| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/05997/И |
| Дугаар | 101/ШШ2024/02504 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/02504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Ц******* овогт Н******* Т******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоотод оршин суух, Б******* овогт Б*******ы О******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
Газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцны үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримтын хуулбарлан авахтай холбоотой гарсан зардал 34,000 төгрөг, нийт 32,034,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Т*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын иргэн Н.Т******* би танай шүүхэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж буй доорх асуудлаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тодруулбал, Миний бие нь Д.Оээс 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түүний ****** тоот... хаягт орших 436 м2 талбай бүхий газраас 180 м2 газрыг 3*4 метрийн харьцаатай хувийн сууцын хамт худалдаж авахаар тохиролцож, холбогдох гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, хэлэлцэн тохиролцсон үнийг худалдагчид төлсөн ба Д.О нь надад худалдсан газар болон хувийн сууцынхаа холбогдох баримт бичгийг миний нэр дээр 2010 оны 10 дугаар сарын дотор шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичгийг худалдагч нь тохиролцсон хугацаандаа шилжүүлж өгөөгүй учир би Чингэлтэй дүүргийн шүүхэд Д.Од холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 671 дүгээр захирамжаар: ...бичиг баримт /газрын гэрчилгээ/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн. Харамсалтай нь энэхүү шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн боловч өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар бодитой биелэгдээгүй байгаа болно. Мөн Д.О нь дээр дурдсан 436 м2 талбай бүхий газрынхаа 256 м2 газрыг 4*6 метрийн харьцаатай хувийн сууцын хамт Б.Г гэгчид худалдсан байдаг бөгөөд Б.Г нь 436 м2 газрын өмчлөгчөөр өөрийгөө дангаар бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж аваад цааш төрсөн дүү Б.О*******тээ шилжүүлсэн. Б.О******* нь тухайн газар болон газар дээр баригдсан байсан хувийн сууцнуудыг дахин төлөвлөлтөд хамруулж, нураалгасан байна. Миний бие нь Б.О*******ийн миний Д.Оээс худалдаж авсан газар, хувийн сууцыг надад мэдэгдэхгүй, миний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн дахин төлөвлөлтөд хамруулж, нураалгасан хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гомдол гаргаж, шалгуулахаар хандсан ба уг гомдол тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан. Гэвч хариуцсан мөрдөгчийн зүгээс тодорхой, үр дүнтэй ажиллагааг шуурхай явуулахгүй байсаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 848 дугаар тогтоолоор ...гэмт хэргийн шинжгүй... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэлээ. Иргэн би Б.Г, түүний төрсөн дүү Б.О*******, Б.О*******ийн нөхөр н.Баярцэнд нарын хууль бус үйлдэл, хуулийн байгууллагуудын харилцан уялдаагүй, ажил хариуцсан алба хаагчдын хариуцлагагүй, хайнга байдлаас болж өнөөг хүртэл олон жилийн хугацаанд сэтгэл санаа, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохирч байна. Цаашид үүссэн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, өөрт учирсан хохирлоо нэг мөр арилгуулахаар газар, хувийн сууцаа өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд хариуцагч Б.О*******ээс 180 м2 талбай бүхий газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцын үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримт хуулбарлан авахтай холбоотой гаргасан зардал 34,000 төгрөг тус тус буюу нийт 32,034,000 төгрөгийг гаргуулж, надад олгож өгөхийг хүсье гэв.
2. Хариуцагч Б.О*******, итгэжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд гаргасан Н.Т*******ийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд миний бие Б.О******* нь өөрийн төрсөн ах Б.Гээс ******** тоотын хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 436 м.кв газрыг 2018 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Хууль журмын дагуу бичиг баримтаа бүртгүүлж өмчлөлдөө шилжүүлсэн. 2021 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орж би газраа шилжүүлэн өгсөн. Тэндээс байшин нурааж газрыг цэвэрлэсэн. Манай ах Б.Г нь 2007 онд гэр бүлийн хамтаар гадаад улс руу яваад одоог болтол ирээгүй байгаа. Б.Г ахыг байхад болон намайг нэр дээрээ шилжүүлэх хүртэл газрын маргаан гардаггүй байсан. Гэтэл дахин төлөвлөлтөнд ороод тэнд байсан бүх зүйл буулгагдсны дараа гэнэт цагдаа дуудаж энэ тухай хэлсэн. Би өөр хүний өмч байдаг тухай огт мэдээгүй. Тэнд хүн амьдардаггүй байсан. Ахыг гадаад явснаас хойш би хаяа эргэж тойрдог байсан. 2004 онд хашаа байшинтай байсан бөгөөд П.О нь нүүхгүй байсан учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж албадан нүүлгүүлж байсан бөгөөд тэр үед ч гэсэн хүнд зарсан тухай яригдаж байгаагүй юм. Б.Г болон Б.О******* нар нь ******* тоотын 436 м.кв газрыг хууль журмын дагуу худалдан авсан, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гэрчилгээ шилжүүлэхэд ар нэгэн маргаангүй шилжиж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2010.06.17-ны өдрийн хэлцэл, газрын кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012.04.27-ны өдрийн 671 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2012.10.31-ний өдрийн 4693 дугаартай захирамж, 2015.05.19-ний өдрийн баримт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016.12.15-ны өдрийн 4747 дугаартай тогтоол, мөн прокурорын 2022.06.10-ны өдрийн тогтоол, 2022.10.07-ны өдрийн 1098 дугаартай тогтоол, тус прокурорын газрын 2022.11.03-ны өдрийн 1/836 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022.11.03-ны өдрийн 92 дугаартай тогтоол, 2023.06.26-ны өдрийн 848 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.08.18-ны өдрийн 1247 дугаартай албан бичиг, Өмгөөлөгч Ч.Н*******ийн 2023.05.23-ны өдрийн 23/013 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023.06.05-ны өдрийн дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2023.05.04-нйи өдрийн тодорхойлолт, Шүүхийн тусгай архивт 2023.06.19-ний өдөр төлбөрт төлсөн ибаримт, 2023.08.15-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбар, Б.О*******ийн 2023.10.11-ний өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагчийн итгэмжлэлийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах ерөнхий газрын 2023.10.30-ны өдрийн дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023.11.02-ны өдрийн 18/1167 дугаартай албан бичиг, Б.Гийн иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 2007.12.03-ны өдрийн тодорхойлолт, 2005.02.16-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, 2008.02.15-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.01-ний өдрийн 1493 дугаартай албан бичиг, 2018.04.18-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.04.18-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2018.04.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2017.05.10-ны өдрийн итгэмжлэл, 2014.11.04-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.04.18-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021.12.31-ний өдрийн А/903 дугаартай тушаал, Хот тохижилтын газрын 2023.10.30-ны өдрийн 01/706 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.29-ний өдрийн 02-136/24587 дугаартай албан бичиг, мөн газрын 2024.01.15-ны өдрийн 04-136/1229 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 561 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, тус албаны 2013.08.13-ны өдрийн 2/9436 дугаартай албан бичиг, тус албаны 2015.03.02-ны өдрийн 1/4858 дугаартай албан бичиг, тус албаны 2015.03.16-ны өдрийн 83 дугаартай гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2005.05.12-ны өдрийн 639 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013.09.11-ний өдрийн 312 дугаартай албан бичиг, тус албаны 2015.06.29-ний өдрийн 611 дугаартай албан бичиг, хашаа байшингийн зураг, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012.04.27-ны өдрийн 671 дугаартай захирамж, 2011.04.25-ны өдрийн 913 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2015.02.03-ны өдрийн өргөдөл, Д.Оын Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргад гаргасан хүсэлт, 2015.05.19-ний өдрийн баримт, Н.Т*******ийн хүсэлт, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/16713 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2017.09.18-ны өдрийн 17/705 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018.04.25-ны өдрийн албан бичиг, 2018.05.11-ний өдрийн 1/152 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2020.09.15-ны өдрийн 66 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.02.15-ны өдрийн 2-3в/1177 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.02.19-ний өдрийн 5/2067 дугаартай албан бичиг, 2018.04.18-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.О*******ийн хүсэлт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021.11.18-ны өдрийн А/453 дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021.12.31-ний өдрийн А/903 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2021.12.20-ны өдрийн 7551 дугаартай дүгнэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.04.02-ны өдрийн 2-3в/1861 дугаартай албан бичгийг тус тус бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Т******* нь хариуцагч Б.О*******т холбогдуулан газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцны үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримтын хуулбарлан авахтай холбоотой гарсан зардал 34,000 төгрөг, нийт 32,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Б.Гээс ****** тоотын 436 м.кв газрыг хууль журмын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан, гэрчилгээ шилжүүлэхэд ар нэгэн маргаангүй байсан, нэхэмжлэгчийг ар нэгэн байдлаар хохироогоогүй гэж үзэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна
2а. Д.Г, Д.Мөнхзул нар нь 2005 онд Д.Од холбогдуулан ******* тоот хашаанаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж байсан байх бөгөөд зохигчийн хооронд газар эзэмших эрхийн талаар маргаантай байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 639 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. /уг шүүгчийн захирамжийн төгсгөл хэсэг нь баримтаар ирээгүй боловч энэхүү үйл баримт нь тодорхой харагдаж байна/
2б. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаартай шийдвэрээр ******** тоот хаягт, амины хашааны зориулалтаар Б.Гэд 700 мкв талбайтай газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбарын дугаартай 436 мкв талбайтай газрын байршлын кадастрын зураг Б.Гэд олгогдож, улмаар 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 059 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 436 мкв талбайтай, 5,755,200 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр Б.Гэд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна.
******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 436 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00303661 дугаартай гэрчилгээ Б.Гэд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгогджээ.
2в. Дээрх газрын өмчлөгч Б.Г нь Б.О*******тэй 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, мөн өдөр Б.О*******т газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
Ийнхүү газар өмчлүүлэх асуудал буюу Засаг даргын захирамж болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Д.О, Н.Т******* нар нь эрх бүхий байгууллагад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.
2г. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/453 дугаартай Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай захирамжаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний газрын нөлөөлөлд өртсөн 15 өрхийн газрын нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталж, уг хавсралтын 6 дугаарт Б.О******* нь 95,011,128 төгрөгийн нөхөх олговор авсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/903 дугаартай Эрхийн улсын бүртгэл хаах тухай тушаалаар иргэний өргөдөл, хяналтын улсын байцаагчийн 2021 оны 7551 дугаар дүгнэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн Б.О*******ийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 435 тоот хаягт байршилтай газрын дугаарын эрхийн улсын бүртгэлийг хаажээ.
3. Нэхэмжлэгч Н.Т******* нь Д.Отэй 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д овогтой О нь Н******* Т*******ээс 2,500,000 төгрөгийн үнэнд дүйцүүлэн ярилцаж тохиролцсоны дагуу аа 20, үхэр 2-ыг авсан нь үнэн болно. Жич 2,500,000 төгрөг нь худалдаж авах 14х14 газар, 4х3 харьцаатай байшин, газрын үнэ болно гэсэн хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
3а. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 671 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжаар Н.Т*******ийн нэхэмжлэлтэй Д.Од холбогдох бичиг баримт /газрын гэрчилгээ/ гаргуулах тухай хэргийн хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү хэлцлийн агуулгаас үзвэл Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах газар болон байшинг худалдан авахаар харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан дээрх захирамжид Д.О нь шүүхэд гаргасан тайлбартаа ...газрын гэрчилгээг хөөцөлдөж авч өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... гэснээс үзвэл анхнаасаа газрын гэрчилгээ Д.Оын нэр дээр гараагүй, үүнийг нь Н.Т******* нь мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй, нөгөөтэйгүүр ар нэгэн эрхийн зөрчилтэй эсэхийг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3б. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4693 дугаартай захирамжаар дээрх 671 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэхээр 561 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.
3в. Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17/705 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасныг үндэслэн төлбөр төлөгч Д.Од холбогдох 201225062949 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/152 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барж, ****** тоот хаягт байрлах газрыг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Гэд өмчлүүлсэн болох нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон... гэсэн хариуг Н.Т*******т өгсөн байна.
3г. Талийгаач Д.О нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ******** тоотод амьдарч байсан Д овогтой О би өөрийн эзэмшилд байсан 436мкв газрыг 2 байшингийн хамт 2 айлд хуваан зарсан юм. 2004 оны 12 дугаар сарын 18-нд 4х6-ын харьцаатай байшинг 256 мкв газрын хамт Б******* овогтой Гэд 800,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 180 мкв газрыг 3х4 харьцаатай байшингийн хамт 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Н овогтой Т*******т 2 сая 500,000 төгрөгөөр тооцож үнэнд нь мал авсан. Энэ 2 айлд өөрийн эзэмшилд байсан 436 мкв газрыг зарсан нь үнэн гэдгээ нотариатаар баталгаажуулж байна гэх Баримт-ыг үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх боловч дээр дурдсан үйл баримт, хэргийн материалд авагдсан бичгийн баримтаар Д.Од маргаан бүхий газрыг эзэмшүүлэх болон өмчлүүлэхээр Засаг даргын захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар Д.Оын өмчлөх эрх баталгаажаагүй байхад Н.Т*******т өөрийн өмчлөлийн бус газрыг худалдахаар хэлцэл хийсэн нь хуульд нийцэхгүй байна.
4. Н.Т*******ээс гаргасан ...********* тоот хаягт байрлах манай байшинг буулгаад аваад явсан байна ... гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 848 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Н.Т*******ийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд нь хариуцагч Б.О*******ийг гэж үзэх үндэслэл болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэл буюу хариуцагч Б.О******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь газрын үнийг 12,000,000 төгрөгөөр, хувийн сууцны үнийг 20,000,000 төгрөгөөр үнэлж байх боловч эдгээртэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичигт газрын суурь үнийг 7,848,000 төгрөгөөр тооцсон зэргээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж буй нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н.Т*******ийг хохироосон этгээд нь П.О гэж үзэхээр байх бөгөөд тэрээр нас барсан, түүний өв залгамжлагч нар байдаг бол тэднээс өв хүлээн авсан хэмжээгээр өөрт учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.О*******т холбогдуулан гаргасан газрын үнэ 12,000,000 төгрөг, 3*4 метрийн харьцаатай хувийн сууцны үнэ 20,000,000 төгрөг, нотлох баримтын хуулбарлан авахтай холбоотой гарсан зардал 34,000 төгрөг, нийт 32,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Т*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ