Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 148

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0150/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                            Т.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан

Шүүгдэгч                                                           Т.Н нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох 17390000000056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин мехинизмын оператор мэргэжилтэй, Өсөх зоос ХХК-д хүнд машин менизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 65-2-17 тоотод оршин суух Т.Н

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Бэрх тосгон руу явах замын 22 дахь километрт 28-02 ХЭА улсын дугаартай авто машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 4хуу/

        Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-7хуу/

        Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-н: ...2017 оны 10 дугаар сарын 29-ний орой манай хүү Н нь эхнэр хүүхэд болон төрсөн дүү А-н хамт өөрийнхөө машинтай Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгон руу явахаар оройхон гарцгаасан. Тэгсэн 20-21 цагийн үед шиг санаж байна ... гэнэт манай хүү Н утсаар Бэрхийн замд машинтайгаа онхолдчихлоо гэж мэдэгдсэн. Энэ мэдээг дуулаад Бэрхээс шууд аймаг руу ирсэн. Аймагт манай бага хүү нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж байсан. ... Эмч нар манай хүү А-г элэг нь бяцарсан байна гэж надад хэлсэн.  Бидний зүгээс өөрийн төрсөн хүү Н-с нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20хуу/

        

         Гэрч Ө.Э-н: ... Нэмэхбаяр машинаа барьж би хажууд нь сууж арын суудалд миний охин Х, А хоёрыг суулгаад 2017 оны 10 дугаар сарын 29-ний 19 цагийн үед Бэрх тосгон луу Хэнтий аймгийн төвөөс гарсан. Хэсэг хугацааны дараа манай нөхрийн машин шарвасан. Нэг мэдэхэд машин онхолдсон. Энэ бүхэн хэсэгхэн хугацаанд маш түргэн болсон. Юу болсныг анзаарч амжаагүй. Машин онхолдсоны дараа манай нөхрийн дүү А газар хэвтээд ёолоод байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа болон эмнэлэг ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26хуу/

 

        Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: .. Тоёота Виш маркийн 28-02 ХЭА улсын дугаартай суудлын автомашины жолооч Т.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой байна ... гэх дүгнэлт. /хх-ийн 28хуу/

 

        Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 328 дугаартай: ... Т.А-н биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, элэгний зүүн 2 дугаар сегментийн урагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн зүүн хажуугийн зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

 

        Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх цээж хэвлийн хавсарсан гэмтэл элэгний зүүн 2 дугаар сегментийн урагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна . ... гэх дүгнэлт. /хх-ийн 32хуу/

 

        Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Аймгаас гараад 20 гаран км зам яваад байтал гэнэт машин бөгсөө хаялаад шарвасан. Би Бэрх тосгон руу явда сайжруулсан шороон замаар явж байсан. Энэ зам их дэржигнүүртэй зам байсан. Машин шарвах үед шарвалтын эсрэг тал руу нь жолооны хүрдээ дарсан боловч тэр чигтээ зүн гар тал руугаа тэр чигтээ яваад орчихсон. Тэгээд замын ховилд ороод 2 өнхөрөөд дугуйн дээрээ тогтсон. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 65-66хуу/ зэрэг болно. 

         Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Бэрх тосгон руу явах замын 22 дахь километрт 28-02 ХЭА улсын дугаартай Тоёота Виш авто машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 328 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан залтыг зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

           1. Т.Н-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Н-г 01 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассугай.

 

3.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн 404695 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА