа гэж дуудаг гэж тайлбарласан нь төрсөн эцгийг нь мартуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хоёр хүүхдийн Б.А-гийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, тухайн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А хариуцагч З.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Б.А, З.М нар нь 2015 оноос хамтран амьдарч, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү А.З, А.З нарыг төрүүлсэн байна.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд хоорондын таарамжгүй харилцаатай байснаас шалтгаалан тусдаа амьдрах болсон бөгөөд хариуцагч З.Мнь бусадтай гэр бүлийн харилцаанд орж жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Дээрх шалтгаанаар зохигчид эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаснаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнөх урьдчилан явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна

Хариуцагч З.Мнь өөр бусадтай хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн тул шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд хүүхдийн асрамжийг тогтоохдоо, түүний эцэг, эхийн үүргийг хуваарилах зорилготой бөгөөд тухайн хүүхдийн өсөж бойжих орчин, хүүхдэд хандах эцэг, эхийн хандлага, хэнд нь илүү ээнэгшин дассан байдал, эцэг эхийн халамж, анхаарал, ёс суртахууны болон эдийн засгийн байдал, хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шалтгаан байгаа эсэх зэргийг харгалзан үзэх учиртай.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 настай хүү  А.З, А.З нарын асрамжийн талаар маргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

 Шинжээчийн дүгнэлт хүүхдийг эцэг, эсхүл эхийн асрамжид байлгахыг шийдвэрлэхэд нэг нотлох баримт болох бөгөөд шинжээч нар хүү А.Золжаргал, А.Золбаярын эцэг Б.А-гийн асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ. Мөн хоёр хүүхэд бага насны эхдээ ээнэгшин дассан гэх дүгнэлтийг гаргажээ. /хх-55-60/

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж,  2 хүүхэд бага настай,  эхдээ ээнэгшин дассан байгаа байдлыг анхаарч хүүхдүүдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргийг үндэслэн, хүүхдүүдийг өсөн бойжих, зөв төлөвшиж хүмүүжихэд эхийн асрамжид байх нь тэдгээрийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Харин хариуцагч З.Мөнхзулыг өөрийн 2  хүүхдээ хайр халамжаар дутаадаг, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй, боловсрол хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээсэн ч Б.А-гийн эцэг байх эрх хязгаарлагдахгүй талаар шүүх шийдвэртээ тодорхой тусгасан байна. Харин хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл түүний асрамжийг өөрчлүүлэх талаар эцэг Б.Агаас нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар   А.З, А.З нарыг эхийнх нь асрамжид үлдээн, мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эцэг Б.Агаас тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймээс нэхэмжлэгчийн “шүүх зохигчийн эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлэж шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                        ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА