Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 307

 

Ш.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Х.Батсүрэн

                          Д.Мөнхтуяа

                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0284 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч: Б.Э, Д.П нар,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох Ш.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0284 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/350 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлал агуулгын болоод хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Ш.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох ёстой. Тиймээс хариуцагч албан тушаалтан маргаан бүхий актыг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргахдаа 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан иргэний газар эзэмших эрх дуусгавар болсон эсэхийг тодруулах, үүний тулд уг иргэний өв залгамжлагч байгаа эсэхийг тогтоож, тийнхүү өв залгамжлагч байгаа бол энэ талаараа мэдэгдэх байжээ. Өөрөөр хэлбэл “гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нас барсан иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байна” гэсэн нь уг хуулийг буруу тайлбарласан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

5. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж зааснаас үзэхэд С.А-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчийг төрийн захиргааны байгууллагаас мэдээгүй, мэдэх боломжгүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүсэлтээ зохих байгууллагад нэг жилийн дотор гаргаагүй байна. Иймд С.А-ийн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Улсын Дээд шүүхийн 2015 оны 08 дугаар тогтоолд зааснаар гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгодог. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан байдаг.

8. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба С.А-ийн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч С.А нь нас барсан байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа талаар иргэн Б.Т-т 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2016 дугаар албан бичгээр мэдэгдсэн, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С.А-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргахгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа” талаар илэрхийлсээр байтал анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй” гэж тайлбарласан байна. Хариуцагчийн зүгээс С.А-г нас барснаас хойш хуулиар тогтоосон тодорхой хугацаанд /1 жил/ хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг утгаар хүлээн зөвшөөрсөн болохоос биш бүхэлд нь буюу бүтэн 5 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд шүүх нь өөрөө хариуцагчийн тайлбарын агуулгыг буруугаар тайлбарлан түүнчлэн нотлох баримтаар үнэлсэн ноцтой алдаа гаргасан байна.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Газар эзэмшигч өрхийн тэргүүн хүнд өвчний улмаас 2010 онд нас барж, сургуулийн өмнөх насны 3 хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг шилжүүлж авах, тухайн газраа зориулалтын дагуу ашиглах талаар тодорхой хугацаанд хүндэтгэх шалтгаантай байсан байж болох боловч 2015 оны 9 дүгээр сар хүртэлх 5 жил, газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрээ олгосноос хойшх 7 жилийн хугацааг бүхэлдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй байна. ... Тодруулбал нэхэмжлэгч маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахаар хамгаалаагүй, ямар хаягтай талаар мэдэхгүй, энд амьдарч байгаагүй талаар тайлбарласан нь шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна” гэж шийдвэрлэсэн байтал уг магадлалд шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг гащхүү нэхэмжлэгч талын байр сууринаас дүгнэсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна.

10. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй болохыг хяналтын шатны шүүх анхаарч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 284 дүгээр магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2018 оны 8 сарын 03-ны өдөр гуравдагч этгээд Б.Т нь гомдлоосоо татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийг гомдол гаргаагүйд тооцож, зөвхөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

13. Газар эзэмшигч иргэн С.А нь 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан бөгөөд энэ тохиолдолд түүний газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон,...” бол дуусгавар болохоор байжээ.

14. Гэтэл энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч Ш.Н нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс С.А-ийн газар эзэмших эрхийг өвийн журмаар шилжүүлэн авах эрхтэй болсон байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэхийг тодруулж, тогтоолгүйгээр 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр С.А-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасны дагуу С.А-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна., ... Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүсэлтээ зохих байгууллагад нэг жилийн дотор гаргаагүй байна. Иймд С.А-ийн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмших эрх дуусгавар болсон байна” /Тодорхойлох хэсгийн 5, 6/ гэх зэргээр маргаж буй нь ойлгомжгүйгээс гадна Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан бол түүний өв залгамжлагч байгаа эсэхийг тогтоох нь захиргааны үүрэг байх тул “газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчийг төрийн захиргааны байгууллагаас мэдээгүй, мэдэх боломжгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь газар эзэмшигчид буюу энэхүү маргааны тухайд С.А-д хамааралтай заалт байхад анхан шатны шүүх “Газар эзэмшигч өрхийн тэргүүн хүнд өвчний улмаас 2010 онд нас барж, сургуулийн өмнөх насны 3 хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг шилжүүлж авах, тухайн газраа зориулалтын дагуу ашиглах талаар тодорхой хугацаанд хүндэтгэх шалтгаантай байсан байж болох боловч 2015 оны 9 дүгээр сар хүртэлх 5 жил, газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрээ олгосноос хойшх 7 жилийн хугацааг бүхэлдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй байна. ... Тодруулбал нэхэмжлэгч маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахаар хамгаалаагүй, ямар хаягтай талаар мэдэхгүй, энд амьдарч байгаагүй талаар тайлбарласан нь шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна...” гэх зэргээр нэхэмжлэгчид буюу газар эзэмших эрхийг өв залгамжлах эрхтэй этгээдэд хамаатуулан тайлбарласан нь буруу байна.

17. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан “анхан шатны шүүх дээрх байдлаар үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын байр сууринаас дүгнэсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна” гэх утгатай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0284 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100200600957 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ