Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2016/0076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, хариуцагч Б.Т нарыг оролцуулан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Б.М нарын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 тоот актаар 35,625,157 төгрөгийн нөхөн татвар, 57,543,613 төгрөгийн торгууль, 23376980 төгрөгийн алданги, 41,42 төгрөгийн хүү, нийт 116,587,393 төгрөгийн төлбөр ногдуулсныг өршөөлийн хуульд хамруулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Эсто ХХК. РД:*******,

Хаяг: Сүхбаатар дүүргийн *******,*******,  ICC цамхаг,*******

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Б.Т.

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Б.М.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн татварын газрын байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 тоот актыг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэлийн утга: Тус компанийн 2012-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Б.М нар хяналт шалгалт хийж, 1,357,699,405 төгрөгийн зөрчил илрүүлэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 тоот актаар 35,625,157 төгрөгийн нөхөн татвар, 57,543,613 төгрөгийн торгууль, 23,376,980 төгрөгийн алданги, 41,642 төгрөгийн хүү, нийт 116,587,393 төгрөгийн төлбөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэн, 29,185,600 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 87,401,800 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 94 тоот тогтоол гаргасныг Нийслэлийн татварын газрын дарга П.Гансүх баталгаажуулахаас татгалзсан учир 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар дахин хэлэлцэж тогтоолоо хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд шилжүүлснийг уг зөвлөл татварын улсын байцаагчийн актыг хэвээр төлүүлэхээр шийдвэрлэснийг бид эс зөвшөөрч танай шүүхэд хандаж байна.

1.  Манай компани 2012 онд 119,299.5 мянган төгрөг, 2013 онд 551,628.8 мянган төгрөгийг улсын төсөвт төлсөн байтал дээрээс нь актын тогтоох хэсгийн 1.5, 1.6, 1.7-д хуулийн хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 26,649,879.32 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвараар 28,688,609.69 төгрөг, Хувь хүний орлогын албан татвараар 9,459,000 төгрөг буюу нийт 64,797,489.01 төгрөгийн торгууль алданги ногдуулсан байна.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: "18.1.Татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" гэж заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлон, улсын төсөвт төлж байсан бөгөөд манай компани зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь төлж барагдуулсаар байтал дээр нь нэмж алданги, торгууль төлөх хөрөнгө мөнгөгүй, сүүлийн жилүүдэд тендерт оролцоод авч чадахгүй, санхүүжилт байхгүй, одоо ч сул зогсож байгаа зэрэг хүндрэлтэй байдлыг харгалзан улсын төсөвт ямар нэгэн хохирол байхгүй байхад татварын улсын байцаагчийн актаар нэмж 64,797,489.01 төгрөгийн торгууль, алданги тооцсоныг хүчингүй болгож өгнө үү.

2.         Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.3-т: "Г*******" ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэсэн дуусаагүй ажлын 128,807,047.27 төгрөгийн баталгаат хугацаанд үлдээсэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 12,880,704.73 төгрөгийн нөхөн татвар, 3,864,211.42 төгрөгийн торгууль, 426,802.15 төгрөгийн алданги мөн актын тогтоох хэсгийн 2.2-т Г******* ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэсэн дуусаагүй ажлын 128,807,047.27 төгрөгийн баталгаат хугацаанд үлдээсэн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 12,880,704.73 төгрөгийн нөхөн татвар, 38,642.10 төгрөгийн хүү, 6,440,352.36 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд: 8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1."Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого", Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт стандарт 18-д: "Орлого гэдэг нь аж ахуйн нэгжийн тайлант хугацаан дахь ердийн үйл ажиллагаанаас бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн дотогш урсгал юм. Дараах бүх нөхцөл бүрэн биелсэн үед бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрвөл зохино:

а/ Аж ахуйн нэгж нь барааны өмчлөлтэй холбогдон үүсэх мэдэгдэхүйц эрсдэл буюу өгөөжийг худалдан авагч талд шилжүүлсэн,

б/ Борлуулсан барааныхаа өмчлөлд холбогдох удирдлагын болон хяналтын үүргийг өөртөө хадгалаагүй,

в/ Орлогын дүнг найдвартай хэмжих боломжтой байгаа,

г/ Ажил үйлчилгээний эдийн засгийн өгөөжийг тухайн аж ахуйн нэгж хүртэх магадлалтай,

д/ Тухайн ажил гүйлгээтэй уялдаж гарсан ба гарах зардлыг найдвартай хэмжин тодорхойлж болохоор байгаа" гэж тодорхойлсноос нэг ч нөхцөл биелэгдээгүй тул, манай компани борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй, урьдчилж орсон орлого дансандаа тусгасан байгаа.

Гэтэл татварын улсын байцаагч нар манай компанийн гэрээ дүгнэгдээгүй гүйцэтгэж дуусаагүй байгаа ажлын урьдчилж орсон орлого дансанд тусгаж байсан 2015 онд борлуулалтаар хүлээн зөвшөөрсөн 128,807,047.27 төгрөгийг /тайланг хавсаргав/ орлого гэж актаар нийт 36,531,417.49 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан нь нэг төрлийн орлогод 2 удаа НӨАТ, ААНОАТ давхардуулан ногдуулж байгаа тул татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.З., 2.2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Дээрх   220006165   тоот   актаар   татварын   улсын   байцаагч   Б.Т, Б.Мөнхтул нар шалгалт хийж, 1,357,699,405 төгрөгийн зөрчил илрүүлэн 35,625,157 төгрөгийн нөхөн татвар, 57,543,613 төгрөгийн торгууль, 23,376,980 төгрөгийн алданги, 2 төгрөгийн хүү нийт  116,587,393 төгрөгийн  төлбөр тогтоосноос бид хүлээн зөвшөөрсөн төлбөр болох 15,258,486.14 төгрөгийг улсын төсөвт төлсөн байгаа бөгөөд эн төлбөр болох 101,328, 906.86 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан  хариу тайлбартаа: Тус компанийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийн 1-д ...татвараа үнэн зөв тодорхойлон, төсөвт төлж байсан бөгөөд манай компани нь зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь төлж барагдуулсаар байтал дээр нь нэмж алданги торгууль, төлөх хөрөнгө мөнгөгүй, сүүлийн жилүүдэд тендерт оролцоод авч чадахгүй, санхүүжилт байхгүй, одоо ч сул зогсож байгаа зэрэг хүндрэлтэй байдлыг харгалзан улсын төсөвт ямар нэгэн хохирол байхгүй  байхад татварын улсын байцаагчийн актаар нэмж 64,797,489.01 төгрөгийн торгууль, алданги тооцсоныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт өгөх хариу тайлбар:  Тус компани нь тайлангаараа ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвараа хуулийн хугацаанд нь төсөвт төлдөггүй, төлж хэвшээгүй компани юм.

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5. Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох..., мөн хуулийн 43.8.Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ., 60  дугаар  зүйлийн 60.3-т Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно. Энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6-д заасныг удирдлага болгосон юм.

Тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2011 оны эцэст болон 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 192,948,200.00 төгрөгийн өртэй, 2012 оны жилийн эцэст болон 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 143,234,600.00 төгрөгийн өртэй байгаад нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч ... жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэсэн хуулийн заалтыг баримталсан.

2.Тайлангаар ногдуулсан хувь хуний орлогын албан татвараар /Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого/ 2012 оны жилийн эцэст болон 2013 оны 1 сарын 10-ны өдрийн байдлаар 44,755,450.05 төгрөгийн өртэй, 2013 оны жилийн эцсийн байдлаар 98,876,380.70 төгрөгийн өртэй бөгөөд Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримталсан.

З.Тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 11,063,900.00 төгрөгийн өртэй, 2012 оны жилийн эцэс, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 80,401,810.18 төгрөгийн өртэй бөгөөд Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-т заасныг баримталсан.

Энэ 2 дахь хэсэгт өгөх хариу тайлбар: Тус компани нь "Г*******" ХХК-ийн ажлыг захиалгаар хийж гүйцэтгээд дууссан байсан нь бөгөөд баталгаат хугацаанд үлдээсэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан арын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй байсан нь татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг баримталсан. Иймээс "Эсто" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Б.М нарын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 тоот актаар 35,625,157 төгрөгийн нөхөн татвар, 57,543,613  төгрөгийн торгууль, 23376980 төгрөгийн алданги, 41,42 төгрөгийн хүү, нийт 116,587,393 төгрөгийн төлбөр ногдуулсныг өршөөлийн хуульд хамруулж, хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Тус компанийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Б.М нар хяналт шалгалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 тоот актаар 35,625,157 төгрөгийн нөхөн татвар, 57,543,613 төгрөгийн торгууль, 23,376,980 төгрөгийн алданги, 41,642 төгрөгийн  хүү, нийт 116,587,393 төгрөгийн төлбөр ногдуулсныг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд: "1.1. Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 4 дүгээр зүйлд:  Ял,  шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх:", 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасны дагуу өршөөлд хамруулж, шийдвэрлэж өгнө  үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/233 тоот нэхэмжлэлд Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Б.М, Б.Т нар 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тайлбар хүргүүлсэн. "Эсто" ХХК нь анхны нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөн өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүссэн байна.

Татварын Ерөнхий Газраас тус хуулийн хэрэгжилтийг хангах талаар татварын улсын байцаагч, татвар төлөгч нарт өгч байгаа чиглэлийн хүрээнд 2016 оны 01 сарын 03-ны өдөр цахимаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд "Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамруулж хэрэгжүүлэх нь зүйтэй, ...зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар, төлбөр, хураамж болох үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно", "...хууль хэрэглэх эрх бүхий субъектууд ...өөрсдийнхөө хэмжээнд энэ хуулиа хэрэглээд ...Харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ авагдсан хүмүүсийн хувьд тэр материалаа шүүх дээр авч ирээд чөлөөлөх асуудлаа шийдье" гэсэн хурлын тэмдэглэлийн чиглэл болгон ажиллаж байна.

Иймд тус асуудлыг шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд хууль тогтоомжийн дагуу шийдвэрийг гаргах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Э ХХК-ийн ерөнхий захирал Д.Б******* 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, Б.Т нарын тус компаний 2012-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 1.357.699.405 төгрөгийн зөрчилд 35.625.157 төгрөгийн нөхөн татвар, 57.543.613 төгрөгийн торгууль, 23.376.980 төгрөгийн алданги, 41.642 төгрөгийн хүү нийт 116.587.393 төгрөгийн төлбөр ногдуулснаас 15.258.486.14 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, үлдсэн 101.328.906.86 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа тул 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компаний санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Б******* 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлийн бүрэн эрхийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Б.М нарын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 дугаар актаар 35.625.157 төгрөгийн нөхөн татвар, 57.543.613 төгрөгийн торгууль, 23.376.980 төгрөгийн алданги, 41.642 төгрөгийн хүү, нийт 116.587.393 төгрөгийн төлбөр ногдуулсныг өршөөлийн хуульд хамруулж, хүчингүй болгуулах тухай гэж өөрчилжээ.

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, Б.Т нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу "Э" ХХК-ийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 дугаар актаар 1.357.699.405 төгрөгийн зөрчилд төгрөгийн 35.625.157 нөхөн татвар, 57.543.613 төгрөгийн торгууль, 23.376.980 төгрөгийн алданги, 41.642 төгрөгийн хүү, нийт 116.587.393 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

"Э" ХХК нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 116.587.393 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар Татварын маргааан таслах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 220006165 дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ актаар ногдуулсан торгууль, алданги нь захиргааны шийтгэл бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамрагдана гэж үзсэн нь дараах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, 74.4-т Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги ,хүү нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөхөөр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг болон уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч Э ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги, хүү ногдуулсан татварын улсын байцаагчийн 220006165 дугаар акт нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж зааснаар торгууль, алданги, хүүг захиргааны шийтгэл хэмээн үзэж татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220006165 дугаар актаар ногдуулсан нийт 116.587.393 төгрөгийн төлбөрөөс нөхөн татварын 35.625.157 төгрөгийн төлбөрийг төлүүлж, торгууль, алданги, хүүгийн 80.962.235 төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын нөхөн татвар 35.625.157 төгрөгийн төлбөрийг төлүүлж, актаар ногдуулсан торгууль, алданги, хүүгийн 80.962.235 төгрөгийн төлбөрийг хасч багасгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР