Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2022/ДШМ/671

 

 

 

                                                                       

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Мөнхтуяа, Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ут холбогдох 2110015680270 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У, ............................................. төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ........................................... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лавлагаа лабораторид Ц.Х нь согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уыг хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн 4 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Х гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Д.Мөнхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс “... Б.У нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Үндэсний лавлагаа лабораторид Ц.Хыг согтуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн ... хэргийн үйл баримтаар тогтоогдсон ...” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Б.У нь Ц.Хыг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй гэдэг нь Ц.Хы хавтаст хэрэгт мэдүүлсэн зөрүүтэй мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд зэргээр тогтоогддог ба хавтаст хэргийн 103-105 дугаар талд гэрч Л.Ариунтунгалагийн “Халиунаа үнэрт тос гэдэг юмаа бид нарт түрхэж өгөөд сэргээдэг, эмэгтэй хүн түрхвэл эрэгтэй хүний сэрэл мэдрэмжийг өдөөдөг энэ тэр гээд тайлбарлаад байсан ба өөрөө байнга тэрийгээ хэрэглэдэг, бас зардаг, тэгээд хөл нь өвдөөд байна гээд гутлаа тайлаад трикотойгоо суугаад байсан. ...Халиунаа намайг үнсэх гээд босоод ирсэн ба би ажлын ширээний ард ажлаа хийгээд сууж байсан болохоор өөрөө өндийж Халиунаагийн уруул дээр үнссэн, тэгсэн чинь Халиунаа Уламбаяр ахыг үнсэх гээд байсан, Уламбаяр ах харин хүүе яаж байна дүү гээд зүүн тийшээ толгойгоо хазайлгаад зайлсхийсэн. Тэгээд дараа нь Халиунаа сандал дээр хөлөө жийгээд сууж байхад урдаас нь Улмаа ах хараад ирж байсан ба Халиунаа Улмаа ахын хоёр хөлийн хооронд нь хөлөө жийчихсэн сууж байсан” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Ц.Х нь өөрөө Б.Уыг өдөөн хатгаж, зүй бус үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зааснаар Б.Уыг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсаар байхад харгалзан үзэлгүй хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баатарын Уламбаяр миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн талаар маргаангүй бөгөөд шүүхээс надад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Миний хувьд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлын газрын хамт олонтойгоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед хохирогч Ц.Х нь өөрийн үйлдлээрээ намайг илтэд өдөж, эрэгтэйчүүдийн сэрлийг өдөөдөг гэх үнэртний талаар илэн далангүй ярилцаж, намайг үнсэх гэж оролдож, өөрийнхөө гутлыг тайлсан хөлөө миний хоёр хөлний дундуур хийж, миний хөл болон бэлэг эрхтэнд хүргэж, манай өрөөнд орж тусдаа ярилцахыг хүссэн зэргийг надтай бэлгийн харьцаанд орохыг хүсэж байсан гэж ойлгож, хохирогчтой бэлгийн харьцаанд орсон ба Ц.Х нь өөрөө өөрийгөө удирдах, хянах бүрэн чадамжтай байсан болохоор бэлгийн харьцаанд орохдоо хүртэл миний дээр гарч бэлгийн харьцаанд орсон гэж ойлгосон. Магадгүй биднийг бэлгийн харьцаанд орсон гэх асуудал нь зөвхөн бидний дунд үлдэх ёстой байсан боловч Ц.Хы нөхөр нь энэ талаар мэдсэнээр хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байх гэж бодож байна. Хэрэгт авагдсан хамт ажилладаг намайг болон Ц.Хыг таних, тус хэрэгт хувийн сонирхолгүй гэрчүүдийн мэдүүлэгт ч мөн Ц.Хы тухайн өдөр хийсэн үйлдлүүдийн талаар үнэн зөв мэдүүлсэн байна.

Миний хувьд эхнэр, 2-12 насны 4 хүүхэдтэй, дээд боловсролтой, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу төрийн байгууллагад тасралтгүй 15 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан бөгөөд хохирогчийн мэдүүлэгтээ дурдсан шиг ажлын хамт олондоо бэлгийн дарамт үзүүлдэг, бэлгийн чиг хандлагатай үйлдэл хийдэг, үг яриа хэлдэг зүйл огтхон ч байхгүй юм.

Би Ц.Хыг бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна гэж ойлгоод бэлгийн харьцаанд орсон бөгөөд бэлгийн харьцаанд хүч хэрэглэсэн шинж огт байхгүй байна гэж тус хэргийг өмнө нь нэг удаа хааж шийдэж байсан. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхээс Б.У надад холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна, гэм буруутай байна гэж дүгнэсэн.

Б.У би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн үйлдлийг буруугаар ойлгож, эндүү төсөөлж, түүнийг биеэ удирдах, хянах чадвартай байна гэж ойлгож бэлгийн харьцаанд орсон боловч хохирогч мэдүүлэхдээ өөрийгөө хянах чадваргүй байсан гэж мэдүүлсэн байгаа учраас миний бие буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн тус хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаанд энэхүү асуудлыг эргэцүүлж, гэм буруутай үйлдэл хийснээ ойлгож, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.

Миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, хохирогч Ц.Хы үйлдлийг буруугаар ойлгож, нөхцөл байдлаа андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн тул давж заалдах шатны шүүхээс энэрэнгүй хандаж, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн Б.У надад боломж олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.У нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй билээ.

Б.У нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирол байхгүй, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, түүнийг нийгмээс заавал тусгаарлаж засан хүмүүжүүлэх зайлшгүй шаардлага байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтад нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Б.У нь хохирогчид хүч хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, харин хэн хэн нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байх үедээ, хүсэж бэлгийн харьцаанд орсон гэх талаар мэдүүлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр ч дээрх үйл баримтыг шууд тогтоох боломжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогддог. Тухайлбал, хохирогч Ц.Хы хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн СиДи-нд тусгагдсан шүүгдэгч Б.Утай 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр харилцан ярилцсан гэх яриаг тэмдэглэсэн “... Ц.Х “би санаж байна, тэр яахав. Та намайг сандал дээр суулгаад татаад өөр дээрээ суулгаад хөхнөөс базаад хөхтэй юм уу, хөхгүй юм уу гээд...” /1хх 68/ гэх байдлаар ярилцсан гэх гар тэмдэглэл,  Ц.Хы хохирогчоор өгсөн “...нэг ухаан орсон чинь намайг дээрээ суулгачихсан бэлгийн харьцаанд орж байсан, сандал дээр өөрөө суучихсан байсан, ...би Б.Утай бэлгийн харьцаанд орсноос хойш шөнө унтахдаа нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орсон” /1хх 76-78/, “...Уламбаяр намайг өөрийнхөө урдаас харуулж хоёр хөлийг маань алцайлгаж өмднийхөө тэлээг тайлаад баруун гарын тохой мөрний орчмоос маш хүчтэй бариад намайг ухаан орон гаран биеэ захирах хамгаалах чадваргүй байхад хүчээр өөр дээрээ суулгаж бэлгийн харьцаанд орж, миний цамцыг сөхөж левчикийг базаж дээш нь болгож, миний хөхийг базсан. Тэгээд энд чинь юм байгаа юм уу гэж инээсэн, энэ үед эсэргүүцэл үзүүлэхэд хөл гарыг минь базах гээд тэнийлгээд өвтгөөд байсан. Тэгээд энэ байрлалаа солих гээд тонгочоод босох гэтэл мөн хүчээр миний биеийг цааш харуулж үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орсон ...” /1хх 81-82/, “... тэгээд би гэртээ хариад унтсан, өглөө нь нөхөр сэжиг авсан байсан учир аргагүйн эрхэнд үнэнээ хэлсэн. ...” /1хх 89-90/ гэсэн мэдүүлгүүд нь хохирогч нь шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орсон гэх цаг хугацаанд болсон үйл баримтыг дэс дараатай санаж байгаа буюу болсон үйл баримтыг дэс дараалалтайгаар тогтоох, санах, үйл баримтыг дүрслэн ярих, бэлгийн харьцаанд орж байх цаг хугацаандаа эсэргүүцэл үзүүлэх, хэрэв хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харьцаанд орохоор хүч хэрэглэж байсан бол чанга дуу чимээ гаргах, өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой байсныг илтгэж байгаа юм.

Мөн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Т.Бадамгаравын “... намайг ажлаас гарах үед тэр хэд орж гараад л явцгааж байсан, нээх согтуу харагдаагүй, ... Уламбаяр ёстой ямар нэгэн бэлгийн чиг хандлагатай үйлдэл, санаа сэдэл гаргаж байгаагүй, бид нарын хувьд бол мэргэжлийн чадварлаг мундаг залуу л гэж боддог юм. ...” /1хх 93-94/, гэрч Г.Мөнхзулын “...Халиун болон Уламбаяр нар нээх айхтар согтуу харагдаагүй, ...Уламбаярыг би 2002 оноос хойш мэднэ, бид хоёр их сургуулийн нэг ангид суралцаж байсан, миний мэдэхийн ямар ч бэлгийн чиг хандлагатай үг үйлдэл гаргаж байгаагүй. ...” /1хх 98-99/, гэрч Л.Ариунтунгалагийн “...тэгээд орж ирээд Халиунаа ойр ойрхон хэд хэдэн удаа вискинээс уусан, тэгээд бид нар бөөндөө яриад сууж байхад Халиунаа үнэрт тос гэдэг юмаа бид нарт түрхэж өгөөд сэргээдэг, эмэгтэй хүн түрхвэл эрэгтэй хүний сэрэл мэдрэмжийг өдөөдөг энэ тэр гээд тайлбарлаад байсан. Өөрөө байнга тэрийгээ хэрэглэдэг, зардаг. Тэгээд хөл нь өвдөөд байна гээд гутлаа тайлаад трикотойгоо суугаад байсан. ...Халиунаа намайг үнсэх гээд босоод ирсэн ба би ажлын ширээний ардаас өндийж Халиунаагийн уруул дээр үнссэн. Тэгсэн чинь Халиунаа Б.У ахыг үнсэх гээд дайраад байсан. ...Тэгээд дараа нь Халиунаа сандал дээр хөлөө жийгээд сууж байхад урдаас нь Улмаа ах хараад сууж байсан ба Халиунаа Улмаа ахын хоёр хөлийн хооронд хөлөө жийчихсэн сууж байсан. ...Уламбаяр ёстой бэлгийн чиг хандлагатай үг үйлдэл гаргаж байгаагүй. Их ажил хэрэгч ширүүн шударга хун санагддаг. ...” /1хх 103-105/, “...нөхөр нь Халиунааг харчихаад “гутлаа яасан юм” гээд байсан. Харахад гуталгүй байсан. Тэгсэн чинь Халиунааг гарын булчингаас нь хүчтэй угз татаад машиныхаа урд суудалд суулгасан. ...И.Халиунаа сүүлдээ согтоод намайг үнсээд, бас Уламбаяр ахыг үнсэх гээд байсан. Уламбаяр юу болж байна аа, ахын дүү гээд бултаж харагдсан. Халиунаа гутлаа тайлчихсан Уламбаяр ахын өөдөөс хараад суучихсан 2 хөлөө Уламбаяр ахын 2 хөлийнх нь завсраар жийгээд суучихсан л байгаад байсан юм. Уучихаад жоохон айлгүй маягтай болчихдог юм байна лээ. ...” /1хх 108-111/, шүүгдэгч Б.Уын гэрчээр өгсөн “...Халиунаа миний цээж рүү налахаар нь бид хоёр үнсэлцсэн, тэгээд үнсэлцээд би мөөмийг нь левчикнийх нь гадна талаас бариад тоглоомоор жаахан жижиг мөөмтэй юм уу гээд хэлсэн чинь Халиунаа миний бэлэг эрхтнийг бариад таных ч гэсэн жижиг юм байна гэж хэлсэн. Тэгээд би өмдөө шувтлаад хивсэн дээр хэвтсэн, харин Халиунаа юбкаа сөхөөд бандаашаа өөрөө тайлаад миний дээр гарч надтай секс хийсэн. Тэгээд секс хийж байхдаа “мм мм” гээд амаа жимийгээд нүдээ аниад миний хоёр мөр дээр гараа тавиад секс хийсэн, орилж бариагүй. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орчихоод өөр өөрсдийнхөө хувцасыг өмссөн. ...Би Халиуныг надтай үнсэлцэхэд биеэ удирдах чадвартай, өөрийн ухаантай байна гэж бодсон, яагаад гэхээр хэлж ярьж байгаа нь эрүүл хүн шиг байсан. ...” /1хх 149-152/,  “...би бол хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй, хэн хэн нь хүсэж хийсэн учраас тэгэх шаардлага байгаагүй. Хэрвээ хүч хэрэглэсэн бол ямар нэгэн туслалцаа хүсэх, Ариунтунгалаг ч юм уу, өөр бусад ажилтнууд сонсох боломжтой байсан. Манай ажил 17 цаг 30 минутад тардаг болохоор зарим ажилтнууд яваагүй л байсан байх. Тэгтэл Ариунтунгалаг ч сонсоогүй байгааг харахад хүч хэрэглэсэн зүйл болоогүйг илтгэж байна. ...” 1хх 156-157/ гэх мэдүүлгүүд зэрэгт хохирогч нь өөрөө бэлгийн чиг хандлага бүхий яриа үүсгэсэн, шүүгдэгчид биеийн болон бусад байдлаар нөлөөлж, бэлгийн харьцаанд орох талаар сэдэл төрүүлсэн, өөрийнхөө үйлдлийг удирдах, өөрийгөө хянах чадвартай байх үедээ сайн дураараа бэлгийн харьцаанд орсон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа бөгөөд дээрх үндэслэлээр тус хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэнгийн 1277 дугаартай тогтоол /1хх 29-31/-оор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэж байсан болно.

Хэдийгээр шүүгдэгч Б.У нь хохирогч Ц.Хтай бэлгийн харьцаанд орох үедээ түүнийг өөрийн үйлдлийг удирдах чадвартай байсан, харилцан сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж ойлгож байсан боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний бусадтай бэлгийн харьцаанд орсон үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. Түүний хувьд хэрэг болсон цаг хугацаанд болсон үйл баримтыг, хохирогчийн үйлдлийг илтэд түүнд талтай хандаж байгаа, өөрөө бэлгийн харьцаанд орохыг хүсэж байсан гэх байдлаар буруугаар ойлгож, хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь бэлгийн харьцаанд орсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа болно.

Шүүгдэгч нь дээд боловсролтой, бага насны 4 хүүхэдтэй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзвэл хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орж, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6-д “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа бөгөөд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байгаа юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Б.Ут оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүсэж байна” гэв.

            Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлаад байна. Хохирол төлснөөр хор уршгийг арилгасан гэсэн үндэслэл байгаа. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаах шатанд хохирогч Халиунаагийн зүгээс гомдолтой гэдгээ илэрхийлсээр байсан. Энэ байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.У нь нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лавлагаа лабораторид Ц.Х нь согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Хы “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд Б.У, Мөнхзул, Бадамгарав, Ариунтунгалаг нар Жин нэртэй архи ууж байсан. Миний ажлын өрөөнд сууж байсан болохоор тэд нартай хамт уусан, Бадамгарав, Мөнхзул нар 17 цаг 30 минутын үед гараад явцгаасан, би юу болсныг санахгүй муудчихсан байсан. 19 цагийн үед байх Уламбаяр намайг биеэ хамгаалах боломжгүй согтуу сандал дээр тасраад уначихсан байхад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Намайг сандал дээр согтуу сууж байхад Уламбаяр өрөөний сандал дээр суучихсан өмдөө тайлаад инээж байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь намайг дээрээ суулгачихсан бэлгийн харьцаанд орж байсан. Сандал дээр өөрөө суучихсан байсан. Тэгээд би эсэргүүцээд гараараа цохих гэтэл миний мөр, гарыг атгаж бариад болиулаад байх шиг байсан. Тэгээд тухайн үед уул нь орилоод байсан шиг санагдаж байна. Тэгээд нэг сэрсэн чинь дотуур өмд, ариун цэврийн хэрэглэл үрийн шингэн болчихсон, миний дотуур хувцсыг өөр хүн надад өмсүүлчихсэн байхыг хараад би уйлаад ажлынхаа 602 тоотод ороод жоохон унтчихсан байсан. Гэртээ ирээд усанд ороод дотуур хувцсаа солихдоо ариун цэврийн хэрэглэл үрийн шингэн болсон байхыг анзаараад аваад далд хийсэн. ...” /1хх 76-78/,

гэрч Л.Ариунтунгалагийн “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Уламбаяр амарч орж ирсэн гээд нэг шил виски аваад ирсэн. ...15 цагийн үед Халиунаа ирээд ойр ойрхон хэд хэдэн удаа вискинээс уусан, ...16 цагийн үед Бадамгарав эгч яваад өгсөн, Мөнхзул болохоор ажлаа хийлээ гээд 602 тоот өрөө рүүгээ орсон. ...Халиунаа Уламбаяр ахыг дагуулаад 602 тоот руу 17 цаг өнгөрөөгөөд орсон. ...Тэгээд 30 минутын дараа Уламбаяр ах эргэж орж ирээд Халиунаа бөөлжөөд байна гэж хэлсэн. Тэгээд 10-20 минут манай өрөөнд ажлын талаар хэсэг ярьсан. Тэгээд Уламаа ах гарч яваад ахиад 20 минут орчмын дараа орж ирээд Халиунаа бөөлжөөд, хэсэгтээ сэргэхгүй нь ээ гээд нойлын цаас барьж орж ирсэн. Тэгээд ахиж гарч яваад хэсэг байж байгаад ахиж орж ирээд юу хийж байна, бие хаа чинь зүгээр үү гэх мэт энгийн зүйл ярьж байгаад гараад явсан. Халиунаа сандал дээр баруун тийшээ хажуулдчихсан үс, хувцас нь нилээд их бөөлжис болчихсон, ойр орчим ширээн дээр нь бөөлжис цэвэрлэсэн нойлын цаас байсан, тэгээд би Уламаа ахыг за та яв яв, би нөхөрт нь өгчихье гэж хэлсэн. Тэгээд Уламаа ах 20 цагийн үед гараад явсан. Би Халиунаатай байж байтал нөхөр нь залгахаар нь аваад нөхрийг нь дуудсан. ...” /1хх 103-105/,

шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би өрөөнөөсөө архи гаргаж ирээд Халиунаа, Ариунтунгалаг хоёрын өрөөнд задалсан, ...бид хэд уугаад инээж хөхрөөд байж байгаад Бадамгарав түрүүлээд 16 цагийн орчим гарсан, ...17 цагийн орчим Мөнхзул явсан. Халиун бид 2 тэдний өрөөнөөс гараад манай 602 тоот өрөөнд орж ирсэн. Ороод Халиунаа миний цээжийг налаад зогсоогоороо намайг үнсэж эхэлсэн, би ч бас үнсэлцсэн. Тэгж байхдаа би түүний хөхийг бариад “яасан жижигхэн мөөмтэй юм бэ” гэж тоглоомоор хэлсэн чинь Халиунаа миний бэлэг эрхтнийг зөрүүлж барьж аваад надад “таных ч гэсэн жоохон л юм байна шүү дээ” гээд инээлдээд өнгөрсөн. Тэгээд бид үнсэлцэж байгаад би доогуурх хувцсаа тайлаад өрөөнийхөө шалан дээр хивсэн дээр дээшээ хараад хэвтсэн. Харин Халиунаа өөрийнхөө дотоожийг тайлаад миний дээр гарч суугаад бэлгийн ажил хийсэн. Миний зүүн хөлний өвдөг бэртэлтэй учир өвдөглөж чаддаггүй болохоор би тэгж хэвтсэн юмаа. Тэр үед Халиунаа таашаалтай бололтой гийнаж дуугараад нүдээ аниад тааламжтай байсан. Ойролцоогоор 3-4 орчим минутын дараа би дур тавьсан, Халиунаа дур тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Бэлгэвч хэрэглээгүй, бэлгийн ажил дуусаад өөр өөрсдийнхөө хувцсыг өмссөн, ажлын цаг дуусаагүй байсан болохоор яаралтай боссон, хаалгаа тухайн үед цоожилсон байсан. Халиунаа дотор жоохон муухай оргиод байна гээд миний хажуу ширээний сандал дээр хэсэг сууж байснаа 10 орчим минут болсны дараа шалан дээр хивсэн дээр бөөлжчихсөн. Би цэвэрлэсэн чинь Халиунаа ширээ дэрлээд суугаагаараа байгаад байхаар нь би гараад Ариунтунгалагийн өрөөнд орсон. Ороод түүнтэй ойр зуурын юм яриад Халиунаа бөөлжөөд байна, би цэвэрлэчихээд ирлээ гэсэн. Ажил яриад хэсэг сууж өрөөндөө ортол Халиунаа ширээ дэрлэсэн хэвээрээ байсан. Тэгэхээр нь би очоод ойр орчмыг нь цэвэрлээд бөөлжис болсон юбка энэ тэрийг нь 00 цаасаар цэвэрлэсэн. Тэгээд сэргэхийг нь хүлээгээд өөрийнхөө ширээн дээр суугаад фэйсбүүк үзэж сууж байгаад буцаад Ариунтунгалаг дээр ороод Халиунаа сэргэхгүй байна, яадаг юм билээ гэж хэлчихээд буцаад өрөөндөө орсон. Араас Ариунтунгалаг орж ирээд та харь харь, би нөхөрт нь хүлээлгээд өгчихье гэсэн. ...” /1хх 191-194/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7715 дугаартай “... Ц.Хы биед хоёр хөлийн гуя, шилбэ, хоёр гарын бугалга, зүүн шуу, баруун тохой, хэвлий, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... ” /1хх 164-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3897 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрч байна. Эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Дотоож, ариун цэврийн хэрэглэлд илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Уын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /1хх 179-180/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-19/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 40-58/, флаш-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 60-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уыг хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Уын хохирогч Ц.Хыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Б.Мянган, Ц.Дэлгэрням нараас “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил хорих ял болгон хөнгөрүүлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Б.Мянган, Ц.Дэлгэрням нарын давж заалдах гомдлын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэснийг хүлээн авч, харин “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Б.Мянган, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлын “тэнсэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР