Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/674

 

 

                                                           

Ц.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Ц.Б,  

хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бод холбогдох 2206000001162 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Б, ................................................. төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .................................................ажилтай, ам бүл ....., эхнэрийн хамт ....................................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хашаан дотор хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар хохирогч Д.Цийн баруун талын эрүү хэсэгт гараараа цохих, нуруу, зүүн талын хавирга руу өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц нь гэм хорын хохиролтой холбоотой болон цаашид эмчилгээний зардал гарвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн тогтоолын хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар хохирогч Д.Цийг гараараа баруун талын эрүү хэсэгт цохих, хөлөөрөө нуруу, зүүн талын хавирга руу өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал гэмтэл үүсгэж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна” гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 4251 дугаартай дүгнэлтээр Д.Цийн биед эрүүний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

Хохирогч Д.Ц нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хашаан дотор буюу ажлын байран дээрээ хамт ажилладаг гэх Ц.Бод зодуулан эрүүгээ хугалуулж, улмаар хагалгаанд орсон, одоо эрүүндээ 8 төмөр суулгуулсан байдалтай байна.

Хохирогчийн эрүүнд суулгасан 8 төмрийг авахгүй, насан туршдаа эрүүндээ 8 төмөртэй, эрүү, нүүрийг засаршгүйгээр гэмтээсэн байхад Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ эрүүгийн 2206000001162 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хэмээн зүйлчилсэн, анхан шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хэргийг буруу шийдсэнд гомдолтой байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1-т “Гэмтлийн зэргийг тогтоохдоо амь насанд аюултай эсэх; эрүүл мэнд сарниулсан хугацаа гэмтлээс үүссэн үлдэц уршиг; ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт” гэсэн 4 шинжийг баримтлан тогтооно гээд гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарахаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагдсан гэдэгт 35-100 хувь тогтонги алдагдсан шинжийг ойлгохоор заасан.

Тэгвэл эрүү хугарсан гэмтлийг уг журмын 4 дүгээр хэсгийн 11-т заасан “Хоншоор, эрүү, шанааны яс хугарах, эрүү мултарснаас зажлах үйл ажиллагаа алдагдах: Хоншоор болон эрүүний зарим хэсэг үгүй болох нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 40 хувь алдагдуулна” гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Цийн эрүү нь хугарсан, хазах, ангайх үйл ажиллагаа их хэмжээгээр алдагдаж, эрүүний хэлбэр бүрэн өөрчлөгдсөнөөс (хүнд зэрэг) гадна эрүүндээ байнгын 8 төмөртэй, уг төмрийг авах боломжгүй гэж байгаа нь эрүүний зарим хэсэг ясгүй болсныг нь төмрөөр орлуулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эрүүг хугалж, хүнд хэлбэрийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг болно.

Түүнчлэн шүүхийн тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Ц.Б нь өмнө нь буюу 1999 онд 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, 2021 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хүний биед халдаж гэмтэл учруулаад шүүхээр ял аваад хагас жил ч болоогүй байхдаа дахин хүн зодож хүнд гэмтэл учруулсан байхад шүүх энэ талаар анхаарч үзэлгүйгээр 900.000 төгрөгөөр торгосныг ял хөнгөдсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр буюу шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, орхигдуулсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Миний доод талын эрүү мэдээ байхгүй. Юм идэхэд хүндрэлтэй байгаа” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4251 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлага нь хуульд нийцсэн. Прокуророос өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ялын санал гаргасныг шүүх хуулийн хүрээнд үндэслэлтэй дүгнэсэн. Мөн хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хашаан дотор хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар хохирогч Д.Цийн баруун талын эрүү хэсэгт гараараа цохих, нуруу, зүүн талын хавирга руу өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цийн “...Би 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалах их сургуулийн хашаан дотор байрлах спорт заалны урд автомашины зогсоол дээр хамт ажилладаг Батболд гэх залууд зодуулсан. Би ажил дээрээ ирээд Батболдыг сүртэй банди вэ гэж хэлсэн чинь баруун талын эрүү хэсэгт цохисон. Тэгээд би хаалга онгойлгох гэж байсан чинь миний зүүн талын хавирга руу өшиглөсөн. Тэгсэн чинь би амьсгал давчдаад заалны шатнаас бариад зогсож байсан чинь араас ирээд намайг газар унагааж байгаад нуруу, хавирга хэсэг рүү өшиглөөд байсан. Би хохирол мөнгө гэж 700.000 төгрөг авсан. ...” /хх 9-12/,

гэрч А.Сугармаагийн “...Д.Ц машин дотор нь ороод суухад зүүн талын шанаа нэлээн хавдартай хөхөрсөн байдалтай байсан. Нөгөө ээлж болох Ц.Бын 89963747 дугаарын утас руу залгаад юу болсон талаар асуухад би зодсон юм аа гэж хэлсэн. ...” /хх 13-16/,

Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй. ...” /хх 34-36/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4251 дугаартай “Д.Цийн биед эрүүний ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон” /хх 24-25/ дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бын иргэн Д.Цтэй маргалдаж, улмаар гараараа баруун талын эрүү хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг “... шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эрүүг хугалж, хүнд хэлбэрийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг болно. ... Өөрөөр хэлбэл, өмнө нь хүний биед халдаж гэмтэл учруулаад шүүхээр ял аваад хагас жил ч болоогүй байхдаа дахин хүн зодож хүнд гэмтэл учруулсан байхад шүүх энэ талаар анхаарч үзэлгүйгээр 900.000 төгрөгөөр торгосныг ял хөнгөдсөн гэж үзэхээр байна. Иймд ... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4251 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Цийн биед эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмыг зөрчсөн гэж үзэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх нөхцөл үндэслэл үүсээгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий байх тул ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Цийн өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР