Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 325

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Б, И овогт С-ын Б нарт холбогдох эрүүгийн 201701000107 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Батжаргал /Нийслэл/, шүүгдэгч С.Б, Б.Б, тэдний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ж.Гантулга, гэрч Г.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-ийн уурхайн орчуулагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ын Б,

 

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагч ажилтай, цагдаагийн ахлагч цолтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн,  хэрэг хариуцах чадвартай, И овогт С-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0,8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч С.Б нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

  Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Б.Б-эс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, орой 18:00-19:00 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ явж байтал Н.Б гэх эмэгтэй над руу залгаад “мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис байна, чи авах уу” гэж асуусан. Тэгээд би өмнө нь нэг, хоёр удаа хэрэглэж байсан болохоор саваагүйтэж, сонирхсон. Н.Б-тай гэрийнхээ гадаа уулзаад, Н.Б нь хажуу талын байрнаас 1 грамм гэж “мөс” авчирч, би Н.Б-д 400.000 төгрөг өгөөд авсан.

Тэгээд би тэр мөсийг гэрлүүгээ авч ороод тэр оройдоо жааханыг хэрэглэсэн. Маргааш нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний орой 18:00-19:00 цагийн үед ажил тарах үеэр С.Б над руу залгаад” уулзъя” гээд бид хоёр уулзсан. С.Б бид хоёр Олимп хотхоны ойролцоо уулзааад С.Б-ы машинд надад байсан мөс гэх зүйлийг хоёулаа татсан. Тэгээд байж байх үед С.Б нь “шуурхай авч, ажилтай боллоо” гээд, бид 2 орой нь уулзахаар болоод салсан. Тухайн үед С.Б-ы машинд авч орж татсан мөсөө  түүний машинд үлдээсэн байсан. Би тэр үед  ***** УБЦ улсын дугаартай Бенз-200 маркийн автомашинтай явж байсан. *****-УБЦ машиныг хүнд зарсан, мөнгөө бүрэн аваагүй байсан тул нэрээ шилжүүлээгүй байсан, тэр өдөр хүүхдийн бие өвдөөд, машины хэрэг болоод гуйгаад авсан байсан юм.

2017 оны 05 дугаар сарын 29-ний орой нь 23:00-00:00 цагийн үед С.Б над руу залгаад, бид хоёр Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо уулзахаар тохирч, би байгаа газарт нь очоод байж байхдаа цагдаа нарт баригдсан.        

Цагдаа нар баригдах үед “юмаа гарга” гэхэд би бүх зүйлээ гаргаж өгсөн. Би уг зүйлийг Н.Б-гаас авсан байсан ба Н.Б грамм нь 400.000 төгрөг гэхээр нь 400.000 төгрөг өгөхөд 1 грамм гээд гаргаж ирсэн. Миний биед 1 ширхэг соруул, зиплок түгжээ, мөс гэх зүйлүүд байсан. Эдгээр зүйлүүд миний халаасанд байсан, С.Б-ы машинд орж суухдаа авч орсон байсан юм. Би С.Б-д мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаагүй, зараагүй, С.Б бид хоёр надад байсан “мөс” гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хамт жаахан хэрэглэсэн байсан. Түүнээс хоорондоо өгч авалцаад, худалдан борлуулаад байсан зүйл байхгүй.

Өмнө нь хоёр гурван удаа уулзаж хамт хэрэглэж байсан тохиолдол бий. Тэр өдөр өөрт байсан 1 грамм хиртэй мөснөөсөө С.Б-д “хийх зүйл байна уу” гэхэд уут гаргаж ирээд уутанд нь жаахан хийгээд, хамт хоёулаа татаж хэрэглээд, багахан үлдсэн байсан. Мөснөөс өөр зүйл хэрэглээгүй. Тэгээд С.Б, бид хоёр “орой уулзъя” гэж тохиролцоод салсан юм. Нүд Баагий гээд байгаа нь намайг хэлээд байгаа юм, хүмүүс намайг тэгж дууддаг. Би С.Б-д 100.000 төгрөгөөр мөс зарсан зүйл байхгүй. Надад ашиг олох зорилгоор болон бусдад худалдан борлуулсан асуудал байхгүй. Би хор уршгийг нь мэдэж байсан, ийм хэмжээнд хүрнэ гэж мэдээгүй. 1 грамм мөсийг сонирхоод, өөрөө татах үед 7-8 хоног хэрэглэдэг. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн, хадгалсан гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Худалдан борлуулж, ашиг орлого олох санаа зорилго байгаагүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш эхнэр бид хоёр салсан. Одоо өндөр настай, групп-т байдаг аавтайгаа, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2.  Шүүгдэгч С.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний орой 20:00 цагийн үед Б.Б рүү залгаад Олимп хотхоны гадаа уулзаж, миний машинд мөс гэх зүйлийг хувааж татсан. Тэгээд миний машинд Б.Б мөс гэх зүйлийг үлдээгээд буусан байсан. Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад цагдаа нарт баригдаад, орой нь цагдаа нартай очиж Б.Б-тэй уулзсан. Би өөртөө хэрэглэх зорилгоор мөсийг хоёр хэсэг хуваасан байсан.

Манай хамаатны ах миний машиныг гуйж барьдаг байсан. Тэр хамаатны ах маань чулууны наймаа хийдэг, миний машинаас зиплок түгжээ бүхий 5 ширхэг гялгар уутыг тэр ах үлдээсэн байх. Хэрэглүүр гуурсын хувьд тэр гуурсаар Б.Б, бид хоёр мөс гэх зүйлийг хэрэглэсэн байсан.

Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлэгтээ “үнэн зөв” ярьсан байгаа. Эхний өгсөн мэдүүлэгт улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч надад дарамт шахалт үзүүлсэн, миний хэлсэн, ярьсан зүйлийг гуйвуулж бичсэн байсан. Намайг шууд гарын үсгээ зур гэж тулгасан болохоор би мэдүүлэгт шууд гарын үсэг зурсан. Б.Б бид хоёр 2-3 удаа хамт мөс гэх зүйлийг хэрэглэж байсан.

Би Г.Б-ийг өмнө таньдаг найзаараа дамжуулж танилцсан ба тэр өөрөө барилгын компанитай, надаас машин зээлээр худалдаж авч байсан, тэгээд сайн таньдаг болсон, Г.Б-т мөс гэх зүйл зарж байгаагүй. Тухайн үед миний цалин буугаагүй, хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг хийх мөнгө хэрэг болсон учир Г.Б-тай “мөнгө зээлээч, хэрэг болоод байна, удаахгүй өгнө” гэж утсаар ярьж мөнгө зээлсэн. 150.000 төгрөг Г.Б миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг данснаасаа гаргаж аваагүй байсан. Өмнө Г.Б надтай хамт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Би хууль бусаар мөс гэх зүйлийг олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болохгүй хэрэг хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Надад бусдад худалдан борлуулах санаа зорилго байхгүй.

Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай талаар мэднэ. Б.Б нь Оюу-толгой руу ажлаар явж байгаад ирсэн, би ажилтай учраас уулзаж чадахгүй яваад байсан юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-тэй уулзаад, бид хоёр юм ярьж сууя гээд бид хоёр уулзахад Б.Б нь “хүнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис авсан, хамт хэрэглэж үзье”  гээд хэрэглэсэн байсан юм. ” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би үнэн зөв мэдүүлэг өгнө. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр С.Б надтай ярьж, 200.000 төгрөг зээлүүлээч” гэж асуусан. Тухайн үед надад дансанд бэлэн байгаа нь 150.000 төгрөг байна гээд тэр өдөр нь түүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Би С.Б-д машины мөнгө шилжүүлж байсан болохоор дансыг нь мэднэ. Тухайн үед мөнгө юунд хэрэглэх гэж байгааг С.Б надад хэлээгүй.  

Би тухайн үед” мансууруулах бодис авах гэж байгаа юм болов уу” гэж ойлгосон.  2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ямар мэдүүлэг өгснөө одоо сайн санахгүй байна. Би мэдүүлгээ уншаагүй, надаас юм асууж байгаад гарын үсэг зур гэхээр нь зурсан, би тухайн үед яаралтай ажилтай ч явж байсан. Би уншиж танилцсан, үнэн зөв гэж бичээд гарын үсэг зурсан. С.Б надад “мөнгөнд чинь тааруулаад мөс өгчихнө” гэж хэлсэн зүйл байхгүй. Мөнгө шилжүүлсний дараа С.Б надтай ярьсан. Тэгэхэд нь би “мөнгө хэрэгтэй байгаа, яаралтай буцаагаад өгөөрэй гэхэд тэгж байгаад өгнө” гэж хэлж байсан. 

Би бодохдоо С.Б-ыг “мансууруулах төрлийн бодис худалдаж авахад нь  мөнгө хэрэгтэй болсон юм болов уу” гэж бодсон. Намайг эргээд залгахад тэгж хэлж байсан шиг санагдаж байна. Би С.Б руу өөрийнхөө 88117175 дугаарын утсаар ярьсан. Мөрдөн байцаалтын шатанд би мөс хэрэглэдэг байсан гэж хэлээгүй, гуйвуулж бичсэн байна. Надаас авсан мөнгөнийхөө оронд мөс гэх зүйлийг надад хэрэглүүлж байгаагүй. Зээлсэн мөнгөө тухай бүрд нь буцааж өгдөг байсан. Энэ нь олон тохиолдол биш, ганц, хоёр удаа байгаа. Би С.Б-тай 2016 оны дундуур хоёр удаа мөс хамт хэрэглэж байсан, энэ хоёр удаагийн үйлдэл нь хоорондоо хол зайтай учраас яг хэдийд гэдгийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201701000107 дугаартай хэргээс:

 

1. С.Б, Б.Б нарын биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хэргийн 1-р хавтас 17-20х, 22-24х/,

 

2. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 21х, 27х/,

 

3. Б.Б-ийн ***** УБЦ улсын дугаартай суудлын Бенз-Е200 маркийн, С.Б-ы Тоёото марк-2 ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус  битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 9-11х, 12-14х/,  

 

4. Нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 30-33х, 32-41х/,

 

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 34х-36х, 37-38х/,

 

6. Эд мөрийн баримт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

6.1. С.Б-ы автомашинд үзлэг хийж хураан авсан: 

“Тестер 1 ширхэг, хар өнгийн хуванцар тагтай цахилгаан жинлүүр 1 ширхэг, ногоон өнгийн 22см урттай соруул 1 ширхэг, шилэн 6 см урттай гаанс 1 ширхэг, зиплок түгжээ бүхий 5 ширхэг гялгар уут, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох цагаан өнгийн нунтаг бүхий 0.6 грамм метамфетамины агууламжтай мөс, уут 5х7 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0,7 грамм мөс мэт зүйл”,

6.2. Б.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан:

“ метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс мэт зүйлс, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй,  дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай хуванцар гуурс, хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см орчим урт 2 ширхэг хуванцар иш зэрэг эд зүйлсийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47-48х, 50-51х/,

 

7. С.Б-ы Хаан банк дахь 5023****** тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 72-76х/,

 

8. Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

“...2014 оны үед С.Б-тай найзуудаараа дамжуулан танилцаж байсан. Тэрнээс хойш хаяа уулзаж ярьж хөөрдөг байсан. Ер нь нэг их дотно бол нөхөрлөдөггүй. 2016 оны 07 сард С.Б-аас би Тоёота Приус-20 маркийн автомашин зээлээр худалдан авч байсан. Би автомашиныг нь 10.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод урьдчилгаанд нь 2 сая төгрөг бэлнээр өгөөд, үлдсэн мөнгийг нь сар, сардаа бага багаар төлж дуусгасан.

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед өөрийн ажлын газар болох “Алтай” хотхоны баруун талд байрлах “Ууган Сүмбэр” ХХК-ийн байрандаа байж байтал миний танил С.Б нь өөрийнхөө 93****** дугаарын утсаар залгаад “чамд мөнгө байна уу, найзад нь мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэж асуутал “хүнтэй уулзаж, бага зэргийн мансууруулах бодис /мөс/ авах гэсэн юм. 250.000 төгрөг зээлээч” гэхээр нь “надад одоо 250.000 төгрөг байхгүй байна, миний дансанд байгаа нь 170.000 төгрөг байна, тэрийг авбал ав” гэж хэлтэл, “За тэгье, чи миний данс руу мөнгөө шилжүүлчих” гээд дансны дугаараа явуулахаар нь 150.000 төгрөгийг С.Б-ы “Хаан” банкны 5026****** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд С.Б-аас, “чи надад мөнгөө хэзээ буцааж өгөхийн бэ” гэж асуухад “би одоо танил нүд Баагийгаас жоохон мансууруулах бодис болох /мөс/ авах гэж байгаа юм, тэр мөснөөс жоохон илүүг аваад 100.000 төгрөгний үнэ бүхий мөсийг, мөнгөний чинь оронд өгөөд, үлдсэн 50.000 төгрөгийг нь удахгүй 2 цагийн дотор буцаагаад өгье” гэсэн. Миний ойлгосноор С.Б нь нүд Баагий гэгчээс мөс худалдан аваад цааш нь зараад, эсвэл өөр хүнээс мөнгө аваад миний мөнгийг буцааж өгөх байсан байх.

Тэр өдөр намайг ажил дээрээ байж байхад С.Б нь өөрөө миний гар утас руу залгаад “Найзад нь мөнгө хэрэгтэй байна. Би хүнээс бага зэргийн юм /мөс/ авах гэсэн чинь мөнгөгүй болчихоод чамаас мөнгө зээлээд авчмаар байна. Би тэр худалдан авсан юм /мөс/-нөөсөө бага зэргийг чамд өгөөд үлдсэн мөнгийг бэлнээр нь удахгүй буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэрнээс миний хувьд С.Б-д мансууруулах бодис захиалсан зүйл байхгүй. Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа 2 цаг орчим болоход С.Б нь таг алга болчихоор нь гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Сүүлдээ би “мөнгөө буцааж авья” гээд мессеж хүртэл бичсэн.

Би өмнө нь 2016 оны эхээр сонирхлын журмаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт мөс гэх бодисыг анх хэрэглэж үзсэн. Тэрнээс хойш хаяа бага зэрэг хэрэглэдэг болсон. Миний хувьд С.Б-тай танилцаж эхэлсэн цагаас эхлэн мөс гэх мансууруулах бодисыг мэддэг болсон. Тэрнээс хойш С.Б нь хаяа надтай уулзахаараа мөс гэх мансууруулах бодисыг авчирч өгөөд “хэрэглэж үзэх үү” гэхээр нь хэрэглэж байсан. Ер нь би С.Б-аас өөр хүнээс авч байгаагүй. С.Б л хэн нэгнээс мөс гэх бодисыг олоод авчдаг байсан. Яг ямар хүмүүсээс авдаг гэдгийг нь бол мэдэхгүй байна.

Хаяа миний гар утас руу залгаад “мөс авах гэсэн чинь мөнгө дутаад байна “нөгөө юмаа хэрэглье” гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад бид хоёр цуг хэрэглэдэг байсан. С.Б нь надад хэлэхдээ хүнээс авах гэж байна гэж хэлээд, дараа нь олоод авчдаг байсан. Сүүлд сонсох нь ээ нүд Баагий гэх залуугаас худалдан авдаг байсан талаараа надад хэлж байсан. С.Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахын тулд надаас мөнгө зээлж авдаг байсан. Тэгээд мөсөө авсаныхаа дараа, мөнгөнийхөө оронд мөс гэх бодисыг надад жаахныг өгөөд өр тооцоог дуусгадаг.

Заримдаа мөнгөө бэлнээр нь буцаагаад өгдөг байсан. Миний хувьд С.Б-д мөнгө өгөөд “мөс” гэх бодисыг захиалж авч байсан удаа байхгүй. С.Б нь мансууруулах бодисыг бусдад худалддаг байсан талаар мэдэхгүй байна.  Өөрөө хэрэглэх гэж авдаг байсан байх. Би нүд Баагий гэх хүнийг танихгүй. С.Б сайн таних байх. С.Б надад хэлэхдээ мөс гэх бодисоо нүд Баагийгаас авлаа л гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 100-102х/,

 

9. ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5668 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйл, “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,3175 грамм, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,2482 грамм, “С.Б 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 100 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гялгар уутанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн.

4. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн.

6. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.”

Жич: Шинжилгээнд ирүүлсэн “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэдт зүйл, шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйл, 5 ширхэг гялгар уутыг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 2017.05.29” гэж хаягласан “ЦГ” гэсэн лацаар лацадсан хуванцар савтай шээсийг шинжилгээнд хэрэглэн савыг устгасан болно. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 104-106х/,

 

10. ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5556 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хүрэлцэхүйц хэмжээтэй болон бусад зүйлс битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай гуурс, 2 талдаа хөвөн мэт зүйлтэй, 7,5 см урт хуванцар зүйл тус бүрээс метамфетамин/МАМР/-ы агууламж илрэв.

Шинжилгээгээр илрүүлсэн Б.Б гэж хаяглаж авсан шээсний дээжинд   метамфетамин/МАМР/-ы болон тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж тус тус илрэв.

3. Метамфетамин/МАМР/, тетрагидроканнабинол/ /ТНС tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Хэргийн 1-р хавтас 108-1114х/,

 

11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 643 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд:

1. Б.Б нь урьд өмнө сэтгэцийн эмчийн хяналтад байж, ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Б.Б одоо сэтгэцийн хувьд “сэтгэц нөлөөт бодисын хэтрүүлсэн хэрэглээтэй” байна.

3. Б.Б одоо сэтгэцийн хувьд “сэтгэц нөлөөт бодисын хэтрүүлсэн хэрэглээтэй” байна.

4. Б.Б мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Б нь мансуурах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, харин “Сэтгэцэт нөлөөт бодисын хэтрүүлсэн хэрэглээтэй” байна.

7. Б.Б нь мансуурах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, харин “Сэтгэцэт нөлөөт бодисын хэтрүүлсэн хэрэглээтэй” байна. “Сэтгэцэт нөлөөт бодисын хэтрүүлсэн хэрэглээтэй” иргэний Монгол Улсад, СЭМҮТ-д эмчлэх боломжтой байна.

8. Б.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой хоёр утга нь нэг ойлголт бөгөөд шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй болно. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 117-119х/,

 

12. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 671 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: 

1. С.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. С.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. С.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. С.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисын хамааралтай гэх ойлголтууд утга нэг ойлголт болно. С.Б нь мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Харин сэтгэцэт нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол улсад, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийэ гүйцэтгэх боломжтой болно.

6. С.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэрэглэх шаардлагагүй байна.

7. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой хоёр нь утга нэг ойлголт болно. Шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй болно. гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 23-24х/,

 

13. Мөрдөн байцаалтын шатанд Н.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би ЭХТА-ийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Бакузагаас мөсийг аваад Б.Б-д дамжуулаад өгчихсөн юм чинь зөвшөөрч байна. “ гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-67х/,

 

14. Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 10/1702 0000 0035 дугаартай тогтоол /хэргийн 1-р хавтас 70х/,

 

15. Шүүгдэгч С.Б-ы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажилтай байж байгаад орой 21 цагийн үед танил Б.Б нь миний гар утас руу залгаад “Хаана байгаа юм” гэхээр нь “ажил дээрээ байна, ингэсгээд тарах гэж байна, чи хаана байгаа юм” гэж асуухад “Олимп хотхоны гадаа байна, чи хүрээд ирээрэй” гэхээр нь 21:30 цагийн үед бид хоёр “Олимп” хотхоны байрнуудын голд уулзсан юм. Тэгээд би Б.Б-ийн автомашинд орж суутал Б.Б нь “Хүнээс юм олчлоо /Мөс/” гээд гаргаж ирэхээр нь би тэр мөснөөс нь хоёр сороод, Б.Б бас нөгөө мөснөөсөө татсан. Б.Б нь надад мөснөөсөө жоохон үлдээгээд, “Энэ мөс чамд байж байг, хоёулаа уулзаад дахин хэрэглье” гээд салсан.

Тэгээд би 120 мянгатын “Жетро” нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи, асаагуур аваад автомашиндаа сууж хөдлөөд, 19 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн үүдэнд ирээд зогсоход, цагдаа нар гарч ирээд намайг баривчилсан. Б.Б бид хоёр үе, үе уулзаж мөс хэрэглэдэг байсан нь үнэн. Миний хувьд хэн нэгнээс худалдан авч хэрэглэж байгаагүй. Манай найз Б.Б нь мөс гэх сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис олчихоороо над руу “хэрэглэх үү” гэхээр нь би очиж уулздаг.

Тухайн өдөр цагдаа нарт баригдаад сандрахдаа найз Б.Б-эс 100.000 төгрөгөөр худалдан авсан гэж худал хэлсэн юм. Тэрнээс би Б.Б-эс худалдан авсан зүйл байхгүй. Тухайн үед миний автомашинаас гарч ирсэн эдгээр зүйлсийг сонирхлын журмаар авч явсан юм. Тэрнээс өөр ямар нэгэн санаа зорилготой авч яваагүй.

Миний автомашинаас гарч ирсэн багахан хэмжээний мөсийг би цааш нь зарах гэж байсан асуудал байхгүй. Би мөсийг Б.Б-эс авч, орой нь бид хоёр дахин уулзаж  хэрэглэх гэж байсан юм. Би энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би дахин ийм асуудалд холбогдохгүй. Буруу хүмүүстэй дахин нийлэхгүй, их юм ойлгож байна. Миний хувьд тухайн мөс гэх бодисыг биедээ болон тээврийн хэрэгсэлдээ авч явсан нь үнэн. Гэхдээ тухайн бодисыг цааш нь зарж борлуулах болон бусдад дамжуулан худалда зорилго байгаагүй юм.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1-р хавтас 142-144х, 154-155х/,

 

16. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 05 сарын 28-ны орой 19-20 цагийн үед миний танил Н.Б нэртэй хүүхэн над руу 9618.... тай дугаараас холбогдоод “надад жаахан мөс байна, сонирхож байна уу” гэж асуухаар нь би “уулзаж сонирхъё” гээд “хаана байгаа юм” гэж асуухад “манай байрны хажуу талын Тэнгэр худалдааны төв дотор байна” гэхээр нь би 400.000 төгрөгтэй гэрээсээ гараад Н.Б-тай уулзсан. Н.Б ганцаараа явж байсан ба надтай уулзаад түүнээс 1 грамм мөсийг 400.000 төгрөгөөр авахаар болж, тэгээд Н.Б миний мөнгийг аваад манай байрны урд талын нэг байр луу ганцаараа орж, удалгүй гарч ирээд, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн мөсийг “1 грамм байгаа” гэж хэлээд надад өгсөн. Би тэр мөсийг нь граммлаагүй, шууд авсан. Тэгээд буцаж гэртээ ороод, гэр орныхоо ажлыг хийж байгаад орой 22-23 цагийн үед Н.Б гэх эмэгтэйгээс авсан мөсөө мөс мөн, бишийг шалгах зорилгоор 00-ийнхоо өрөөнд орж хаалгаа түгжээд дотор нь өөрийн биед байсан тарианы шилэнд хийж доороос нь асаагуураар халааж, утааг нь үнэрлэж шалгахад мөс мөн байсан.

Харин маргааш нь буюу 2017 оны 05 сарын 29-ний өглөө босоод гэрээсээ гарахдаа мөсөө биедээ аваад гарсан. Ггадуур ажилтай явж байтал орой 15-16 цагийн үед над руу С.Б яриад, “чи жаахан юмтай болсон уу” /юм гэдгээ мөс гэж ярилцсан гэх/ гэхээр нь “жаахан юм байгаа” гэтэл “би HOME плазагийн ойролцоо ажилтай байна, эндээс холдож болохгүй” гэхээр нь би байгаа газар луу нь машинтайгаа очоод Олимп хотхоны машины зогсоол руу орж С.Б-ы ******** улсын дугаартай машинд сууж байгаад мөснөөсөө С.Б-ы машинд байсан шилэн гаансанд болон би өөрт байсан тарианы шилэндээ бага зэргийг хийж хэрэглэсэн. Тэр үед надад байсан мөснөөс С.Б бага хэмжээгээр аваад үлдсэн. Учир нь бид хоёр нэг нь юмтай /мөстэй/ болохоороо бие биедээ жаахныг өгч авалцаад хувааж татдаг байсан юм.  

Гэртээ хариад байж байхад шөнийн 23:00 цагийн үед надруу С.Б өөрийнхөө 93****** гэсэн дугаараас залгаад хурал тарчихлаа, “Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо байна, хүрээд ир”  гэхээр нь би өөрийнхөө ***** УБЦ улсын дугаартай машинаар очоод цагдаад баригдаж саатуулагдсан. Мөсийг Н.Б-гаас, тарианы шилийг эмийн сангаас, соруулыг нь соруултай ундаанаас авч өөртөө хадгалж байсан. С.Б-ы машинаас гарч ирсэн зүйлсийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би С.Б-тай ямар ч мөнгө төгрөг өгч авалцсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 146-148х, 150-151х/, шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Б-ын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-99х/, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 160х/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-165х/ баримт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, талуудын хүсэлтээр  шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

   

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1. Гэм буруугийн хувьд:

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж,  улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан”  гэж тус тус үзэх юм.

 

1. Шүүгдэгч Б.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0,8 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг танил гэх Н.Б-гаас 400.000 төгрөгөөр 2017 оны 05 сарын 28-ны өдөр худалдан авч, улмаар 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19-ий үйлчилгээний төвийн орчимд өөрийн биедээ хадгалсан, шүүгдэгч С.Б-д өгсөн:,  

 

2. Шүүгдэгч С.Б нь 2017 оны 05 сарын 29-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм “мөс” гэх нэршилтэй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-эс хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19-ийн үйлчилгээний төвийн орчимд биедээ болон өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан  үйл баримт:

- С.Б, Б.Б нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл,

Б.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан: “ метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс мэт зүйлс, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай хуванцар гуурс, хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см орчим урт 2 ширхэг хуванцар иш зэрэг эд зүйлсийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, тогтоол:  /хэргийн 1-р хавтас 18-20х, 22-24х/,

- С.Б, Б.Б нарт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 21х, 27х/,

- Б.Б-ийн ***** УБЦ улсын дугаартай суудлын Бенз-Е200 маркийн, С.Б-ы Тоёото марк-2 ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийж, үзлэгээр С.Б-ы автомашинаас хураан авсан:

“Тестер 1 ширхэг, хар өнгийн хуванцар тагтай цахилгаан жинлүүр 1 ширхэг, ногоон өнгийн 22см урттай соруул 1 ширхэг, шилэн 6 см урттай гаанс 1 ширхэг, зиплок түгжээ бүхий 5 ширхэг гялгар уут, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болох цагаан өнгийн нунтаг бүхий 0.6 грамм метамфетамины агууламжтай мөс,  5х7 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0,7 грамм мөс мэт зүйл” зэрэг эд зүйлсийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, тэмдэглэл  /хэргийн 1-р хавтас 34х-36х, 37-38х, 47-48х, 50-51х/,

- ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5668 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйл, “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,3175 грамм, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,2482 грамм, “С.Б 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 100 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гялгар уутанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн.

4. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн.

6. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.”

Жич: Шинжилгээнд ирүүлсэн “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэдт зүйл, шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйл, 5 ширхэг гялгар уутыг дүгнэлтийн хамт буцаав. Шинчилгээнд ирүүлсэн “С.Б 2017.05.29” гэж хаягласан “ЦГ” гэсэн лацаар лацадсан хуванцар савтай шээсийг шинжилгээнд хэрэглэн савыг устгасан болно. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 104-106х/,

- ШШҮХ-ийн Химийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5556 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хүрэлцэхүйц хэмжээтэй болон бусад зүйлс битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай гуурс, 2 талдаа хөвөн мэт зүйлтэй, 7,5 см урт хуванцар зүйл тус бүрээс метамфетамин/МАМР/-ы агууламж илрэв.

Шинжилгээгээр илрүүлсэн Б.Б гэж хаяглаж авсан шээсний дээжинд   метамфетамин/МАМР/-ы болон тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж тус тус илрэв.

3. Метамфетамин/МАМР/, тетрагидроканнабинол/ /ТНС tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 108-114х/,

- Н.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би ЭХТА-ийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна“ гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-67х/ баримтууд, нэр бүхий шүүгдэгч нарын  мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус өгсөн мэдүүлэг баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б С.Б /06 гр/ нарын  дээрх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай /08 гр/, /0.6 гр/ “мөс” гэх нэршилтэй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан  үйлдэл нь тэдгээр нь уг бодисыг “худалдан борлуулах” зорилготой байсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нэр бүхий шүүгдэгч нар нь “худалдаалах зорилгоор” мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй, шүүгдэгч Б.Б нь бусдаас 400.000 төгрөгөөр худалдан авсан гэх  мөс нэршилтэй бодисыг шүүгдэгч С.Б-д худалдсан болох, мөн С.Б нь Б.Б-эс мөс гэх нэршилтэй бодисыг худалдан авч, уг бодисыг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн  Г.Б-т түүнээс зээлж авсан гэх мөнгөний үүрэгт тооцон өгөхөөр, мөн өөр бусдад зарж ашиг олох зорилготой, тийм шууд санаатай байсан гэх байдал бүрэн хангалттай тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б-ийн өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр С.Б надтай ярьж, 200.000 төгрөг зээлүүлээч” гэж асуусан. Тухайн үед надад дансанд бэлэн байгаа нь “150.000 төгрөг байна” гээд тэр өдөр нь түүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Би С.Б-д машины мөнгө шилжүүлж байсан болохоор дансыг нь мэднэ. Тухайн үед мөнгө юунд хэрэглэх гэж байгааг С.Б надад хэлээгүй. 

Би тухайн үед” мансууруулах бодис авах гэж байгаа юм болов уу” гэж ойлгосон.  2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ямар мэдүүлэг өгснөө одоо сайн сайн санахгүй байна. Би мэдүүлгээ уншаагүй, надаас юм асууж байгаад гарын үсэг зур гэхээр нь зурсан, би тухайн үед яаралтай ажилтай ч явж байсан. Би уншиж танилцсан, үнэн зөв гэж бичээд гарын үсэг зурсан. С.Б надад “мөнгөнд чинь тааруулаад мөс өгчихнө” гэж хэлсэн зүйл байхгүй. Мөнгө шилжүүлсний дараа С.Б надтай ярьсан. Тэгэхэд нь би “мөнгө хэрэгтэй байгаа, яаралтай буцаагаад өгөөрэй гэхэд тэгж байгаад өгнө” гэж хэлж байсан.  Би бодохдоо С.Б-ыг “мансууруулах төрлийн бодис худалдаж авахад нь  мөнгө хэрэгтэй болсон юм болов уу гэж бодсон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/,

 

Мөн гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд С.Б-аас, “чи надад мөнгөө хэзээ буцааж өгөхийн бэ” гэж асуухад “би одоо танил нүд Баагийгаас жоохон мансууруулах бодис болох /мөс/ авах гэж байгаа юм, тэр мөснөөс жоохон илүүг аваад 100.000 төгрөгний үнэ бүхий мөсийг, мөнгөний чинь оронд өгөөд, үлдсэн 50.000 төгрөгийг нь удахгүй 2 цагийн дотор буцаагаад өгье” гэсэн. Миний ойлгосноор С.Б нь нүд Баагий гэгчээс мөс худалдан аваад цааш нь зараад, эсвэл өөр хүнээс мөнгө аваад миний мөнгийг буцааж өгөх байсан байх. ...Миний хувьд С.Б-д мөнгө өгөөд “мөс” гэх бодисыг захиалж авч байсан удаа байхгүй. С.Б нь мансууруулах бодисыг бусдад худалддаг байсан талаар мэдэхгүй байна. ...Би өмнө нь 2016 оны эхээр сонирхлын журмаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт мөс гэх бодисыг анх хэрэглэж үзсэн. Тэрнээс хойш хаяа бага зэрэг хэрэглэдэг болсон. Миний хувьд С.Б-тай танилцаж эхэлсэн цагаас эхлэн мөс гэх мансууруулах бодисыг мэддэг болсон. Тэрнээс хойш С.Б нь хааяа надтай уулзахаараа мөс гэх мансууруулах бодисыг авчирч өгөөд, “хэрэглэж үзэх үү” гэхээр нь хэрэглэж байсан. Ер нь би С.Б-аас өөр хүнээс авч байгаагүй. С.Б л хэн нэгнээс мөс гэх бодисыг олоод авчдаг байсан. Яг ямар хүмүүсээс авдаг гэдгийг нь бол мэдэхгүй байна. Хаяа миний гар утас руу залгаад “мөс авах гэсэн чинь мөнгө дутаад байна “нөгөө юмаа хэрэглье” гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад бид хоёр цуг хэрэглэдэг байсан. С.Б нь надад хэлэхдээ “хүнээс авах гэж байна” гэж хэлээд, дараа нь олоод авчихдаг байсан, сүүлд сонсох нь ээ нүд Баагий гэх залуугаас худалдан авдаг байсан талаараа надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 100-102х/ нь “өөр хоорондоо зөрүүтэй, эх сурвалжийг бүрэн тодорхойлоогүй, тэрээр өөрийн бодол, таамаглалыг хэлсэн” гэж үзэхээр байх тул гэрч Г.Б-ийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад хамаатуулан үнэлэхэд учир дутагдалтай байна. 

 

Нөгөө талаар “...ногоон өнгийн хуванцар гуурс, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, зиплок түгжээ бүхий 5 ш гялгар уут, хар өнгийн пивор тагтай жин, нийт жингээр гялгар уутны хамт 0.6 гр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл (машины нарны халхавчны ар талаас, мөн жолооч талын хаалганы бариул хэсгээс тус тус илэрсэн цагаан өнгийн талстлаг зүйл) “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь хоёр хэсэглэж савлагдсан байдалтай” С.Б-ы тээврийн хэрэгслээс илэрч, хэрэгт хураагдсан,

- мөн шүүгдэгч Б.Б-ийн биед хийсэн үзлэгээр илэрч, хэрэгт хураагдсан: “...зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.8 гр (шинжилгээний дараа уутны хамт 0.7 гр болсон) метамфетамины агууламж бүхий цагаан өнгийн талстлаг мөс гэх зүйл, ёроол хэсэгт хар өнгийн зүйлээр, дээд хэсэгтээ цайвар өнгийн зүйлээр тус тус бохирлогдсон, толгойг нь авсан тарианы шил байж болох шил, цагаан өнгийн хуванцар гуурс, хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй цагаан өнгийн 6 см орчим хуванцар зүйл” зэрэг эд мөрийн баримтууд нь нэр бүхий шүүгдэгч нар метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан байдлыг хөдөлбөргүй нотлох бөгөөд “жин хэмжүүр, зиплок түгжээ бүхий 5 ш уут” зэрэг эд мөрийн баримт нь сэжиг бүхий үндэслэлийг үүсгэх хэдий ч энэ нь тэдгээр шүүгдэгч нар сэтгэцэд нөлөөт бодисыг “худалдан борлуулах, худалдаалах зорилго бүхий байсан” гэдгийг шууд нотолж тогтоохгүй юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу  сэтгэцэт нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан. 

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна.  

 

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд нүд Баагийгаас /Б.Б-/ 100.000 төгрөгөөр мөс авсан, авсан мөсийг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Б-аас зээлж авсан гэх мөнгөндөө тооцох талаар ярьсан, шүүгдэгч С.Б-ы тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зиплок түгжээ бүхий гялгар уутнууд /5ш/, хар жижиг жинлүүр илэрч, эд мөрийн баримтаар тооцогдон хэрэгт хураагдсан, гэрч Г.Б-ийн мэдүүлэг” зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогддог” тул шүүгдэгч С.Б, Б.Б нар нь “худалдан болруулах зорилгоор хориглосон мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан” гэж хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгосон хэмээн мэтгэлцсэн хэдий ч гэм буруугийн талаар дүгнэлтэд заасан асуудлаар талууд тус бүр нэг удаа тайлбар хийх үе шатанд улсын яллагч  “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд болоод шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс” Б.Б нь мөс гэх нэршилтэй 0.8 гр сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авахдаа “худалдан борлуулах” зорилготой байсан гэх байдал нь хангалттай нотлогдохгүй байна, иймд шүүгдэгч Б.Б нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авч өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн /С.Б-д/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх санал дүгнэлт гаргасныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэлээ.   

 

“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэж, С.Б, Б.Б нарт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг /0,8 грамм/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт,  

шүүгдэгч С.Б-ыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг /0.6 грамм/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.     

 

 

2. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

 

Нэр бүхий шүүгдэгч нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан болон худалдан борлуулах зорилгогүйгээр өөрсдөө хэрэглэсэн үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдлаа хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба шүүх шүүгдэгч С.Б, Б.Б нарт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж,

- шүүгдэгч Б.Б-ийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг /0,8 грамм/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн,

- шүүгдэгч С.Б-ыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг /0.6 грамм/ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн учир

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Б.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Энэ хэргийн шүүгдэгч Б.Б, С.Б нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 165-166х/ баримтаар тогтоогдсон, тэдгээр нь анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч С.Б, Б.Б нар нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцж төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээ  нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, шүүгдэгч Б.Б-ийн тухайд гэмт хэрэгт холбогдсоноос болж эхнэр нь түүнийг бага насны хоёр хүүхэдтэй нь орхиж явсан, одоо гэр бүл салсан байдалтай байгаа, мөн өндөр настай өвчтэй эцгээ асрамжлах үүрэгтэй зэрэг байдлыг тус тус харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн ....гурав хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасны дагуу С.Б-д ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Б.Б-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж тус тус шийдвэрлэж өгнө үү” хэмээн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн,

- мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн ....гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно”  гэсэн нь тус тус шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Шүүгдэгч Б.Б “ганц бие эцэг” гэх байдал хэрэгт авагдсан гэрч П.Б-ын:

“... бага хүү Б.Б нь 2015 оны 06 сарын үед Франц улсаас ирсэнээс хойш манай БЗД-ийн 8-р хороо, ********* тоотод байх 2 өрөө байранд эхнэр, хүүхдийн хамт, эхнэр бид хоёртой хамт амьдарч байгаа. Охин Анхил нь гадаадад байх хугацаанд нь төрсөн, гадаадаас ирээд бид нартай хамт амьдарч байхад бага охин Аялгуу нь 2017 оны 2 сарын эхээр төрсөн. Би бага хүүгээ хажуунаасаа салгах бодолгүй байгаа, тиймдээ ч одоо хүртэл хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч өөрөө “би эхнэртэйгээ анхнаасаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай амьдарч байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан /тэмдэглэлд тусгагдсан/,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 11 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан “Б.Б-” ам бүл 6 амьдардаг” гэх тодорхойлолт болон Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа баримтаар Б.Б-ийг “ганц бие эцэг” гэсэн хууль зүйн үнэлэлт өгөх боломжгүй бөгөөд тэрээр “өөрөө өрх толгойлсон, мөн гэрлэлтээ цуцлуулсан, бага насны хүүхдүүд болох Б.А, Б.А нарын эх Ц.Э-ийн эх байх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хассан, хязгаарласан ухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр баримтгүй, “ганц бие эцэг” болохыг тодорхойлох Нийгмийн Халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу авагдсан үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй тул шүүх шүүгдэгч Б.Б-ийг “ганц бие эцэг” гэж дүгнэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжгүй юм.  

 

Дээрх үндэслэлээр шүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Болдбаатар нарын  “Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлах талаар гаргасан хүсэлтийг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Энэ хэргийн шүүгдэгч Б.Б, С.Б нар нь 2017 оны 05 сарын 30-ны өдрөөс сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах тогтоолоор баривчлагдан саатуулагдаж, 2017 оны 05 сарын 31-ны өдрийн 109, 110 дугаартай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамжаар 2017 оны 05 сарын 31-ны өдрөөс 2017 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл сэжигтнээр,  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 110а, 109а дугаартай захирамжаар 2017 оны 06 сарын 12-ноос 2017 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус яллагдагчаар цагдан хоригдсон, 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 109б, 110б дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Б, С.Б нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг нэн даруй суллахаар шийдвэрлэж /хэргийн 1-р хавтас 128-129х, 130х, 132х, хэргийн 2-р хавтас 19-20х/, 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 02, 01 дугаартай Прокурорын тогтоолоор “2.0 сая төгрөгийн барьцаа авах” таслан сэргийлэх  арга хэмжээг /хэргийн 2-р хавтас 15-16х, 18-19х/,  2017 оны 10 сарын 04-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хувийн баталгаа гаргах /хэргийн 2-р хавтас 57-58х, 62-63х/ таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан баримттай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад 2017 оны 05 сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл шүүгдэгч С.Б, Б.Б нарын 37 /гучин долоо/ хоног тус тус цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан тестер 1 ширхэг, хар өнгийн хуванцар тагтай жинлүүр 1 ширхэг, ногоон өнгийн 22 см урттай соруул 1 ширхэг, шилэн 6 см урттай гаанс 1 ширхэг, зиплок түгжээ бүхий 5 ширхэг гялгар уут, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы усны шил, цагаан өнгийн 13,5 см урттай хуванцар гуурс, хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см орчим урт, хуванцар иш 2 ширхэг, зиплок түгжээ бүхий бүхий гялгар ууттай, цагаан өнгийн, метамфетамины агууламжтай 0,6 грамм,  0,7 грамм,  мөс гэх нэршилтэй бодисыг тус тус зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь  тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх”-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд  нэр бүхий шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх хохирол төлбөргүй тул 2017 оны 06 сарын 02-ны өдрийн, 2017 оны 06 сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн Бенз-200 маркийн ***** УБЦ улсын дугаартай, Тоёота Марк-2 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэж тогтоолд дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                 

                                                     ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн прокурорын газраас Ш овогт Б-ын Б, И овогт С-ын Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Ш овогт Б-ын Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд,

- И овогт С-ын Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, С.Б нарыг тус бүрийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б, С.Б нарт тус бүрт оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон Б.Б, С.Б нарын 37 /гучин долоо/ хоногийг тус тус тэдгээрийн эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэгт Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

6.1. тестер 1 ширхэг,

6.2. Хар өнгийн хуванцар тагтай жинлүүр 1 ширхэг,

6.3. Ногоон өнгийн 22 см урттай соруул 1 ширхэг,

6.4. Шилэн 6 см урттай гаанс 1 ширхэг,

6.5. Зиплок түгжээ бүхий 5 ширхэг гялгар уут,

6.6. Зиплок түгжээ бүхий бүхий гялгар ууттай, цагаан өнгийн, метамфетамины агууламжтай 0,6 грамм мөс гэх нэршилтэй бодис,

6.7.Зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн, метамфетамины  агууламжтай 0,7 грамм,   мөс гэх нэршилтэй бодис,

6.8. Дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы усны шил,

6.9.Цагаан өнгийн 13,5 см урттай хуванцар гуурс,

6.10. Хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см орчим урт, хуванцар иш 2 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 06 сарын 02-ны өдрийн, 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Бенз-200 маркийн ***** УБЦ улсын дугаартай, Тоёота Марк-2 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй. 

 

8. Энэ хэргийн хувьд С.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй тус тус тэмдэглэсүгэй.  

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба ялтан С.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД