Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/642

 

                         

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох 2105022411113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, .................................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., бага насны буюу 5 настай хүүхдийн хамт ........................................ тоотод түр оршин суух хаягтай, /РД: .........................................../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 549 дугаартай магадлалаар 2 жил хорих ял болгон өөрчилсөн;

Шүүгдэгч О.Баярцог нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны оройн 20 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд явж байсан хохирогч Б.Хгаас “Realme7” загварын гар утсыг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Бийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б миний бие 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Миний бие хүү Алтангэрэлийн хамт амьдардаг. 2019 онд миний хүү ээжийн хамт авто осолд орсны улмаас баруун хөлөө тайруулж, ээж нь аарцаг, толгойн хүнд гэмтэл авсны учраас байнгын асаргаанд байх болсон учир ... оюутан дүүгийнхээ асаргаанд байх болсон тул хүүгээ би өөр дээрээ байлган асарч байгаа. Өөр харж хандах хүн байхгүй ба тайруулсан хөлөндөө дахин хагалгаа хийлгэж, хиймэл хөл хийлгэх шаардлагатай байгаа. Аав нь болох надаас өөр миний хүүг асарч халамжлах хүн байхгүй. Ээж нь өөрөө асаргаанд, түүний ээж нь бас Увс аймагт группэд байгаа тул боломжгүй. Мөн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол, гомдолгүй. Энэ бүгдийг харгалзан миний авсан хорих хугацааг энэ зүйлийн хамгийн бага болох 6 сар болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгчийн хувьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсныг дахин хянаж үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Б.Б нь ам бүл 2, бага насны буюу 5 настай хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр эхнэр Алтанхундагатай 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, салсан. Гэхдээ хүү Алтангэрэл нь ихэнхдээ аавтайгаа амьдардаг. Амралтын өдрүүдээр ээж дээрээ очдог. Түүний эхнэр, хүүхэд нь 2019 онд автомашины осолд орж, хөдөө орон нутгийн замд жолоочийн хажууд хамт сууж зорчиж байхад нь машины дугуй буудаж, машин осолдож, хүү Алтангэрэл цонхоор шидэгдэж, эхнэрийнх нь аарцаг яс хугарч, шоконд орсноос болж амь нас нь эрсдэлтэй байна. Нисдэг тэргээр Улаанбаатар хот руу аваачна гэж Гэмтлийн эмнэлгийн нисдэг тэрэг хөлсөлж хот руу ирэх хооронд хүүгийнх нь хөл гэмтсэн нь үнэр орж, аргагүй эрхэнд баруун хөлөө тайруулж, одоо хиймэл хөл хийлгэх мэс засалд орохын тулд  эмчилгээ хийлгэж байгаа. Протез хөл хийлгэхэд хүүгийнх нь хөлний ясыг дугуй хэлбэртэй болгож, хиймэл хөл хийлгэхэд яс нь товойж гаргахгүй хэлбэрт оруулах мэс засал хийлгэнэ. Хүү Алтангэрэл нь баруун хөлөө бүхэлд нь тайруулсан тул группэд орсон, хүний асаргаанд орж ганцаараа явж чадахгүй, байнга тэврүүлж явдаг тул аав Баярцог нь хүүхдээ үргэлж зөөж, эмнэлэг, цэцэрлэгт нь хүргэж өгдөг юм байна.

Хүүгийн ээж авто осолд ороод аарцагны яс хугарч, тархиндаа хүнд гэмтэл авч, одоог хүртэл гэртээ хүний асаргаанд, группэд байдаг болсон. Ээжийнх нь аарцагны ясыг бүрэн эдгээж, эмчилсний дараа хагалгаанд орох ёстой ч өнөөдрийг хүртэл эдгээгүй, яс нь бороолоогүй, улам өвчин ороод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болохоор хүүхэд Алтангэрэлийг асрах боломжгүй, өөрөө бие муу хүний асаргаанд, явж чадахгүй, тархины цусан хурааг авахуулж тархины хагалгаанд орсон. Тухайн ослын үед эхнэр Алтанхундагын аарцагны яс нь бяцралтай, хүү Алтангэрэл нь хөлний хагалгаанд орж хоёулаа ухаангүй ирээд амь насаа алдахын наагуур сэхээнд орж байсан тул эхнэр, хүүхэд нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй, ар гэрийн байдал маш хүнд байгаа юм байна.

2. Б.Б нь “Хүннү мебель” ХХК-д тавилга угсрагч, хүргэгчээр 2020 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Урьд нь “МАК” ХХК-д 2017-2019 онд үйлдвэрийн оператораар ажиллаж байсан.

3. Б.Б нь үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ хэлдэг, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, уг зүйлийн доод хэмжээний хорих ял болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдэж, ял шийтгүүлсэн. Прокуророос шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны оройн 20 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд явж байсан хохирогч Б.Хгийн “Realme 7” загварын гар утсыг булаан авч, 799.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хгийн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим би сургалтаа тараад гэр рүүгээ харих гээд Баруун дөрвөн замаас төв зам дагаад алхаад явсан. ... “Нэхий плаза”-гийн хажуу талаар алхаад хорооллын арын усан сангийн орчим явж байхад миний араас нэг залуу дагаад байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсыг баруун гартаа бариад явж байтал миний ард явж байсан залуу зэрэгцэж ирээд миний гарт байсан гар утсыг шүүрээд зугтаасан. Би уг залуугийн араас хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй алдсан. ...” /хх 12/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад гэр хорооллын гудамжны өнцгөөс нэг эмэгтэй хүн гар утсаа оролдсон байдалтай явж байхаар нь хажуугаар нь зөрөхдөө гар утсыг булааж зугтаасан. Тухайн гар утсыг би Баянхошууны тойргийн ойролцоо хүнд 250.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 36-38/ гэсэн мэдүүлгүүд,   

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-23/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар хүмүүсийг болон хохирогчийг харсаар байтал хүч хэрэглэхгүйгээр булаан авснаар төгсдөг. Шүүгдэгч Б.Бийн хохирогч Б.Хг алхаж явахад нь гараас гар утсыг нь булаан авч зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар ... Миний бие хүү Алтангэрэлийн хамт амьдардаг. 2019 онд миний хүү ээжийн хамт авто осолд орсны улмаас баруун хөлөө тайруулж, ээж нь аарцаг, толгойн хүнд гэмтэл авсны учраас байнгын асаргаанд байх болсон учир ... оюутан дүүгийнхээ асаргаанд байх болсон тул хүүгээ би өөр дээрээ байлган асарч байгаа. Өөр харж хандах хүн байхгүй ба тайруулсан хөлөндөө дахин хагалгаа хийлгэж, хиймэл хөл хийлгэх шаардлагатай байгаа. ... Энэ бүгдийг харгалзан миний авсан хорих хугацааг энэ зүйлийн хамгийн бага болох 6 сар болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлсний дараа дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас хорих ялыг сонгож, хэмжээг 2 жилээр тогтоон Б.Бийг шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин түүний давж заалдах гомдолдоо заасан хувийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР