Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 326

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Н.Э түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Н-ын Э-т холбогдох эрүүгийн 1710000000129 дугаартай хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо ********* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Н-ын Э 

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ********* тоотод өндөр настай эх П.Б-той согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо маргалдаж, түүний биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Э-аас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч П.Б-ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой Н.Э намайг гэртээ дуудаад байхаар нь очсон. Тэгтэл нэг шил архи гаргаад та уучих гэсээр байгаад надад 3 аяга өгсөн. Дахиад нэг жижиг шил архи эхнэр нь авч ирсэн. Үлдсэн архийг нь эхнэртэйгээ хуваагаад л уусан. Тэгтэл Н.Э “та ааваас салсан” гээд шууд барьж аваад сандал дээр сууж байхад дээр гарч ирж суучихаад толгой тархи руу олон удаа цохьсон. Эхнэр хүү нь гараад явсан. Намайг ална гээд л зодоод байсан. Тэгээд би өөрөө арай гэж ноцолдож байгаад салж охиныдоо очиж болсон асуудлын талаар хэлж цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн. Тухайн үед хамар амнаас нил цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрч Г.О-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой намайг гэртээ байж байхад хадам ээж П.Б зураг үзнэ гэж охин А-аараа хүргүүлж ирсэн. Ингээд А хүргэж ирчихээд нөхрийнхөө хамт яваад өгсөн. Ингээд нөхөр архи гаргаж ирээд ээжтэй хувааж уусан. Би маргааш ажилтай, эрт босно гээд нэг их уугаагүй. Тэр 2 архиа хувааж уучихаад дахиад нэг жижиг архи ууцгаасан. Тэгээд Н.Э эцэг өөртэй хүүхдүүдийнх нь тухай яриад маргалдсан. Тэгтэл хадам ээж уурлаад “Чи миний хүүхдүүдийг мууллаа, бид нарын амьдрал та нарт хамаагүй” гээд Н.Э-ыг сууж байхад нь шууд очоод нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд Н.Э-ын үснээс нь зулгаагаад салахгүй болохоор нь би салгах гэтэл миний гарыг маажааад, хазаад байсан. Н.Э ээжийг цохиогүй нүүрнээс нь түлхээд холдуулсан. Тэгтэл П.Б нь цагдаа гэж орилоод гараад гүйсэн. Гарч гүйхээр нь би араас нь дагаж яваад гэрт нь хүргэж өгсөн. Их согтсон байсан болохоор унаж тусаад яваад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №11138 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:  “... 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би ээжийгээ дуудсан. Манай ээж тухайн үед бага охин А-ын хамт ирсэн. Тэгээд ээжийг үлдээчихээд яваад өгсөн. Тухайн өдөр би ээжид хоол цай хийж өгөөд дайлсан. Тэгээд 0.5 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи задалж өгсөн. Би тэр архиа эхнэр болон ээжтэйгээ хувааж уусан. Тэгээд би ээжтэйгээ архи ууж сууж байгаад “танай хүүхдүүд ажил хийдэггүй, танд тусалдаггүй, дандаа худлаа ярьж явдаг” гэж ээжид хэлсэн. Тэгтэл ээж өөрийн хүүхдүүдээ өмөөрөөд надтай маргалдаж миний үснээс зулгаагаад шүд хэсэгт мөргөсөн. Тэгээд би өөрөөсөө салгах гэж нүүрэн хэсэгт нь түлхэж орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд ээж маань босоод намайг зодлоо, аллаа гэх мэтээр орилж байгаад гараад явсан. Манай хашаан дотор өөрийн эд зүйлүүдээ орхиод явсан байсныг манай эхнэр цуглуулаад өөрт нь өгсөн. Манай эхнэр тухайн үед ээжийг гэрт нь хүргэж өгөөд ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. Эхнэр ээжийг хүргэж өгөөд ирсний дараа цагдаа ирээд намайг аваад явсан. Манай ээж цагдаад өргөдөл өгсөн байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ********* тоотод өндөр настай эх П.Б-той согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо маргалдаж, түүний биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Б-ын мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Г.О-гийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №11138 дугаартай дүгнэлт

  1. П.Б-ын биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16 дугаар хуудас/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Н.Э-ыг хохирогч П.Б-ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Н.Э болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хор, бусад байдал:

Хохирогч П.Б нь мөрдөн байцаалтын шатанд 157.000 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргасан бөгөөд яллагдагч Н.Э нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов. 

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

          ТОГТООХ нь:

 

1.Г овогт Н-ын Э-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-аас 157.000 /нэг зуун тавин долоог мянга/ төгрөгийг  гаргуулан хохирогч П.Б-д олгосугай.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ТУЯАТ