Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
Хэргийн индекс | 101/2023/08345/И |
Дугаар | 101/ШШ2024/01210 |
Огноо | 2024-03-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2024/01210
2024 о 03 с 04ө | Дугаар 101/ШШ2024/01210 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,
29,426,667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галбадрах, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.******* нь ******* ББСБ ХХК-тай харилцан тохиролцож 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар Зээлийн гэрээ, 21/049 Хөрөнгө барьцаалах гэрээ-г байгуулан ******* УБҮ улсын дугаартай, маркийн, цэнхэр саарал өнгийн, арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, 2020 оны 08-р сарын 10-ны өдөр орж суудлын автомашиныг барьцаалан 30,000,000 төгрөгийг, нэг сарын 2,8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. ******* ББСБ ХХК нь уг мөнгийг Б.*******гийн Төрийн банк дахь 103800377579 тоот дансаар олгосон байдаг. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар "Зээлийн гэрээ, 21/049 Хөрөнгө барьцаалах гэрээ-ний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр -д ирсэн цахим хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******-01 дугаар гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай сунгасан байдаг.
Мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр -д ирсэн цахим хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******-02 дугаар гэрээгээр гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай сунгасан байдаг.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 11-р сарын 18-ны өдөр дуусгавар болж, Б.******* Зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг хуваарийн дагуу төлөхгүй байсан тул манай байгууллагын зүгээс удаа дараа утсаар мэдэгдэн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23/А-247 дугаар мэдэгдлийг Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 74а-р байр 48 тоот хаягаар хүргэж мэдэгдэх хуудсыг нөхөр З. хүлээн авч гарын үсэг зурсан билээ. Гэвч Б.******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ хуваарийн дагуу эргэн төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 болон Талуудын хооронд 2121 оны 08-р сарын 17-ны өдөр байгуулсан ******* дугаар Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3-д Б.******* нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.2-д заасан зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Үндсэн зээлийн төлбөр 25,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,357,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,333.33 төгрөг, нотариатын төлбөр 18,000 төгрөг, Нийт 29,426,667 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Б.*******гаас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Хөрөнгө барьцаалах гэрээ-ний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 4,357,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,333.33 төгрөг, нотариатын төлбөр 18 000 төгрөг нийт 29,426,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Авто машиныг барьцаалсан, дараа нь шийдвэр гүйцэтгэл дээр машин бусдад шилжих эрсдэлтэй тул манайх нэр дээрээ өмчлөх эрхийг шилжүүлж авсан... гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2021 оны 08 дугаар сарын 17-нд ******* ББСБ-аас зээлж авсан 30,000,000 төгрөгөөс сар бүрийн төлөлт болох 810,000 төгрөгийг төлсөөр ирсэн. Иймээс нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн үнийн дүнгээс хасуулж шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2022 онд үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасуулж 25,000,000 төгрөг болгосон. Мөн манай нөхөр З. тус ББСБ-аас машин барьцааны зээл авсан байсан. 10,000,000 төгрөгийн авсан. Тус байгууллагын RX450 машины төлөлт хийхээр Харриер машины зээл төлөлт рүү татдаг... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 8 сард 30 сая төгрөг авсан, 2022 оны 12 сарын 16-ны өдөр үндсэн зээлээс 5 сая төгрөг төлсөн. Энэ хугацаанд нийт 16,988,000 төгрөгийн хүү төлсөн. Нэхэмжлэгчээс нийт 29,426,667 төгрөг нэхэмжилж байна, үүнээс миний төлсөн 16,988,000 төгрөгийг нэхэмжлэлийн үндсэн зээлээс хасаж өгнө үү, хэрвээ миний төлсөн мөнгийг 2 машин руу хувааж татаж аваагүй бол нэмэгдүүлсэн хүү, хүү төлөх нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж бодож байна, жишээ нь 2,500,000 төгрөгийн төлөлт хийхэд Б.*******гийн төлөлт гэж нөгөө машин руу мөнгийг татдаг байсан. Авто машиныг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээ гэж байгуулсан, өмчлөл Лоту финанс ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа, бид машинаа эзэмшиж байгаа... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч байгууллага анх хариуцагчтай Иргэний хуулийн 451, 453-р зүйлд зааснаар гэрээ байгуулсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк болон ББСБ-ууд бүгд тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авах ёстой ба нэхэмжлэгч ******* ББСБ ХХК 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан ч тусгай зөвшөөрөл нь хэзээ, хэрхэн яаж, сунгагдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 2023 оны 01 сарын 06-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2023 оны 01 сараас эхэлж тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгохоор болсон. Тиймээс 2023 оноос өмнө зээл олгосон байгууллага тусгай зөвшөөрөл авсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байхыг шаардана. Уг баримтыг хавсаргасан тохиолдолд тухайн байгууллага Иргэний хуулийн 451-453-р зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй буюу зээлийн хүү шаардах эрх үүснэ. Хэрвээ тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд Иргэний хуулийн 281-р зүйлд заасны дагуу харилцааг зохицуулна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрлөө гаргаж өгсөн ч тусгай зөвшөөрөл хавсралтын хамт хүчин төгөлдөр байх ёстой. Үүнээс харахад нэхэмжлэгч компани зээлийн үйл ажиллагаа явуулж , зээлийн хүү шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй болж байна. Хэрэгт энэ талаар баримт байхгүй учраас талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулагдсан, хүү шаардах эрхгүй гэж үзэж байна... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-24, 37, 44-45-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 39-р тал,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн зээлд 25,000,000 төгрөг, хүүд 4,357,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 51,333.33 төгрөг, нийт 29,426,667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал хүүд их мөнгө төлсөн, хүүд төлсөн мөнгөнөөс үндсэн зээлд тооцож хасуулна гэх үндэслэлээр маргаж байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээлийн ... гэжээ.
Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.
Хариуцагч тал тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт байхгүй гэж байх боловч нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь нийтэд илэрхий http://www.frc.mn/ сайтад байршсан байх тул нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж дүгнэв.
******* ББСБ ХХК 2021 оны 08 сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг Б.*******д 3 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлж, 30-05 УБҮ улсын дугаартай Лексус арикс 450 маркийн автомашиныг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-9-11/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч талын талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн, 282.2-т зааснаар хүүг илт хохиролтой тогтоосон гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.
******* ББСБ 2021.08.18-нд зээлдэгч Б.*******гийн дансаар 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.
Б.******* зээл 30,000,000 төгрөгийн 3 сарын хүү болох 2,520,000 төгрөг төлөхөөс 2021.09.18-наас 2021.12.18-ны өдрийг дуусталх 4 сарын хүүд 2021.09.24-нд 840,000 төгрөг, 2021.10.18-нд 840,000 төгрөг, 2021.12.16-нд 1,680,000 төгрөг, нийт 3,360,000 төгрөгийг төлсөн болох нь ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй мемориалын ордероор тогтоогдож байна. /хх-20/
Талууд 2021.12.16-нд *******-01 тоот гэрээний хугацааг 2021.11.18-ны өдрөөс 2022.11.18-ны өдөр хүртэл 12 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан зээлийн сунгалтын гэрээгээр тогтоогдож байна. /хх-12/
Б.******* гэрээний хугацаа сунгасан 2021.11.18-наас 2022.11.18-ны хооронд 10,080,000 төгрөг төлөхөөс 840,000 төгрөгийг дээр дурдсанаар төлсөн, 2022.04.27-нд 1,400,000 төгрөг, 2022.05.31-нд 2,100,000 төгрөг, 2022.06.30-нд 700,000 төгрөг, 2022.07.01-нд 140,000 төгрөг, 2022.08.09-нд 840,000 төгрөг, 2022.08.25-нд 840,000 төгрөг, 2022.09.29-нд 600,000 төгрөг, 2022.10.26-нд 240,000 төгрөг, 2022.11.23-нд 340,000 төгрөг, 2022.12.07-нд 2,040,000 төгрөг, 2022.12.21-нд 350,000 төгрөг, нийт 10,430,000 төгрөгийг төлсөн болох нь ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй мемориалын ордероор тогтоогдож байна. /хх-18-20/
Гэрээг сунгасан хугацаанд хүүд 350,000 төгрөгийг илүү төлсөн байна.
2022.12.07-нд Б.******* үндсэн зээлээс 5,000,000 төгрөгийг төлж, 25,000,000 төгрөгийн зээлийг 2023.11.18 хүртэл сунгасан болох нь талуудын тайлбар, зээлийн сунгалтын гэрээгээр тогтоогдож байна. /хх-14/
Б.******* гэрээний хугацаа сунгасан 2022.11.18-наас 2023.11.18-ны хооронд 25,000,000 төгрөгийн хүүд 8,400,000 төгрөг төлөхөөс илүү төлсөн 350,000 төгрөг, 2023.01.27-нд 400,000 төгрөг, 2023.02.09-нд 350,000 төгрөг, 2023.03.01-нд 300,000 төгрөг, 2023.03.17-нд 400,000 төгрөг, 2023.03.20-нд 388,000 төгрөг, 2023.05.22-нд 800,000 төгрөг, 2023.09.06-нд 1,400,000 төгрөг, нийт 4,388,000 төгрөгийг төлсөн болох нь ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй мемориалын ордероор тогтоогдож байна. /хх-18-21/
Зээлийн гэрээний хугацаа 2023.11.18-нд дуусахад үндсэн зээлд 25,000,000 төгрөг, хүүд 4,012,000 төгрөг төлөхөөр байна.
Зээлдэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж байсан, 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2023.11.18-нд дуусаж нэхэмжлэгч 2023.11.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 25,000,000 төгрөгийн зээлийн хүүг 4,357,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 51,333 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь гэрээ, Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд нийцэж байх ба энэ нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдож байна. /хх-23-24/
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ гэж заасан тул төгрөгийн задгай нэгж болох мөнгө Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний гүйлгээнээс хасагджээ.
Иймд нэхэмжлэгчийн мөнгөөр илэрхийлсэн хэсгийг хасав.
Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний зүйлийг өөрсийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад барьцаалсан... гэв
Зээлдүүлэгч нь авто машиныг барьцаалах, зээлдэгч нь барьцаанд бариулах хүсэл зоригтой байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй байна.
******* ББСБ ХХК авто машиныг барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан гэх боловч фидуцийн гэрээний дагуу Б.*******гийн өмчлөлийн 30-05 УБҮ улсын дугаартай Лексус арикс 450 маркийн автомашиныг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-15/
Иймд талуудын хооронд бодитоор фидуцийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж гаргах талаар хуульчилсан ба хариуцагчийн үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч талд 18,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын зардалд нэхэмжилсэн 18,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Б.*******гаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүд 4,357,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 51,333 төгрөг, нийт 29,408,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,001 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 29,408,666 төгрөгт ногдох 304,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 29,408,666 /хорин есөн сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,001 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 304,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ