Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 921

 

 

У.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00622 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.М-ын хариуцагч Ц.Д-д холбогдуулан гаргасан автомашины үнэ болон хохирол 8 673 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.Дэмбэрэлсайхан, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч У.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ц.Д-тай харилцан тохиролцож 71-82 АЧ улсын дугаартай шаланз маркийн чиргүүлийг өөрийн эзэмшлийн 64-77 УНТ улсын дугаартай Хюндай старикс маркийн автомашинаар сольсон. Тухайн үед Ц.Днь чиргүүлийг бусдаас худалдаж авсан, эзэн нь байхгүй учраас нэрийг шилжүүлээгүй байна. 11 дүгээр сард ирээд нэрийг нь шилжүүлнэ гэсэн тул итгэж, саналыг зөвшөөрч бичгээр гэрээ байгуулж автомашиныг хүлээлгэн өгсөн. Хөндлөнгийн гэрчээр н.Мөнхцаг байсан. Гэтэл тэрээр 2017 оны 11 дүгээр сард чиргүүлийн эзэмшлийг шилжүүлж өгөөгүй, харин мөнгө нэмж өгөхийг шаардсан. Уг чиргүүлийг худалдаж авсны дараа 2 093 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Гэтэл Ц.Д2018 оны 02 дугаар сард чиргүүлийг авч явсан боловч автомашиныг буцааж өгөөгүй. Түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч залилан мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байгаа бөгөөд иргэд хоорондын гэрээтэй холбоотой харилцаа байна гэж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд автомашиныг тогтмол ашиглаж байсан бөгөөд автомашинаа авахаар очиход өнгө үзэмжийг илт доройтуулж эвдсэн, асахгүй болсон байсан. Иймд 64-77 УНТ улсын дугаартай хендай старекс маркийн автомашины үнэ 7 000 000 төгрөг, чиргүүл авсан сэлбэгийн төлбөр 1 673 000 төгрөг, нийт 8 673 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр У.Мөнх-Алдартай уулзаж шаланзны чиргүүл хэрэгтэй байна гэхээр нь найзаасаа авсан чиргүүлийг санал болгосон. Тухайн үед чиргүүлийг 7 000 000 төгрөгөөр үнэлж байсан ба 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслээ солилцсон. У.Мнь тухайн үед Хюндай старикс маркийн автомашинаа орж ирсэн, сайн машин гэж хэлсэн. Тэр өдрөө уг автомашиныг миний нэр дээр шилжүүлээд чиргүүлийн тооцоог хийгээгүй учир 2017 оны 11 сард тооцоо хийж дуусгаад У.М-ын нэр шилжүүлж өгөхөөр тохиоролцсон. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгаас БНХАУ-д өвс тээвэрлэх ажилд явах үед хамт тээвэрт явж байсан н.Тулга гэх залууд У.М-тай хийсэн наймааныхаа талаар ярьсан чинь У.М-ын өгсөн автомашиныг мотор нь цохисон муу автомашин, моторьг нь хоёр ч удаа боож өгсөн гэж хэлсэн тул наймаагаа буцаах гээд У.М-ын утас руу залгасан боловч холбогдож чадаагүй. 2017 оны 12 дугаар сард чиргүүлээ авъя, чиргүүлийн тооцоогоо эзэн нь нэхээд байна гэж хэлэхэд У.М хөдөөнөөс дөнгөж орж ирж байна хэд хоног гэртээ амраад тэгээд уулзъя гэж хэлсэн. У.М хэд хоногийн дараа надад унасан машины мотор байна түүнийг авах уу гэхээр нь н.Ганзоригт хэлсэн чинь аваарт орсон машины мотор авахгүй, орж ирсэн моторын мөнгийг нь өгчихвөл чиргүүлээ өгнө гэсэн. Энэ талаар У.М-т хэлэхэд зөвшөөрөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр н.Ганзориг Дарханаас ирж бид хоёр У.М-аас чиргүүлийг авахдаа 2 сарын зогсоолын төлбөр 300 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хендай старекс маркийн автомашиныг эдлэж хэрэглээгүй бөгөөд анх ямар байсан тэр хэвээр манай хашаанд байгаа. У.М-ын утас руу удаа дараа залгасан боловч холбоо барьж чадаагүй. Чиргүүлд 2 093 000 төгрөгийн засвар хийх зүйл байгаагүй. У.Мнь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралд чиргүүлд авсан сэлбэг хэрэгслийн төлбөрийн баримт гаргаж ирээгүй байж одоо хаанаас ямар баримт гаргаж нэхээд байгааг ойлгохгүй байна. Мөн 64-77 УНТ улсын дугаартай Хюндай старикс маркийн автомашиныг буцааж өгөх хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-аас 7 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.М-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 673 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.М-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Д-д авж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч У.М-т Хюндай старикс маркийн автомашинаа ав гэж хэлсэн боловч “авахгүй, үнийг нь авна” гэсэн. Надад мотор нь муу автомашин өгчихөөд уг машиныхаа үнэ 7 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд чиргүүл болон автомашиныг харилцан өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон арилжааны гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заанаар худалдах-худалдан авах гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж үзэж байна гэж шүүх дүгнэсэн. Хариуцагч тухайн автомашины доголдлын талаар шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар нотлоогүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь автомашины өмчлөх эрх 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байтал үүнээс бүтэн 1 жилийн дараа өмчлөх эрх шилжсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш У.М-т моторын доголдолтой холбогдуулан наймаагаа буцах талаар 2017 оны 12 дугаар сард мэдэгдэж 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр чиргүүлээ буцааж авсан. Дээрх байдлаас үзэхэд хуульд заасан хугацааны дотор У.М-т доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн байхад 2017 оны 11 дүгээр сард чиргүүлийг У.М-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн нь буруу. Мөн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хуульд заасан хугацааны дотор гэрээнээс татгалзах байтал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Ц.Дэмбэрэлсайханаас 64-77 УНТ улсын дугаартай Хюндэй старикс маркийн автомашиныг гаргуулан Ц.Мөнх-Алдарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийн холбогдох заалтыг оновчтой зөв тайлбарлаж хэрэглээгүй байгааг зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгч У.Мнь хариуцагч Ц.Д-д холбогдуулан арилжааны гэрээнээс татгалзсаны улмаас 64-77 УНТ улсын дугаартай Хюндай старикс маркийн автомашины үнэ 7 000 000 төгрөг, хохирол буюу чиргүүлийн сэлбэгийн үнэ 1 673 000 төгрөг, нийт 8 673 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Хюндай старикс автомашин, шаланз чиргүүлээр солих гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч У.Мөөрийн өмчлөлийн 64-77 УНТ улсын дугаартай Хюндай старикс маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч Ц.Днь 71-82 АЧ улсын дугаартай шаланз чиргүүлийн гэрчилгээг 11 дүгээр сард нэхэмжлэгчийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх-5,7,26/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн хендай старекс маркийн автомашины мотор доголдолтой байсан, мөн чиргүүлийн эзэнд үнийг нь бүрэн төлөөгүйгээс буцаан авсан тул гэрээгээр шилжүүлэн өгсөн дээрх автомашиныг буцааж өгнө, харин үнийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаж эд зүйлийг буцааж өгнө гэх үндэслэлээр үнийг нь төлөхөөс татгалзжээ.

Нэхэмжлэгч У.М гэрээний дагуу 64-77 УНТ улсын дугаартай Хюндай старикс маркийн автомашиныг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлж, гэрчилгээг Ц.Д-ны нэр дээр шилжүүлсэн. Харин Ц.Днь 71-82 АЧ улсын дугаартай шаланз чиргүүлийн гэрчилгээг У.М-ын нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, учир нь уг чиргүүл нь А.Гантөмөрийн өмчлөлийнх болох нь зохигчийн тайлбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-7/

Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д гэрээнээс татгалзан гэрээний зүйл болох чиргүүлийг буцаан авсан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн хендай старекс маркийн автомашины үнийг хариуцагчаас шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний заалт нэгэн адил хамаарна” гэж заасан.

Иймээс хариуцагч Ц.Днь хендай старекс маркийн автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш буюу өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойшхи хугацаанд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар автомашины доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв автомашиныг доголдолтой гэж үзэж байгаа бол тэрээр өнгөрсөн хугацаанд энэ талаар мэдэх боломжтой байсан.

Мөн нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн дээрх автомашиныг доголдолтой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул шүүх хариуцагчийн татгалзлал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж чиргүүлийг буцааж авсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар автомашины үнийг шаардах эрхтэй.  

Хариуцагч уг автомашиныг хаана байгаа, анх шилжүүлэн өгсөн байдлаар буцааж өгөх боломжтой болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Автомашинаа авахаар очиход өнгө үзэмжийг илт доройтуулж эвдсэн, асахгүй болсон байсан тул автомашины үнийг нэхэмжилнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд талууд автомашины үнийг 7 000 000 төгрөгөөр тооцсон талаар маргаагүй байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч чиргүүлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үүргээ зөрчсөн. Улмаар 2018 оны 2 дугаар сард буцаан авснаас хойшхи хугацааны турш нэхэмжлэгчийн автомашиныг өөрийн мэдэлд ашиглаж байгаа нь тогтоогдсон тул хариуцагч Ц.Д-аас автомашины үнэ 7 000 000 төгрөгийг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч чиргүүлийг засан сайжруулахад гарсан зардлын хэмжээг нотлоогүй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй байхад шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг хасаж, “205 дугаар зүйлийн 205.2.2, 227 дугаар зүйлийн 227.1” гэж нэмж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

                                                    ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                                                    Д.БАЙГАЛМАА