Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0785

 

 

   

                                            “Л” ХХК, Ж.А, Т.Э, Д.Г нарын нэхэмжлэлтэй

                                                         захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд “Б ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, “З к” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г, Яаралтай түргэн тусламжийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0661 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Л” ХХК, Ж.А, Т.Э, Д.Г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0661 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтлан “...2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 дүгээр актыг илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын нэхэмжлэлийг болон “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...шинээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан 38, 39 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврууд, эскиз батлагдаж 223/2014 дүгээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл эрх зүйн дагаваргүй болсон ба тус шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд ч нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул тус шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байна. Маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангавал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан хэсгийг баримтлах болов уу. Үүнээс үүдэн анхан шатны шүүхийн шүүгч захиргааны процессын хуулийн холбогдох зүйл заалтыг асар буруугаар хэрэглэдэг юм байна гэж ойлгон, үүнд маш их гомдолтой байна. Миний хувьд аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх гээд олон эрх маань зөрчигдөхөөр болоод байна гэж ойлгон нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн хэмжээнд газар олголт замбараагүй явагдаж байгаа бөгөөд уг асуудлыг таслан зогсоох, цаашид гаргуулахгүй байх үүднээс л нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5/14 дүгээр тогтоолыг 2014 онд гаргасан байх. Гэтэл анхан шатны шүүх энэ тогтоол 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн СБД/45/09/11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт хамаарахгүй гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн байх юм. Нэгдүгээрт 2011 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь эрх зүйн үр дагавартай эсэх, хоёрдугаарт шүүгчийн эрх зүйн үр дагаваргүй болсон гээд дүгнээд нэхэмжлэлийг маань хангахаас зайлсхийгээд байгаа хоёр нь өөр хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Нэхэмжлэгч нар Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол зөрчигдсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд анхан шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг агуулгын хувьд зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх маргаж буй захиргааны актыг хэрхэн яаж гаргасан талаар дүгнэлт огт хийгээгүй гэж үзэхээр байна. Хэргийн материалаас үзэхэд 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 давхар байр барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд энэ даалгаврыг үндэслэн хэзээ хойно 3 жилийн дараа Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарчээ. Эндээс анхны архитектур төлөвлөлтийн даалгавар хэдэн жил эрх зүйн үйлчлэлтэй байдаг, захиргаа яагаад 3 жилийн өмнө батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж холбогдох зөвшөөрөл олгох болов, энэ нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, 3 жилийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөнийг хэрхэн яаж тогтоосон гэх мэтчилэн олон асуултад дүгнэлт өгөөгүй байх юм. Нэгэнт дүгнэлт өгөөгүй учраас ямар захиргааны үйл ажиллагааг зөвтгөөд байгаа нь ойлгомжгүй үлдлээ.

Энэ хэргийг шийдвэрлэхэд олон удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгч хариуцагч талд ашигтай гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрээ гаргасан байх юм. Тэгвэл уг асуудалд мэргэжлийн үүднээс хяналт тавих чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг огт хэрэгсэхгүй болгон үлдээх болсон үндэслэл шүүхийн шийдвэрт алга. Энэ мэтчилэн олон зүйлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Л” ХХК, Ж.А, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх “захиргааны хэрэг үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгч авах эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг ноцтой зөрчжээ.

Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтийн бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07 стандартын 3.1-д “ Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад* эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй – физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэж заасан. Дээрх журмаар өрөө тасалгаа бүрт тус стандартын тусгал хангагдсан байхыг заавал мөрдөхөөр шаардах бөгөөд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2980 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “иргэн Ж.А-ы орон сууц /1301/-ийн ганц нар үздэг зүүн зүгт харсан хоёр цонхны урд талын цонхонд зүүн ташуу баригдаж буй 16 давхар барилгын улмаас үүссэн сүүдэрлэлтийн нөлөөллөөр нарны тусгал 3 цаг тусах байснаас 2 цаг 30 минут сүүдэрлэж 30 минут тусахаар байна” гэж дүгнэжээ. Гэтэл шүүх шинжээчийн дээрх дүгнэлтийг хуучин бүхэлдээ 16 давхар барилга байснаас 45 дугаар байрны эгц урд байрлах хэсэг нь 4 давхар болж багасгасан байгаа тул хэмээн бүхэлд нь үнэлэхээс татгалзсан. Манай байртай ташуу зүүн талд байрлах 16 давхар хаашаа ч хөдлөөгүй. Шүүхийн үнэлэхээс татгалзсан дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан Ж.А-ы 1301 тоотын зүүн зүгт харсан цонхнуудын нарны тусгалыг хаасан сүүдэрлэлт ташуу байрлах дээрх 16 давхар барилгаас үүссэн тул холбогдох стандартыг зөрчсөн нөхцөл хэвээр байгаа болно. Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтыг бүрэн дүүрэн үнэн зөв байдлаар тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шинжээчдийн дүгнэлтээр төлөвлөж буй барилга нь нэхэмжлэгч нарын барилгын хананаас 7,8 м зайд байгаа нь тогтоогдсон бөгөөд Хот, тосгоны барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-н 2.11-д “2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй төлөвлөнө” гэж заасан. Гэтэл шүүх барилга хоорондын зайг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь Барилгын хуулийн 5.2-д заасныг зөрчиж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

“Л” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлөвлөж буй барилга баригдсанаар эмнэлгийн үйл ажиллагаанд тавигдах норм норматив зөрчигдөж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна хэмээн маргаж буй бөгөөд тус асуудлаар шинжээч томилуулж эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392 шаардлагад нийцэх эсэх асуудлуудыг тодруулах хүсэлт гаргасан боловч түүнийг шүүх хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх нөхцөлийн талаар шүүхийн шийдвэрт ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, холбогдох дүрэм, журам, стандартыг хэрэглээгүй бөгөөд эмнэлгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын эрх ашиг сонирхолд төлөвлөж буй барилга сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн өмгөөлөгч авах эрхээр хангаж, мэтгэлцэх зарчмыг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын дүгнээгүй хэсгийг дахин дүгнүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Т.Э, Д.Г, Ж.А нар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Хот, байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Ч.Эрдэнэтуяад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хотын түргэн тусламжийн төвийн хашаан дотор 16 давхар барилга бариулахаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3534 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Э, Д.Г, Ж.А нар нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” 223/2014 дугаар актыг илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай ‘’Архитектур төлөвлөлтийн даалгавар’’-ыг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэмэгдүүлж, өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барилга хоорондын зайн хэмжээ зөрчиж, цонхоор тусах нарны тусгалыг хаан нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн тайлбарлаж маргасан байна.

“Л” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай ‘’Архитектур төлөвлөлтийн даалгавар’’-ыг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зургийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, улмаар дээрх захиргааны хэргүүдийг нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уг хэргүүдийг нэгтгэсэн байна.  

1. Нэхэмжлэгч нарын оршин суугаа орон сууцны нарыг баригдах гэж буй барилга нь хаах эсэх, барилга хоорондын зайн хэмжээг зөрчсөн эсэх, орц, гарцыг хааж байгаа талаар тодруулахаар анхан шатны шүүх 2014 оны 11 дүгээр сарын 12, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвийг, 2015 оны 09 дүгээр сарын 08, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Өргөө архитект” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ.  

Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн нэмэлт шинжилгээнд “...Хотын түргэн тусламжийн төвийн хашаан дотор барихаар төлөвлөж буй барилга болон 46 дугаар байрны хоорондын зайг газар дээр хэмжиж үзэхэд 46 дугаар байрны барилгын консолиос барихаар төлөвлөж байгаа барилгын хашаа хүртэл 40 см, хашаанаас барихаар төлөвлөж буй барилгын нүхний ирмэг хүртэлх 5 м. 60 см байна. Нийлбэрийг авч үзвэл хоёр барилгын хоорондын хамгийн ойр хэмжээ нь 6 метр байна. ...Энэ зай нь норматив баримт бичгийн барилга хоорондын байж болох хамгийн бага зай 6м байхаар тусгагдсантай ижил байна” гэж дүгнэсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/153/21 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “...Яаралтай тусламжийн төв, албан конторын 4 давхар барилгаас 46 дугаар байр хүртэл 8.9 м байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6, “Хот, тосгоны барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30-01-04/-ийн 2.11-д тус тус заасан барилга хоорондын зайн хэмжээг хангахгүй байна...” хэмээн хоёр өөрөөр дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 2.11-д заасныг маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэдэг нь цугларсан баримтыг харилцан хамааралд нь цогцоор нь судалж, үнэлэхийг ойлгох бөгөөд нотлох баримтын талаар бусад баримттай уялдуулж үнэлгээ өгөх,  баримтууд нь бие биенээ үгүйсгэж байгаа эсэх талаар шүүх дүгнэлт өгч, үнэлэх үүрэгтэй атал анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр хэрэглэж, заримыг үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж дүгнэлт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, 46 дугаар байр болон төлөвлөж буй барилгуудыг хооронд нь  ойртуулж төлөвлөсөн нь норм, дүрэмд заасны дагуу хэрхэн нийцэж, нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчөөгүй болохыг дүгнээгүй, “...нэхэмжлэгч “Л” ХХК-ийн эмнэлэг байрлаж буй барилга /46 дугаар/ нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар бус орон сууцны зориулалтаар төлөвлөгдсөн тул барилга хоорондын зай ойртсон тайлбар үндэслэлгүй” гэж шүүх дүгнэсэн атлаа 46 дугаар байр нь 1-12 дугаар давхарт иргэн, хуулийн этгээдүүд үйл ажиллагаа, үйлчилгээ явуулдаг болох нь нотлогдсон гэх зөрүүтэй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч байгууллага тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, мөн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг болохын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх 4 давхар болон 16 давхар байхаар төлөвлөгдсөн орон сууц нь барилга хоорондын зайн хувьд холбогдох норм дүрэмд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.     

Түүнчлэн анхан шатны шүүх “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 тогтоол батлагдаж, үйлчлэхээс өмнө 2011 онд маргаан бүхий барилгуудыг аль алиныг нь 16 давхар байхаар төлөвлөсөн, уг журам нь батлагдахаасаа өмнөх харилцаанд үйлчлэхгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн хэрнээ 2015 оны 38, 39 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2, 4.3.1.5, 4.4, 6.3 дахь заалтад хамаарах эсэх талаар мөн дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нарын орон сууцны барилгын урд талд мөн 16 давхар орон сууцны барилга төлөвлөгдсөн байхад маргаан бүхий барилгууд нь орон сууцны хороолол дунд төлөвлөгдөөгүй гэх хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

2. Т.Э, Д.Г, Ж.А нарын нэхэмжлэлээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот, байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Ч.Эрдэнэтуяад холбогдуулан анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн атал уг нэхэмжлэлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, хариу тайлбарыг авч, улмаар уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэж бичжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэгчийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих эсхүл нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан захирамжийг гаргаж, тухайн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулах үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх анх хариуцагчаар тодорхойлсон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот, байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Ч.Эрдэнэтуяаг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар сольсон, эсхүл хамтран хариуцагчаар татсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэж тодорхойлсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Зүй нь нэхэмжлэгч нэр бүхий иргэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд анхан шатны шүүх хариуцагчаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ыг хамтран хариуцагчаар татах эсэх, эсхүл өмнө татсан хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих эсэхийг нэхэмжлэгч нараас тодруулж, холбогдох ажиллагааг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай байжээ.  

3. Нэхэмжлэгч “Л” ХХК, Т.Э, Ж.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд “...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байна. Өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох хугацаа олгож өгнө үү” хэмээн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх “...тус шүүхэд захиргааны хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Шүүхээс хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарласан бөгөөд өмгөөлөгч авах боломжтой гэдгийг мэдэж байсан. Шүүхээс өмгөөлөгч авах эрхийг хаасан зүйл байхгүй, өмнө нь өмгөөлөгч авах боломжтой байсан гэж үзэж” шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч .... хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах.... шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Хэдийгээр энэхүү захиргааны хэргийг үүсгэснээс /2014 онд/ хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч нараас өмнө өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаагүй тул тэдгээрийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА