Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 553

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар “М” ХХК-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Сгийн иргэн Ц.*******д өгсөн 2014 оны  06 дугаар сарын 04-ны өдрийн 20-3 /1184 тоот, иргэн Б.Бөд өгсөн 20-3/1185 тоот, иргэн Д.Н*******д өгсөн 20-3/1189 тоот, иргэн Л.А*******т өгсөн 20-3/1190 тоот, иргэн Д.М*******д өгсөн 20-3/1191 тоотыг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.С иргэдэд өгсөн албан бичиг байдаг. Бид нарыг тухайн иргэдээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахад саад учруулсан. Тухайн албан бичгийг өгөхөд 2013 оны дуустал санхүүгийн баримтад шалгалт хийсэн бөгөөд тухайн актын дүн болон нэмэгдсэн өртгийн албан татвар зөрүүтэй. Тухайн авсан хэмжээнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан. Сая өгсөн эцсийн борлуулалтын падаан нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон бөгөөд тушаасан. 2015 онд 4.3 тэрбум төгрөгийн борлуулалтыг тайлагнасан. Татварын хэлтсийн удирдах дээд байгууллагаас нь импортоор оруулсан бараа бүтээгдэхүүний үнэ тарифт нэмэгдсэн өртгийн албан татвар тушаасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг  хэрэгжүүлэх журам гэж байгаа. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын эцсийн борлуулалтыг тооцож ногдуулна. Гэтэл эцсийн борлуулалт хийгдээгүй. Манай компани эцсийн борлуулалтаа хийж, тухайн хүмүүстэй тооцоо хийж дуусаж үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх процесс явагдаж дуусаагүй учраас бид нар эцсийн борлуулалт хийсэн гэж үзэхгүй. Тухайн үед байцаагч болон дарга нар нь импортоор оруулсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй андуурч тэр бичгийг өгсөн байх гэж бодож байна.

Эх хувийг олгохгүй байгаа учраас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст эх хувийг нь гаргуулахаар  шүүгчийн захирамж гаргуулсан. Тухайн үед өгсөн албан бичгүүдийн эх хувь байхгүй. Тухайн бичиг хууль болон хууль бус гэдгийг нотлох баримт байхгүй. Хүчингүй бичиг гэж үзэж байна. 2-3 хүний дунд хуулбар тамгатай хаанаас ирсэн тодорхойгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлж бичиг өгөхдөө алдаа гаргасан уу, бид нарын мөнгөөр барьсан уу, өөрийнхөө мөнгөөр барьсан барилга гэж тооцсон уу арай өөрөөр хэрэглэсэн байх. Тэр бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Тус шүүхэд гаргасан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдагдсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20-3 /1184, 20-3/1185, 20-3/1189, 20-3/1190, 20-3/1191 тоот албан бичгүүдийг илт хууль бус гэж үзжээ. “М” ХХК нэхэмжлэлийн агуулгандаа:

...” Дээрх иргэдэд өгсөн тоотууд бүгд ижил утгатай бөгөөд манай компанийн болон нэр бүхий иргэдтэй “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хуулийн дагуу байгуулахдаа орон сууцны үнэ төлбөр, түүнийг хэрхэн төлөх, талуудын эдлэх эрх, үүргээ тодорхойлсон байхад дарга Ц.С нь гэрээний оролцогч биш мөртлөө хөндлөнгөөс гэрээний нөхцлийг өөрчлөн, гэрээний чөлөөт байдалд халдан оролцож хууль зөрчсөн дүгнэлт хийсэн нь М ХХК-ийн эрх ашгийг зөрчин хохирол учруулан хохироож байна” гэжээ.

“М” ХХК-ийн 2009-2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдлыг Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 24******* тоот томилолтын дагуу нягтлан бодох бүртгэлийн баримтууд, санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн болон хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Татварын Улсын байцаагч А.Б*******, О.Э******* нар нь хяналт шалгалтыг хийж, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хууль тогтоомжын заалтыг зөрчиж, Татварын хяналт шалгалтаар нийт 107,180,653.0 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, хүү, торгууль, алданги нийт 5,090,851,0 төгрөгийн акт тавьсан. Тухайн актыг “М*******” ХХК-ийн захирал М.З нь актаар тогтоосон төлбөр болон гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран актыг гардан авсан байна. 

Мөн Нэмэгдсэн Өртгийн Албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл..” Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч”, 5.2.1... “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил, үйлчилгээний борлуулалт хийсэнийг”, мөн хуулийн 16 дугаар зүйл ..” Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, 16.1.1-д ...” борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө...” гэж заасан байх бөгөөд бараа борлуулсан ХХК нь борлуулсан бараандаа НӨАТ шингээн, эцсийн хэрэглэгч нь иргэд байхаар зохицуулагдсан байна.

..” Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчиж байна гэж үзжээ. 

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд албан татвар төлөгч нь бараа борлуулсан этгээд албан татвар суутган төлөгч төсөвт төлөхөөр зохицуулагдсан байхад М ХХК нь гэрээгээр хууль зөрчсөн гэрээ байгуулсан байх бөгөөд тус хэлтсээс гарсан албан тоотууд хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна. 

Үүнд: “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Бараа, ажил үйлчилгээ” гэж заасан. 

Тухайн компани гэрээгээ 2011 онд байгуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. 

1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;

2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;

3.энэ хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт хамаарахгүй

4.энэ хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлж тайлагнах үүрэгтэй гэж заасан байна. 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад тооцно. Худалдан авагч тал болон нэхэмжлэгч тал хоёр бараа ажил үйлчилгээ угсралтын ажил гүйцэтгэхээр хамтран борлуулалт хийж байсан. 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Гэрээгээр нэг талд давуу эрх олгох нь бусдад гэрээний хоёрдогч талын эрх ашгийг хөндөж байгаа бол хуулийн заалтыг баримтална” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“М” ХХК нь “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Сгийн иргэн Ц.*******д өгсөн 2014 оны  06 дугаар сарын 04-ны өдрийн 20-3 /1184 тоот, иргэн Б.Бөд өгсөн 20-3/1185 тоот, иргэн Д.Н*******д өгсөн 20-3/1189 тоот, иргэн Л.А*******т өгсөн 20-3/1190 тоот, иргэн Д.М*******д өгсөн 20-3/1191 тоот албан бичгүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэл гаргажээ.

Иргэн Б.Б, Д.М*******, Л.А*******, Д.Н*******, Ц.******* нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварыг “М” ХХК-д төлөх нь үндэслэлтэй эсэх талаарх асуудлыг тодруулахаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газарт хандан өргөдөл гаргажээ (хх 60-65).  

Улмаар Татварын ерөнхий газар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 7/1136 дугаар албан бичгээр иргэдийн хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүргүүлж, мэдээллийг тодруулан, хяналт шалгалт хийхийг мэдэгдсэн байна /хх-59/.

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга нэр бүхий 9 иргэний хүсэлтийг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу холбогдох хариуг 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 20-3 /1184 тоот, 20-3/1185 тоот, 20-3/1189 тоот, 20-3/1190 тоот, 20-3/1191 тоот албан бичгүүдээр хүргүүлжээ.

Нэхэмжлэгч “Нэр бүхий иргэдтэй байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах” гэрээгээр талууд төлбөрийн нөхцөлөө харилцан тохирсон байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга гэрээний оролцогч биш мөртлөө хөндлөнгөөс гэрээний чөлөөт байдалд халдсан, хууль зөрчсөн дүгнэлт хийж маргаан бүхий албан бичгүүдийг гаргасан нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна” хэмээн маргаж байна.

Харин хариуцагч тайлбартаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5, 16 дугаар зүйлд зааснаар бараа борлуулсан компани нь борлуулсан бараандаа Нэмэгдсэн өртгийн албан татвар шингээн, эцсийн хэрэглэгч нь иргэд байхаар зохицуулсан. Гэтэл “М” ХХК нь гэрээгээр хууль зөрчсөн гэрээ байгуулсан байх бөгөөд тус хэлтсээс гарсан албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Маргаан бүхий актууд нь нэр бүхий иргэдээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу гаргасан өргөдлийг уг хуульд заасны дагуу хүлээн авч, хариу өгч, мэдэгдсэн үйлдэл гэдэг нь иргэдийн өргөдөл /хх 60-70/, хариуцагчийн албан бичгүүд /хх 40-42/, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 Түүнчлэн эдгээр албан бичгүүдэд дурдсан хяналт шалгалт хийгдсэн гэдэг нь  татварын улсын байцаагчийн акт /29-30/, хариуцагчийн тайлбар, албан бичиг /хх 59/ зэргээр нотлогдож байна. 

Маргаан бүхий албан бичгүүдэд нэхэмжлэгч хуулийн этгээдэд түүний иргэдтэй байгуулсан гэрээний талаар аливаа үүрэг ногдуулсан, шаардсан шинжтэй аливаа зүйл тусгагдаагүй, хяналт шалгалт хийгдсэн талаар иргэдэд тэдний өргөдлийн хариу болгон мэдэгдсэн үйлдэл байна. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгчээс “Нэр бүхий иргэдтэй байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах” гэрээгээр талууд төлбөрийн нөхцөлөө харилцан тохирсон байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга гэрээний оролцогч биш мөртлөө хөндлөнгөөс гэрээний чөлөөт байдалд халдсан, хууль зөрчсөн дүгнэлт хийж маргаан бүхий албан бичгүүдийг гаргасан нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 2/ харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах; З/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж , үндэслэлтэй шийдвэрлэх; 6/ өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх; 7/ өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах;, 15 дугаар зүйлийн 1, 3-д “1. Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана. З. Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ. 

Уг хуульд заасны дагуу  өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэсэн хариуцагч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, түүнийг зөрчсөн илт хууль бус гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Үүний учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 6, 7, 15 дугаар зүйлийн 1, 3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Сгийн иргэн Ц.*******д өгсөн 2014 оны  06 дугаар сарын 04-ны өдрийн 20-3 /1184 тоот, иргэн Б.Бөд өгсөн 20-3/1185 тоот, иргэн Д.Н*******д өгсөн 20-3/1189 тоот, иргэн Л.А*******т өгсөн 20-3/1190 тоот, иргэн Д.М*******д өгсөн 20-3/1191 тоот албан бичгүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.САРАНГЭРЭЛ