| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2110000000643 |
| Дугаар | 2022/ДШМ/673 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ДШМ/673
Г.Б, Б.Г, Д.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяа,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/895 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Г.Б, Б.Г, Д.Э нарт холбогдох 2110000000643 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Б, .................................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт ....................................... тоотод оршин суух бүртгэлтэй;
2. Б.Б, ...................................... төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын нягтлан бодох мэргэжилтэй, .............................................. ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам эх, хүүхдүүдийн хамт .................................тоотод оршин суух бүртгэлтэй;
3. Д.Э, ............................... төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын заслын ажил эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ............................................. тоотод оршин суух бүртгэлтэй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн 1 сарын хорих ял дээр 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан;
Шүүгдэгч Б.Г, Г.Б нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадаа байсан 08-44 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтэрч, түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны карт 2 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, улаан өнгийн эмийн хайрцаг 1 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, маск, амны цаас, сэгсгэр алчуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Бум-Очирт 159.700 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “АПУ” ХХК-ийн 56-гийн урд шороон замд байрлуулсан 91-67 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жижиг салхины шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтэрч, ирчак, mp3, usb оролт, хайрцаг маск, нэг удаагийн бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Энхбатад 174.500 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Г, Г.Б, Д.Э нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны гаднаас П.Зоригтын эзэмшлийн 52-29 УНЯ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Зоригтод 4.954.620 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэг шүүхэд хэлэлцэгдэх явцад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн прокурорын 2209000000683 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Баянгол дүүргийн прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн прокурорын 2205000001201 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Баянгол дүүргийн прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын 2205009211246 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн прокурорын 2210000000547 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус Д.Эд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заажээ.
“...Шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэж шалгуулахтай холбогдуулан шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаах” тухай гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэл бүхий байх тул шүүх хүлээн авч ханган, шүүгдэгч Д.Э нарт холбогдох эрүүгийн 2110000000643 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэрэг дахин үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Д.Эд цагдан хорих, шүүгдэгч Б.Г, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Б.Г, Г.Б, Д.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000000643 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Д.Эд цагдан хорих, шүүгдэгч Б.Г, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт улсын яллагчийн нэрийг бичээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/895 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Д.Э, Б.Г, Г.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавих хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч Г.Б, Б.Г, Д.Э нарт холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан хохирогч Д.З /1хх 42/, гэрч Б.Б /1хх 58/, насанд хүрээгүй гэрч О.Д /1хх 66/, насанд хүрээгүй гэрч Э.Б/1хх 74/, шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар өгсөн /1хх 166/, өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн яллагдагчаар өгсөн /1хх 177/ тус тус мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны гаднаас П.Зоригтын эзэмшлийн 52-29 УНЯ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.З-д 4.954.620 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд О.Д, Э нар хамтран оролцсон нөхцөл байдал байх бөгөөд прокурорын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор тэдний үйлдлийг “хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль үндэслэлгүй болжээ.
“Хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж О.Д, Э.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа тухайн хэрэгт шүүгдэгч Б.Г, Г.Б, Д.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь агуулгын хувьд зөрчилтэй байдлыг үүсгэжээ.
Тодорхой үйлдэл нь Эрүүгийн хуульд тодорхойлогдсон шинжээрээ гэмт хэрэг болдог бөгөөд нэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүмүүсийн зармынх нь үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан болгож, зармынх нь үйлдлийг гэмт хэрэг болгож Эрүүгийн хуулийг хэрэглэх нь гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг ялгаврлан авч үзэх, улмаар хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцлийг алдагдуулахад хүргэж байна.
Иймд, дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийвэл зохино.
Мөн хэрэгт авагдсан хохирогч Ч.Б /1хх 48/, хохирогч Д.Э /1хх 55/, гэрч О.Д /1хх 66/, шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар өгсөн /1хх 167/, өсвөр насны яллагдагч О.Д /1хх 146/, өсвөр насны яллагдагч Э.Б /1хх 183/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэн Ч.Б, Д.Э нарын тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт О.Д хамтран оролцсон нөхцөл байдал авагдсан байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Харин прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/895 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР