| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/08363/И |
| Дугаар | 101/ШШ2024/02924 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2024/02924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********, Э******* овогт Лх*******гийн У******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* оршин суух, Х******* овогт М*******ын М******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: ***** оршин суух, Б******* овогт Эын А /регистрийн дугаар / нарт холбогдох,
Төлбөр барагдуулах болон үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг, бусад зардалд нийт 6,227,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.У*******,
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******,
Гэрч Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.У******* би ****** сууцны өмчлөгч бөгөөд иргэн М.М*******, Э.А нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулан 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлж байсан. Эдгээр хүмүүс орон сууц хөлслөх гэрээний дагуу мөнгөө төлөхгүй байсан учир 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр мөнгөө төлүүлж авсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин гэрээ дүгнэж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх орон сууц хөлсөлсний төлөгдөөгүй төлбөр 2,400,000 төгрөг болсон байсан бөгөөд энэ төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийж 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд сар бүр 400,000 төгрөгөөр, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд дээрх орон сууцыг 1 сарын 600,000 төгрөгөөр үргэлжлүүлэн хөлслөхөөр гэрээ байгуулсан. Тэд 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг надад төлсөн. Хариуцагч нар нь мөнгөө төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгөө ч төлөхгүй, утсаа авахгүй, би гэрийг нь ч мэдэхгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Дээрх мөнгийг гаргуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяган дээрээ байхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулсан.
Иймд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 2,400,000 төгрөг төлөхөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг төлж, 1,200,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх алданги 600,000 төгрөг, ний 1,800,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний дагуу 3,600,000 төгрөг төлөхөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр миний Хаан банкны дансанд 5, 6 сар М*******эс гэсэн утгатайгаар 1,200,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх алдангийн хамтаар 3,600,000 төгрөг, орон сууцны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны хоорондох төлөгдөөгүй төлбөр 757,470 төгрөгийг миний бие эдгээр хүмүүсийн өмнөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нар ОСК-т төлсөн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/01836 дугаартай шийдвэрийн дагуу эдгээр хүмүүсийг эрэн сурвалжилж олж тогтоолгох ажиллагааны шүүхийн зардалд 70,300 төгрөг төлсөн, нийт 6,227,770 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч Э.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.М******* Саруул хорооллын эзэмшигч Л.У*******тэй ямар ч мөнгө төгрөгийн өглөг, авлагагүй болно. Л.У******* болон түүний нөхөр Н.Б ахтай байр хүлээж авч, гэрээ байгуулж байсан. Мөн байраа бүрэн бүтэн өглөг, авлагагүй гэсэн гарын үсэг зурсан гэрээ хийсэн. Л.У*******ийн нэхэмжлэл гаргасан материалууд дунд Н.Б ах бид хоёрын байр хүлээлцсэн, ямар нэгэн асуудалгүй гээд гарын үсэг зуралцсан бичиг байхгүй байна. Манай гэр бүлийнхэн байрны түрээсийн төлбөрөө банкаар болон бэлэн мөнгөөр өгч байсан. Драмын театрын урд талын өндөр байрны 1 дүгээр давхарт уулзаж, би Н.Б ахад бэлнээр төлбөр өгч байсан. Мөн Баянгол дүүргийн Төмөр замын эмнэлгийн зогсоол дээр уулзаж Л.У******* болон Н.Б ахад бас төлбөрөө өгч байсан /Мөнгөлөг саарал өнгөтэй Rav4 маркийн машинтай ирж байсан энэ хоёр хүн/. СӨХ-ны төлбөр болох 757,470 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ СӨХ-ны төлбөр яагаад овоорч их болсон бэ гэхээр миний автомашин Саруул хорооллын автозогсоол дээр байхдаа 2-3 удаа эвдрэл гэмтэл авч байсан. Эдгээрт хариуцлага асуух гээд камерын бичлэг үзье, хамгаалагч нь яагаад хараагүй юм гэх зэргээр СӨХ-д хандахад удаа дараа камер ажиллахгүй, дэлгэц нь болохгүй гэх зэргээр хариуцлагаас зугатаасан болно. СӨХ-ны энэ үйлдэлд нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа байдал нь төлбөрөө төлөхгүй байсан. Ийм учраас СӨХ-ны төлбөр овооруулсан нь миний буруу, СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахад бэлэн байна. Бид хаягтаа байж л байсан эрэн сурвалжлуулсаныг зөвшөөрөхгүй. Бид нийтдээ 1,200,000 төгрөг болон 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч баримт байхгүй, хэзээ өгсөнөө санахгүй байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 2021.03.31-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримтууд, 2020.02.13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2020.02.13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, Э.Аын иргэний үнэмлэхний хуулбар, Л.У*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нар ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, нар ХХК-д гаргасан М.М*****нийн хүсэлт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.11.07-ны өдрийн 28ё2-3/4810 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.22-ны өдрийн 101/ШЗ2023/07485 дугаартай захирамж, Хаан банкны 2023.04.26-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт, 2023.11.29-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Төлбөр төлөлтийн график жагсаалт, 2015.02.01, 2017.02.22-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2017.02.22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, орон сууц хөлсөлсний төлбөр төлсөн актыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч М.М******* нь хариу тайлбараа бичгээр ирүүлсэн, хариуцагч Э.А нь итгэмжлэл ирүүлж, өөр бичгийн баримтыг хариуцагч нараас ирүүлээгүй байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Гэрч Н.Бийн мэдүүлгийг хариуцагч нарын хүсэлтээр бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.У******* нь хариуцагч М.М*******, Э.А нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
- 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг,
- 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх алданги 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг,
- Орон сууцны ашиглалтын төлбөрт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны хооронд төлөгдөөгүй төлбөр 757,470 төгрөг,
- Хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсантай холбоотой зардалд 70,300 төгрөг, нийт 6,227,770 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч Э.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрүүд болон орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, мөн нэхэмжлэгчид бэлнээр 1,800,000 төгрөгийг төлсөн гэж тус тус маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. ******** тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 54,6 мкв орон сууцны өмчлөгчөөр Л.У******* нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
3б. Дээрх орон сууцны өмчлөгч Л.У******* нь 2015 оны 02 дугаар сарын 01, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-нүүдийн дагуу М.М*******, Э.А нарт хөлслүүлж, улмаар орон сууц хөлсөлсөний төлбөртэй холбоотой асуудлаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна.
3в. Зохигч харилцан тохиролцож, өмнөх орон сууц хөлслөх гэрээгээ дүгнэн, мөн төлөгдөөгүй төлбөрийн асуудлын талаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ...орон сууцыг хөлсөлсөний төлбөр болох /2019.10.22-2020.02.22 хүртэлх/ 2,400,000 төгрөг ...-ийг төлүүлэх, өмнөх 2017.02.12-2019.10.22 өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн хугацаа хэтрэлтийн алдангийг хөлслөгч нарын гаражийн зардал /СӨХ, ашиглалт/-д тооцохоор тохиролцсон тул хөлслүүлэгч гаражийн мөнгө төлөхгүйгээр тохиролцов. 2020.03.08-2020.09.08 өдөр хүртэл сар бүрийн 08-ны өдөр дансаар төлнө. Сар бүр 400,000 төгрөгөөр төлнө. Мөнгө төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохирч, энэхүү гэрээний дагуу хариуцагч нар 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөгийг дансаар төлсөн болох нь зохигчийн тайлбар, Төлбөр барагдуулах гэрээ-гээр тогтоогдож байна.
3г. Ийнхүү төлбөр барагдуулах гэрээ байгуулсан өдрөө талууд дахин харилцан тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 600,000 төгрөгийн хөлстэй байхаар тохирч, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үргэлжлүүлэн хөлсөлж, орон сууц хөлсөлсөний төлбөрт 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5,6 сар М*******эс гэсэн утгаар нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар хариуцагч нар нь орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.
4. Хариуцагч нар нь орон сууц хөлсөлсөний төлбөрт бэлнээр 1,800,000 төгрөгийг 1,200,000 болон 600,000 төгрөгөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч хэзээ өгсөн, тодруулбал зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи цаг хугацаанд төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрсдийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5. Зохигчийн хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ болон Орон сууц хөлслөх гэрээ-нд хөлслөгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад нийсэн байна.
5а. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн дагуу алдангийг 2020 оны 8, 9 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцон алдангийг нэхэмжилсэн, ийнхүү алдангийг нэхэмжлэхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Хэрвээ алдангийг 2020-2023 оны хооронд буюу 3 жилийн хугацаагаар тооцвол, ойролцоогоор төлбөр барагдуулах гэрээний алдангид 6,570,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний алдангид 13,140,000 төгрөг төлөгдөхөөр тооцоо гарч байх боловч нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
6. Зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-ний 5.3-т Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернэт зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч М.М******* нь орон сууцыг хүлээлгэн өгсөн 2020 оны 8 дугаар сард нар ХХК-д Саруул хорооллын 112 дугаар байрны 70 тоотод оршин суух М.М******* /*******/ 2020 оны 8 дугаар сар хүртэлх орон сууцны ашиглалтын зардал болох 703,390 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргаж байсан байх боловч төлбөрийг барагдуулсан талаарх баримтыг хариуцагч нараас шүүхэд ирүүлээгүй байна.
Харин Л.У******* нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Саруул хотхон 112-70 тоот гэсэн утгаар нар ХХК-д 41,412 төгрөг болон 716,058 төгрөг, нийт 757,470 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл-ийн баримтууд, нар ХХК-ийн Харилцагчийн гүйлгээ-ний баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын орон сууцыг хөлсөлж байх хугацааны орон сууцны ашиглалтын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны хоорондох төлбөрийг нэхэмжлэгч өөрөө төлж, одоо хариуцагч нараас нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч эдлэх бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг хөлслөгч буюу хариуцагч нар хүлээхээр заасан, хариуцагч нарын хувьд өмнөх орон сууц хөлсөлсөнтэй холбоотой төлбөр барагдуулах гэрээ, сүүлд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн орон сууцыг хөлсөлж байх хугацааны ашиглалтын зардлыг төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн боловч төлөөгүй зэргээр хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгч Л.У******* нь хариуцагч М.М*******, Э.А нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний үүрэг, орон сууцны ашиглалтын зардалтай холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, улмаар хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/07485 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
7а. Улмаар нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2023/01836 дугаартай шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хариуцагч нарыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, тэдний хаягийг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 28ё2-3/4810 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
7б. Ийнхүү хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,300 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх бөгөөд орон сууц хөлслөх гэрээний үүрэгтэй холбоотой өөрт учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 114,594 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.М*******, Э.А нараас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ болон үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг, бусад зардалд нийт 6,227,770 /зургаан сая хоёр зуун хорин долоон мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.У*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101 /нэг зуун нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.М*******, Э.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,594 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.У*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ