Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 892

 

 

 

                                      “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00281 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн хариуцагч Г.С, С.И нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 194 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ш.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэг “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С, С.И нар “Хас банк” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1080025715 дугаартай зээлийн гэрээ байгуулан 42 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч Г.С-ийн “Х банк” ХХК дахь 5001489394 дансанд 42 000 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8 007 788 төгрөг, зээлийн хүүд 29 839 807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19 135 94 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь банктай байгуулсан 1080025715 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш төлөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 56 хоног хугацаа хэтрүүлсэн. “Х банк” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1080025715 дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33 992 212 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хүү 1 201 937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601.00 төгрөг, нийт 35 194 750 төгрөгийг зээлдэгч Г.С, С.И нараас гаргуулж, Г.С-ийн өмчлөлийн Ү-2203016120 улсын бүртгэлийн дугаартай, 000444073 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.С-ийн өмчлөлийн, Г-2203003534 улсын бүртгэлийн дугаартай, 000363361 гэрчилгээний дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 257 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С, С.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 1080025715 тоот зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 37 866 730.94 төгрөгийг төлсөн. Энэ төлсөн төлбөрүүдийн аль нь үндсэн зээл, аль нь зээлийн хүүд төлөгдөж байгаа талаарх мэдээллийг банк нь огт өгч байгаагүй. Мөн 1080025715 тоот зээлийн гэрээний хавсралтуудад ч энэ нь тодорхойгүй байдаг. Г.С, С.И нарын төлсөн 37 866 730.94 төгрөгөөс 8 007 788 төгрөгийг үндсэн зээлд тооцож байгаа нь үндэслэлгүй, үүнээс илүүг үндсэн зээлд тооцох ёстой. Эдийн засгийн хямрал, махны бизнес БНХАУ-ын иргэдийн хяналтанд орсноос хойш Г.С, С.И нарын бизнесийн борлуулалт болон орлогын хэмжээ илт буурснаас зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 18-наас хойш 120 сарын хугацаатай бөгөөд 2025 онд дуусна. Гэтэл “Х банк” ХХК-ийн зүгээс гэрээг цуцална  гэж байгаа нь үндэслэлгүй. Г.С, С.И нар 37 866 730.94 төгрөг төлснөөс 8 007 788 төгрөгийг үндсэн зээлд тооцож, 56 хоног хугацаа хэтрүүлсэн гэдэг нь зээлдэгч нарын зүгээс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл огт хамаарахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нараас нийт 34 877 712 /гучин дөрвөн сая найман зуун далан долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, үлдсэн 317 038 /гурван зуун арван долоон мянга гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000444073 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 000363361 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2203003534 дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, С.И нараас улсын тэмдэгтийн хураамжид 472 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээ анх байгуулахдаа суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20,5 хувь байна гэж заасан. Талуудын хороонд зээлийн гэрээ байгуулагдснаас хойш зээлийн хүү өөрчилж, харилцан тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн 18 хувийн хүүгээр тооцно гэсэн зохицуулалт байхгүй. Хариуцагч нарын төлсөн 37 866 730,94 төгрөгөөс 18 хувийн хүүгээр тооцож, үндсэн зээлээс хасагдах ёстой зээлийн эргэн төлөлтийг хүүд тооцсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын төлсөн 37 866 730.94 төгрөгөөс 18 хувиар зээлийн хүү тооцсон асуудалд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нарыг үндсэн зээлд 8 007 788 төгрөг төлсөн гэж хэргийг шийдвэрлэсэн нь алдаа болсон. Хариуцагчийн төлсөн 37 866 730.94 төгрөгийн хэд нь үндсэн зээлээс хасагдсан, хэд нь хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон талаар хариуцагч нарт мэдээлэл өгч байгаагүй. Мөн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсаргаагүй буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлд дурьдсан үндсэн зээлийн үлдэгдэл 33 992 212 төгрөг, зээлийн хүүд 1 201 937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 601 төгрөг, нийт 35 194 750 төгрөг төлөх ёстой гэдгийг нотолсон баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваарыг баталсан бөгөөд энэхүү хуваариар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үндсэн зээл нь 33 055 644 төгрөг үлдсэн байхыг заасан. Гэтэл нэхэмжлэгч талын жилийн 18 хувийн хүүгээр тооцож суутгасан төлбөрийн үлдэгдэл нь 33 992 212 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж жилийн 16.5 хувиар зээлийн эргэн төлөлтийг тооцвол үлдэгдэл үүнээс бага гарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Г.С, С.И-д нарт холбогдуулан зээл 33 992 212 төгрөг, хүүд 1 201 937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601 төгрөг нийт 35 194 750 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3/

Зохигчийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 42 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь, суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй зээлдүүлж, төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцох, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28 дугаар гудамжны 592 тоот хаягт байршилтай 257 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай 112 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьцаалсан байна. /хх-10-14,18-21/

Зээлийн гэрээ нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог. Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.С-ийн 5001489394 тоот дансанд 42 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг бодитойгоор шилжүүлэн авсан өдрөөс эхлэн хүү төлөх юм.

            Мөн талууд зээлийн гэрээний 2.2-т “банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 20,5 хувь байна” гэж тохиролцсон боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг батлаагүй, мөн нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээг өөрчилсөн талаар зээлдэгчид мэдэгдэж энэ талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул талууд зээлийн хүүг өөрчлөхдөө бичгийн хэлбэрээр гэрээ байгуулах байжээ. Иймд анхан шатны шүүх зээлийн хүүг 16,5 хувиар тооцсныг буруутгах үндэслэлгүй.

            Мөн “Х банк” ХХК-ийн тогтоосон хувьсах хүү нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талдаа буюу зээлдэгч Г.С, С.И нарт хохиролтой гэж үзнэ.   

      

Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 угаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч Г.С, С.И нар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээ цуцлагдах хүртэл хугацааны хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж гэрээг цуцалж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул мөн өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг цуцалж байгаа тохиолдолд цуцлах хүртэл хугацааны зээлийн гэрээний үүргийг тооцно.

Иймд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс гэрээг цуцласан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны /4 жил 2 сар 16 хоног/ үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоололын талаарх баримт гаргаж өгөөгүй тул гэрээг үгийн шууд утгаар тайлбарлан, тооцооллыг хийхэд үндсэн зээл 42 000 000 төгрөг, 4 жил 2 сар 16 хоногийн хүү буюу 4 жилийн хүү 27 720 000 төгрөг /6 950 000 төгрөг х 4/, 2 сарын хүү 1 155 000 төгрөг /577 500 төгрөг  х 2/, 16 хоногийн хүү 308 000 төгрөг /19 250 х 16/ нийт 71 183 000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байжээ. Нийт 71 183 000 төгрөгөөс төлсөн 37 839 807 төгрөгийг хасахад 33 343 193 төгрөгийн зээлийн үүрэг үлдэж байна. Үүнээс хариуцагч нарын төлсөн 37 839 807 төгрөгийг хасаж тооцон, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үлдэх 33 343 193 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж “Хас банк” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Харин анхан шатны шүүхийн баримталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг шийдвэрийн  тогтоох хэсгээс хасаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт  оруулах  нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1” гэснийг хасаж, “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж, “...34 877 712 төгрөг” гэснийг “...33 343 193 төгрөг” гэж, “...317 038 төгрөг” гэснийг “...1 851 557 төгрөг” гэж,

3 дахь заалтын “...472 738” гэснийг “...324 666” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 332 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 Д.БАЙГАЛМАА