Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 324

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт А-ийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710000000165 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Түргэн тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, *********  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт А-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд” амралтын газарт 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.М-ыг зодож түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

        

         Шүүгдэгч А.Г-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ажлын хүмүүсийн хамтаар “Ханбогд” амралтын газрын хажуугаар ууланд гарсан юм. Тэгээд хамт ажилладаг О-ын хамтаар уулнаас буугаад амралтын газрын автомашины зогсоол дээр явж байтал манай автозасварын газарт ажилладаг А.Г гэдэг залуу хамт ажилладаг хүмүүсийн хамтаар согтуу машин дотор сууж байгаад бид хоёртой тааралдаад О-тай уулзаж байгаад салахдаа баяртай гэхээр нь би мөн адил баяртай гэж хэлтэл А.Г машины цонхоор гараа гаргаж намайг заамдаж аваад хамар луу мөргөхөөр нь би машины арын цонхонд хартал миний хамар мурийчихсан байхаар нь А.Г-т хандаж чи яагаад намайг мөргөж байгаа юм бэ гэж хэлж бид хоёр машины хажууд маргалдаж байгаад салаад явчихсан юм...” /хх-ийн 7-8/ гэсэн,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 103-т авто засварчинаар ажилладаг бөгөөд манай ажлын газрынхан Ханбогд амралтын газар явган аялалд явсан юм. Тэгээд явж дуусаад 17 цагийн орчим бүгд харих гээд байж байсан чинь миний машинд манай ажлын А.Г, Ц.Ч нар сууж байсан юм. Тухайн үед манай ажлын жолооч О-ыг авч явах гэж байсан болохоор А.Г О руу явья гэж хашгирсан чинь манай түргэн тусламжийн эмч хүрч ирээд А.Г-т хандаж чи хэн бэ, манайд ажилладаг юм уу? гэж асуусан чинь А.Г А.М-д хандаж чи намайг танихгүй ээ гээд өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгсэн чинь А.М А.Г-ийг нэг удаа толгой руу нь цохьсон. Ингээд А.М, А.Г нар зууралдсан бөгөөд би тойрч гараад хоёр тийш нь Ц.Ч бид хоёр салгасан юм. Тэгэхэд А.М А.Г миний хамар руу цохьчихлоо гэж байсан. Тухайн үед А.М бид гуравт хандаж муу гуйлгачингууд, би та нарыг бодвол 2 шүдний эмнэлэгтэй, алтан гинжтэй гэж хэл амаар доромжлоод байсан. Ингээд яваад өгсөн. Өөр зүйл болоогүй...” /хх-ийн 9/ гэсэн,

 

Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Түргэн тусламжийн төвийн бүх ажилчид 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ханбогд амралтын газрын ойролцоо явган аялалаар явсан ба аялал 11 цагаас эхлээд 17 цагт дууссан юм. Ингээд үйл ажиллагаа дуусаад явах гээд А.Г бид хоёр Б.Н-ийн машинд суучихсан О-ыг хүлээгээд зогсож байсан. Тэр үед О, А.М гээд эмчтэй тэврэлдчихсэн байж байсан бөгөөд А.Г О-аа явья гэж хашгирсан чинь А.М хүрч ирээд А.Г-т хандаж чи хэн бэ? гээд бие бие рүүгээ дайраад байх шиг байсан. Тэгж байснаа А.М шууд А.Г-ийг нэг удаа толгой руу нь цохьсон. Тухайн үед А.Г машины урд талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд А.Г буугаад тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар нь машинаас буугаад шууд салгасан. Тэгэхэд А.М-ын хамар руу А.Г цохьчихлоо, хамар мурийчихлаа гэж байсан. Тэр үед мөн А.М А.Г-ийн хиймэл шүдийг нь цохиод унагачихсан байсан. Тэгснээ А.М А.Г-т хандаж шүдгүй гуйлгачин байна шүү дээ, би та нарыг бодвол 2 шүдний эмнэлэгтэй, алтан гинжтэй залуу байна гэж яриад яваад өгсөн...” /хх-ийн 10/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай ажлын газар Ханбогд амралтын газрын ойролцоо явган аялалтай байсан юм. Би Нийслэлийн түргэн тусламж 103 төвд жолооч, засварчин ажилтай. Тухайн өдөр 17 цагийн орчим тарцгааж байсан. Тэндээ 14-15 хүн хамтдаа 2 шил архи хувааж уусан. Архи уусан ч гэсэн болсон зүйлийг сайн санаж байна. ...Би тухайн үед ажлын газрынхаа Б.Н-ийн машины урд талын суудалд суучихсан байсан. Тэгсэн чинь манай ажлын газрын А.М эмч манай ажлын газрын жолоочтой тэврэлдчихсэн явахгүй байхаар нь нөгөө жолоочийг дуудсан чинь А.М хамт хүрээд ирсэн. Тэгснээ А.М чи хэн бэ? гэж асуусан. Тэгэхэд нь би тоглож байна гэж ойлгоод зөрөөд чи хэн бэ гэж асуугаад гараа хүзүүгээр нь барьж авах гэж далайсан чинь миний зүүн чих рүү цохьсон юм. Тэгэхээр нь би буугаад А.М-тай заамдалцсан. Бид хоёр аль аль нь согтуу байсан. Ингээд би хэд хэдэн удаа савж цохих үед нүүр рүү цохьсон. Тэр үед А.М хамраа бариад хамар хугарчихлаа, хамар цохьчихлоо гээд байсан. Заамдалцаж зууралдаж байхдаа миний нүүр рүү А.М хэд хэдэн удаа цохьсон, тэгэхэд миний урд байсан хиймэл шүд унасан...” /хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12179 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1.А.М-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                   3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,

 

                   - Шүүгдэгч А.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газар болон ажлын газрын тодорхойлолт, /хх-ийн 21-22, 31/,

                   - Хохирлын мөнгө хүлээн авч, эвлэрсэн тухай баримт /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд” амралтын газарт А.М-тай маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.М, гэрч Б.Н-, Ц.Ч нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12179 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.М нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн байна /хх-ийн 37, 36/.

 

Иймд шүүгдэгч А.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн 1710000000165 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч М овогт А-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Г-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1710000000165 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР