Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/02925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* оршин суух, Х******* овогт Д*******ы Ц******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оршин суух, **** овогт У*******гийн Г******* /регистрийн дугаар *******/-т холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 170,247,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ц*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

/Хэргийн оролцогч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болно/

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц******* миний бие нь У.Г*******, Д.Цэ нартай 2012 онд өөрийн найз н.Хгаар дамжуулан танилцсан бөгөөд бид сайн найз, нөхдийн харилцаатай байсан. Би эдгээр хүмүүсийг намайг хууран мэхэлж байгаа гэдгийг огт мэдээгүй бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд өөрийн сэтгэл санаа, эд хөрөнгөөр маш их хохирч, ядарч, туйлдаж байна. 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр У.Г*******, Д.Цэ нар нь надтай уулзаад 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр үйлдвэр авч байгаа, урьдчилгаа 700,000,000 төгрөгийг нь төлчихсөн гээд гэрээ болон их хэмжээний материалууд үзүүлсэн. Үүнээс хойш миний найз н.Хгаар дамжуулан 300,000,000 төгрөг олж өгөөч гэж хэлүүлсээр 2013 оны 10 дугаар сард надтай уулзаж, 300,000,000 төгрөг яаж ийгээд олоод өг, үл хөдлөх зэрэг байвал барьцаалаад өг, хүү болон бусад төлбөрийг ямар ч асуудалгүй төлнө гэсэн. Би найз нөхдийн харилцаа болон тэдний найдвартай эхлүүлэх гэж байгаа бизнест дэмжлэг үзүүлье гэсэн сэтгэлээр тухайн үед хэтэрхий найдаж, итгэж өөрт байсан бүхнээ -д барьцаалж 300,000,000 / зээл авсны шимтгэл 750,000 төгрөг суутгаснаар 299,250,000/ төгрөгийг зээлж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр У.Г*******ийн тоот данс руу өөрийн тоот данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш У.Г******* нь тухайн зээлүүдийн хүү болон эргэн төлөлт огт төлөөгүй бөгөөд намайг төлж байхыг гуйсан. Учир нь тухайн зээлүүдэд миний бүх юм барьцаалагдсан байсан болохоор би эд хөрөнгүүдээ хураалгахгүйн үүднээс маш их хүү, төлбөр төлсөн. Ингээд дахиад У.Г******* нь надад ... ХХК-аас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны ****-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. наас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төпнө... гэж хэлээд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр миний эзэмшлийн Гранд Плаза төв дахь 122,19 м.кв оффисын өрөөг ХХК-д 260,000,000 төгрөгийн зээлийн үүрэгт барьцаалсан. Гэвч тэд хэлсэн цагтаа зээлүүдийг төлж, хөрөнгүүдийг минь чөлөөлж өгөөгүй бөгөөд сүүлдээ гэр нь нүүж, утсаа авахаа болиод сураггүй болж эхэлсэн. Ингээд би тэд нарт хууртагдаж, залилуулсан гэдгээ 2015 оны сүүлээр мэдэж, 2016 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан. Энэ мөрдөн шалгах ажиллагаа явсаар эрүүгийн хэрэг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл миний бие өөрт учирсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс бүрэн авч чадаагүй, хохирсон хэвээр л байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.Г*******, Д.Цэ нар нь бүлэглэн иргэн Д.Ц*******д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ч ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авсан. ХХК-аас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө гэж ******* үйлдвэр, үйлчилгээний байр, 62,000,000 төгрөгийн хадгаламж зэргийг нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ****** байрлах *****нд барьцаанд 299,250,000 төгрөгийг, Д.Ц*******д ХХК-аас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны -оос авсан зээлийг төлж чадахгүй байна. ХХК-аас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө гэж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Цийн эзэмшлийн Гранд Плаза төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг ***** байрлах ХХК-д 200,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн хариуцагч У.Г******* болон түүний намайг залилж өөртөө шилжүүлэн авсан 299,250,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөртэй холбоотой нэхэмжлэл болохыг тодруулж мөн нэхэмжлэлийн дүнг доорх байдлаар өөрчилж байгаа болно.

*****-оос зээлүүлсэн 299,250,000 төгрөг, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* давхрын үйлдвэр, үйлчилгээний байр, 62,000,000 төгрөгийн хадгаламжтай холбоотойгоор учирсан хохирлын талаар тайлбарлавал, миний бие нь У.Г*******, Д.Цэ нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад 2016 онд гомдол гаргах үедээ өөрт учирсан мөнгөн хөрөнгийн хохирлын хэмжээг нийт 474,196.559 төгрөг, мөн Гранд Плаза төв дахь 122.19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх гэж тодорхойлон нэхэмжилсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийтгэх тогтоолоор 273,273,724 төгрөгийг хангаж, үлдэх хэсэгтэй холбоотой тодорхой тооцооллыг тухайн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх тул тухайн тооцоолол, хэмжээг тодорхойлж үлдэх хэсгээ иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлээрэй гэсэн. Өөрөөр хэлбэл, У.Г*******, Д.Цэ нарын намайг залилан мэхэлж байсан үйлдлийг эрүүгийн шүүх тогтоосон боловч надад учруулсан эд хөрөнгийн хохирлын бүрэн тооцоог тодорхой гаргахын тулд шүүх хурлыг хойшлуулахгүй гээд тухайн хохирлоо иргэний шүүхийн журмаар нэхэмжлээрэй гэсэн. Ингээд би тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.Ц******* миний бие нь У.Г*******т хууран мэхлэгдэж, түүний үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн үр дүнд түүнд шилжүүлсэн 299,250,000 төгрөгийн зээлийн хүү, төлбөрт өнөөдрийг хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд нийт 443,522,799 төгрөгийг төлж, хохирсон. Тодруулбал, дээрх 299,250,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой Д.Ц******* нь ****-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 210,983,726 төгрөг, хүүгийн төлбөрт 148,522,797 төгрөг, нийт 359,506,523 төгрөг төлсөн болохыг Санхүүгийн Зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00525 дугаартай шийдвэрээр Д.Циас мөн дээрх 299,250,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй байсан төлбөрт 84,016,274 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөхгүй бол дээрх 11 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Дээрхийг нэгггэвэл, би У.Г*******т зээл авч өгсөн 299,250,000 төгрөгийн хүү, төлбөрт төлсөн 443,522,799 төгрөгөөс эрүүгийн хэргийн шүүх хуралдааны завсарлагааны үеэр хүлээн авсан 273,275,000 төгрөгийг хасч, үлдэх 170,247,799 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд У.Г*******өөс гаргуулахаар шаардаж байна. Харин 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Цийн эзэмшлийн Гранд Плаза төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ХХК-д 260,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан асуудал болон өнгөрсөн хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан өмгөөлөгч нарт төлсөн төлбөр зэргийг би жич тусдаа нэхэмжлэх юм. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотой хариуцагч Д.Цэд холбогдох шаардлагаасаа татгалзсан гэв.

2. Хариуцагч У.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Д.Ц******* тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 170,247,799 төгрөг гаргуулах-аар тодруулсантай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ийнхүү тодруулахдаа *****-оос зээлсэн зээлийн төлбөрт 210,983,726 төгрөг, хүүгийн төлбөрт 148,522,797 төгрөг, нийт 359,506,523 төгрөг, мөн зээлийн төлбөрийн үлдэгдэл 84,016,274 төгрөг авахаас эрүүгийн хэргийн шүүх хуралдааны завсарлагааны үеэр төлсөн 273,275,000 төгрөгийг хасаад үлдэх 170,247,799 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх мөнгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

У.Г*******т нэхэмжлэгчээс 299,250,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэгт маргадаггүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор У.Г******* болон Д.Цэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж, торгох ял шийтгэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 210,983,726 төгрөг, хүүгийн төлбөрт 148,522,997 төгрөг, нийт 359,506,523 төгрөгийг Д.Циас хадгаламж зээлийн хоршоонд төлсөн байна гэсэн. Уг дүгнэлтийн гол үндэслэл нь Д.Ц******* нь 2013 онд 3 удаа, 2015 болон 2016 он гээд нийт 6 удаагийн зээл авсан байдаг. 2015 болон 2016 оны зээл нь Д.Цэ болон У.Г******* нарын гэмт хэрэгтэй ямар нэг холбоогоор холбогдож байж бид энэ хэргийг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлд авсан зээлүүдтэй маргах юм байхгүй. Гэхдээ тэр нь гэмт хэргээр учруулсан хохиролтой холбоогүй гэж үзэж байгаа учир 170,247,799 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. У.Г******* 299,250,000 төгрөг авсан гэдэгтэй маргаан байхгүй, гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар хохирлыг ганцхан У.Г******* гэж хүн дангаараа хариуцах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Эрүүгийн шийтгэх тогтоолоор У.Г******* болон Д.Цэ нар нь бүлэглэж гэж шийдсэн байдаг. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол ганцхан У.Г******* биш шүү гэж хэлмээр байна. Нэхэмжлэлийн тал хувийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016.03.23-ны өдрийн 201625030556 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, 2016.03.21-ний өдрийн Д.Цийн хүсэлт, тоот депозит дансны хуулга, ны 2013.10.24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2018.03.20-ны өдрийн 170 дугаартай яллах дүгнэлт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.04-ний өдрийн 2022/ДШМ/783 дугаартай магадлал, 2014.07.10-ны өдрийн ЗШГ/14/52 дугаартай зээлийн шугамын гэрээ, мөн өдрийн **** дугаартай баталгаат ипотекийн гэрээ, мөн өдрийн дугаартай барьцааны гэрээ, *****ны кассын орлогын, зарлагын ордерууд, Д.Цийн тоот ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, түүний Худалдаа хөгжлийн ны 457057098 тоот дансны хуулга, Н ХХК-ийн тоот дансны хуулга, -ны 2020.02.03-ны өдрийн 06/01 дугаартай Д.Цийн зээлийн төлбөрийн тухай албан бичиг, Голомт ны орлогын мэдүүлэгүүд, Д.Б болон Д.Ц******* нарын Зээлийн гэрээний эргэн төлөлтийг бүртгэх хяналтын карт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.06.29-ний өдрийн 9/2698 дугаартай Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.06.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.07.20-ны өдрийн 2022/ШЗ/1797 дугаартай захирамж, 2013.10.21-ний өдрийн зээлийн гэрээ, Барьцаа хөрөнгийн гэрчилгээг -нд хадгалахаар шилжүүлэн авсан тухай акт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016.12.22-ны өдрийн 497/12 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2013.10.23-ны өдрийн хүсэлт, 2013.10.17-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, мөн өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.07.25-ны өдрийн 9/2984 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.27-ны өдрийн дугаартай магадлалыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч У.Г*******ийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбаруудыг бичгээр ирүүлсэн, харин шүүхэд бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй байна.

4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах ерөнхий газрын 2023.04.24-ний өдрийн дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.15-ны өдрийн дугаартай албан бичиг, Ч ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024.05.17-ны өдрийн 520 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.20-ны өдрийн 101/ШШ2023/00525 дугаартай шийдвэрийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц******* нь анх шүүхэд хариуцагч Д.Цэ, У.Г*******т нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 200,935,922 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цэд холбогдох шаардлагаас татгалзсан тул татгалзлыг батлах нь зүйтэй, харин хариуцагч У.Г*******т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 170,247,799 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ

2. Хариуцагч У.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэний хувьд маргахгүй, хохирлыг дангаар хариуцахгүй, шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн 84,016,274 төгрөгтэй холбоотой буюу 2015, 2016 оны зээлийн гэрээ нь У.Г*******т хамаарахгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарынн 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Д.Цэ, У.Г******* нарыг бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, торгох ялаар шийтгэжээ.

Дээрх эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Д.Ц******* нь хохирогчоор тогтоогдсон ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хохиролд -оос 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн 211,273,724 төгрөг, мөн хохирогчийн өөрийн -нд төлсөн үндсэн зээл болон хүүгийн төлбөр 200,935,922 төгрөг, мөн тус -нд хадгалагдаж байсан хадгаламжийн 62,000,000 төгрөг, нийт 474,196,559 төгрөг ... зэргийг нэхэмжилсэн, үүнээс -оос нэхэмжилсэн 211,273,724 төгрөг болон хадгаламжийн 62,000,000 төгрөг, нийт 273,273,724 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч тус бүрээс 136,636,862 төгрөгийг хохирогч Д.Ц*******д олгох нь зүйтэй гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэжээ. Мөн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авч, энэ хугаца Д.Цэ, У.Г******* нар нь 273,273,724 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн байна.

Шийтгэх тогтоолд төлөгдсөн хохирлын хэмжээг 273,273,724 төгрөг гэж тусгасан боловч нэхэмжлэгч нь Д.Цэ, У.Г******* нараас бодитоор 273,275,000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

3б. -той 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Ц******* нь 399/10 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, 125,000,000 төгрөг, түүний хүү Д.Б нь мөн өдөр 400/10 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, 125,000,000 төгрөг, түүнчлэн Д.Ц******* нь өөрийн хадгаламжийг барьцаалан 45,000,000 төгрөг, нийт 295,000,000 төгрөгийн зээл авч, улмаар Д.Ц******* нь хариуцагч У.Г*******тэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар 300,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, У.Г*******ийн тоот дансанд Д.Ц******* нь өөрийн тоот данснаас 299,250,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн, ийнхүү хариуцагч У.Г*******ийн хувьд 300,000,000 төгрөгийг зээлж авсан тухайд маргаагүй.

Энэхүү зээлийг авсанаас хойш У.Г******* нь зээлийн төлөлтөөс огт хийгээгүй, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Цийн хохиролд 273,275,000 төгрөгийг төлсөн байна.

3в. нь Д.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 211,273,724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00525 дугаартай шийдвэрээр Д.Циас зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээлд төлсөн 9,675,480 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш үндсэн зээлд төлсөн 31,308,246 төгрөг, нийт 40,983,726 төгрөгийг үндсэн зээл 125,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 84,016,274 төгрөгийг гаргуулан -нд хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127,257,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч үнийн дүнд өөрчлөлт ороогүй, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэр, магадлалаар ... хадгаламж зээлийн хороо болон Д.Б нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 125,000,000 төгрөгийн зээлйн гээрэний зээлдэгч Д.Бий үүргийг хариуцагч Д.Ц******* хүлээн авахаар тохиролцож, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээг, мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмнөх гэрээний 125,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр үлдэгдэл хүү 21,000,000 төгрөгийг нэмж 136,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан, 2015 оны гэрээний дагуу 125,000,000 төгрөг болон 2016 оны гэрээний дагуу 136,000,000 төгрөгийг тус тус зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тухайд нэхэмжлэгч маргаагүй байна гэсэн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн байна.

Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Д.Цийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 125,000,000 төгрөгийн болон 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136,000,000 төгрөгийн -той байгуулсан зээлийн гэрээнүүд нь Д.Ц******* болон хүү Д.Б нарын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр -той байгуулсан зээлийн гэрээнүүдийн үргэлжлэл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015, 2016 оны зээлийн гэрээнүүд нь У.Г*******т хамааралгүй тул шийдвэрийн дагуу Д.Циас гаргуулахаар шийдвэрлэсэн 84,016,274 төгрөгийг хохиролд тооцохгүй гэх агуулга бүхий тайлбар нь үндэслэлгүй байна.

3г. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт гарсан, уг дүгнэлтээр Д.Ц******* болон түүний хүү Д.Б нарын дахь зээлийн нэрийн дансыг, зээлийн эргэн төлөлтийг бүртгэх хяналтын карттай тулган шалгахад -ноос олгосон зээлийн хэмжээ нь 298,500,000 төгрөг ба 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлөлтөд 210,983,726 төгрөг, хүүгийн төлбөрт 148,522,797 төгрөг, нийт 359,506,523 төгрөгийг төлсөн болох нь тогтоогджээ

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Ц******* нь Санхүүгийн зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтийн дагуу -ноос авсан зээлүүдэд нийт 359,506,523 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон ба, үүнээс гадна эдгээр зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн 84,016,274 төгрөг, нийт 443,522,797 төгрөгийн хохирлыг өөрт учирсан хохиролд тооцон, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байх үед Д.Цийн хохиролд хариуцагчийн төлсөн 273,275,000 төгрөгийг хасч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл төлбөрт 170,247,799 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Д.Цэ, У.Г******* нарыг бусдыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байх бөгөөд гэм хорыг хамтран хариуцахаар дээрх хуульд зохицуулсан боловч зохигчийн хооронд 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар хариуцагч У.Г*******ийн дансанд нэхэмжлэгч нь 299,250,000 төгрөгийг шилжүүлсэн буюу гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор зохицуулсаныг баримтлан шаардаж буй нь үндэслэлгүй, харин уг гэм хорын хохирлыг дээр дурдсанаар мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан зохицуулалтын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Д.Мд шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөлөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох 170,247,799 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 1,009,189 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч У.Г*******өөс 170,247,799 /нэг зуун далан сая хоёр зуун дөчин долоон мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 1,009,189 /нэг сая есөн мянга нэг зуун наян ес/ төгрөгийг хариуцагч У.Г*******өөс гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Цийн хариуцагч Д.Цэд холбогдох шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/22811 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.УНДРАА

Д.ЦЭРЭНДОЛГОР