Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0462/З |
Дугаар | 128/ШШ2016/0081 |
Огноо | 2016-01-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2016/0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,******* хаягтай Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 57, Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, Г.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Өмч, газрын харилцааны албанд түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулах зориулалт бүхий газар ашиглах зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж, өргөдлийг үндэслэж Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт-аар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ зориулалт-аар газар ашиглах зөвшөөрлийг олгосон билээ.
Энэхүү газар ашиглах зөвшөөрлийг үндэслэн бид Э******* ХХК-д захиалга өгч Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам, бусад стандартад нийцсэн Түргэн үйлчилгээний цэг буюу павильон хийлгэж дээрх зөвшөөрөгдсөн газарт байршуулан ажиллуулж байсан. Бидний зүгээс зохих зөвшөөрлийн үндсэн дээр Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан гэж үзэж байгаа. Энэ зөвшөөрлөөс өөрөөр ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй байсан бөгөөд уг зөвшөөрөл нь бидний Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах эрх олгосон шийдвэр болж байсан юм.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/115 тоот захирамж гаргаж, зохих зөвшөөрлийн дагуу баригдаж ашиглагдаж байсан иргэдийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгаж, журмын хашаа гэх газар байршуулах ажиллагаа хийгдэж байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхдээ эвдэлж, гэмтээн иргэдийн өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаад байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/115 тоот захирамжийг хүчингүй болгож, Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Жич:
1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 тоот захирамжийн хуулбарыг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд эх хувийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү,
2. Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүд нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зориулалт бүхий газар ашиглах зөвшөөрөл хүсч өргөдөл гарган өргөдлийг үндэслэж газрын төлбөрийг тодорхойлох тухай актаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг олгосон гэх тухайд:
2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааны журам батлах тухай 91 дүгээр тогтоолын 1.3.3 дахь заалтад Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Газар эзэмшигч, өөрийн эзэмшилд байгаа газрыг уг байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасны дагуу бусдад ашиглуулна гэж заасан тул дүүргийн Засаг дарга зөөврийн байгууламж түр хугацаагаар ашиглуулах шийдвэрийг 2015 оны 7 дугаар сарын байдлаар нэг ч иргэн аж ахуй нэгжид олгоогүй байна.
Мөн тус журмын 1.3 дахь хэсэгт зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга ашиглуулах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана гэж заасан байдаг.
Гэтэл дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх ашиглуулах талаар тусгаагүй байна.
Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгодоггүй бөгөөд зөвхөн дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуй нэгж байгууллагатай зөөврийн байгууламж түр байрлуулах газар ашиглуулах гэрээ байгуулдаг тул зөөврийн байгууламж түр байрлуулах зориулалтаар газар ашиглахаар хүсэлт гаргасан иргэдэд дүүргийн Засаг даргын шийдвэрээр зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зөвшөөрөл олгоогүй, дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны алба, тус холбооны гишүүд нарын хооронд зөөврийн түр байгууламжийн зориулалтаар газар ашиглах гэрээ байгуулагдаагүй байна.
Тус холбооны гишүүдийн түргэн үйлчилгээний цэг байрлаж байсан зам дагуух нийтийн эдэлбэрийн газарт олгосон гэх зөвшөөрөл нь Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт бөгөөд нийтийн эдэлбэрийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа этгээдэд ногдуулсан төлбөрийн акт юм. Өөрөөр хэлбэл зөөврийн түр байгууламж байрлуулах гэрээ биш юм.
Монгол Улсын стандарт ММЗ:5879:2012 Нийтийн тээвэр, замналын зогсоол, ангилал, техникийн шаардлага-д чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжид түргэн үйлчилгээний цэггүй байхаар заасан байдаг.
2. Төрийн эрх бүхий албан тушаалтнууд түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхдээ эвдэлж, гэмтээн иргэн миний өмчлөх эрхэнд ноцтойгоор халдсан гэх тухайд:
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг эрхэлж буй иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй. /Мэдэгдлийг хавсаргав./
Иймээс мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/115 тоот захирамж гаргаж зохих зөвшөөрлийн дагуу баригдаж ашиглагдаж байсан иргэдийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж, журмын хашаа гэх газар байршуулах ажиллагаа хийгдэж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт эмх з*******раагүй, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай зохион байгуулахыг мэдэгдье гэсэн 01/131 тоот албан бичиг, мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий болон тохижилтын төлөвлөгөөтэй нийцүүлэн Нийслэлийн 200 ширхэг автобусны буудлыг шинэчлэх ажлын хүрээнд стандартын нөхцөл шаардлагад нийцсэн байгууламж барих, автобусны буудлыг шинэчлэн тохижуулахад төлөвлөгөөнд орсон байршлууд дээр байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нэн даруй буулгах албан бичгүүд Баянзүрх дүүргийн Засаг даргад ирсэн.
Мөн Захирагчийн ажлын албанаас одоо ажиллаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийн загвар дизайныг батлагдсан зураг төслийн дагуу шинэчлүүлэхдээ засварын бэлтгэл үеийг 2014 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар тогтоосныг харгалзаж үе шаттайгаар эхний ээлжинд хотын төвийн барилгажсан хэсгээс эхлэх, хэрвээ явган хүний болон авто замын хөдөлгөөнд саад учруулахаар байрлаж байгаа тохиолдолд заавал /өөр байршил зааж өгөх, түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд зөвлөн туслах, дэмжин ажиллах гэсэн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/714 тоот албан бичиг ирсний дагуу явган хүний болон автозамын хөдөлгөөнд саад учруулахаар байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд өөр байршилд байрлуулахыг санал болгосон.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн дээрх үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдаж Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний автобусны буудал, Намянжүгийн гудамж, Баянзүрх их дэлгүүр, Хавдар судлалын эмнэлгийн буудал дээр түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа олон жил эрхлэн явуулж байгаа 29 иргэдийг хуралд урин оролцуулж түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам болон холбогдох тушаал зааврыг танилцуулан одоо байгаа байршлаа чөлөөлөн шинэ байршил өөрсдөө сонгох талаар санал болгож энэхүү саналыг 16 иргэд хүлээн авч байршлаа чөлөөлсөн.
Өөр байршилд нүүлгэх саналыг хүлээн аваагүй, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/76 захирамжийг тус тус хэрэгжүүлсэн тул холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй.
Түүнчлэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж Соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага-ыг ойлгохоор зохицуулжээ.
Гэтэл нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо болох тус төрийн бус байгууллага нь нийгэмд тустай, нийгмийн тусын тулд ямар үйл ажиллагаа эрхэлж явуулдаг эсэх нь тодорхойгүй, мөн тус төрийн бус байгууллага нийгэмд тустай үйл ажиллагаа эрхлэхэд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын А/115 дугаар захирамж нь холбооны хууль ёсны ямар эрх ашгийг хөндсөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаартай хэсгийг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулах зориулалт бүхий газар ашиглах зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж, өргөдлийг үндэслэж Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт-аар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ зориулалт-аар газар ашиглах зөвшөөрлийг олгосон ... зөвшөөрлийг үндэслэн бид стандартад нийцсэн павильон хийлгэж дээрх зөвшөөрөгдсөн газарт байршуулан ажиллуулсан. Уг зөвшөөрөл нь бидний Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах эрх олгосон шийдвэр болж байсан юм..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...дүүргийн Засаг дарга зөөврийн байгууламж түр хугацаагаар ашиглуулах шийдвэрийг 2015 оны 7 дугаар сарын байдлаар нэг ч иргэн аж ахуй нэгжид олгоогүй, ... Тус холбооны гишүүдийн түргэн үйлчилгээний цэг байрлаж байсан зам дагуух нийтийн эдэлбэрийн газарт олгосон гэх зөвшөөрөл нь Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт бөгөөд нийтийн эдэлбэрийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа этгээдэд ногдуулсан төлбөрийн акт бөгөөд зөөврийн түр байгууламж байрлуулах гэрээ биш юм ..., гэж тайлбарлан маргаж байна.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг гаргаж, автобусны зогсоол дээр байршиж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг зогсоолоос холдуулж өөр газар шилжүүлэн гаргах байршлыг тогтоох ажиллагааг явуулж, газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй иргэдийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж, журмын хашаа гэх газар байршуулжээ.
Нэхэмжлэгч нар нь удаан хугацаагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулж, албан ёсны зөвшөөрөл авахын тулд удаа дараа дүүргийн холбогдох албанд хүсэлтээ илэрхийлсэн боловч өргөдлийг албан ёсоор хүлээж авдаггүй, бичгийн хэлбэрээр хариу өгөөгүй, бидний амьдралын эх үүсвэр болсон ажлын байрыг хүлээн зөвшөөрдөггүй, бидний эрх ашгийг зөрчиж байна, бид шинэ түргэн үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загварын дагуу ТҮЦ-ийг 10 гаран сая төгрөгөөр хийлгээд газрын төлбөр тодорхойлох актын дагуу төлбөр төлсөн газар дээрээ байрлуулан үйл ажиллагаа явуулж байгааг үл хэрэгсэн албадан нүүлгэж, эвдэлж сүйтгэн, сэтгэл санааны болон эд материалын хувьд хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь дүүргийн нутаг дэвсгэр дээр ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Дүүргийн засаг дарга болон холбогдох эрх бүхий зөвлөлөөс хууль, журманд заасны дагуу нэгдсэн зохион байгуулалтад оруулах, зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна.
Тухайн харилцааг зохицуулахын тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг баталжээ.
Журамд Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно. Тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд ТҮЦ-ийг байрлуулахаар заасан болно.
Дээрх журамд мөн түргэн үйлчилгээний цэгийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална гэж заасан байхад Баянзүрх дүүргийн Засаг даргаас саналыг хүргүүлээгүй бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрших түргэн үйлчилгээний цэгийн тоо батлагдаагүй, Нийслэлийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс журмыг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийг хүргүүлсэн болохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2014 оны 05/714 дүгээр албан бичигт дурдсан, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт 2015 оны 7 сарын байдлаар нэг ч түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй гэх тайлбараас үзэхэд удирдах дээд байгууллагын үүрэг даалгавар, чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах байдал хангалтгүй гэж дүгнэхэд хүргэж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн албаны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1637 дугаар албан бичигт ТҮЦ ажиллуулж байсан иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар их гомдол ирж байна. Иймд дээрх иргэдэд хуучин байршил дээр нь ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тайланг ирүүлэх. Асуудлыг шийдвэрлэхдээ 1 иргэн зөвхөн 1 ТҮЦ ажиллуулах, бусдад түрээслэхгүй байх, түргэн үйлчилгээний цэгийн байршил нь явган зорчигчийн урсгал хөдөлгөөнд саад болохгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй, иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байх шаардлагыг хангаж ажиллах талаар тусгажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамжийг баталсан бөгөөд удирдамжийн дагуу хийсэн ажлын тайлан, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналыг эцэслэн боловсруулахаар төлөвлөсний зэрэгцээ Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, тэдний ажиллагаанд зөвлөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа нь маргаан бүхий актад дурдагдсан түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дугаар зүйлийн ж заалтад зааснаар газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т ... бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтан Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэсний үндсэн дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолыг хэрэгжүүлж, Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд ногдуулах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Нийтийн тээврийн зогсоол дахь шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаартай хэсгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дугаар зүйлийн ж, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 1, 5, 7, 8, 15 дугаарт заасан хэсгийг түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА