Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/01544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 03 с 20ө

Дугаар 101/ШШ2024/01544

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,*******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 2,291,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, А., гэрч , И., нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2023 оны 07 сарын 08-ны орой 21-21 цаг 30 минутын хооронд яармагийн Сутай дэлгүүрийн камерын ажилтанд гудамжны үзүүрт шээсэн гэх шалтгаанаар зодуулсан ба үүнээс болж монетан гинж тасарч, гар утасны дэлгэц хагарч, харааны хамелеон шил хагарсан. Яармагийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж өдрийн 200,000 төгрөгөөр ажиллаж байсан ажлаа алдсан. Иймд доорх нэхэмжлэлийг гаргаж байна. 1. Монетан гинж нөхүүлж гагнуулах 200,000 төгрөг, 2. Гар утас дэлгэц солиулах 250,000 төгрөг, 3. Харааны хамелеон шил 168,000 төгрөг, 4. Ажлын цалин 1,400,000 төгрөг,

Эмчилгээний зардалд 1. Эмийн төлбөр 20,600 төгрөг, 2. Эмнэлгийн ор хоногийн төлбөр 81,150 төгрөг, 3. Эмийн төлбөр 31,500 төгрөг, 4. Тархины томограф 140,000 төгрөг, нийт 2,291,250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Миний цул эрхтэн, дагз уруу зодсон, дэлгүүрийн хүмүүс гарч ирээд салгасан, би ухаан алдаад унасан. Анхнаасаа архичин гэж бодоод гинжийг авсан байх, миний халаасыг ухаад үзсэн юм шиг утас байхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа шуналын сэдэлттэй байсан, утас байсан. Би согтуу байсан, дүүгээрээ машинаа бариулж явсан. Танил талаараа зодуулсан шийдүүлсэн, архичин зодуулсан мэт орхисон. Гудамжинд шээсэн нь миний буруу, 100,000 төгрөгөөр торгуулсан. Гинж тасарсныг 0.8 грамм буюу 1 хэлхээгээр тооцож 200,000 төгрөг болно гэсэн, эмчилгээний зардалд томограф 140,000 төгрөг, эмийн төлбөр 20,600 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 81,150 төгрөг, эмийн төлбөр 31,500 төгрөг, хувиараа бригадын дарга, туслан гүйцэтгэгчээр 7 хоног 250,000 төгрөгөөр 1,400,000 төгрөг, хамелон шил 168,000 төгрөг, гар утасны дэлгэц солиулах 250,000 төгрөг, Нийт 2,291,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн урд шүүх хуралдаанд гаргасан 473,200 төгрөг төлөх талаарх эвлэрэх саналыг зөвшөөрөөгүй, одоо ч зөвшөөрөхгүй... гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2023 оны 07 сарын 08-ны орой 19 цагийн үед Хан-уул дүүргийн Яармагт байрлах Сутай Буянт дэлгүүрийн камер ба дохиоллыг янзлахаар очсон байсан ба маргаан болох үед өөрийн унаж явсан автомашинаас багаж хэрэгслээ авах байж байтал Н.******* олон нийтийн газар гудамж талбайд ил задгай бие засаж байсан ба автомашинаас багажаа аваад буух гэтэл яг шээс дээр нь гишгэх гээд байсан, Н.*******д хууль ёсны шаардлага тавьж олон нийтийн газар бие засаж болохгүй гэдгийг хэлэхэд над руу салаавч гаргаж, ...Май ал минь, чи алнаас төрсөн ал биз дээ... гэх мэтээр хэл амаар доромжилсон учир бид муудалцаж хоорондоо барьцалдаж ноцолдсон. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгч улмаар чи байртай юу, машинтай юу би чамаас бүгдийг чинь авна, би 2 хоногоос эмнэлэгт хэвтэнэ гэх мэтээр сүрдүүлж байсан ба миний бие за уучлаарай гээд уучлалт гуйж тайвшруулах зорилгоор цэвэр ус өгөхөд буцаан над руу цацаж орилж чарлаж байсан. Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч шаардлагатай бол дуудна хэмээсэн учир миний бие гэртээ харьсан. Нэхэмжлэгчийн дурдсан шиг гар утас, нүдний шил зэрэг зүйл байгаагүй бөгөөд нэхэмжилж байгаа зүйл нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.******* 2023 оны 7 сарын 8-ны өдрийн 19 цаг орчмын үед Хан-Уул дүүрэгт байрлах Сутай дэлгүүрт камер суулгах ажил хийж байхад Н.******* нь түүний ажлын авто машины руу шээж байсан, шээхээ боль гэж шаардлага тавихад ээжийг нь төрөл бүрээр хараахад Б.******* дургүйцэж барьцалдаж авсан. Нэхэмжлэгч хариуцагч нар ноцолдож байх үед Н.******* Б.*******ийн авто машины өмнө сууж би чамаас 5-6 сая төгрөг авах болно гэж хэлсэн гэсэн. Б.******* Н.*******г тайвшруулах зорилгоор савтай цэвэр ус өгөхөд нүүр руу буцааж цацсан. Цагдааг нэхэмжлэгч өөрөө дуудсан. Б.******* гинж газар унасан байсныг харсан хүзүүнд эсвэл халаасанд нь байсан талаар мэдээгүй гэсэн. Н.******* хариуцагчийг халаасыг нь ухсан гэж тайлбараараа гүтгэж байна. Хэрвээ түүний халаасыг ухсан бол дээрмийн гэмт хэрэг болох болно. Гэхдээ Цагдаагийн байгууллага энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Тухайн үед гар утас болон нүдний шилж огт харагдаагүй гэсэн. Хавтаст хэрэгт байгаа нүдний шил авсан гэх баримт 2023 оны 11 сарын 24-ний өдрийн баримт байна, гэтэл энэ асуудал 2023 оны 07 сарын 08-ны өдөр үүссэн буюу талууд маргалдсанаас хойш 4 сарын дараа нүдний шил авсан байна. Баримтаас харахад нэхэмжлэгч асуудал болсноос хойш эдгээр баримтыг цуглуулсан нь харагдаж байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хариу мэдэгдэх хуудас гэсэн баримтад Б.******* нь 2023 оны 07 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сутай хүнсний дэлгүүрийн хажууд Н.*******г гудамжинд шээлээ гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг газар унагааж, гараараа цохисон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлсэн байна. 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 8770 дугаар тогтоолд Н.*******гийн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлий хэсэг, хоёр талын шуунд зулгаралт байна, гэхдээ энэ гэмтэл 24 цагийн дотор тогтсон байх боломжтой гэж байна. Нэхэмжлэгч 3 хоногийн дотор өөр хүнтэй маргалдаж эдгээр гэмтлийг авсан байх боломжтой, бид нар мэдэхгүй. Баримтыг харахад хариуцагч нэхэмжлэгчийг зодсон, гэмтээсэн зүйл байхгүй байна. Гар утас байсан, байгаагүй эсвэл согтуу явж байгаад хаясан эсэх талаар тогтоох боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч 473,200 төгрөг төлөхөөр эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, одоо эвлэрэх санал байхгүй, хэргээ шийдвэрлүүлье... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Цагийн хөлсийг гэрээнд заасан байдаг, нэхэмжилж байгаа цалин нь өндөр байна, дансны баримттай бол гаргуулах саналтай. Нотлогдсон хохирлыг гаргуулах боломжтой... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн бол зардлуудыг гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна. Гар утсыг дансны хуулгаар шилжүүлсэн бол баримтаа өгөх хэрэгтэй байх... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-48, 63-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

Шүүхийн журмаар нотлох баримт байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 2,291,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн тооцооллыг ...монетан гинж нөхүүлж гагнуулах 200,000 төгрөг, гар утас дэлгэц солиулах 250,000 төгрөг, харааны хамелеон шил 168,000 төгрөг, ажлын цалин 1,400,000 төгрөг, эмчилгээний зардал болох эмийн төлбөр 20,600 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 81,150 төгрөг, эмийн төлбөр 31,500 төгрөг, тархины томограф 140,000 төгрөг, нийт 2,291,250 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал зодоогүй талаар прокурорын хариу мэдэгдэх хуудсанд дурдагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

2023 оны 07 сарын 08-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 6-р хороо, Яармагийн Сутай хүнсний дэлгүүрийн хажууд Н.******* согтууруулах ундаа хэрэглэсэн, гудамжинд биеэ зассан байдалтай байхад нь Б.******* зохих шаардлага тавьснаас шалтгаалж маргалдаж, улмаар зодолдсон болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 8770 дугаартай прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 сарын 13-ны өдрийн 1/271 дугаартай хариу мэдэгдэх хуудас, гэрч ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-4-5, 8-11,63/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

Маргаан, зодоон Н.*******гийн буруутай үйлдлийн улмаас үүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч уг үйлдэлдээ 100,000 төгрөгөөр торгуулснаа хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Б.******* нэхэмжлэгч Н.*******гийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан санаатай үйлдлийн улмаас Н.*******гийн биед зулгаралт, зөөлөн эдийн няцрал үүссэн болох нь гэрч И.ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна. /хх-4-11/

Нэхэмжлэгч Н.******* нь зодуулсантай холбоотой 2023 оны 07 сарын 09-нд толгой тархины бүтцээ үзүүлж 140,000 төгрөг, 2023 оны 07 сарын 17-нд эмнэлгийн ор хоногт 81,150 төгрөг, 2023 оны 07 сарын 22-нд эмийн төлбөрт 31,500 төгрөг, нийт 252,650 төгрөгийг төлсөн болох нь Дуб ХХК-ийн и-баримт, Их халзан бүргэдэй эмийн сангийн и-баримт, эмнэлгийн хэрэглэгчийн и-баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.

Зодоон болохоос өмнө буюу 2023 оны 07 сарын 01-нд авсан эмийн үнэ 20,600 төгрөгийн хохирол хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Зодоон болох үед нэхэмжлэгчид гар утас, нүдний шил байсан, Б.*******ийн үйлдлийн улмаас гар утас, нүдний шил нь эвдэрсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, улмаар гар утас, нүдний шил засуулахад төлбөр төлсөн талаарх дансны хуулга байхгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч нэхэмжлэгчид гинж байсан гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгч гинжийг 200,000 төгрөгөөр засуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс тодруулахад ...засуулаагүй... гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийг гинжээ 200,000 төгрөгөөр засуулж хохирсон гэж дүгнэх боломжгүй.

Зодоон нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс эхэлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа тул бусад хохирлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй.

Н.******* 2023 оны 07 сарын 08-нд хийсэн ажлаа хүлээлгэж өгөөд архи уусан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч 2023 оны 07 сарын 09-ний өдрөөс хойш 7 хоногт 1,400,000 төгрөгийн авах ёстой цалингаа аваагүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн Барилга угсралтын гэрээгээр нэхэмжлэгчийг 2023 оны 07 сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэлх улсын баяр наадмын үе буюу бүх нийтээр амрах амралтын өдрүүдэд 1,400,000 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо алдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Б.*******өөс 252,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 2,038,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч нар баримттай бол нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, цалин өндөр гэх дүгнэлт гаргасан боловч шүүх баримтын хүрээнд хохирлын зарим хэсгийг хангаж, цалин өндөр гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч 2,291,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 51,610 төгрөг төлөхөөс 169,406 төгрөг төлж 117,796 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангасан дүн 252,650 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 8,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч ...дансны хуулгаа шаардлагатай бол өгч болно... гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч талд эрх үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан, шүүх хариуцагчийн 473,200 төгрөг төлж эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөх эсэхийг нэхэмжлэгчээс удаа дараа тодруулахад эвлэрээгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******өөс 252,650 /хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс 2,038,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,406 төгрөгөөс илүү төлсөн 117,796 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 51,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ