Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/640  

 

 

О.М, О.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,  

шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор О.М, О.З нарт холбогдох 2110002590142   дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О.М, .....................................................төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., эх, дүү нарын хамт ................................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

2. О.З, ............................................... төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, эцэг, эх, ах, эгч нарын хамт ........................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:......................../;

Шүүгдэгч О.М нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 405 тоотод оршин суух иргэн А.Аын гэрээс “I phone 7 plus”, “LG-F820L” загварын гар утас, иргэний үнэмлэх, баримт бичиг зэргийг хулгайлсан,

мөн 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа" төвийн 3 давхарын 140 тоотод үйл ажиллагаа явуулдаг үсчний газраар үйлчлүүлж байхдаа иргэн Т.Эгийн эзэмшлийн “I phone XR” загварын гар утсыг хулгайлсан,

шүүгдэгч О.М, О.З нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим фэйсбүүкийн “otgoo odko” гэх хаягаар цахим орчинд 19 настай хоёр охин байрлаж ажиллана гэх зар байршуулж, зарын дагуу иргэн Н.Жтай холбогдож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулиа” гэх нэртэй зочид буудалд уулзан түүний эзэмшлийн Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг ундаа, тамхи авна гэж хэлж аваад буцааж өгөлгүйгээр хоёр удаагийн үйлдлээр 3.840.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.М нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвийн оффис дотор байрлах “М интернейшнл” олон улсын эрүүл хоолны сүлжээний сургалтад сууж байхдаа иргэн Л.С-ын эзэмшлийн “Samsung wide 4” загварын гар утсыг нь найзтайгаа яриад өгье гэж хэлэн хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Маралмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах ” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Х.Золзаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 12 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мгаас 1.330.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Эд 1.100.000 төгрөг, хохирогч Л.Сд 230.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Учир нь:

Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, мөн шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлгийн явцад тус гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн.

Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч О.Згийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй.

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгс үйлдэгдэж үйлдэл төгсдөг. Хэрэгт авагдсан камерын бичлэг, шүүгдэгч О.М, О.З нарын мэдүүлгээс тус үйлдлийг О.М ганцаараа хийсэн болох нь тогтоогддог, өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл миний үйлчлүүлэгч О.Згийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй байхад “гар утас худалдан авсан, үсээ засуулсан” гэх шалтгаанаар хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс миний үйлчлүүлэгч О.Згийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй учир нэмэлт тайлбар байхгүй” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоох хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгдэгч О.М, О.З нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хэрэгт авагдсан бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч О.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зөрчөөгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл тогтоогддог тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч О.Зг О.Мтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим фэйсбүүкийн “otgoo odko” гэх хаягаар цахим орчинд 19 настай хоёр охин байрлаж ажиллана гэх зар байршуулж, зарын дагуу иргэн Н.Жтай холбогдож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулиа” гэх нэртэй зочид буудалд уулзан түүний эзэмшлийн Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг ундаа, тамхи авна гэж хэлж аваад буцааж өгөлгүйгээр хоёр удаагийн үйлдлээр 3.840.000 төгрөг авсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч О.М нь ундаа, тамхи авах зорилгоор хохирогч Н.Жадамбын Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг авч гараад дэлгүүрээс худалдан авалт хийж буцаад зочид буудлын өрөөнд орж ирээд шүүгдэгч О.Згийн хамт гарч явахдаа картыг авч гараад, уг картнаас 3.840.000 төгрөгийг авчээ.

Шүүгдэгч О.Мгийн хувьд, хохирогч Н.Жадамбын Хаан банкны 5034912751 дугаарын виза картаар гүйлгээ хийж ундаа, тамхи авсан бөгөөд уг картаар өмнө нь гүйлгээ хийж нууц дугаарыг мэдэж байсан байдлаа ашиглан 3.840.000 төгрөг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бол шүүгдэгч О.Згийн хувьд, О.Мгийн мөнгөгүй байгааг мэдэж байсан хэрнээ мөнгөтөй болсон буюу хохирогч Н.Жадамбын Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг авч гарч ирснийг дараа нь мэдсэн хэрнээ уг мөнгөнөөс хамт захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан...” гэсэн “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч О.М нь “...Золзаяа мэдэж байсан...” гэсэн гэрчээр өгсөн мэдүүлгээ шүүх хуралдааны явцад “...Жадамба надад өөрөө картаа өгсөн, ... намайг карт авч байхыг О.З хараагүй байх, ... би Золзаяатай муудалцсан байсан учраас гэрчээр мэдүүлэг өгөхдөө О.Зтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн...” гэж өөрчлөн мэдүүлжээ.

Иймд прокуророос О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Шүүгдэгч О.М нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 405 тоотод оршин суух иргэн А.Аын гэрээс “I phone 7 plus”, “LG-F820L” загварын гар утас, иргэний үнэмлэх, баримт бичиг зэргийг хулгайлсан,

мөн 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа" төвийн 3 давхарын 140 тоотод үйл ажиллагаа явуулдаг үсчний газраар үйлчлүүлж байхдаа иргэн Т.Эгийн эзэмшлийн “I phone XR” загварын гар утсыг хулгайлсан,

мөн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим фэйсбүүкийн “otgoo odko” гэх хаягаар цахим орчинд 19 настай хоёр охин байрлаж ажиллана гэх зар байршуулж, зарын дагуу иргэн Н.Жтай холбогдож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулиа” гэх нэртэй зочид буудалд уулзан түүний эзэмшлийн Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг ундаа, тамхи авна гэж хэлж аваад буцааж өгөлгүйгээр хоёр удаагийн үйлдлээр 3.840.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг,

мөн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвийн оффис дотор байрлах “М интернейшнл” олон улсын эрүүл хоолны сүлжээний сургалтад сууж байхдаа иргэн Л.С-ын эзэмшлийн “Samsung wide 4” загварын гар утсыг нь найзтайгаа яриад өгье гэж хэлэн хуурч авсан гэмт хэрэг,

шүүгдэгч О.З нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим фэйсбүүкийн “otgoo odko” гэх хаягаар цахим орчинд 19 настай хоёр охин байрлаж ажиллана гэх зар байршуулж, зарын дагуу иргэн Н.Жтай холбогдож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулиа” гэх нэртэй зочид буудалд уулзаж, шүүгдэгч О.М нь түүний эзэмшлийн Хаан банкны 5034912751 дугаарын виза картыг ундаа, тамхи авна гэж хэлж аваад буцааж өгөлгүйгээр хоёр удаагийн үйлдлээр 3.840.000 төгрөгийг хулгайлсан гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Алтан-Очирын “...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед өөрийн гар утсаар өөрийн фэйсбүүкдээ орж байгаад “На Ку” гэдэг фэйсбүүк хэрэглэгч рүү найзын хүсэлт явуулсан. Тэгээд найз болоод би хувийн чатаараа би эхэлж юм бичиж танилцсан. Надад нэрээ Маралаа гэж хэлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед Маралаа над руу хувь чатаар танай гэртэй ойрхон явж байна, уулзах уу гэсэн. Би тэгье гээд гарахад манай орцонд ирсэн байсан. Маралаа бид хоёр шөнийн 03 цаг хүртэл юм ярьж манай орцонд байсан. Маралаа ядраад нойр хүрээд, өлсөөд байна гэсэн, тэгээд би гэртээ оруулсан. Маралаа 8, 9 цаг гээд эрт явна гэж ярьж байсан. Би Маралаад хоол өгч, гэртээ газар ор засаж өгөөд өөрөө орон дээрээ тусдаа зурагт үзээд өглөө 07 цаг хүртэл байж байгаад унтсан. Тэгээд өдөр 12 цагийн үед сэрэхэд Маралаа явсан, намайг босоход миний “Ай фоун 7 плас” маркийн гар утас, дүүгийн “ЛЖ-Ф820Л” маркийн гар утас, аав, ээж, миний иргэний үнэмлэхийг аваад явсан байсан. ...” /1хх 11-12/,

хохирогч Т.Эгийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвийн 3 давхарын 140 тоотод үсчинээр ажиллаж байтал 20 орчим насны эмэгтэй орж ирээд үсээ тайруулаад будуулна гэхээр нь будаг авахаар хажуу талын өрөө рүү ороод 3 орчим минутын дараа орж ирээд тухайн эмэгтэйн үсийг тайраад, цайруулаад будаг хийгээд 40 орчим минутын дараа угаагаад төлбөр болох 45.000 төгрөгийг тухайн хүн “Мобайл” банк ашиглан шилжүүлээд гарсан. Тухайн хүнийг гарсны дараа таних эрэгтэй хүн суулгаад үсийн засаад гаргасан. Түүний дараа дахиж хүн аваагүй. 19 цаг болоод цэвэрлэгээ хийгээд багаж хэрэгсэл хийдэг тэргэнцэрийн эхний шургуулганд байсан гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Надаар үсээ будуулсан 20 орчим насны эмэгтэй л сандарсан байдалтай хурдан алхаад гарч байсан. ...” /1хх 115-116/,

хохирогч Н.Жадамбын “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүкээр ажлын зар гүйлгээд үзэж байтал “оtgоо оdko” гэх хаягнаас 2 охин байна, ямар ч ажил гололгүй байрлаж тууштай хийнэ гэсэн зарын дагуу фейсбүүк рүү нь холбогдож утасны дугаарыг нь авч 99207687 гэх дугаараар холбогдож ярихад тэр 2 эмэгтэй Бөхийн өргөөний хажууд “Жулиа” төвийн хоолны газарт уулзсан. Ингээд 18 цагийн үед надтай утсаар ярьсан эмэгтэй, бас нэг эмэгтэйтэй хоёулаа цуг ирсэн, өөрийнх нь нэрийг би Отгоо гэж фейсбүүк хаягаар нь дуудсан, найзыгаа Соко гэж надад танилцуулсан. Бид ярилцаж тохиролцоод Жулиа төвийн 3 дугаар давхарт байрлах зочид буудалд орсон. Буудалд байж байхад хамт байсан найз Соко гэх эмэгтэй нь тамхи татмаар байна, тамхины мөнгө өгчих гэхээр нь би өөрийн Хаан банкны “5034912751” дугаартай виза картаа өгөөд тамхи ундаанд явуулсан. Отгоо гэх эмэгтэй бид 2 буудалд байж байх хооронд Соко карт аваад дэлгүүр ороод удалгүй ирсэн. Буудалд би үлдээд хувцсаа өмсөж байхад тэр 2 эмэгтэй буудлаас гарч явсан. Намайг буудлаас гарч амжаагүй байхад 23 цаг 12 минутад 3.830.000 төгрөгийг аваад тэр даруйдаа үлдэгдэл 10.000 төгрөгийг, нийт 3.840.700 төгрөгийн зарлага гарсан. ...” /2хх 19/,

хохирогч Л.С-ын “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “М интернейшнл” олон улсын эрүүл мэндийн сүлжээний газар хамт ажилладаг Н.Янжинсүрэн эгч үл таних нэг охиныг дагуулаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хишиг” төвийн 2 давхарт байх 204 тоот ажлын оффис буюу ажил дээр ирж сургалтад суулгаж мэдээлэл өгнө гэж оруулж ирсэн. Би тэр охинтой хальт уулзаж ярилцахад өөрийгөө Маралаа гэж танилцуулаад 90730247, 80640247 гэж хоёр дугаар тэмдэглүүлсэн. Тэгээд өөрийгөө Канад улсад сурдаг, би түр судалгааны ажлаар Монголд ирсэн байгаа гэж надад хэлсэн. 18 цагийн сургалтад бид хэд хажууд нь цуг суусан. Тэгсэн чинь сургалтын дундуур тэр охин надад хандаж эгчээ гар утсаа өгөөч, би найзтайгаа яриад өгье гэж хэлэхэд нь би гар утсаа өгөөд гаргасан. Тэгээд сургалт дуусаад тэр охин буцаж орж ирээгүй, миний гар утсыг аваад явсан. ...” /1хх 221/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 24-25, 235-236, 2хх 32-33/, Н.Жадамбын эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /2хх 38-39/, сидид үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-44/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч О.Мгийн бусдын эд зүйлийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн, мөн бусдын эд хөрөнгө болох гар утсыг нь найзтайгаа яриад өгье гэж хэлэн хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт  хэргийн 1 дэх хэсэгт “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч О.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ... гэж заасан шинжүүд нь тус тусдаа хууль зүйн ойлголтыг илэрхийлэх бөгөөд шүүгдэгч О.Мгийн найзтайгаа яриад өгье гэж хэлэн бусдын гар утасыг авсан үйлдэл нь “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг хангаж байх тул түүнийг зөвхөн энэ шинжээр нь гэм буруутайд тооцсон байдлаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон нь үндэслэлтэй байх боловч хууль зүйн техникийн хувьд 12 сар хорих ял гэж хуульд заасан хугацаа тоолох журмаас өөр байдлаар бичсэнийг 1 жил гэж зөвтгөн өөрчлөв.

Шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, О.З нь  Улаанбаатар хотод түр оршин суух хаяггүй, мөн ажил эрхлэлтийн талаар тодорхой баримт байхгүй тул түүний албан ёсны оршин суух хаягаар нь буюу Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Мгийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул 91 хоног гэж зөвтгөн өөрчлөв.

Иймд шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Мгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч О.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүгдэгч Б.Маралмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг, шүүгдэгч Х.Золзаяаг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын “...12 /арван хоёр/ сарын ...” гэснийг “...1 жилийн ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 61 /жаран нэг/ ...” гэснийг “...91 /ерэн нэг/ ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР