Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/643

 

 

                                                                                               

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,  

хохирогч М.Яийн өмгөөлөгч Э.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/877 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.Тт холбогдох 2208007210473 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т, ........................................................ төрсөн, .................. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ...................................... ажилтай, ам бүл ........................, эмэг эх, эх, дүү нарын хамт .......................................... тоотод оршин суух;

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Депогоос хойш явдаг автобусны буудлын орчим хохирогч М.Яийг хүн автомашинаар мөргөсөн гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхээс дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор яллагдагч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч ... хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг тогтоож өгчээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь заалтад “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг мөрдөн байцаалтаар нотолж ирүүлээгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Үүнд:

Нэг. Б.Тийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт:

- гэрчээр өгсөн “...Миний бие хамтран амьдрагч Б.М-ын хамт 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед ...автобуснаас Депогийн хойш явдаг буудал дээр буусан. Тэгээд 2 эгнээ замын эхний урсгал буюу хойшоо явах чиглэлийг гарч дуусаад хотын төв рүү явах чиглэлийг хөндлөн ... гарцаар гарсан. Тэгээд хотын төв рүү явах урсгалыг гараад явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгтөл 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт хурдтай орж ирсэн. Тэр үед эхнэр миний урд явж байсан учир уг машин эхнэрийг мөргөж газар унагасан. Тухайн үед би хоёр гартаа юм барьсан явсан ба түүнийгээ газарт хаяж урагш явсан машин дээр очсон. Очтол тухайн жолооч машины хаалгаа онгойлгоогүй тул цонхыг нь нүдсэн. Тэр машины жолооч хаалга онгойлгосон бөгөөд би “Чи хүн дайрчихлаа” гэж орилж машинаас буулгах зорилгоор 2-3 удаа заамдан угзчиж байснаа санаж байна. Тэгээд буулгаж чадаагүй тул эхнэр рүүгээ явсан. ...Тухайн үед гэртээ буцаж ирсний дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 20 минутын орчим Замын цагдаагаас залгаж мөргөсөн жолоочийг оллоо гэж хэлсэн. ... Тухайн үед би маш ихээр сандарч, дотор давчдаж түргэн дуудуулах зорилгоор очиж заамдаж авсан. ... Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа угзарч байснаа санаж байна. ...Би хохирогчийг 4 удаа цохисноо санахгүй байна. ...Уг жолооч хэргийн газрыг орхиж яваад 2 цаг болсны дараа цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 20/,

яллагдагчаар өгсөн “...миний бие эхнэрийг мөргөсөн байсан учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа. ...маш их уурласандаа л ийм зүйл хийлээ. ...” гэх мэдүүлэг /хх 48/,

шүүгдэгчээр өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед эхнэртэйгээ зүүн салааны автобуснаас буугаад явж байсан. Зам хөндлөн гараад явган хүний гарцаар гарах гэж байгаад эхний урсгалаар гарсан. Дараагийн урсгалаар гарахад эхний машин зам тавьж өгөөд дараагийн машин манай эхнэрийг мөргөсөн. Би хоёр гартаа юм барьсан байсан. Тэгээд цочиж сандарсан үедээ машины араас очоод хаалгыг нь онгойлгоод санаатайгаар хүний биед халдсан. ... Хохирогч М.Я машинаар эхнэр Б.Мөнхзулыг мөргөж байгаа бичлэгийг цагдаагийн алба хаагч надад үзүүлж байсан. Манай эхнэрийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогч М.Яийн зам тээврийн хэрэг шүүх дээр ирсэн, нэг удаа хойшилсон байгаа. ...” гэх мэдүүлэг /хх155-159/,

- гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус өдөр миний бие Төгөлдөрийн хамт 22 цагийн үед автобуснаас буугаад зам хөндлөн гарсан юм. Гарах үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг мөргөөд унагаасан. Тэр үед би ухаан алдаж унасан бөгөөд нэг сэрэхэд манай найз Төгөлдөр тусламж гуйгаад хажууд сууж байсан. Тэгээд би түргэний машинаар ГССҮТ-д хүргэгдсэн. ...Миний бие гэмтэлд үзүүлж, буцаж ирээд цагдаа дуудаж намайг мөргөсөн залууг бариулсан. ...” гэх мэдүүлэг /хх 30/,

- гэрч Ц.Алтанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие цагдаад дуудлага өгсөн. Манай дүүгийн эхнэрийг мөргөсөн жолооч 2 цаг орчмын дараагаар аав ээжийн хамтаар цагдаагаар дуудуулж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33/,

- гэрч Г.Амгалантөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн ойролцоо М.Я нь хүн мөргөсөн. Тэгэхэд мөргүүлсэн хүнтэй хамт явсан залуу уурлаж урд хаалга онгойлгож Я-г 1 гараараа боож, нөгөө гараараа нүүр хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд өөрөө больж мөргүүлсэн хүн дээр очсон. Тэр үед Яндаг-Иш түргэн дуудаж, ... хүлээлгэж өгчихөөд буцаад намайг хүргэж өгөхөөр явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36-37/ зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Дээрх нотлох баримтыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Б.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудал дээр хамтран амьдрагч Б.М-ын хамт автобуснаас бууж эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ замыг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан байна. Ийнхүү өөрийн эгнээний замыг гарч эсрэг хөдөлгөөнтэй буюу ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй замыг гарч эхлэхэд тухайн замын 2 дугаар эгнээнд явсан тээврийн хэрэгсэл Б.Т, Б.М нарт зам тавьж өгөхөд 1 дүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл жолоодон явсан М.Я нь зам тавьж өгөөгүйн улмаас болгоомжгүйгээр Б.Тийн урд явсан Б.М-ыг мөргөсөн, энэхүү үйл явдлыг харсан шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодон явсан М.Я дээр очин биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэргийн гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг мөрдөн байцаалтаар нотолж ирүүлээгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хамтран амьдрагч Б.М тээврийн хэрэгсэлд мөргөгдөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...би хэрхэн яаж цохисноо санахгүй байна...” гэж мэдүүлэх тул тухайн дүрс бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны дагуу цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Мөнхзул, Ц.Алтанбаяр, Г.Амгалантөр нарын мэдүүлгээс үзвэл хохирогч М.Я нь зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд М.Яийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзвэл, хохирогч М.Я нь зам тээврийн гэмт хэрэгт холбогдон түүний хэрэг нь шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа болох нь тогтоогдож байна. Иймд тухайн зам тээврийн хэрэг болон шүүгдэгч Б.Т нарын гэмт хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь зам тээврийн ослоос болж үйлдэгджээ.

Хоёр. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2363 дугаар дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу овойж хавдсан, 4х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний доод зовхи овойж хавдсан, 2х4 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

2022.01.26-ны өдөр ГССҮТ-ийн эмчийн онош: 800 /толгойн өнгөц гэмтэл/ гэжээ.

2022.01.26/27-ны өдрийн хамар дайвар хөндий болон толгойн КТГ-г дахин уншуулахад: ...тархины эдэд голомтот эмгэг өөрчлөлтгүй, ... хамар ясанд хугаралгүй, самалдаг баруун тийш бага зэрэг хуучин мурийлттай. ... баруун хацрын зөөлөн эдэд бага зэрэг хавантай.

2022.01.27-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн толгойн КТГ-д ...хамар ясны хуучин хугарал, хамрын таславч баруун тийш бага зэрэг мурийлттай, баруун талын хацар ясны зөөлөн эдэд бага зэргийн хавантай. ... дүгнэлт

1. М.Яийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 22-23/ авагдсан байна.

Гэтэл хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Я нь зүрхний хэм алдагдах өвчнөөр өвдөж эмчилгээ сувилгаа авсан болох нь тогтоогдож байна.

Тиймээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлийн улмаас хохирогчийн зүрхний хэм алдагдах өвчин сэдэрсэн эсэх, тухайн зүрхний хэм алдагдах өвчин нь түүнд учирсан хөнгөн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрахан дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Мижиддорж би, эрүүгийн 2208007210473 дугаартай Б.Тт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрахан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн 2022/ШЦТ/877 дугаар захирамжаар прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.Тийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь зам тээврийн ослоос үүдэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Ятэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Б.Т нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, гэрч Б.Мөнхзул, Ц.Алтанбаяр, Г.Амгалантөр, хохирогч М.Я нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон байгаагаас гадна шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх нөхцөл байдлыг Зам тээврийн осол болоход бичигдсэн дүрс бичлэгээр тогтоох боломжгүй, энэ бичлэг нь уг хэрэгт нотолгооны хувьд ач холбогдолгүй байна.

Уг хэргийн хохирогч М.Яийн хувьд зам тээврийн осол гаргасан үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Тээврийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар М.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

М.Яийн зам тээврийн осол болоход хэргийн газрыг орхиж явсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж шийдвэрлэх нь дээрх дагнасан чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны харьяалан шалгах асуудал бөгөөд хуульд заасан хэргийг нэгтгэн шалгах үндэслэлд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан байна.

Б.Т, М.Я нар нь нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, яллагдагч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэгтгэж шийдвэрлэх ёстой гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хоёр. Хохирогч М.Яийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2363 дугаартай дүгнэлтэд “биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд”-ийг тогтоосон байхад дүгнэлтэд тусгагдаагүй М.Яийн “...зодуулснаас болж зүрх өвдсөн...” гэх мэдүүлгийг үндэслэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий гэж үзэх үндэслэлгүй, харин шүүх хуралдааны явцад гаргасан шинэ баримтыг үндэслэн шүүхээс нэмэлт шинжээч томилох боломжтой байхад уг үндэслэлээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Иймд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЦТ/877 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг дэмжиж, зарим хэсэгтэй санал нийлэхгүй байна. Дэмжиж байгаа үндэслэл нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, субьектив талыг тогтооход зайлшгүй 2 хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй. Үүнд санаа сэтгэл цочрон давчдах нөхцөл байсан эсэхийг тогтооход зайлшгүй автотээврийн гэмт хэргийг нэгтгэн шалгах хэрэгтэй. Мөн тухайн субьектив талыг тогтооход шүүгдэгч Б.Тийн хувийн байдал буюу зүрхний хэм алдагдах өвчин нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагатай гэж харж байна. Шүүгчийн захирамжийг дэмжихгүй байгаа үндэслэл нь хохирогч М.Яийн зүрхний хэм алдагдах өвчин шүүгдэгч Б.Тийн үйлдлийн улмаас дахин сэдэрсэн гэж дүгнэж, нэмэлт шинжилгээ хийх нь үндэслэлгүй. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч М.Я нь тэр даруй зүрхний дутагдалд орж, амь тэмцсэн болон эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй авах хэмжээнд ороогүй. Хэрэг явдлын дараа машинаа барин найзыгаа хүргэж өгсөн. Мөн зүрх, судас, үнхэлцэг зэрэг эрхтнүүдэд гэмтэл учирсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Хохирогч М.Я нь 2022 оны 2 дугаар сарын 1-нээс эмнэлгийн байгууллагуудаар явж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байдаг. Гэтэл энэ асуудал дурьдагдаагүй байж байгаад 2 сарын дараа гэнэт яригдсан. Мөн шүүх хуралдааны үед өмнө нь өвчтэй байсан гэдгээ мэдүүлсэн. Хохирогч М.Я нь зүрхний төрөлжсөн эмнэлэгт эмчлүүлээгүй, сувилалд 7 хоног хэвтэж эмчлүүлсэн байдаг. Иймээс шинжээч томилж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч М.Яийн өмгөөлөгч Э.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд үндэслэн 2 тайлбар гаргасан.

Нэг. Анхан шатны шүүхээс хэргийг нэгтгэн шийдвэрлэх тухайд хохирогч талаас санал нийлэхгүй. Учир нь, хуульд зааснаар зам тээврийн осол нь шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралгүй гэж үзсэн.

Хоёр. Шинжээч оролцуулах тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр буюу сургуульдаа явж байх үед нь хохирогчийн бие гэнэт муудсан байдаг. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд тархиндаа доргилт авсны улмаас тархи, нугас өвдсөн гэдэг. Үүний дараа анхан шатны шүүх хурал болох үед зүрхний хэм алдалтын хагалгаанд орох гээд эмчилгээний төлөвлөгөөний дараалалд орсон байсан. Одоогийн байдлаар хагалгаандаа орсон. Энэ эрүүл мэндийн шалтгаан нь тухайн үед шинээр илэрсэн нөхцөл байдал бөгөөд шууд хэрэг болсон үед илрээгүй. Явц дунд эмнэлэгт олон удаагийн үзлэг шинжилгээнд хамрагдсаны дараа эрүүл мэндийн байдал тодорхойлогдсон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шинээр илэрсэн нөхцөл байдал учраас анхан шатны шүүхээс тогтоох боломжгүй байсан. Тиймээс зайлшгүй бүрэлдэхүүнтэй шинжээч томилон хэргийн нөхцөл байдлууд хоорондоо холбоотой, холбоогүй эсэхийг ялган зааглах боломжтой. Прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгажээ.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой төдийгүй хууль зүйн нэр томьёо, гэмт хэргийн шинжийг тайлбарлан хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтэлгээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Мөн хэрэгт шүүгдэгч Б.Төөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол авагдсан байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/877 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР