Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 867

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2020/00098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-гийн  нөхөн олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н

Прокурор Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б.Бнь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1990 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Б.Ббол миний төрсөн эцэг Болдын ах нь юм. Намайг 6 сартай байхад өргүүлсэн гэсэн. Эцэг маань намайг 4 настай байхад баривчлагдсан. Эх маань нас бараад 6 настайдаа өөрийн гэртээ буцаж ирсэн гэсэн. Б.Бнь өөрөө 2 хүүтэй байсан, хөгшин нь нас бараад хүүхдүүд нь тусдаа гарсан. Цэвээн гэдэг хөгшинтэй суугаад намайг өргөж авсан гэж ярьдаг. Б.Бэд хөрөнгө хураалгасан гэсэн баримт гараагүй, төр засаг, орон нутгийн удирдлагаас орон сууц гэр өгсөн юм байхгүй. Бид нар ч гэр орон сууц авъя гэж хөөцөлдөөгүй. Лавлагаанд Долгоржав, Долгормаа гэж 2 янзаар гарсан байсан. Намайг Долгоржав гэж дууддаггүй, ийм хүн ерөөсөө байгаагүй, яагаад Долгоржав гэж гарсныг мэдэхгүй. Иймд эцэг Балдангийн хэлмэгдэж цагаатгагдсаны нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тагнуулын Ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 05/4377 дугаартай Базарын Балдан нь...ам бүл 4, эхнэр Цэвээн, охин Долгормаа, ам бүл тусгаар хүү Ананд, Балдух /Балдан/, Тэнгэр... гэсэн, Тагнуулын Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/3506 дугаартай Базарын Балдан нь ...1938 оны байдлаар ам бүл 3, эхнэр Цэвээн, хүүхэд Долгоржав, Ананд, Балдух /Балдан/, Тэнгэр... гэсэн албан бичиг, Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 656 дугаартай 1 000 000 төгрөг олгосон тухай шийдвэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дүгээр маягтын Болдын Долгормаа гэсэн лавлагаа болон бусад баримт бичгүүд авагдсан байна. Нөхөх олговрын тухай хуульд зааснаар эд хөрөнгө хураалгасан хэлмэгдэгч, түүний эхнэр, хүүхдэд орон сууц авахад нь зориулж 80 000 000 төгрөг олгохоор хуульчилсан. Хэлмэгдэгч Б.Бнь эд хөрөнгө хураалгасан гэх баримт байхгүй, 80 000 000 төгрөгийг Б.Днэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Халбин овогт Болдын Долгормаагийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах , тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, эд хөрөнгө хураагдсан баримт байхгүй гэж дүгнэсэн нь буруу болсон. Эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж гомдол гаргаагүй, амины эрх зөрчигдсөний улмаас нөхөн олговор нэхэмжилсэн байхад эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзсэн нь буруу юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13дугаар зүйлийн 13.2.1-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг” гэж нөхөн олговор олгохоор заасан байхад эд хөрөнгийн эрхтэй холбогдуулан дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн миний бие 87 настай, сонсгол муу, нүдний хараа муудсан зэргээс өөрийгөө илэрхийлэх чадвар сул тул шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Гандолгорыг очиход өөрөө ирсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Днь өөрийн эцэг Б.Балданг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх үндэслэлээр нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс прокурор оролцож хэлмэгдэгч Б.Бнь эд хөрөнгө хураалгасан гэх баримтгүй тул нөхөх олговор 80 000 000 төгрөг олгох үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр Б овогтой Д нь хэлмэгдэгч Базар овогтой Балдангийн үрчилж авсан охин мөн болохыг тогтоожээ.

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлаагаар “Б.Бнь ам бүл 4, эхнэр Цэвээн 52 настай, охин Долгормаа 4 настай, хүү Тэнгэр 6 настай, хүү Ананд” хэргийн учир баригдсан гэсэн байна.

Б.Д-гийн эцэг Базарын Балдан улс төрийн хилс хэрэгт баривчлагдан ялын дээд хэмжээгээр шийтгүүлж БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны 1990 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн магадлалаар цагаатгагджээ.

Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасан.

Хэлмэгдэгч Б.Б-ийн эхнэр Д.Цэвээн эсхүл түүний хүүхдэд дээрх хуулийн заалтад үндэслэн гэр орон сууц олгогдож байсан эсэх, мөн эхнэр Цэвээн хэдэн онд нас барсан талаар үйл баримтыг тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

            Цагаатах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 589 дугаар албан бичигт “... Б.Днь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчид хамаарахгүй бөгөөд хэлмэгдэгч Базарын Балдан болон түүний эхнэр Дамдингийн Цэвээн нарт орон сууц болон байр орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэсэн баримт байгаа боловч энэхүү баримт нь хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхгүй. Хэлмэгдэгч Б.Балдангийн эхнэр Д.Цэвээн, тэдний хүүхдэд улсаас орон сууц, гэр олгож байсан эсэх үйл баримтад хамаарах нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийх шаардлагатай.

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2020/00098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                   Д.БАЙГАЛМАА