Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0126/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж шүүгч Д.Ганзориг, Л.Уянга  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Уламбаяр, 

Улсын яллагч                                      Я.Сансар, 

Иргэдийн төлөөлөгч Д.Цолмон,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан

     

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох 201723000067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1973 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, Баянбадрал багийн 06-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй гэх, С.Э 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч С.Э нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг Хайлаастын 10-01 тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Е.Ж хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд: 

             Хохирогч Е.Ж мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Цэнхэрмандал сумын төвд найз Тожоогийнд нэг шил архи найз Билгээ, С.Э, Болдоо, Тожоо нарын хамт хувааж уусан. Архи ууж дууссаны дараа С.Э би гэр лүүгээ очиж хувцсаа сольё гэж хэлээд ганцаараа гадагшаа гарсан тэгээд үдээс хойш 15-16 цагийн хооронд буцаж Тожоогийнд ирсэн. С.Эыг гарснаас хойш Билгээ гадагшаа гарч 0.75 граммын хараа архи авчирсныг Билгээ, Болдоо, Тожоо бид дөрөв хувааж уугаад архи дуусах гэж байх үед С.Э гаднаас орж ирсэн. Тэгээд С.Э үүдэнд гутлаа тайлах гээд сууж байсан энэ үед би С.Эаас тамхи байна уу гэхэд байхгүй гээд нэлээд ууртай хариулсан тэгэхээр нь би түүнд чи юунд уурладаг юм бэ гэж хэлэхэд С.Э бос ч ирээд над руу хүрч ирэн цээжний зүүн дор хэвлийн хэсэгт юмаар цохих шиг болсон. Тэр үед би хойшоо ухраад Тожоогийн гэр дотор хойд талд нь байдаг орон дээр суугаад пудболкоо сөхөөд үзэхэд цус гарч байсан. Энэ үед С.Э гадагшаа гараад явчихсан. Тухайн үед Тожоогийн байшинд Болдоо, би, С.Э, Тожоо бид дөрөв байсан. ... С.Э нь намайг яг ямар шалтгаанаас болж биед маань юугаар гэмтэл учруулсныг сайн мэдэхгүй байна гаднаас орж ирэхдээ л хутгатай орж ирсэн байх гэж бодож байна би түүнийг гартаа хутгатай байсан эсэхийг анзаараагүй, надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/, 

 

              Гэрч Ш.Гантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчинд болов уу Ж С.Э хоёр урьд өдөр нь манай ирж хоноод байсан юм. Тэгээд байж байхад манайд гаднаас Болдоо буюу Энхболд, Билэгээ буюу Билэг-Адъяа нар гаднаас эрүүл орж ирсэн хөзөр тоглож байгаад Билэг- Адъяа хожигдож 0.75 граммын хараа архи гадагш гарч авчирсан Энхболд, Билэг- Адъяа, Ж. би С.Э бид хэд хувааж уусан. ... нэрмэл архи ууж байхдаа хөзөр хөзөр тоглож Ж С.Эыг хожсон түүнээс болж муудалцсан. С.Э хөзрөө ширээн дээр шидээд гадагшаа гарсан, гарч яваад 30 минут орчмын дараа гаднаас орж ирсэн энэ үед Ж үүдний хажууд сандал дээр сууж байсан. С.Э гаднаас орж ирээд л Жыг хутгалсан байх. ... С.Э нь хөзөр тоглож хожигдсондоо уурлаад Жын цээжний зүүн дор хэвлийн хэсэгт нэг удаа гэмтээсэн байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 тал/, 

              Гэрч О.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...хараа архи авчирсныг Ж, Гантөгс, С.Э, Билэгт-Адъяа бид хэд хувааж уусан. ... хөзөр тоглож байхдаа Ж С.Эыг хожсон С.Э хожигдоод уурлаад хөзрөө шидээд гадагшаа гарсан тэгээд би хөзрийг нь аваад тоглосон. Хөзөр тоглож байгаад нэг харсан чинь С.Э гаднаас орж ирчихсэн үүдэнд байж байсан. Ж гэдсээ бариад хазайгаад зогсож байхаар нь би хатгачихсан байна шүү дээ гэж хэлэхэд С.Э гараад явчихсан. ... С.Э нь хөзөр тоглож Жод хожигдсондоо уурлаад Жын цээжний зүүн дор хэвлий хэсэгт нэг удаа гэмтэл учруулсан байх гэж бодож байна. ... хутгаар хутгалж биед нь гэмтэл учруулсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ 

             Гэрч Л.Билэг-Адъяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гантөгс намайг сэрээсэн Жыг С.Э хутгалчихлаа эмнэлэг хүргэж өгье гээд тэгээд Жыг эмнэлэг рүү хүргэж өгөөд буцаад харьсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, 

           Гэрч Б.Даваабаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.Ж нь хүнээр түшүүлээд хэвлий гэдсээ тэвэрч хагас бөхийсөн байдалтай орж ирсэн. Эхлээд юу болсон талаар асуухад найзуудтайгаа архи ууж байгаад нэг маань хатгалчихлаа хутга, отвёрткыг нь сайн мэдээгүй гэж хэлсэн. ... Жын хатгагдсан шарх нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодыг цоолсон байсныг мэс заслын багийн эмч нар ходоодыг оёж мөн ходоодны баруун артераас алдаж байсан цусыг тогтоох арга хэмжээ авч, хэвлийн хөндийг шалгаж угаагаад хагалгааг амжилттай дуусгасан гэсэн мэдүүлэг 

            Шинжээчийн дүгнэлт: 2017.08.11-ний өдрийн 2017.091 

            1. Е.Жын биед цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны их махиа хатгагдсан шарх, ходоодны баруун артерийн судасны цус алдалт, хэвлийн хөндийн цусан бүлэн үүссэн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь  хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна  /хх-ийн 35 тал/,  

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-7,9 тал/,

           Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч С.Э нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг Хайлаастын 10-01 тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Е.Жын хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

           Иймээс шүүх шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно. 

          Хохирогч Е.Ж нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх бөгөөд шүүхэд ирүүлсэн эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг шүүх үнэлж дүгнээд нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний төлбөр 505.202 /таван зуун таван мянга, хоёр зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. 

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Э-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсусай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг  05 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т  оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

           4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн фудволк, хүрэн өнгийн хуйтай 1 ширхэг хутгыг устгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас эмчилгээний зардал 505.202 төгрөгийг гаргуулж хохирогч Е.Ж-од олгосугай. 

 

             7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              8. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж  заалдах  гомдол  гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

                                           ШҮҮГЧ Л.УЯНГА