Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын шүүх бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У*******, нэхэмжлэгч Т.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, С.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.О******* намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.О*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгч /тухайн үеийн нэрээр/ одоогийн нэрээр Улсын бүртгэл, статистикийн газрын Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ыг хүссэн шаардлага бүхий Т.О*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О*******, түүний өмгөөлөгч, Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, Т.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Т.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Мөрөн ургийн Т******* О******* нь 12.1.2 дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2015 оны 3 сарын 9-ний өдрийн 388 дугаар тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж байна. Уг тушаалын агуулга нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д Засгийн газрын Агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоол, 2014 оны Засгийн газрын Агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаал зэрэг актуудыг үндэс болгосон гэх 388 дугаар тушаал гаргаж улсын бүртгэлийн байгууллагын 21 албан хаагчдыг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан юм. Уг тушаалын надад холбогдох хэсэг нь улсын бүртгэгч Т******* О*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай нэгдсэн жагсаалтанд орж ажлаасаа халагдаад байна. Би төрийн албан хаагчийн мэдлэг, чадвар, туршлагын хувьд төрийн албанд нийт 16 дахь жилдээ алба хааж байгаа бөгөөд 1998 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсч тухайн үеийн нэршлээр Иргэний Бүртгэл Мэдээллийн архивын хэлтэст архивчаар томилогдсоноос хойш өнөөг хүртэл төрийн албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж албаа хаасаар ирсэн. Миний нөхөр төрийн захиргааны албан хаагч байж өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ биелүүлж яваад 2012 онд өөд болсноос хойш миний бие бага насны хоёр хүүхэдтэйгээ хоцорч өрх толгойлсон эх гэсэн эрх зүйн байдалтай болсон юм.

Би одоо 39 настай Монгол Улсын иргэнийг төрийн албанд авах насны дээд хязгаар хэтэрсэн бөгөөд төрийн албанд төдийгүй хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад ч ажилд авах нас хэтэрсэн байгааг харгалзан үзсэнгүй. Иймд төрийн албан хаагчийн хувьд олон жил алба хаасан ажлын туршлага, ажил албандаа мэргэшсэн байдал, ар гэрийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэл журмыг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.О******* нь Улсын бүртгэлийн байгууллагад 16 жил ажиллаж байсан. 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 388 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоог Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор хууль зүйн сайдын тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоог өөрчилж шинэчлэн баталсан байдаг. Шинэчилсэн баталсан бүтэц орон тооны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байсан бүх албан хаагчийг маргаан бүхий 388 тоот тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин 389 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц орон тоондоо нийцүүлж албан хаагч нарыг буцаан томилсон. Тухайн үед гадаад паспортын газарт 17 албан хаагчийн орон тоотой байсан ба үүнийг 12 болгон цөөрүүлж, тухайн орон тоонд албан хаагч нарыг томилохдоо ямар нэг сонгон шалгаруулалт явуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хоёр. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Т.О******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэл, статистикийн хэлтэст ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байдаг. Төрийн албан хаагчийн орон тоог цомхтгох чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу орон тоог цомхтгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Т.О*******ыг ачаалал даах чадваргүй гэдэг дүгнэлт болон ажлаас халсантай санал нийлэхгүй байна. О******* олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж зохих хэмжээний ажил санал болгох гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О******* нь тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.О******* намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.О*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгч /тухайн үеийн нэрээр/ одоогийн нэрээр Улсын бүртгэл, статистикийн газрын Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.О******* нь 1999 оны 02 дугаар сарын 01-нээс Иргэний бүртгэл, мэдээллийн Улсын төвийн архивын хэлтэст архивчнаар томилогдон архивч, архивын сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, 2008 оноос Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийн улсын бүртгэгч, ахлах улсын бүртгэгч, Иргэний бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн, Иргэний бүртгэл статистикийн хэлтсийн улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа Т.О******* нь 2002 онд байгууллагын ажил мэргэжлийн аварга, 2005, 2008 онд байгууллагын хүндэт өргөмжлөл, 2012 онд тэргүүний архивч, 2013 онд Хууль зүйн яамны жуух, тус байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдаж байсан төдийгүй сургагч багшаар ажиллаж 2014 оны үр дүнгийн гэрээг 88 буюу сайн гэсэн үнэлгээгээр дүгнүүлж байсны зэрэгцээ уг албан тушаалд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, түүнийг дүгнэсэн баримтаар тус тус нотлогдож байна.

Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар хоёр хэлтэстэй байсныг шинэ бүтцээр өөрчлөн газар дотор хэлтэсгүй болгож, Иргэний бүртгэл, гадаад паспортын газар болгон өөрчлөн байгуулж улсын бүртгэгчийг тус газарт 17 байсныг 12 болгон цөөрүүлж баталжээ.

Дээрх тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдыг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, харин мөн өдрийн 389 дүгээр тушаалаар албан хаагчдыг буцаан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилохдоо нэхэмжлэгч Т.О*******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар бүтэц, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилд нь буцаан томилоогүй байна.

Хэдийгээр Хууль зүйн сайдын дээрх тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар хоёр хэлтэстэй байсныг шинэ бүтцээр өөрчлөн газар дотор хэлтэсгүй болгож, Иргэний бүртгэл, гадаад паспортын газар болгон өөрчлөн байгуулж улсын бүртгэгч албан тушаал 17 байсныг 12 болгож цөөрүүлсэн байх боловч ийнхүү бүтэц, орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тамгын газрын дарга, Иргэний бүртгэлийн газрын дарга нарын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар улсын бүртгэгч нарыг нэг бүрчлэн авч хэлэлцсэн нь сонгон шалгаруулалт гэж тайлбарлах боловч гэрч Ц.Г*******ийн Шалгалтын ажлын хэсгээс УБЕГ-ын даргын 2015 оны 388 дугаар тушаалаар холбогдох албан хаагчдыг цомхтголд хамруулахдаа ямар шалгуур үзүүлэлтээр, юунд үндэслэж цомхотголд хамруулсан талаарх материалыг Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ө.Ө*******гаас удаа дараа гаргуулж авахаар шаардсан. Тэгэхэд ямар нэгэн хамтын шийдвэр гаргасан нотолгоо баримт байхгүй гэдгээ хэлсэн. Мөн газрын дарга нарын амаар өгсөн саналаар тухайн албан хаагчдыг цомхтголд хамруулсан гэсэн тайлбарыг хэлж байсан гэх мэдүүлэг, Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд зааснаар ...шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг ойлгох учраас дээрх хурлаар албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг бодитоор үнэлж, дүгнэсэн шалгаруулалт явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.О*******ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулсны дараа Т.О*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэж, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд тус газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар буцаан томилохдоо нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байх тул 388 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнээд нэхэмжлэгч Т.О*******ын нэхэмжлэлийн шаардлагын ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Т.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх ...Т.О******* намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.О*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын бүртгэгч /тухайн үеийн нэрээр/ одоогийн нэрээр Улсын бүртгэл, статистикийн газрын Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагчийн хариу тайлбарт дурдсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор өөрийнх нь дансанд орсон гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 4 сар 13 хоногийн олговор 4.013.920 /дөрвөн сая, арван гурван мянга, есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын хавсралтын Т.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.О*******ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохыг даалгасугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.О*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.О*******ын ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 4 сар 13 хоногийн цалин 4.013.920 /дөрвөн сая, арван гурван мянга, есөн зуун хорин/ төгрөгийг Т.О*******т олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН