Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/641

 

 

                                                           

Н.Т, Х.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Гансүх,

шүүгдэгч Х.Мгийн өмгөөлөгч Ч.Булган,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Т, Х.М нарт холбогдох 2102001150120 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н.Т, ........................................................төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт ................................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../;

2. Х.М, .................................................................. төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “....................................... ажилтай, ам бүл ......., эхнэр, хүүхдүүдийн хамт ............................................ тоотод түр оршин суух хаягтай, /РД: ................................................./;

Шүүгдэгч Н.Т нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр, 2018 оны 5 дугаар сарын 2-ны Б/226 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Х.Мгийн тус компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд буюу 2018 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн байрны албан өрөөндөө Х.Мгээс бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Х.М нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг Н.Тод албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн байранд албан өрөөнд түүнд бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан, шүүгдэгч Х.Мг Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Н.Тыг энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдээс, Х.Мг Өвөрхангай аймгаас гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.Тын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, Х.Мгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Н.Т, Х.М нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаалах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Т, Х.М нарт сануулж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Т, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” хүртэл тоолно гэж өөрчилсөн. Хууль болон Шүүхийн үйл ажиллагааны зарчимд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар хуульчилсан бөгөөд дээрх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 01 дүгээр тогтоолоор тус хуулийг батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсны дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өөрчлөлт буюу “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан заалтыг баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаараа анхан шатны шүүхээс хүчингүй болсон 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг үндэслэж шийдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай заалт нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, мөн ялыг хүндрүүлэхгүй байх тухай ойлголт бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн эрүүгийн эрх зүйн суурь зарчим гэж үздэг.

2. Гэрч Б.Энхсайхан, Х.Хорлоо нарын мэдүүлгээр 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэж нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж тогтоогоогүй барагцаалж гаргасан. Х.М “...би 6 сар байна уу, зун л байсан даа, дүүтэйгээ хамт очиж өгсөн байсан”, мөн би яг санаж байна, 2018 оны 5 дугаар сарын 31-нд өгсөн” гэсэн, Х.Хорлоо “...Тэгээд манай ах 1 сар гаруй ажилгүй байж байгаад Төв аймагт ажилд ороод...” /шийтгэх тогтоолын 4 дэх тал/ гэсэн тус тус мэдүүлгүүд өгсөн. Шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэдэг. Х.М нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажилд томилогдсон ба харин гэрч Х.Хорлоо “1 сар гаруй хугацааны дараа ажилд орсон” гэсэн мэдүүлэг өгсөн. Дээрх 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд нэг сар хүрэхгүй 19 хоног байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Х.М, гэрч Х.Хорлоо нарын мэдүүлгээр 1 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэж шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Т, Х.М нарт холбогдох 2102001150120 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд "... өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ" хэмээн дүгнэж “... Н.Тод ... ял шийтгэсүгэй" гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

1.1. Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялласан ба уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” хэмээн заасан байх бөгөөд яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2018 оны 6 дугаар сар” хэмээн тодорхойлсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хэмээн заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шат, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хамааруулж авч үздэг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн тул өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.2. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлээд гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт нийтэд тодорхой болсон. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Монгол Улсын хэмжээнд шүүхүүд нэг ижил хэрэглэх ёстой.

Иймд шийтгэх тогтоолд Н.Тод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс гурван үндэслэлийг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” хүртэл тоолно гэж өөрчилсөн. Хууль болон шүүхийн үйл ажиллагааны зарчимд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар хуульчилсан бөгөөд дээрх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 01 дүгээр тогтоолоор тус хуулийг батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсны дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өөрчлөлт буюу “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан заалтыг баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаараа анхан шатны шүүхээс хүчингүй болсон 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг үндэслэж шийдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нөхөн гүйцэтгэж тогтоогоогүй. 1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар талд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 222 дугаар талд яллах дүгнэлт авагдсан байдаг. Энэхүү баримтуудад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 6 сар гэж дурьдсан. Гэтэл энэ нь Г.Нацагдорж өмгөөлөгчийн ярьснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох гэсэн нөхцлийг хангаагүй.  Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс Энхсайхан, Хорлоо нарын мэдүүлэгт үндэслээд гэмт хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Гэтэл Энхсайхан, Хорлоо нарын мэдүүлэгт гэмт хэрэг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэдэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс анхан шатны шүүх эх сурвалж нь тодорхойгүй баримтад үндэслэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг нөхөн тогтоосон тохиолдолд эрх зүйн үндсэн зарчмыг баримтлаад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр тооцох ёстой байсан. Учир нь, аль ч эрх зүйн үндсэн зарчимд эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцлийг хэрэглэдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Мгийн өмгөөлөгч Ч.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч Н.Т, Х.М нар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг өгч, авсан гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Гэрч Х.Хорлоо нь шүүгдэгч Х.Мгийн төрсөн дүү бөгөөд “...Тэгээд манай ах 1 сар гаруй ажилгүй байж байгаад Төв аймагт ажилд орсон...” гэж мэдүүлсэн. Тухайн мэдүүлгээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоож болох байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий авч хэлэлцээгүй. Шүүгдэгч Х.Мгийн ээж Б.Энхсайхан 3 жилийн өмнөх хэрэг явдлын цаг хугацааг нарийвчлан санахгүй. 6 сар гэж барагцаалсан байдаг. Мэдүүлэгтээ цаг хугацааг тодорхой дурьдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, танилцуулан мэдүүлэг авагдсан байдаг. Хэргийн нөхцөл байдлын тухайд, мөрдөн байцаах, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т, Х.М нар зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөрдөн байцаах шатанд авагдсан бичгийн баримтуудад гэрч Хүсэлбаатарын гаргаж өгсөн бичлэг байдаг. Тухайн бичлэгт шүүгдэгч Х.М 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мөнгө өгсөн талаар ярьж байгаа нь бичигдсэн. Мөн гэрч Энхсайхан буюу шүүгдэгч Х.Мгийн ээж мэдүүлэгтээ “6 дугаар сарын сүүл” гэж мэдүүлдэг. Нэг талаас Х.Мгийн өмгөөлөгчөөс Х.Хорлоогийн мэдүүлэгт хугацааг “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр” гэж үнэлэх боломжтой талаар ярьж байна. Гэтэл шүүгдэгч Н.Тын өмгөөлөгчийн зүгээс Х.Хорлоогийн мэдүүлэг нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй учраас үнэлэх боломжгүй талаар ярьж байгаа нь аль аль нь зөрж байна. Гэтэл Х.Хорлоогийн мэдүүлэгт хэргийн нөхцөл байдлыг “6 дугаар сарын сүүл” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Х.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Н.Ттой уулзаж мөнгө өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээсээ зөрдөг. Энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэхгүй байна. Тиймээс шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Мөн анхан шатны шүүхээс хэргийн цаг хугацааг 2021 оны 6 дугаар сар буюу яллагдагчаар татагдсанаас хойш дээрх хууль зүйн хугацааг тогтоож шийтгэх тогтоолд тусгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүгдэгч нарт ашигтай байдлаар мөн хуулийг буцаан хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдолдоо заасан байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хугацааны дотор яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсоно” гэж маш тодорхой заасан байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж хэрэглэх тухай тодорхой тусгасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, ойлгомжтой байна гэж үзэж байна. Шүүгдэгч талаас ашигтай байдлын тухай ярьсан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байхад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь үндэслэлгүй бөгөөд өмнөх хуульд хэрэглэгдэж байсан хуулийн зохицуулалтыг дараагийн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалттай өрсөлдүүлэх хэм хэмжээг хэрэглэж, шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлнэ гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллах дүгнэлтэд, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буюу шүүгдэгч Н.Т, Х.М нарын хахууль өгсөн, авсан цаг хугацааг 2018 оны 6 дугаар сард гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Н.Тыг 2021 оны 6 дугаар сарын 2-нд яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй/-ийн 1.5“энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Тын холбогдсон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан зохицуулалт хамаарч байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой тогтоогоогүйгээс хууль хэрэглэхэд хүндрэлтэй байдал үүсч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно/-ийн 1.1гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг эргэлзээгүй тогтоох мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрч Х.Хорлоогийн дансанд 1.000.000 төгрөг орсон талаарх дансны хуулга авагдсан байх бөгөөд энэ мөнгө нь хэнээс, ямар зориулалтаар орж ирсэн, улмаар уг мөнгийг хэрхэн зарлагадсан талаар дансны гүйлгээний баримтад тодорхойгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэхгүйгээр энэ талаар дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон нь эргэлзээ үүсгэж байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Т, Х.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож...” өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Т, Х.М нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР