Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 153

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч А.Ад холбогдох 17300001880119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн харьяат, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 6 дугаар баг, Дөрвөлжийн 3-1а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,ЖЯ92012114 регистртэй, А.А

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч А.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах 3 дугаар бүрэн дунд сургуулийн хойд талд 2017.11.18-ны шөнийн 00 цагийн орчим Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 18-ны өдөр манай ажлынхан караокены тэмцээн зохиосон. Би шүүгчээр ажилласан. Шөнө 12 цагт тараад гарч явахад Дын баг байр эзлээгүй гээд Д надад уурлаад байсан. Гадаа гараад Д надтай ярьж зогсож байгаад миний хамар руу цохиод цус гаргачихаар нь би зөрүүлээд мөргөсөн. Бид хоёрыг зууралдаж байхад манай ажлынхан салгасан. Би тэр үед архи уугаагүй, шүүгч нар нь тусдаа ширээнд сууж байсан. Би Дын эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн гэв. 

 

          - Яллагдагч А.Аы мөрдөн байцаалтанд өгсөн:...Д эхлээд намайг гараараа хамар руу цохиод автал миний хамраас цус гарсан. Тэгээд би зөрүүлээд Дыг толгойгоороо мөргөөд түлхтэл Д уначихсан. Тэгэхээр нь би хөлөөрөө толгой руу нь нэг удаа өшиглөчихсөн юм. Дын эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Тэр мөнгийг нь эмнэлэгт тушаасан... гэх мэдүүлэг, 

 

- Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ...А намайг заамдаж авснаа гэнэт толгойгоороо нүүр рүү мөргөсөн. Тэгээд тонгойход хөлөөрөө толгой руу өшиглөж зодсон. Тэр үед  М бид хоёрыг салгасан. Тухайн үед миний нүүр хавдаж 3 оёдол тавиулсан. Надад Ад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь А эмчилгээний зардлыг бүрэн төлсөн... гэх мэдүүлэг / хх-н 6 х /, 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Дын биед тархи доргилт, духны болон цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-н 14 х/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1/

 

- Яллагдагч А.Аын аймгийн Прокурорын газарт 2017 оны 12 сарын 01-ний өдөр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт, / хх-н 42 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.11.28-ны өдрийн 6/362 дугаартай тодорхойлолт /хх-н 32 х /

 

- А.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 33 х /

 

- А.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31 х/ 

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи 2017.12.01-ний өдрийн 61 дугаартай прокурорын санал  зэрэг болно.

                     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу А.Аы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр тухайн гэмт хэрэг  улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч А.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах 3 дугаар бүрэн дунд сургуулийн хойд талд 2017.11.18-ны шөнийн 00 цагийн орчим Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч А.Аы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Дын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

А.Аы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч А.А нь иргэн Б.Дыг хувийн таарамжгүй харьцааны улмаас  цохисон болох нь түүний “Д эхлээд намайг гараараа хамар руу цохиод автал миний хамраас цус гарсан. Тэгээд би зөрүүлээд Дыг толгойгоороо мөргөөд түлхтэл Д уначихсан. Тэгэхээр нь би хөлөөрөө толгой руу нь нэг удаа өшиглөчихсөн юм. Дын эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Тэр мөнгийг нь эмнэлэгт тушаасан” гэх, хохирогч Б.Дын “А намайг заамдаж авснаа гэнэт толгойгоороо нүүр рүү мөргөсөн. Тэгээд тонгойход хөлөөрөө толгой руу өшиглөж зодсон. Тэр үед  М бид хоёрыг салгасан. Тухайн үед миний нүүр хавдаж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

         А.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн нүүрэн тус газар мөргөж, хөлөөрөө толгой руу санаатай өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

        

Шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

А.Аы гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Дд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Шүүгдэгч А.Аы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялыг 2018 оны 03 сарын 01-ны дотор хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан А.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  6. Ялтан А.Ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР