Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2022/ДШМ/672

 

 

                                                                       

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Од холбогдох 2207000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О, .............................................. төрсөн, ........ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины ................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39-7 тоотод Б.Этэй гэрээс гар, явцгаа гэж маргалдаж, улмаар цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Д.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийн цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар ... эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид ходбогдох хэрэг маргааныг шийдвэрлээд 8 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийтгэх тогтоолтой танилцаад өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болно.

1. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулсан бөгөөд гэрчүүдийн хувьд хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгүүдээс зөрүүтэй байдлаар мэдүүлсэн төдийгүй зарим гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаагаас үзэхэд хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна. Тухайлбал, гэрч Ц.Мөнхдөлийн хувьд, тухайн хэрэг явдал болсон цаг үед бүгд сэрүүн байсан төдийгүй, хоорондоо зодолдсон хүмүүсийг салгаж тайвшруулсан гэдэг зүйл ярьдаг. Нөгөөтэйгүүр, өөрийг нь зодолдож буй Энхжаргал, Мамарбек нарын зодооныг салгахад Энхтөрөөс өөр хүн байгаагүй гэдэг зүйл дурьддаг. Гэвч гэрч Ц.Отгонтуяагийн хувьд мэдүүлэхдээ, Энхжаргалыг зодооноос салгаж авсан талаараа мэдүүлсэн байдаг. Угтаа бол тухайн үйлдэл, хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Ц.Мөнхдөл болон гэрч Х.Мамарбек нарын мэдүүлгүүдээр Ц.Отгонтуяа зодооныг зогсоогоогүй байдаг. Энэ нөхцөл байдлаас үүдээд зодоон салгаагүй юм бол хаана байсан талаар дүгнэхэд хэрэг болдог цаг хугацаанд шүүгдэгчийн дэргэд байсан болж таарах гээд байгаа юм. Тэгвэл шүүгдэгч амь хохирогчийг хутгалж байсан талаар тодруулахад хараагүй, үзээгүй талаар дурьддаг. Чухамдаа гэрчүүдийн аль нь үнэн зөв мэдүүлэг өгөөд байгааг огтоос тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэхэд эргэлзээ үүсэхүйц нөхцөл байдал бий болсон. Мөн гэрчүүд хохирогчийг шүүгдэгч хутгалж байхыг огтоос хараагүй байдаг бөгөөд зөвхөн Ц.Отгонтуяа хохирогчийг шүүгдэгч хутгалчихсан гэж хэлсэн болохоор түүнд нь хөтлөгдөж итгэсэн талаар яригддаг. Шүүгдэгчийн хувьд хутгалсан үйлдэл нь бусдын мэдүүлгээр болон камерын бичлэгт тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн нь өөрөө шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

2. Гэрч Ц.Отгонтуяагийн хувьд, шүүгдэгчийн хамгийн дотны хүн бөгөөд тухайн хэрэг явдал гарсан орон байрыг маш сайн мэддэг хүн байгаа юм. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийг хийхдээ видео хэлбэрээр баталгаажуулсан байдаг. Тус бичлэг харагдаж байгаа онцгой нэг зүйл нь хохирогчийг хутгалсан хутга гэх зүйл гал тогооны хэсэг буюу гал тогооны тавилга дотроос олддог. Гэтэл гэрчүүдийн мэдүүлж буй нөхцөл байдал, шүүгдэгч түрүүлж гарсан үйлдэл зэргээс үзэхэд хутга хэзээ ч гал тогооны тавилга дотор байрших үндэслэл, боломж байхгүй байгаа юм. Хэрэг учрал болсон гэх газрын камерын бичлэгт сүүлд гарсан хүмүүсийн хувьд гэрч Энхжаргал, Энхтөр болон Отгонтуяа нар байгаа зэргээс үзэхэд эдгээр 3 хүний нэг нь тухайн гэмт хэргийг үйлдсэн хутгыг авч гарсан эсхүл тухайн хутгыг гал тогооны тавилга дотор хийсэн үйлдэл яригдахаар байгаа юм. Учир нь, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Ц.Мөнхдөлийн тайлбараас үзэхэд, шүүгдэгчийн гараас хутгыг авсан хүн гэрч Ц.Мөнхдөл байхын сацуу хутгыг холдуулж шидсэн талаар дурьдагддаг. Чухамдаа ямар шалтгааны улмаас гал тогооны тавилга дотор хутгыг хэн байршуулсныг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь, шүүгдэгчийн дэргэд байсан Ц.Отгонтуяа л хохирогчийг шүүгдэгч хутгалсан талаар тайлбарладаг зэргээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.

3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчүүдийн мэдүүлэгт, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүд мэдүүлсэн мэдүүлгээс онцлог зүйл тогтоогдсон нь зөвхөн Ц.Отгонтуяа гэрч л хохирогч хутгалуулсныхаа дараа “Ооёо намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Бусад гэрчүүд огтоос энэ талаар ярьдаггүй бөгөөд гэрч Ц.Отгонтуяагийн энэ үгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Учир нь, гэрч Ц.Отгонтуяаг шүүгдэгчийг хутгалаагүй гэх үйлдлийг яаж тогтоогоод байгаа нь өөрөө эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Тухайлбал, гомдлын 1-д дурьдсанчлан Ц.Отгонтуяа гэрч Энхжаргалыг зодооноос салгасан гэх боловч бусад гэрчүүдийн мэдүүлгээр огтоос тийм үйл явдал болоогүй, нөгөөтэйгүүр гэрчүүдийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгчийн дэргэд зогсож байсан талаар дурьдагддаг. Мөн гэрчүүд хохирогчийг “Ооёо намайг хутгалчихлаа” гэсэн үгийг сонсоогүй байхад зөвхөн ганцхан гэрч л сонссон мэт, мөн гэрч Ц.Отгонтуяагийн хувьд “Ооёо чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн гэдэг нь өөрөө логик уялдаа холбоо зөрүүтэй байгааг нотолж байгаа юм. Магадгүй хэрэг болсон гэх цаг хугацаанд, үйл явдалд жишиж үзвэл тус гэрч санаатай гэмт хэрэг үйлдчихээд өөрийн үйлдлээ нуун дарагдуулах үүднээс дэргэд байгаа хүндээ зэвсгээ атгуулсан бол тус үйлдлийг шалгалгүйгээр зэвсгийг атгаж байсан хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдэгтэй агаар нэг адил үйлдэл гэж харагдахаар байгаа юм. Энэ талаарх дүгнэлтээ ч шүүх шийтгэх тогтоолдоо дүгнээгүй байдлыг харгалзвал энэ талаар шалгалт, хэргийн материалд хавсаргаж мухарлаагүй нь өөрөө хэргийг үнэн бодит, хэргийг тал бүрээс нь шалган тогтоож шийдвэрлэсэн гэх үндэсгүй шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

4. Шүүгдэгчийн хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд огтоос хүнтэй маргалдаагүй байдаг бөгөөд муудалцаагүй талаар гэрчүүд ч мэдүүлдэг. Чухамдаа Энхжаргал болон Мамарбек нарын хэрүүлийн шалтгаан бол гэрч Ц.Отгонтуяад зүй бус хандлага гаргаснаас үүдэлтэй гэж гэрчүүд тайлбарладаг. Нэг үгээр хэлбэл, гэрч Ц.Отгонтуяа Мамарбектэй муудалцсан үйлдэл яригддаг. Түүнээс улбаалан Энхжаргал нь Отгонтуяаг өмөөрөх, үүнийг далимдуулж Мамарбектэй зодолдох нөхцөл, үйл баримт харагддаг. Гэрчүүдийн мэдүүлэгт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад Ц.Отгонтуяа хэрэг болох өдрийн урьд өдөр нь Энхтөр, Энхжаргал, шүүгдэгч Оюун-Эрдэнэ, Отгонтуяа, амь хохирогч нар хамт уусан байдаг бөгөөд тэр оройдоо Ц.Отгонтуяа амь хохирогчтой айл руу цугтаа явсан байдаг. Удалгүй Ц.Отгонтуяа эргэж Оюун-Эрдэнэ дээр ирээд өөр байрны түлхүүр аваад явахдаа Энхжаргалтай цуг хоносон үйл баримт яригддаг. Үүнээс шалтгаалан Мамарбек нь Оюун-Эрдэнэд зүй бус хандах, амь хохирогчийг өмөөрөнгүй өнгө аястай үйл явдлыг ярьж, хэрүүл үүсгэснээс улбаалан зодоон үүссэн нь харагддаг. Гэвч шүүх энэ нөхцөл байдлыг дүгнээгүй нь туйлын эргэлзээтэй байна. Чухамдаа амь хохирогч болон Мамарбек нарын хэрүүл үүсгэсэн нөхцөл нь Отгонтуяатай үл ойлголцсон байдал хийгээд Энхжаргалтай хувийн таарамжгүи харилцаа үүсэх гол шалтгаан болсон. Энэ нөхцөл байдлуудаас үзвэл шүүгдэгч энэ бүх цаг хугацаанд хэнтэй ч маргалдаагүй атлаа шууд хохирогчийг хутгалах үйлдэл үйлдэгдэхгүй, нөгөөтэйгүүр хутгалах, бусдад гэмтэл учруулах боломжтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн хүний хувьд Отгонтуяа л боломжтой байх нөхцөл байдалтай байгаагийн зэрэгцээ зөвхөн уг гэрч маань шүүгдэгчийг хүн хутгалсан гэж тайлбарласан байдаг. Иймд хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

5. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс гаргасан магадгүй гэмт үйлдэл хийсэн гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зааг ялгааг тайлбарлаж дүгнэх, тухайн үйл баримт явдалд аль зүйлчлэл тохирох, ямар шалтгаан нөхцөл байдлын үндсэн дээр зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болж байгаа талаар дүгнээгүй нь шүүх тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй гэж үзэхээр байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн ээдрээ төвөгтэй байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс тус гэмт хэрэг гарах болсон нөхцөл, хохирол төлсөн баримт зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглаж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой байсан зэрэг шалтгаанууд байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж дүгнэж байна.

Иймд эцэст нь дээрх үйл баримтуудыг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь үнэн бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэгдэхгүй байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар бүхий шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өнгөрсөн хугацаанд буруу амьдарснаас болж түүнээс гарах үр дагавар, хор уршгийг сайн ойлгож, харамсаж байна. Энэ хэргийг намайг биш бол өөр хэн байж болох талаас нь Налайх дүүргийн хуулийн байгууллага харсангүй гэж бодож байна. Энэ олон гэрч байхад хутгалсан, муудалцсаныг харсан хүн байхгүй байдаг. Энэ хэрэгт сэжигтэн гэж байгаагүй, уг нь би сэжигтнийг хэн гэдгийг нь хэлсэн. Энхжаргал гэдэг хүн гол рольтой хүн. Гэвч Энхжаргал нь хоёр удаагийн шүүх хуралдаанд ирээгүй, цахимаар оролцсон. “Би яагаад хутгалчихваа, би яах гэж хутга барьчихваа” гэж хэлээгүй байхад хэрэгт байгаагүй мэдүүлэг нэмэгдэж, шийтгэх тогтоолд миний эсрэг болж ирсэн. Талийгаач хүртэл над руу хандаж орилсон зүйл байхгүй. Отгонтуяа “Ооёо чи хүн хутгалчихлаа” гэж хэлэхэд миний баруун гар талд зогсож байсан. Тэгээд би гараа харахад миний гарт хутга байсан. Тэрнээс биш талийгаач нэр онож хэлээгүй. Талийгаач намайг хутгалсан байна гээд цээжээ дарж байсныг санаж байна. Би тэр үед айгаад гарч явсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар нэг ч удаа очиж байцаалт явуулаагүй. Хэн, хаана зогсож байсан, би архи уусан үедээ тэрхэн зуур болсон юмаа санадаггүй. Хэргийн газар очсон бол магадгүй би хэн надад хутга бариулсан, эсхүл болсон процессыг санах байсан. Мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж бодож байна. Прокурорын яллах дүгнэлт 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд очсон. Энэ өдөр надаас мөрдөгч Анхбаяр анхны бөгөөд эцсийн мэдүүлгээ авсан. Орой 16 цаг 20 минутаас 19 цаг хүртэл мөрдөгч Анхбаяр, урьдын өмгөөлөгчтэйгөө гурвуулаа байцаалт өгч байхад миний яллах дүгнэлт шүүхэд очсон байдаг. Хэний мэдүүлгээр хэрэг бүрдэж шүүхэд шилжсэнийг гайхаж, бас гомдолтой байна” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь Мамарбек Отгонтуяа руу салаавч гаргаж, Жэри буюу Энхжаргал уурласнаас болсон байдаг. Мамарбек, Мөнхдөл, Энхжаргал, Отгонтуяа нар нь маргалдаж байх явцад талийгаач өөрөө “энэ эмэгтэй найзыг минь хутгалчихлаа” гээд газар заагаад дээшээ хараад хэвтсэн гэж мэдүүлсэн байдаг. Талийгаачийн найз Мамарбек зодоон салгаад босоход Ооёо гэх эмэгтэй гартаа хутга барьчихсан байсан гэдэг. Гэтэл зөвхөн Отгонтуяагийн мэдүүлгийг үндэслэж энэ хэргийг шийдвэрлээгүй, бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн Оюун-Эрдэнээс өөр гартаа хутга барьсан хүн тогтоогдоогүй. Гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч Эргенбекийн биед Оюун-Эрдэнэ халдаж, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас иргэн Эргенбекийг хутгалсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин Оюун-Эрдэнийн хувьд, 2 өдөр дараалан архи уусан, биеэ хянах чадвараа алдсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Оюун-Эрдэнэ нь хэдийгээр согтуу байсан ч тухайн үйл баримтыг мэдэж байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд амь хохирогчийг хутгалсныхаа дараа Ганбатын гэрт очоод “би хүн хутгалчихлаа” гэж утсаар ярьсан талаар гэрч нар мэдүүлсэн. Тодруулбал, гэрч Ганбат, Энхболор, Ганзориг, Мөнхжин, Д.О-ийн эх Сарангэрэл нарын мэдүүлэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн хэрэг, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39-7 тоотод Б.Этэй гэрээс гар, явцгаа гэж маргалдаж, улмаар цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бахатгүлийн “...Тэгээд өдөр 14 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хорооны дэлгүүр орчихоод байж байтал манай хамгийн том эгч Б.Завренхаан над руу залгаж “эмнэлгээс сая над руу ярилаа, Б.Э хүнд хутгалуулчихаад одоо эмнэлэгт эмчлүүлж байна гэнээ, яаралтай эмнэлэг явъя” гээд намайг дуудсан. ... Эмнэлэгт очиход талийгаач дүү Б.Э хүлээн авахын өрөөнд бие нь нэлээн муу байгаа бололтой эмчилгээ хийлгэж байгаад Гэмтэл Согог Судлалын төв рүү яаралтай эмчилгээ хийлгэхээр цаашаагаа аваад явсан. Ингээд Гэмтэл Согог Судлалын төвд очоод эмчилгээ хийлгэж байгаад бие нь муудаад хагалгаанд орж чадалгүй нас барсан юм. ...” /1хх 30/,

гэрч Х.Мамарбекийн “...Би болон талийгаач найз Б.Э бид хоёр хоёулаа Д.О гэх эмэгтэйг сайн таньж мэдэхгүй. Өчигдөр л анх уулзаж хоорондоо танилцсан юм. ...Уг 7 тоот айл руу ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй, нийт 5 хүн архи дарс ууж байгаа бололтой бөөндөө сууцгааж байсан. Ингээд бид хэд зочны өрөөний зүүн талын хананд байсан буйдангийн тэнд тойрч суугаад хоорондоо танилцаад ойр зуурын зүйлс ярилцангаа архиа хувааж уугаад сууж байтал миний зүүн гар талд сууж байсан, нүүрэндээ ширвээ сахалтай залуу гэнэт л над руу агсарч “чи муу мангар бацаан битгий давраад байгаарай” гээд намайг газар сууж байхад шууд миний үүдэн шүд рүү гараараа цохисон. Түүнд цохиулаад газар унахад миний үүдэн дээд 1 дүгээр шүд уначихсан. Тэгсэн чинь нөгөө залуу үргэлжлүүлж над руу дайрч намайг босож амжаагүй байхад миний дээр гарч суугаад гараараа миний толгой, нүүр лүү олон удаа цохисон. Энэ үед хамт байсан бусад хүмүүс тэр залууг надаас салгах гээд байгаа бололтой бужигналдаад эхэлсэн. Тухайн үед би толгой тархи руугаа цохиулж байсан учир бусад хүмүүс нь яг юу хийгээд байгааг нарийн сайн харж анзаарч чадаагүй. Тэгээд арай гэж нөгөө залууг өөрөөсөө холдуулж салгаад бостол талийгаач Б.Э зочны өрөөний гол хэсэг буюу зурагны урд хэсэгт газар зогсчихсон над руу хараад “хөөе найзыг нь энэ хүүхэн хутгалчихлаа” гээд гараараа тэр гэрийн эзэн гээд байсан Д.О гэх тайрмал үстэй туранхай эмэгтэй рүү заагаад удаагүй шууд газар дээшээ хараад хэвтээд “найз нь үхлээ, эмнэлэг дууд” гээд байн байн ёолоод байсан. Тэр үед нөгөө Д.О болон намайг зодсон залуу, бас нэг үл таних залуу, нэг эмэгтэй нар гэрээс гараад зугтаачихсан. ...” /1хх 33-34/,

гэрч Б.Мөнхдөлийн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ооёо, Энхүүш, Улаанаа, Жерри бид 5 есөн давхар байранд Ооёогийн гэрт архи ууцгаагаад хоноцгоосон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө босоод бид нар нэг шил архи уугаад дуусаж байхад гаднаас Мамарбек, Эргенбек хоёр 2 шил архитай орж ирээд задалж ууцгаасан. Тэгээд Жерри, Мамарбек 2 хоорондоо маргалдаж зодолдохоор нь Энхүүш бид хоёр боль гээд салгасан. Тэр хооронд Ооёо Эргенбекийг манайхаас гар гээд маргалдаж байхад Эргенбек намайг хутгалчихлаа шүү дээ гээд газар хэвтээд өгсөн. Хувцасыг нь сөхөж цээжийг нь харахад баруун хөхнийх нь доод талд шархнаас цус урсаж байсан. ... Жерри, Мамарбек 2 хоорондоо маргалдаж зодолдохоор нь Энхүүш бид хоёр салгаж байх хооронд Ооёо, Эргенбек 2 маргалдаад Ооёо гартаа хутга барьчихаад манайхаас гар яв гээд байсан. Яг хутгалахыг нь би хараагүй. ...” /1хх 39/,

гэрч Ц.Отгонтуяагийн “...Жерри бид хоёрыг Оюун-Эрдэнийн гэрт ороход Энхтөр ганцаараа орон дээр доошоо хараад хэвтчихсэн, Оюун-Эрдэнэ, Мөнхдөл, Эргенбек нэг танихгүй казах залуутай бөөндөө архи уугаад сууцгааж байсан. Жерри бид хоёр тэд нартай хамт суугаад ууцгаасан. Тэд нарын ууж байсан жижиг шилтэй архи дуустал танихгүй Казах залуу нь өврөөсөө 0.75 литрийн 1 шил Хараа архи гаргаж ирээд тэрийг хувааж ууцгаасан. Тэр танихгүй казах залуу нь өмнөх өдөр Эргенбектэй хамт ирээд надтай хамт уугаад явсан. Оюун-Эрдэнийн гэрээс гараад би тэд нартай явж байхад тэр залуу их авир муутай, жаахан агсам зан гаргаад байсан тул би тэр залууд хандаад “чи өчигдөр их муухай авир гаргаж байна лээ шүү” гэж хэлсэн чинь над руу салаавч гаргаад эрүү рүү түлхэхээр нь Оюун-Эрдэнэ “Чи ямар сонин ааштай юм бэ, эсвэл та нар явцгаа” гэж хэлсэн. Энэ үед Жерри уурлаад тэр залууг “Чи боль хөөе” гээд таттал Жерриг тэр залуу зөрүүлж хөлнөөс тэвэрч байгаад татаж унагаад тэр хоёр барилцаж аваад дээр доороо гараад зодолдож, ноцолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй, надаас бусад нь тэр хоёрыг хараад зүгээр суугаад байсан тул би тэнд байсан залуучууд руу уурлаад та нар босож ирээд салгаач гэж хэлчихээд Эргенбект нь “чи найзыгаа салгаач эсвэл аваад яв” гэж хэлтэл уурлаж босож ирснээ хувцсаа тайлаад “манай найзыг дээрэлхэнэ гэж байхгүй шүү” гэсэн. Жерри рүү дайраад зуураад авахаар нь би Жерри боль гээд татаад хойшоо түлхээд салгаад авсан. Энэ үед Оюун-Эрдэнэ хаалгаа онгойлгоод нээчихсэн “та нар одоо явчих” гэчихсэн зогсож байтал би Жерриг түлхээд дахиад зодолдуулахгүй гээд урдуур нь ороод хориод зогсож байтал ард Эргенбек найз казах залуугийн яг дэргэд нь орны хажууд зогсчихсон “Хөөе Улаанаа наад Ооёо чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би эргээд харсан чинь Эргенбекийн цээжний баруун талаас нь цус урсаж байснаа шууд олгойдоод эхэлсэн. Намайг эргэж харахад Оюун-Эрдэнэ тэр залуугийн баруун талд, гартаа хутга доошоо харуулаад унжуулаад барьчихсан, өөрөө зог тусчихсан зогсож байсан. Тэгээд цусыг нь хараад царай нь илтэд хувхай цайгаад чичрээд эхэлсэн. ...” /1хх 44/,

гэрч Т.Энхжаргалын “...Ооёогийн гэрт 11 цагийн үед ороход Энхүүш, Ооёо, Дөлөө, талийгаач Ээгий, найз нь гэх танихгүй казах залуутай тавуулаа 1 шил жижиг Хараа архи уугаад талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд Улаанаа бид хоёр нийлээд хамт суугаад уусан. Энэ үед танихгүй казах залуу 1 шил 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд дахиад нэмж уугаад сууж байтал танихгүй казах залуу нь Улаанаа руу салаавч гаргаад нүүр лүү нь тулгаад байсан чинь Ооёо уурлаад “болиоч чи” гэж хэлсэн, би “чи эмэгтэй хүн рүү яагаад байгаа юм” гээд татчихсан чинь миний хоёр хөлийг давхар хамаад унагаасан. Тэгээд бид хоёр барилцаж аваад харилцан бие биенийгээ цохиод байж байтал Улаанаа намайг татаад салгасан. Тэгтэл Ээгий орилоод “Ооёо намайг хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь хартал Ээгий буйдангийн хажууд баруун цээжиндээ хутгалуулчихсан хажууханд нь Ооёо гартаа хутга барьчихсан хана налчихсан “Би энийг хутгалчихлаа шүү дээ” гэчихсэн сандарсан байдалтай зогсож байсан. ...” /1хх 50/,

гэрч Х.Ганбатын “...Д.О ганцаараа согтуу орж ирээд 2 аяга цай уугаад хэдэн ширхэг тамхи татаж байснаа миний утсыг гуйж 99700333, 95227886 дугаарууд руу яриад байсан. Тэгээд нэлээд байж байснаа Оюун-Эрдэнэ гэнэтхэн “Ахаа би хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь миний дүү цагдаа дээр очоо, өөрөө үнэнээ хүлээгээд оч гэсэн. Тэгж байтал 2 цагдаа манайд орж ирээд Оюун-Эрдэнийг аваад гарсан. ... Би жаахан чих хатуу болохоор заримыг нь сонсоогүй байж болно. Ээжтэйгээ ярихдаа “ээжээ би хүн хутгалсан” гээд байсан. ...” /1хх 61/,

гэрч Ж.Ганзоригийн “...Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд над руу 89717157 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь аваад ярьтал нэг эмэгтэй хүн байсан. Нэг их таньдаг ч юм шиг хоолой байхаар нь хэн бэ гээд лавлаад асуутал “Ооёо байна” гэж хэлэхээр нь би Д.О-ийг гэж таньсан. Тэгээд надад шууд гэрийн хаалга онгойлгоод, би нэг казах залууг хутгалчихлаа гэсэн ойлгомжгүй зүйлс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би гайхаад чи цагдаа дуудсан юм уу гээд асуутал дуудсан гэсэн, дараа нь эмнэлэг дуудсан юм уу гэтэл цуг ирдэг гэнээ гэж хариулсан. ...” /1хх 71/,

шүүгдэгч Д.О-ийн яллагдагчаар өгсөн “...Орж ирэнгүүтээ талийгаач Эргенбек өврөөсөө 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд хамт ууя гэхээр нь бид хэд зөвшөөрөөд тэр архийг нь хувааж уухаар болсон. Ингээд бид хэд архиа тойруулаад хувааж уугаад сууж байтал гаднаас дахиад хаалга тогшоод Отгонтуяа, Энхжаргал хоёр орж ирээд Эргенбек, түүний найзтай нь юм яриад бид нар үргэлжлүүлээд архиа хувааж уусан. Тэгээд бид хэд архиа дуусгачихаад сууж байтал гэнэт л Мамарбек, Энхжаргал хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад гэрийн үүд хавьцаа нэг нэгэнтэйгээ зууралдаж ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “та нар одоо явцгаа” гэж хэлээд гэрийнхээ үүдэн дээр очиж хаалгаа онгойлготол манай хаалганы урд хөрш айлын эмэгтэй зогсчихсон надад “та нар аймаар шуугилдаад байна, би цагдаа дуудлаа шүү” гэхээр нь би “одоо удахгүй, эхнээсээ явах гэж байна” гэж хэлээд түүнийг цагдаа дуудах гэж байхад нь болиулчихсан юм. Тэгээд би шууд хаалгаа хаачихаад нөгөө хэдэд “хажуу айлын эмэгтэй цагдаа дуудна гээд байна, та нар гар, зодолдох гээд байвал гарч зодолд” гэж хэлсэн. Тухайн үед хаалганы баруун талд Энхжаргал, Мамарбек хоёр хоорондоо зодолдсон хэвээрээ байсан. Тэгсэн Отгонтуяа хаалганы тэр хавьд ирчихсэн надтай адилхан нөгөө хоёрыг “та хоёр одоо болиоч ээ” гээд зогсож байсан. Тэгсэн л бөөндөө бужигналдаж эхлээд нэг мэдсэн талийгаач Б.Э зочны өрөөний зүүн талын хананд байх буйдангийн хаалга талдаа хэсэг рүү нь унаж байсан. Тэр үед би зурагтны урд хавьцаа зогсож байсан. Тэгтэл гэнэт Отгонтуяа над руу “Ооёо чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь гайхаад гараа хартал баруун гартаа жижиг шар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгсэн талийгаач Эргенбек буйдангаас босоод цонхны доор байдаг жижиг матрасс руу явж очоод дээр нь гарч зогсож байгаад дахиад доошоо уначихсан. Тэр үед бүгд талийгаачийг тойроод зогсчихсон сандралдаад байж байсан. Отгонтуяа миний хажууд зогсчихсон нэг утсаар эмнэлэг рүү ярьчихаад “цагдаа нартай цуг ирнэ гэж байна" гэхээр нь би айж сандарсандаа болоод шууд л гэрээсээ гараад явчихсан юм. ... Тэгэхээр нь би Ганбат ахын утсыг нь гуйж аваад ээж болон охин руугаа залгаж “би хүн хутгалчихлаа шүү дээ” гэж яриад, Энхжаргалын утас руу залгаж “наана чинь юу болж байна, би Ганбат ахынд байна, чи хүрээд ирээч” гээд Отгонтуяаг дуудчихаад ирэхийг нь хүлээгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг аваад явсан юм. ...” /2хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай ... “Талийгаач нь цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины шархны улмаас баруун уушги унаж, цээжний баруун хөндийн цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж нас баржээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 84-85/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 2-3/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-5/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 27/, цогцост хийгдсэн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1хх 88-90/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Д.О-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, амь хохирогч Б.Этэй гэрээс гар, явцгаа гэж маргалдах явцдаа түүний цээжин тус газар хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч Д.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 8 жилийн хорих ял оногдуулсан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчүүдийн мэдүүлэгт, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүд мэдүүлсэн мэдүүлгээс онцлог зүйл тогтоогдсон нь зөвхөн Ц.Отгонтуяа гэрч л хохирогч хутгалуулсныхаа дараа “Ооёо намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Бусад гэрчүүд огтоос энэ талаар ярьдаггүй бөгөөд гэрч Ц.Отгонтуяагийн энэ үгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.  ... Энэ нөхцөл байдлуудаас үзвэл шүүгдэгч энэ бүх цаг хугацаанд хэнтэй ч маргалдаагүй атлаа шууд хохирогчийг хутгалах үйлдэл үйлдэгдэхгүй, нөгөөтэйгүүр хутгалах, бусдад гэмтэл учруулах боломжтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн хүний хувьд Отгонтуяа л боломжтой байх нөхцөл байдалтай байгаагийн зэрэгцээ зөвхөн уг гэрч маань шүүгдэгчийг хүн хутгалсан гэж тайлбарласан байдаг. ... Иймд эцэст нь дээрх үйл баримтуудыг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь үнэн бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэгдэхгүй байх тул ... шийтгэх тогтоолыг ... хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Х.Мамарбек, Б.Мөнхдөл, Ц.Отгонтуяа, Т.Энхжаргал нар нь гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаанд байсан бөгөөд өөрсдийн харж, сонссон хүрээндээ мэдүүлэг өгсөн, тэдний мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.О нь яллагдагчаар өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэсэн нотлох баримтуудад зөрүүтэй байдал байхгүй бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.О-ийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О-ийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР