Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 323

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ийн И, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ийн Ж нарт холбогдох эрүүгийн 1700 00000 0068 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/, шүүгдэгч, хохирогч  Э.Ж, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч, хохирогч Э.И, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ************* тоотод оршин суух, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Э-ийн  И,

 

2. Монгол Улсын иргэн 1982 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, ээж, эгч, ах, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ************* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Э-ийн  Ж,

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Э.И нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ************* тоотод оршин суух иргэн Ш.Г-ын гэрийн хашаанд өөрийн төрсөн дүү Э.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж биед нь “...гавал ясны корональ заадас дагасан диастаз хугарал, диастаз хугарал нь 2 тийш зулай яс руу шугаман хугарал үргэлжлэн доош 2 талын суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх, доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн гадна хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархины тал бөмбөлгийн таславч хооронд болон тенторумын субарахнойдаль зайд цус харвалт, зүүн гар хөлд саа саажилт, цээжинд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд,

 

2. Шүүгдэгч Э.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ************** тоотод байрлах өөрийн гэрийн хашаанд төрсөн ах Э.И-тай “гэр лүү оруулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь “...баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт”  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.И-н  өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл алга байна. Хэрэг болсон өдөр буюу 2017 оны 08 сарын 18-ны өдөр дүү Э.Ж согтуу ирээд, надаас тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд гэр лүү согтуу орох гэхээр нь би оруулахгүй гэхэд миний нүүр лүү цохисон. Хэрэг болох үед манайх гэртээ бөөгийн зан үйл хийлгэсэн байсан, тэгээд 9 хоног гэртээ архи дарс ууж болохгүй, согтуу хүн гэртээ оруулахгүй бай гэж хориглосон байсан юм. Тэрнээс хойш 4 дэх хоног дээр манай дүү Э.Ж архи уусан, согтуу  байдалтай гаднаас орж ирсэн. Би хашаан дотор юм хийж байсан ба “гар” гээд хашаанаас гаргахад намайг нэг цохьчихоод “айлаас хутга авчирч намайг хутгална, чамайг ална даа” гээд хашаанаас гараад явсан. Би урьд нь хүнд хутгалуулж, гэмтэл авч байсан тул айгаад, тэгээд Э.Ж айлаас хутга аваад гараад ирлээ гэж сандраад дүүгээ модоор цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Манайх Ш.Г-ынхаас 200-300 метр хиртэй зайтай байдаг. Би Э.Ж-ын толгой, хөл, гар тус бүрт нэг нэг удаа 60:60 харьцаатай брусс модоор цохисон. Тухайн өдөр би архи уугаагүй эрүүл байсан. Э.Ж нь тархины хагалгаа хийлгэсэн, 470.000 гаруй төгрөгөөр хагалгаанд орсон. Цаашид гавлын ясны цөмөрсөн хэсэгт пивор суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Би хувиараа айлын хашаа байшин янзалдаг. Дүүдээ гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Цаашид эмчилгээний зардал, төлбөрийг бүрэн хариуцана.” гэсэн мэдүүлэг,

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж-ын өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Хэрэг болдог өдөр би архи уусан байсан. Найзындаа 2-3 шил архийг гурвуулаа хувааж уусан. Э.И “намайг согтуу байна, гэрт оруулахгүй” гэхээр нь уурлаж маргалдсан. Надад айлаас хутга авчирч Э.И-г хутгалах гэж дайрсан үйлдэл байхгүй. Би гэртээ согтуу орж болохгүй гэдгийг мэдэж байсан. Тэр өдөр миний салсан эхнэр надад архи авчирч өгсөн. Би ах Э.И-г зодсон, ахдаа зодуулсан гэдгээ мэдэж байгаа. Э.И миний толгой болон хүзүү хэсэг рүү 4-5 удаа 60:60-н харьцаатай модоор цохисон. Гэм буруу дээр маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.И-гаас өгсөн: 

“...Э.Ж надад хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үедээ нүд улайж, цус хурсан байсан. Учирсан гэмтэл нь өөрийн явцаар бүрэн эдгэрсэн, ямар нэг эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглээгүй. Одоо биеийн эрүүл мэндийн байдал зүгээр, хэвийн байгаа. Миний хувьд дүүдээ гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ж-аас өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр архи уусны улмаас ахтайгаа маргалдаж толгойн тус газраа модоор цохиулж тархиндаа хүнд  гэмтэл авсан. 20 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Цаашид зүү тавиулж эмчилгээ хийлгэнэ. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ахтайгаа, архинаас болж ийм асуудалд орсондоо маш их гэмшиж, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1700000000068 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Э.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би болсон явдлыг сайн санахгүй байна. Манайд бөө ирж ном ушаад, “архи дарс хэрэглэж болохгүй, эрүүл мэнд болон амь насанд чинь аюултай, 9 хоногийн дотор хэн нэгэн архи уусан хүн гэр лүү орж болохгүй” гээд явсан. Дараа нь миний салсан эхнэр Б.О ирээд, би архи дарс уусан. Би Б.О-д хэлээд архи авхуулж Ш.Г-ын гэрт архи уусан. Ш.Г-ын гэрт хоноод маргааш нь үргэлжлүүлэн архи уусан. Би согтуу гэртээ орох гэсэн боловч ах Э.И “чамайг оруулахгүй, бөө согтуу хүн битгий оруул гэсэн биздээ” гэсэн. Би архи уусан ч гэсэн гэртээ ормоор байна гэж Э.И-тай маргалдсан. Би Э.И-гийн нүүр лүү нэг удаа цохисон.

Би Э.И-д гэрээс хутга авчирна гэж сүрдүүлээд, Ш.Г-ын гэрлүү явсан. Э.И миний араас гүйсэн. Би Ш.Г-ын гэрт ороод гарахдаа хутга аваагүй, Ш.Г-ын гэрээс гарч ирэхэд Э.И ах үгийн зөрүүгүй модоор миний ар шилэн хүзүү болон зүүн чихний дээд талд цохисон. Би дараа нь юу болсныг санахгүй байна.

Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний биед тархинд цус хурж гавлын ясанд цууралт үүссэн зэрэг гэмтэл учирсан. Намайг архи ууж гэртээ орох гэлээ гээд маргаад, үүнээс болж зодсон. Арваад жилийн өмнө Э.И бид хоёр маргалдаад би Э.И-н гуя хэсэгт хутгаар зүсч гэмтээж байсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаагүй юм. Надад Э.И-гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Э.И бид хоёр хоорондоо эвлэрсэн. Намайг цохисон мод нь брусс, 50 орчим см хэмжээтэй байх, уртыг нь сайн мэдэхгүй байна. Согтуу байсан гэхдээ өөрийгөө авч явах чадвартай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

 

2. Хохирогч Э.И-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Э.Ж тэр өдөр архи уусан согтуу ирэхээр нь би гэрт орж болохгүй гэж хэлснээс болоод маргаан үүсээд Э.Ж миний зүүн билүү, баруун билүү нэг талын нүд рүү цохиж гэмтээсэн. Энэ тухай би гэрчээр байцаагдах үед өгсөн мэдүүлэгт  дэлгэрэнгүй мэдүүлсэн. Миний зүгээс Э.Ж-т ямар нэг гомдол санал байхгүй. Э.Ж-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай дүү Э.Ж 1 удаа цохиж учруулсан. Намайг цохьчихоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

 

3. Гэрч Н.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баасан гаригт эмнэлэг яваад, орой 20:00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Би гэрт ирэхэд охин Э.Н, Э.О, Э.И нар байсан. Э.И-н баруун нүд нь хөхөрсөн байсан. Юу болсон гэхэд Э.Ж согтуу ирж агсам тавиад цохьчихоод явсан гэж хэлсэн. Дараа нь 21:00 цагийн үед байх Э.Ж гаднаас хөнжлөө барьсан орж ирээд үүдний таамбарт хэвтээд өгсөн.

Э.Ж гаднаас орж ирэхэд унжийсан юм ороод ирсэн. Би чамд юу болсон, яасан, зодоон хийсэн юм уу гэхэд яагаа ч үгүй гээд үүдний өрөөнд хэвтээд өгсөн. Э.И надад оруулахгүй гэсэн чинь, хэрүүл хийгээд Э.Ж, бид 2 зодолдсон юм аа гэж хэлсэн. Маргааш нь өглөө 10:00 цагийн үед Э.Ж-ыг “яасан бэ чи босохгүй юм уу” гээд үзэхэд толгой нь язарсан шархтай байсныг мэдсэн. Тэгээд түргэн дуудаж үзүүлсэн. Э.И надад брусс модоор Э.Ж-ын толгой, хүзүү, дал руу цохисон гэж ярьсан.

Ганбаа билүү, тийм айлын хашаанд зодолдсон гэсэн. Зодоон болохын өмнөх долоо хоногийн хагас сайн өдөр бөө авчирч ном уншуулахад ойрын ес хоногт архи дарс ууж болохгүй, архи дарс уусан хүн гэртээ оруулж болохгүй гэсэн. Э.Ж-ын урьд нь хамт амьдарч байсан, салсан эхнэр дөрөв дэх өдөр согтуу ирээд, тэр уруу татаад Э.Ж архи уусан байна. Э.Ж тав дахь өдөр согтуу ирэхэд Э.И “оруулахгүй, яв” гэснээс болоод хэрүүл маргаан болж зодоон гарсан гэсэн. Э.И нь Э.Ж-ыг “архи ууж ажил хийсэнгүй, надаар тэжээлгэлээ” гээд хэрүүл үүсдэг байсан. Олон жилийн өмнө Э.И-тай, Э.Ж нь согтуу хэрэлдээд Э.И-н хөлөнд хутгаар хатгаж гэмтээж байсан. Энэ асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Хашаанд нэг брусс мод байсныг би галд түлж шатаасан.   

Дараа нь сонсоход Э.И нь “тэр модоор Э.Ж-ыг цохисон юм аа, цагдаагаас энэ мод байгаа эсэхийг асуугаад байна” гэсэн. Дөрвөлжин хэлбэртэй 60 см орчим урттай хуучин брусс мод байсан. Би мэдэхгүй галд түлж шатаасан байна. Одоо байхгүй. Э.И нэг уурлахаараа үг нь ихсээд, хүн загнаад байдаг, архи дарс уудаггүй, тамхи татдаг, дуу цөөнтөй, зан байдлын хувьд тайван даруу зантай юм. Э.Ж нь түргэн зантай, хүнтэй хэл амаа амархан олчихдог, архи дарс их уудаг, олон жил архи ууж байна. Согтуу ирэхээрээ агсараад байдаг. Эхнэр хүүхэдгүй. Б.О буюу Б.О гэгчтэй нэг жил хамт амьдарсан боловч тэр нь салаад явсан, хүүхэдгүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/

 

4. Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай ээжийнд бөө ирж ном уншсан ба ес хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн хүнийг хашаа руугаа оруулж болохгүй гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр билүү Э.Ж ахын урьд өмнө хамт амьдардаг архичин хүүхэн Б.О гэгч манайд ирсэн. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Э.Ж ах Б.О-д “ес хоног манайд архи уусан хүн оруулж болохгүй” гэж хэлсэн. Б.О нь юм яриагүй. Э.Ж ахын араас Б.О гэх хүүхэн дагаад яваад байсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.О гэгч манайд хоноод, маргааш нь 8 дугаар сарын 17-ны өдөр Б.О, Э.Ж хоёр гараад явсан ба архи уусан байсан. Хаана уусныг мэдэхгүй. Э.И ах утасдаад, “та хоёр архи уусан бол битгий ирээрэй” гэж Э.Ж-т хэлсэн. Э.Ж ахад “бид хоёр айлд хонолоо” гэж хэлсэн байсан. Э.Ж ах энэ өдөр гадуур хоносон. Хаана хоносныг мэдэхгүй. Маргааш нь буюу 8 дугаар сарын 18-ны өдөр ээж, бид хоёр манай охиныг дагуулаад эмнэлэгт үзүүлэх гээд 13:00 цагийн үед автобусаар хотын төв рүү явсан. Явах үед гэрт эгчийн бага насны хоёр хүүхэд Э.И ах байсан. Э.И ах айлд шаврын ажил хийж өгч байсан. Э.Ж ирээгүй байсан. Би охиноо үзүүлчихээд орой ээж найзындаа хонохоор Сансар тийш явсан. Би 18 цаг болж байхад Өлзийт хороололд гэртээ ирсэн. Намайг ирэхэд эгчийн хоёр хүүхэд байсан, эгч Э.Н ирсэн байсан.

Би байшинд байхад гудамжинд хүн орилох чимээ гарсан. Би цонхоор харсан чинь Э.И ах орж ирж байсан. Э.И ахын нүд улайсан байсан, орж ирээд орон дээр сууж байсан. Яасан гэхэд Э.Ж цохисон гэж байсан. Э.Ж хаачсан гэсэн ийшээ явсан гэсэн. Орой 23:00 цагийн үед байх бүрэнхий болсон байхад Э.Ж ах согтуу орж ирээд “хоол хийсэн үү” гэсэн. Хоолыг нь гялгар уутанд хийгээд өгсөн. Э.Ж ах хөнжлөө аваад айлд хонолоо гээд гараад явсан. Дараа нь ээж нилээн оройтоод ирсэн. Би 23:00 цаг өнгөрөөгөөд унтаад өгсөн.

Шөнө Э.Ж орж ирээд үүдний амбаарт байсан гудсан дээр доошоо хараад хэвтээд байхаар нь “яасан” гэхэд “цаашаа цаашаа гээд хөөгөөд байсан” гэж ээж хэлсэн. Энэ үед би унтаж байсан. Маргааш өглөө нь ээжийг дуудахаар нь очиход “Э.Ж толгойндоо юманд цохиулсан шархтай, хүзүү нь улаан хүрэнтсэн шархтай байсан” гэсэн. Э.Ж ах “хүнд зодуулсан” гэж хэлсэн байсан. Ээж намайг 06:00 цаг өнгөрч байхад сэрээгээд “Э.Ж ах чинь нэг л бишээ түргэн дуудах уу бөөлжөөд байна” гэсэн. Би очиж үзэхэд Э.Ж ахын толгойн зүүн дээд хажуу хэсэгт язарсан шархтай, хүзүүндээ юмаар цохиулсан юм шиг хүрэн ором гарсан байсныг харсан.

Э.Ж ахаас “юу болсон” гэхэд “мэдэхгүй” гэсэн. Э.Ж ах зогсоо зайгүй бөөлжөөд, бие нь шал нойтон болтол хөлрөөд биеийн байдал дунд зэрэг байсан, “түргэн дуудаж үзүүлэх үү” гэхэд “зүгээр, зүгээр түргэн дуудаад хэрэггүй” гэсэн. Э.Ж ах амбаарт өдөржин унтаад, сэрэхээр бөөлжөөд тэнд хэвтэж байсан. Тэгж байгаад орой 19:00 цагийн үед Э.Ж-ыг өргөөд том өрөөнд оруулах гэтэл орондоо шээсэн байсан ба унтаастай биеийн байдал муудсан байсан. Өөрөө явж чадахгүй байсан. Э.Ж-ыг арай гэж оронд хэвтүүлээд, тэгээд түргэн дуудсан.

Баасан гаригт буюу 08 дугаар сарын 18-ны өдөр Э.И ах хашаанд гөлөг тэжээж байхад Э.Ж ах хашаанд согтуу орж ирээд “тамхи байна уу” гэсэн байсан. Э.И ах “байхгүй хашаанд согтуу хүн орж ирж болохгүй гэдгийг мэдсээр байж согтуу ирдэг юм уу” гэхэд Э.Ж ах “би хашаандаа согтуу ирж болдоггүй юм уу” гэж хэрэлдсэн байсан. Тэгээд “Э.Ж ах Э.И ахын нүд руу цохихоор нь Э.И ах араас нь модоор цохисон” гэж Э.И ах болсон явдлын талаар өөрөө ярьсан.

Харин Э.Ж ах болсон явдлын талаар огт яриагүй юм. Э.Ж ах одоо гэмтлийн эмнэлгийн тархины гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Толгойнд мэс засал хийсэн. Эмч нар Э.Ж ахын тархинд цус хуралт үүссэн, цус хуралтаар тархины мэдрэлийн судсыг дарснаас зүүн хөл гаранд саажилт үүссэн, гавлын яс зүүн талаасаа хугарсан гэж хэлсэн. Э.Ж ахын нүүрэнд саажилт үүссэн, сайн ярьж чадахгүй байгаа. Энэ хэрэг Ганбаа гэх айлын хашаанд болсон гэж Э.И хэлсэн.

...Э.Ж, Э.И ах хоёрын хооронд таарамжгүй зүйл байхгүй. Э.Ж ах байнга архи дарс уудаг, архи уусан үед гэртээ ирээд тавьтаргүй зан гаргаж, хүүхдүүдийг загнана, Э.И ах руу дайрна гэх зэрэг агсам тавьдаг юм. Тэр байдлыг нь тэвчихгүйгээр Э.И ах заримдаа маргалдаж байдаг юм. Э.Ж урьд нь Э.И-г хутгалж байсан талаар мэдэхгүй. Би тусдаа амьдардаг болохоор сайн мэдэхгүй байна. Ээжээс “гуя руу нь гэсэн үү хутгаар хатгасан” гэж нэг тиймэрхүү юм ярьж байхыг сонссон. Би сайн санахгүй байна. ...Э.И ах зан байдлын хувьд төлөв даруу зантай, учиргүй хүн амьтантай зодолдоод байдаггүй, Э.И архи дарс уудаггүй, тамхи татдаггүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

5. Гэрч М.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед байх өдөр хоногоо санахгүй байна манайд Э.Ж, хуучин салсан эхнэр Б.О гэгчийн хамт ирсэн. Э.Ж, бид нарт “манай гэрт ойрын хэд хоног архи уусан хүн оруулж болохгүй гэж бөө хэлсэн юмаа” гэж байсан. Б.О халамцуу согтуу ирсэн. Б.О, Э.Ж, манай нөхөр бид дөрөв нийлж 0,75 литрийн Стандарт архи нэг шилийг хувааж уусан.

Маргааш өглөө нь босоод, бид дөрөв үргэлжлүүлээд 0,75 литрийн Стандарт архинаас хоёр шилийг уусан. Үдээс хойш гэгээтэй байсан, хэдэн цаг гэдгийг сайн мэдэхгүй, Э.Ж гэр лүүгээ явах гээд манай гэрээс гарсан. Удалгүй хашааны үүдэнд хүн амьтан хэрэлдсэн дуу чимээ сонссон.

Гэрээс гарахад манай хашааны үүдэнд Э.Ж газарт унасан, хажууд нь Э.И гартаа мод барьсан, Э.Ж-ыг цохиж байсан. Би гарахад Э.И ойр ойрхон хоёр удаа Э.Ж-ын толгой, дал руу нь цохиод авсан. Бид болиулаад Э.Ж-ыг босгож гэртээ оруулсан. Э.И эрүүл архи уугаагүй байсан ба Э.И гэр лүүгээ явсан. Э.И надад юунаас болж Э.Ж-ыг зодсон талаар хэлээгүй. Миний бодлоор архи уулаа гээд зодсон байх. Э.Ж-ын толгой нь шалбарсан байх шиг байсан. Э.И нь Э.Ж-ыг брусс билүү, дөрвөлжин хатсан нэг метр орчим урттай хуурай модоор цохисон. Э.И тэр модоор толгой руу нь хоёр удаа, ...бас нуруу, дал хэсэгт цохиод байсан. Э.Ж хажуудсан хэвтэж байсан. Э.Ж зодуулсны дараа ямар байдалтай байсныг мэдэхгүй байна. Архи уусан согтуу байсан болохоор өвчнөө мэдрэхгүй байсан байх. Өөрөө явах чадвартай байсан. ...Зодоон болох үед Э.И, Э.Ж хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Бид гэрт байсан. Ш.Г тухайн үед согтоогүй гайгүй байсан. Э.Ж зодуулахаас өмнө гэртээ оччихоод эргэж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Очоод ирсэн байж магадгүй юм. Э.Ж, Э.И хоёр, хоёулаа гайгүй зантай. Э.И бол архи дарс уудаггүй, барилгын ажил хийгээд явж байдаг. Э.Ж архи дарс уудаг. Э.Ж, Э.И хоёр хоорондоо хэр таарамжтайг мэдэхгүй байна. Э.Ж Э.И-гаас өөр хүнд зодуулаагүй. Өөр ямар нэг зодоон болоогүй юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

6. Гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр билүү 17-ны өдөр билүү манайд Э.Ж, хуучин салсан эхнэр Б.О гэгчтэй хамт 17:00 цаг өнгөрч байхад ирсэн. Э.Ж, Б.О хоёр манайд ирэхдээ халамцуу, нэг шил архитай ирсэн. Э.Ж “манайд бөө буугаад, хэд хоног архи ууж болохгүй гэж цээр тавьсан, танайд хоночих уу” гэж хэлсэн. Манайх гэрт амьдардаг ба хашаандаа илүү байшинтай юм. Манайд авчирсан нэг шил архийг дөрвүүлээ уугаад, би Монгол Стандарт 0,75 литрийн архи нэгийг авч ууцгаагаад амарсан. Маргааш өглөө нь “шартлаа барилаа” гэхээр нь би 0,75 литрийн Монгол Стандарт архинаас нэгийг авч дөрвүүлээ уусан.

Э.Ж, ээж рүүгээ миний утсаар яриад байсан. Ээж нь “яагаад архи уугаад байгаа юм” гэж утсаар загнаад байсан. Байшин дотор гудас тавьсан байсан ба Э.Ж гэрээс 12:00-13:00 цагийн үед гарсан байх. Удалгүй гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарсан чинь Э.И манай хашааны үүдэнд зогсож байсан, Э.Ж наана нь газарт хэвтэж байсан. Би “юу болов оо, яасан” гэхэд Э.И гараад явсан. ...Э.Ж-ын толгойноос цус гарсан байсныг цэвэрлэсэн. Э.Ж, “Б.О-д чамаас болоод архи уугаад ийм юм боллоо” гэж Б.О-той муудалцаад байсан. Б.О нь “явлаа” гээд яваад өгсөн. Э.И гартаа 60, 70 см урттай брусс мод барьсан байсан. Намайг гарсны дараа Э.И, Э.Ж-ыг цохиогүй. Надаас өмнө цохисон эсэхийг мэдэхгүй. Э.Ж-ын толгойн зүүн хажуу хэсэгт хагарч, цус гарсан, хүзүүний зүүн тал нь улайж хөхөрсөн байсан. Бусад биеийг нь анзаарч хараагүй. Э.Ж манайхаас гарахдаа зүгээр гарсан. Э.И цохисноос болоод дээр дурдсан гэмтлүүд учирсан байх.

Э.И нь Э.Ж-ыг “архи дарс ууж болохгүй гэж бөө хэлсээр байтал архи дарс уулаа гээд зодсон” гэсэн. Э.И эрүүл байсан. Э.Ж нь архи уусан согтуу байсан. Гэхдээ өөрийн ухаантайгаа байсан. Өөрөө явах, ярих чадвартай байсан. Э.Ж зодуулсныхаа дараа “бие өвдөөд байна” гээд манайд жаахан хэвтэж байгаад өөрийн гэр лүүгээ явсан. ...Зодоон болох үед Э.И, Э.Ж хоёрын хажууд өөр хүн байгаагүй, бид нар гэрт байсан. Э.Ж зодуулахаасаа өмнө гэртээ оччихоод буцаад ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Оччихоод ирсэн байж магадгүй юм. Урьд нь манай гэрээс гарчихаад, буцаад ирсэн.

Э.Ж нь яахав хааяа нэг архи уучихдаг, гэнэн томоогүй зантай хүн, хүн ингэх үү гэвэл за гээд л дагаад явчихдаг. Э.И нь зан байдлын хувьд хатуу хүн, нэг ажил бариад авбал тэрийгээ заавал дуусгана, гэрийнхээ хамаг юмыг янзалж, мөнгө санхүүг нь зохицуулдаг, хөдөлмөрч, гэр орноо авч явдаг залуу юм. Энэ Э.Ж-ыг захиргаадаж авч явах гэж үздэг. Э.Ж өөр хүнд зодуулаагүй, өөр ямар нэг зодоон болоогүй юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

            7. Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай найз залуу Э-ийн Э.Ж-ын гэрийн ойролцоох М.Ө, нөхөр нь Ганбаа нарын гэрт бид дөрөв 0,75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авч ууцгаасан юм. Архиа ууж дуусгачихаад манай найз залуу болох Э.Ж,  М.Ө буюу Өөгийгийн гэрээс гадагшаа гараад буцаж, Өөгийгийн гэр лүү орж ирэхдээ “гэр лүүгээ ороод ирлээ” гэж хэлэхийн завдалгүй ардаас нь Э.Ж-ын төрсөн ах Э.И брусс мод барьчихсан, М.Ө-ийн хашаан дотор нь орж ирээд Э.Ж-ыг үгийн зөрүүгүй хөл, толгой зэрэг газруудад 7-8 удаа цохисон.

Энэ үед би М.Ө-ийн гэр дотроос харж байсан юм. Ингээд Э.И, манай найз залуу Э.Ж-ыг зодчихоод хашаанаас нь гараад явчихсан. Тэгээд байж байсан чинь Э.И, Э.Ж нарын хамгийн том ах нь болох Ганаа, М.Ө-ийн гэрт орж ирээд “намайг гэр лүүгээ яв” гэхээр нь би за гээд гараад явчихсан. Миний мэдэх зүйл энэ л байна.

            Би Э.Ж, Э.И хоёрыг яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар тухайн үед Э.Ж-ын гэр нь “бөөгөөр цээр тавиулчихсан байхад нь архи дарс уусан” гээд дургүйг нь хүргэсэн байж магадгүй гэж бодож байна. Э.И 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрүүл байсан. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Э.И-гийн барьж байсан мод миний харснаар өргөн, хааш хаашаагаа 9 см орчим өргөнтөй, урт нь 1 метр орчим байсан байх гэж бодож байна, тийм модоор цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

8. ШШҮХ-ийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10695 тоот дүгнэлт:

1. Э.Ж-ын биед гавал ясны корональ заадас дагасан диастаз хугарал, диастаз хугарал нь 2 тийш зулай яс руу шугаман хугарал үргэлжлэн доош 2 талын суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх, доорх цусан хураа баруун чамархайн дэлбэнгийн гадна хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархины тал бөмбөлгийн таславч хооронд болон тенторумын субарханойдаль зай цус харвалт, зүүн гар хөлд саажилт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 34х/,

 

9. ШШҮХ-ийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10704 тоот дүгнэлт:

1. Э.И-гийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 39х/,

 

10. Хохирогч Э.Ж-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 73-83х/,

 

11. Хохирогч Э.И-н Амбулаториор эмчлүүлэгсдийн гар карт /шүүх хуралдаанд гаргасан/,

 

12. Шүүгдэгч Э.И-н яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын 18-ны өдөр, баасан гарагт хашаандаа нохойгоо хооллоод сууж байхад дүү Э.Ж орж ирээд “тамхи байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэсэн. Тэр миний нүд рүү гараараа цохьчихоод, гараад явсан. Э.Ж “наад оёдлыг чинь задлаад гэдсийг нь цувуулна” гэж заналхийлж, хашгирчихаад яваад өгсөн. Би хашаанаас брусс мод авч араас нь очсон. Би Э.Ж-т хутгалуулж үхэснээс, гарыг нь хугалж гэмтээе гэж бодоод Э.Ж-ын араас явсан. Ш.Г-ын хашаанд ороход Э.Ж, Ш.Г-ын гэрээс гарч ирж байсан. Тэр миний өөдөөс хүрээд ирэхээр нь би түүнийг хутга нуугаад ирж магадгүй гэж бодоод модоор Э.Ж-ын гар луу цохиод, гуя руу нь цохиод, сүүлд нь толгойд нь цохиход Э.Ж газарт унасан.

Ш.Г гэрээсээ гарч ирээд “болиоч ээ” гэхээр нь би гэр лүүгээ явсан. Э.Ж-ыг цохисон модыг манай ээж Полоож “энэ модыг муу ёрын мод” гээд зууханд хийж галд шатаасан байна. Миний баруун нүд рүү Э.Ж нэг удаа гараараа цохисны улмаас нүд хөхөрч, улайсан, өөр гэмтэл учруулаагүй.

Би Э.Ж-ын хамтран амьдрагч байсан гэх Б.О гэгчийн бүтэн нэр, овог, гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Би 2016 онд Өлзийт хороололд Батзаяа гэгчид хутгалуулж, зүүн бөөрөө авхуулж, нойр булчирхайн хавдрыг хагалуулсан. Энэ хэрэг Цагдаад шалгагдаад шүүхээр орж Батзаяа ял шийтгүүлсэн. Би Батзаяад хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаад эвлэрснээр, шүүхээс хэрэгсэхгүй болж байсан юм.  

Би Э.Ж-ын эмчилгээний зардлыг төлөхөөр тэжээж байгаа нохойн гөлөгөө зарж хэдэн төгрөг олж, эм тариаг нь олж байгаа юм. Эмчилгээ хийгдэж дуусаагүй байгаа. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47х/,

 

13. Шүүгдэгч Э.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 08 сарын 18-ны өдөр би архи уусан байсан ба намайг гэрт оруулсангүй гэж уурлаж бухимдсаны улмаас Э.И-г нүүр тус газар нь баруун гарын нударгаар нэг удаа цохисон. Түүнээс болж Э.И гэмтэл авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Э.И нь миний эмчилгээний зардлыг олж өгч тусалсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийннээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.И, Э.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

1. Шүүгдэгч Э.И нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ************ тоот хашаанд өөрийн төрсөн дүү болох Э.Ж-ыг “бөөгийн цээр тогтоосон байхад архи ууж согтуу гэрт ирлээ” гэснээс маргалдаж, улмаар түүний “наад оёдлыг чинь задлаад гэдсийг нь цувуулна гэж хэллээ” гэснээс брусс модоор толгой, нуруу дал хэсэгт нь зодож биед нь “...гавал ясны корональ заадас дагасан диастаз хугарал, диастаз хугарал нь 2 тийш зулай яс руу шугаман хугарал үргэлжлэн доош 2 талын суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх, доорх цусан хураа баруун чамархайн дэлбэнгийн гадна хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархины тал бөмбөлгийн таславч хооронд болон тенторумын субарханойдаль зай цус харвалт, зүүн гар, хөлд саажилт, цээжинд цус хуралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

 

- хохирогч Э.Ж-ын: “...Ш.Г-ын гэрээс гарч ирэхэд Э.И ах үгийн зөрүүгүй модоор миний ар шилэн хүзүү болон зүүн чихний дээд талд цохисон. ... Миний биед тархинд цус хурж гавлын ясанд цууралт үүссэн зэрэг гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

 

- гэрч Н.П Б.О-н: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ... 21:00 цагийн үед байх Э.Ж гаднаас хөнжлөө барьсан орж ирээд үүдний тамбарт хэвтээд өгсөн. Э.Ж гаднаас орж ирэхэд унжийсан ороод ирсэн. Би чамд юу болсон, яасан, зодоон хийсэн юм уу гэхэд яагаач үгүй гээд үүдний өрөөнд хэвтээд өгсөн. Э.И надад “оруулахгүй гэсэн чинь, хэрүүл хийгээд Э.Ж, бид 2 зодолдсон юм аа” гэж хэлсэн. Маргааш нь өглөө 10:00 цагийн үед Э.Ж-ыг “яасан бэ, чи босохгүй юм уу” гээд үзэхэд толгой нь язарсан шархтай байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/

 

- гэрч Э.О-ын: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай ээжийнд бөө ирж ном уншсан ба ес хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн хүнийг хашаа руугаа оруулж болохгүй гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь ээжийг дуудахаар нь ээж очиход Э.Ж толгойндоо юманд цохиулсан шархтай хүзүү нь улаан хүрэнтсэн шархтай байсан гэсэн. ... Э.Ж ах зогсоо зайгүй бөөлжөөд, бие нь шал нойтон болтол хөлрөөд биеийн байдал дунд зэрэг байсан. ... Э.Ж ах амбаарт өдөржин унтаад сэрээхээр бөөлжөөд тэнд хэвтэж байсан. Тэгж байгаад орой 19:00 цагийн үед Э.Ж-ыг өргөөд том өрөөнд оруулах гэтэл орондоо шээсэн байсан ба унтаастай, биеийн байдал муудсан байсан. Өөрөө явж чадахгүй байсан.

... Баасан гаригт буюу 08 дугаар сарын 18-ны өдөр Э.И ах хашаанд гөлөг тэжээж байхад Э.Ж ах хашаанд согтуу орж ирээд “тамхи байна уу” гэхэд нь  Э.И ах “байхгүй, хашаанд согтуу хүн орж ирж болохгүй гэдгийг мэдсээр байж согтуу ирдэг юм уу” гэхэд Э.Ж ах “би хашаандаа согтуу ирж болдоггүй юм уу” гэж хэрэлдсэн гэж байсан. Тэгээд Э.Ж ах Э.И ахын нүд луу цохихоор нь Э.И ах араас нь модоор цохисон гэж Э.И ах болсон явдлын талаар өөрөө ярьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

- гэрч М.Ө-ийн: “...2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед байх өдөр хоногоо санахгүй байна, манайд Э.Ж, хуучин салсан эхнэр Б.О гэгчийн хамт ирсэн. ... Б.О, Э.Ж, манай нөхөр бид дөрөв нийлж 0,75 литрийн Стандарт архи нэг шилийг хувааж уусан. Маргааш өглөө нь босоод бид дөрөв үргэлжлүүлээд 0,75 литрийн Стандарт архинаас хоёр шилийг уусан. Үдээс хойш гэгээтэй байсан, хэдэн цаг гэдгийг сайн мэдэхгүй, Э.Ж гэр лүүгээ явах гээд манай гэрээс гарсан. Удалгүй хашааны үүдэнд хүн амьтан хэрэлдсэн дуу чимээ сонссон. Гэрээс гарахад манай хашааны үүдэнд Э.Ж газарт унасан, хажууд нь Э.И гартаа мод барьсан Э.Ж-ыг цохиж байсан. Би гарахад Э.И ойр ойрхон хоёр удаа Э.Ж-ын толгой, дал руу нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

- гэрч Ш.Г-ын: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр билүү, 17-ны өдөр билүү манайд Э.Ж, хуучин салсан эхнэр Б.О гэгчтэй хамт 17 цаг өнгөрч байхад ирсэн. Э.Ж, Б.О хоёр манайд ирэхдээ халамцуу, нэг шил архитай ирсэн. ... гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарсан чинь Э.И манай хашааны үүдэнд зогсож байсан, Э.Ж наана нь газарт хэвтэж байсан. Би “юу боловоо, яасан” гэхэд Э.И гараад явсан. ...Э.Ж-ын толгойноос цус гарсан байсныг цэвэрлэсэн. ... Э.И гартаа 60, 70 см урттай брусс мод барьсан байсан. ... Э.Ж-ын толгойн зүүн хажуу хэсэгт хагарч цус гарсан, хүзүүний зүүн тал нь улайж хөхөрсөн байсан. Бусад биеийг нь анзаарч хараагүй. Э.Ж манайхаас гарахдаа зүгээр гарсан. Э.И цохисноос болоод дээр дурдсан гэмтлүүд учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

            - гэрч Б.О-ын: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай найз залуу Э-ийн Э.Ж-ын гэрийн ойролцоох М.Ө, нөхөр нь Ганбаа нарын гэрт бид дөрөв 0,75 литрийн Түмний хишиг нэртэй архи авч ууцгаасан юм. Архиа ууж дуусгачихаад манай найз залуу болох Э.Ж, М.Ө буюу Өөгийгийн гэрээс гадагшаа гараад буцаж Өөгийгийн гэр лүү орж ирэхдээ “гэр лүүгээ ороод ирлээ” гэж хэлэхийн завдалгүй ардаас нь Э.Ж-ын төрсөн ах Э.И брусс мод барьчихсан, М.Ө-ийн хашаан дотор нь орж ирээд Э.Ж-ыг үгийн зөрүүгүй хөл, толгой зэрэг газруудад 7-8 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

- “...Э.Ж-ын биед гавал ясны корональ заадас дагасан диастаз хугарал, диастаз хугарал нь 2 тийш зулай яс руу шугаман хугарал үргэлжлэн доош 2 талын суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх, доорх цусан хураа баруун чамархайн дэлбэнгийн гадна хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархины тал бөмбөлгийн таславч хооронд болон тенторумын субарханойдаль зай цус харвалт, зүүн гар хөлд саажилт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10695 тоот дүгнэлт /хэргийн 34х/, хохирогч Э.Жамъяаншаравын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 73-83х/ болон шүүгдэгч Э.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  

 

2. Шүүгдэгч Э.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08  дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ************ тоот хашаанд өөрийн төрсөн ах Э.И-тай “гэр лүү оруулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь “..баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт баруун нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

 

- хохирогч Э.И-гийн: “...Э.Ж 2017 оны 08  дугаар сарын 18-ний өдөр архи уусан согтуу ирэхээр нь “гэрт орж болохгүй” гэж хэлснээс болж маргаан үүсээд дүү Э.Ж миний зүүн билүү, баруун билүү нэг талын нүд рүү цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

 

- гэрч Н.ПолоожБ.О-н: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баасан гаригт эмнэлэг яваад орой 20:00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Э.И-н баруун нүд нь хөхөрсөн байсан. Юу болсон гэхэд “Э.Ж согтуу ирж, агсам тавиад цохьчихоод явсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

- гэрч Э.О-ын: “...Маргааш нь буюу 08 дугаар сарын 18-ны өдөр .... Э.И ахын нүд улайсан байсан, орж ирээд орон дээр сууж байсан. Яасан гэхэд Э.Ж цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

- “...Э.И-гийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10704 тоот дүгнэлт /хэргийн 39х/ болон шүүгдэгч Э.Ж-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Энэ хэргийн хохирогч Э.Ж-ын биед учирсан “гавал ясны корональ заадас дагасан диастаз хугарал, диастаз хугарал нь 2 тийш зулай яс руу шугаман хугарал үргэлжилэн доош 2 талын суурь ясны их далавч руу үргэлжлсэн шугаман хугарал, баруун талын дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх, доорх цусан хураа баруун чамархайн дэлбэнгийн гадна хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархины тал бөмбөлгийн таславч хооронд болон тенторумын субарханойдаль зай цус харвалт, зүүн гар хөлд саажилт, цээжинд цус хуралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.И “бөөгийн цээр тогтоосон байхад архи ууж согтуу гэрт ирлээ, гэрт оруулахгүй” гэснээс маргалдаж, улмаар хохирогч Э.Ж нүүр лүү нь гараараа цохьчихоод “наад оёдлыг чинь задлаад гэдсийг нь цувуулна гэж хэлсэн” гэснээр шалтаглан брусс модоор толгой, нуруу, дал хэсэгт нь зодож цохисон гэмт үйлдэлтэй,

 

- мөн хэргийн хохирогч Э.И-н биед учирсан “...баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт баруун нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Ж “гэр лүү оруулсангүй” гэснээс маргаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохисон гэмт үйлдэлтэй тус тус шууд  шалтгаант холбоотой болох нь нотлогдсон, нэр бүхий шүүгдэгч нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна.

 

Түүнчлэн энэ хэргийн хохирогч, шүүгдэгч Э.И нь архидан согтуурч, гэр бүлийн хүрээнд шашны зан үйлтэй холбоотой хязгаарласан ёс, жаягийг зөрчин, шаардлага тавьсан төрсөн ах Э.Ж-ыг эсэргүүцэн маргаж, зүй бус авирласан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.И-н өөрийн төрсөн дүү Э.Ж-ыг модоор цохиж, биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

- мөн шүүгдэгч Э.Ж-ын “гэр лүү оруулсангүй” гэснээс өөрийн төрсөн ах Э.И-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байна.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ тус  тус хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч Э.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зохицуулсан ба хохирогч Э.Ж-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, Э.И-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тус тус шүүгдэгч Э.И, Э.Ж нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус бүрийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох юм.  

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Э.И, Э.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий зардал, төлбөр нэхэмжлээгүй ба хэн аль нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд /хэргийн 11-12х, 14х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлж, мэдүүлсэн учир нэр бүхий шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.   

 

 1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Э.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлж, Э.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Э.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 54-55х, 59-63х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн 2017 оны 16 дугаартай шийтгэх тогтоол баримтаар тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Э.И, Э.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

 

Энэ хэргийн шүүгдэгч Э.И нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжилсэн хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Э.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх” ял шийтгэх санал гаргасан боловч шүүгдэгч Э.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Э.И нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн, мөн хохирогчийн хувьд тэрээр гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан, гэмтлийн улмаас түүний зүүн гар, хөлд саажилт өгч биеийн байдал нь бүрэн сайжраагүй зэргийг харгалзан шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ялын төрлийг шүүх сонгосон болно.

 

Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ж, Э.И нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

 

          1. Д овогт Э-ийн Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          - Д овогт Э-ийн И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ж-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.И-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.И-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Э.Ж-т мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Э.И, Э.Ж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон ялтан Э.И, Э.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан Э.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД