Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0646/З |
Дугаар | 128/ШШ2016/0082 |
Огноо | 2016-01-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2016/0082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ,, хаягтай Б******* ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Б*******, Г.Г*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Г.Г******* нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, хариуцагч Г.Г*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Г.Г******* нарын үйлдсэн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүйд тооцуулах гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан бөгөөд уг байгууллага 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 24 тоот тогтоол үйлдсэн.
Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь манай компаниас үл хамаарах шалтгаанаар бид гардаж аваагүй байсан тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4574 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх эрхээ хангуулсан болно.
Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын агуулга, маргааныг шийдвэрлэсэн байдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 5.4 дэх заалтад нийцээгүй байх тул уг зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Актад Б******* ХХК нь нийт 104,452.2 мянган төгрөгийн зөрчлийн акт тавигдсан ба тухайн барааг худалдан авсан анхан шатны баримт байгаа. Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар дараах тайлбарыг хүргүүлж байна.
- 2012 онд манай компанийн барилга угсралтын ажил ид явагдаж байсан. Бид худалдан авалт хийхдээ бэлтгэн нийлүүлэгч нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгаж худалдан авалт хийдэг байсан.
- Тухайн үед манай компани худалдан авалт хийхдээ гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр хийж, холбогдох анхан шатны баримтуудыг хуульд заасны дагуу бүрдүүлдэг байсан.
- Манай худалдан авалтыг нотолсон анхан шатны баримтууд байгаа боловч татварын улсын байцаагч хүлээн аваагүй болно.
Иймд манай нэхэмжлэл хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Г.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 889 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй 2765721 регистртэй Б******* ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдэд хэсэгчилсэн шалгалт хийсэн.
Шалгалтыг Татварын Ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэл, тус компаниас ирүүлсэн баримтыг үндэслэн хийсэн бөгөөд тухайн үед Эрсдлийн удирдлагын газар С******* зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан худалдаж байгааг тогтоон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгалтад хамруулсан юм.
Шалгалтаар Б******* ХХК-ийг 2012 онд Зш падаанаар 710.945.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан гэж үзэн 71.094.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 21328.4 мянган төгрөгийн торгууль, 12.029.2 мянган төгрөгийн алданги бүгд 104.452.2 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 тоот акт бичсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК нь Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г*******, С.Б******* нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 21/0009927 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 889 дугаар тушаал, Татварын хяналт шалгалт хийх 11 дүгээр удирдамж, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын даргаас олгосон томилолтыг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 28, 29-т заасны эрхийн дагуу Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Б*******, Г.Г******* нар хэсэгчилсэн хяналт шалгалтыг явуулж, маргаан бүхий актыг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлджээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Б******* ХХК-ийн гомдлын дагуу хянан хэлэлцэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон дээрх актыг хэвээр баталсан байна.
Маргаан бүхий тохиолдлын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан байгууллага, албан тушаалтан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б******* ХХК-ийн хувьд 2012 онд барилга угсралтын ажил ид явагдаж байсан. Бид НӨАТ шингэсэн үнээр худалдан авалт хийж, гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр төлж, Татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэл болгон худалдан авалт хийсэн. Гэм буруутай этгээдээс улсад учруулсан хохирлыг гаргуулаагүй байж, чин үнэнчээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг буруутгаж төлбөр ногдуулж байгаад гомдолтой байна..., хариуцагчаас ...С*******, Э*******, А******* ХХК-иуд нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан хий бичилттэй падаан худалдаж байгааг тогтоон шалгалтад хамруулсан газрууд тул Б******* ХХК-ийг 2012 онд С*******, Э*******, А******* ХХК-иудын 3 ш падаанаар 710945,6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн ... гэж тайлбарлан маргаж байна.
Улсын татварын байцаагч нар нь 21/0009927 дугаар актаар Б******* ХХК-ийг 2012 онд нэр бүхий компаниудын хий бичилттэй 3 ш падааныг ашиглан 710945,6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан гэж үзэн нийт 104,452.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэдий ч тухайн компанийг зах зээлийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад түүндээ татварын хөнгөлөлт авахын тулд хоосон хий бичилттэй падаан худалдаж авсан эсэх, түүнчлэн бараа бүтээгдэхүүн борлуулагч нь НӨАТ-ийн үнэ шингэсэн үнээр борлуулаад падааныг дагалдуулан өгч байсан эсэхийг хангалттай нотолж чадаагүй байна.
Гэвч Э******* ХХК-д татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, захирал Б.Жаргалсайхантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/5-8586 дугаар албан бичиг, А******* ХХК-ийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, нэмэгдсэн өртгийн татварын тайлан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 дугаар албан бичиг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э******* ХХК, А******* ХХК-иуд нь 2012 онд бараа, ажил, үйлчилгээ борлуулаагүй, орлого олоогүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ гэснийг тус тус зөрчсөн байна.
Харин С******* ХХК-ийн хувьд 2010-2012 онуудад 40 гаран тэрбум төгрөгийн борлуулалт аж ахуйн нэгжүүдэд хийсэн НӨАТ-ын падаанууд байгаа. Бүх төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө борлуулалт хийсэн падаануудыг ялгах боломжтой гэж захирал Ч.Мөнхбатын Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст өгсөн мэдүүлэг, татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 34/0000451 дүгнэлт болон түүнд хавсаргасан 2012 онд импортоор оруулж ирсэн бараа материал, борлуулалт хийсэн жагсаалт, холбогдох материалуудад дүгнэлт хийхэд С******* ХХК нь 2012 онд худалдан борлуулалт хийж байсан болох нь нотлогдож байна.
Иймд Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г*******, С.Б******* нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актад дурдагдсан Б******* ХХК-д ногдуулсан С******* ХХК-аас авсан гэх НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган албан татвар ногдох орлогоос хасч албан татварыг санаатайгаар бууруулсан зөрчилд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 31617,9 мянган төгрөг, торгууль 9485,4 мянган төгрөг, алданги 5349,8 мянган төгрөг, нийт 46453,1 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог бүрдүүлэх, 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 16 дугаар зүйлд зааснаар харилцагч санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй байхад бараа материал худалдах, худалдан авах гэрээг бусад аж ахуйн нэгжтэй байгуулаагүй, төлбөр тооцоог байнга бэлнээр гүйцэтгэж байсан, харилцагч байгууллагын данс, үйл ажиллагааны болон санхүүгийн талаар тодруулах хуульд заасан эрх үүргийг биелүүлээгүй хайнга хандсан, санхүүгийн мэдлэг дутмаг байсан зэрэг нь санхүүгийн зөрчил гаргахад нөлөөлжээ.
Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г*******, С.Б******* нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд С******* ХХК-д холбогдох зөрчилд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 31617,9 мянган төгрөг, торгууль 9485,4 мянган төгрөг, алданги 5349,8 мянган төгрөг, нийт 46453,1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх Э******* ХХК, А******* ХХК-иудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусган татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан зөрчилд ногдох 39476,6 мянган төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасны дагуу ногдуулсан торгууль, алданги нийт 18,522,4 мянган төгрөгийн төлбөрөөс чөлөөлөв.
Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г*******, С.Б******* нарын үйлдсэн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт нь бусдын эрх ашгийг хөндсөн хууль зүйн баримт бичиг бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой атал тогтоох хэсгийн 2 дугаар хэсэгт хамааралгүй этгээдийн нэрийг дурдах, тэдэнд хууль сануулах зэрэг зохисгүй бичиглэл үйлдсэнийг анхааруулан тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актын тогтоох хэсгийн 1-д заасан Б******* ХХК-д ногдуулсан С******* ХХК-аас авсан гэх НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан зөрчилд хамаарах 31617,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 9485,4 мянган төгрөгийн торгууль, 5349,8 мянган төгрөгийн алданги, нийт 46453,1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосугай.
2. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан актын тогтоох хэсгийн 1-д заасан Э******* ХХК, А******* ХХК-иудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусган татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан зөрчилд ногдуулсан 39476,6 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасныг баримтлан актын тогтоох хэсэгт заасан торгууль, алдангиас нийт 18522,4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээс чөлөөлсүгэй.
4. Актаар тогтоосон нийт 104452,1 мянган төгрөгийн төлбөрийг 64975,5 мянган төгрөгөөр багасгасугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА