Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/02245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 04 с 24ө

Дугаар 101/ШШ2024/02245

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* групп ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

  Орон сууцыг хөнгөлөлт 30,540,000 төгрөг, ******* УБЯ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашины үнэд 26,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч гранд групп ХХК-ийн захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.******* нь 2005 оноос 2008 онд гранд групп ХХК-д хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаад 2008 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 05-р сараас эргэн ажилдаа орж 2016 оны 01-р сарын 25-ны өдөр жирэмсний амралтаа авч, 1 3, 2016 оны 11-р сарын 28-ны өдрөөс эхлэн Хүний нөөц, дотоод хяналтын албаны даргаар ажиллаж эхэлсэн. 2018 оны 11-р сарын 23-ны өдөр ХХК нь С.*******гийн аж амьдралыг дэмжиж, цаашид тогтвор суурьшилтай ажиллана гэж итгэн өөрийн барьж ашиглалтад оруулсан Парк Вью хотхоноос хөнгөлөлттэй үнээр орон сууц олгосон. 2018.11.23-ны өдрийн Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ-ний дагуу компани нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороонд байрлах, Парк Вью хотхоны 755-р байрны 1 давхрын 76,35м2 талбайтай, 505 тоот орон сууцыг тухайн үед мөрдөгдөж байсан 1м2 нь 2.500.000 төгрөгийн үнэтэй байрыг 16%-иар хөнгөлж 1м2-г нь 2,100,000 төгрөгөөр тооцож 190.875.0 төгрөгийн үнэ бүхий байрыг 30,540,000 төгрөгөөр хөнгөлж 160,335,000 /Нэг зуун жаран сая гурван зуун гучин таван мянган/ төгрөгөөр олгох, ажилтан С.******* нь гэрээний 2.1 -д заасны дагуу 2018.11.23 - 2028.11.23 хүртэл 10 /арван/ жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэг тус тус хүлээсэн. Улмаар хөнгөлөлттэй үнээр буюу 160,335,000 төгрөгөөр захиалгын гэрээ буюу Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-т байгуулсан. С.******* нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 130,335,000 төгрөгийг ямар ч хүүгүй, урт хугацаанд буюу 2018 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд 96 сарын турш графикийн дагуу цалин дээрээс хэсэгчлэн, багаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үед бид аль болох ажилтнаа бодож банкны хүү, өрийн дарамтад оруулахгүй гэж ажилтанд ашигтай нөхцөлөөр гэрээг байгуулсан. Түүний хариуд ажилтан нь компанидаа 10 жил идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээсэн. Тогтвортой ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн, үлдэгдэл төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл С.******* нь тохиролцсон ёсоор гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Тухайлбал: урьдчилгаа төлбөр 30 сая төгрөгийг төлсний дараа түлхүүр гардуулах байтал 22 сая төгрөг төлөөд 8 сая төгрөгийг машинаа зараад дараа төлнө гэхэд нь өөрийнх нь хүсэлтийг зөвшөөрч урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад нь манайх байрны түлхүүрийг түрүүлж өгсөн. 130,335,000 төгрөгийг төлөх графикаа мөрдөөгүй. Эхний хэдэн сар графикийн дагуу төлж байснаа төлөлт дутуу хийх болж, сүүлдээ графикаар төлж чадахгүй байна гэх болсон. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд асрах чөлөө авч, 2020 оны 09-р сарын 14- ний өдөр буцаж ажилдаа орох хүртэл төлөлт хийгээгүй. Графикийг өөрийн хүсэлтээр удаа дараа өөрчлүүлдэг байсан. Улмаар үлдэгдэл төлбөрийг цалингаас төлж чадахгүй боллоо, банкны 8% ипотекийн зээлээр төлмөөр байна, ипотекийн зээлд хамрагдахын тулд өмчлөх эрхийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна, тэгж байж зээл гарах юм гэхэд нь мөн л хүсэлтээр нь болгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Ипотекийн зээл авч, үлдэгдэл төлбөрөө хаасан. С.******* нь 2021 онд ипотекийн зээлд хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлсөн бөгөөд тухайн үед ийнхүү төлбөрийг хаасан ч компаниас үнийн хөнгөлөлт эдэлсэн тул Тогтвортой ажиллах гэрээ-гээр тохиролцсон хугацаандаа компанидаа тогтвортой ажиллана гэж байсан. Гэвч бодит байдал дээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 03-р сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хооронд буюу 2020 онд дикриттэй байсан. Тэгэхээр бодитоор ажилласан жил нь 2 жил 8 сар байна. Нийт 10 жил ажиллахаас 2 жил 8 сар ажилласан. 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл урт хугацааны чөлөө авах хүсэлтэй гэхэд нь ерөнхий захирлын шийдвэрээр түүнд урт хугацааны чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусахад ажилдаа эргэж ороогүй бөгөөд компанийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/674 албан тоотоор ажилдаа эргэн орох тухай албан шаардлага хүргүүлж байсан. С.******* нь өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй, хариу ч өгөөгүй байна. Нийгмийн даатгалын тайлангаар өөр байгууллагад НДШ төлдөг болох нь тогтоогдсон. Албан ёсоор ажлаа хүлээлгэж ч өгөөгүй. Ширээн дээрээ бичиг баримтуудаа дутуу хагас орхиод явсан байсан. Ажилтан ажилд орох, гарах асуудал аль ч компанид байдаг. Бидний зүгээс хүний хаана ажиллах, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах, албадах хүсэлгүй. Гагцхүү тогтвортой, сайн ажиллана гэж байрны хөнгөлөлт эдэлчихээд хэл чимээ ч үгүй, гэрээгээ ч дүгнэлгүй учир битүүлэг ажлаа хаяад явчхаж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. С.******* нь тогтвортой ажиллах гэрээг байгуулсан ажилтны хувьд /ажилтан бүрд байрны хөнгөлөлт өгдөггүй бөгөөд ажилдаа идэвх зүтгэлтэй, компанийн төлөө үнэнч шударгаар тогтвортой ажиллана гэсэн ажилтанд л хөнгөлөлт үзүүлдэг/ компанийг үл ойшоосон, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан борлуулалтын үнэ 1м2 нь 2,5 сая төгрөг байсан бол өнөөдөр 1м2 нь 4,2 сая төгрөгийн үнэтэй болсон. /Тухайн үед мөрдөгдөж байсан байрны үнэлгээ тариф мөн бусад иргэнтэй байгуулсан гэрээг жишээ болгон хавсаргав/ Бид байраа буцааж авъя гэж хатуурхаагүй. Хэрэв буцааж аваад зарах бол зах зээлийн үнэ 320,670,000 төгрөг болсон байна. Ийм хэмжээний үнэ цэнтэй хөрөнгийг өгч, аж амьдралд нь тус нэмэр болсон, олон нялх хүүхэдтэй гэж гаргасан хүсэлт бүрийг нь хүлээн авч байсны хариуд С.******* нь гэрээний үүргээ ч биелүүлээгүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй, компанийн эзэмшлийн машиныг дур мэдэн хувьдаа авч явсан зэргээр бидний итгэлийг эвдсэн. Ажлаа хаяж явсны дараа ерөнхий захирал дуудаж уулзахад авч явсан машинаа буцааж авчирч өгнө гэж амласан боловч бас л амлалтдаа хүрээгүй. Иймд Тогтвортой ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй учраас 2018 онд үзүүлсэн байрны үнийн хөнгөлөлт 30,540,000 төгрөгөө С.*******гаас буцааж гаргуулна.

С.*******д ажлын хэрэгцээнд нь зориулж 2017 онд компаниас ******* УБЯ улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашин олгосон байдаг. Уг машин нь манай компанийн өмч бөгөөд манайд байрны төлбөрт бартераар орж ирсэн машин юм. гранд групп ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг,  /дараа байраа томруулж 756-4-А блокоор сольсон/-ын захиалагч иргэн Б., түүний нөхөр н.Баясгалан нар нь 3 төлбөрийн тодорхой хувьд нь авто машин бартерт өгөх санал гаргасныг манай талаас зөвшөөрч дор дурдсан авто машиныг 26 сая төгрөгт тооцон авсан. Марк: Тоуоtа Нагriег, Улсын дугаар: ******* УБЯ, Арлын дугаар: , Үйлдвэрлэсэн огноо: 2006 он, Монголд орж ирсэн: 2017/06/28, Өнгө: Сувдан цагаан. 2017 оны С.******* нь Дотоод хяналтын албаны даргаар ажиллаж байсан үе. Компанийн объектуудыг тойрдог, хянадаг ажил хийдэг байсан тул компаниас дээрх машиныг бартерт орж ирэнгүүт нь С.*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн ба ажлын хэрэгцээнд унаг гэж өгсөн юм. Гэтэл С.******* нь дээрх машиныг унаж байгаад ажлаа хаяж явахдаа дотоод тооцоогоор төлбөр тооцоог нь төлөөгүй атлаа хүлээлгэн өгөөгүй. Миний машин, буцаан өгөхгүй гэж байгаа юм. Тухайн үед компани нь ажилтныхаа ажлын нөхцөл, тав тухыг бодож машинаар хангасан байхад зүй нь ажилтан ажлаас гарч байгаа бол албан ёсоор машинаа хүлээлгэж өгөх ёстой. Худалдаж авахаар бол хүсэлтээ гаргаж, компанид мөнгийг нь төлөх ёстой. Гэтэл дээрх машиныг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй, төлбөрийг нь төлөөгүй, хувьдаа унаж ашиглаж байна... гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэх явцад Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан лавлагаагаар С.******* нь манай компанийн машиныг 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Энхцэцэг гэдэг хүнд нэр шилжүүлэн зарсан байна. Д.Энхцэцэгээс хойш 4 иргэн, хуулийн этгээдэд дамжуулагдан нэр шилжигдсэн байна. Нэгэнт буцаан гаргуулахаар шаардаж буй автомашин нь бусдын өмчлөлд шилжсэн, 4-5 хүнд дамжуулагдан зарагдсан байгаа тул бид автомашиныг биетээр буцаан авах боломжгүй болох нь илт боллоо. Иймд бид ******* УБЯ улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашин болон тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг гранд групп ХХК-нд шилжүүлэн өгөхийг С.*******д даалгах гэсэн шаардлагаа ******* УБЯ автомашины үнэ 26,000.000 төгрөгийг С.*******гаас гаргуулах гэж өөрчилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа автомашинтай холбоотой шаардлагаа 26,000,000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. гэв.

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн С.******* надад холбогдох тогтвор суурьшилтай ажиллах гэрээний үүргийг биелүүлээгүй тул компаниас үзүүлсэн орон сууцны үнийн хөнгөлөлт 30,540,000 төгрөгийг гаргуулах тухай шаардсан нь үндэслэлгүй бөгөөд БЗД-ийн 26 дугаар хороо, 755 байрны 5 дугаар орцны 505 тоот 76,35 м.кв байрыг Худалдаа хөгжлийн банктай 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 6 хувийн хүүтэй ипотекийн зээлээр ХХК-д үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Одоо Худалдаа Хөгжлийн банканд зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа болно. Гэтэл хууль бусаар үнийн хөнгөлөлт гэх 30,540,000 төгрөгийн нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Мөн тус группийн ерөнхийлөгч Д.ийн надад шагнал болгон өгсөн Япон улсын Тоёота Харриер машиныг буцаан авах, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэх гаргасан нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэх заалтыг зөрчиж байна. Мөн иргэний шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч талын ХХК тай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 1.4 дэх заалтад сууцны тоот, нийт талбайн хэмжээ, 1 м.кв-ын үнэ, гарааштай эсэх болон нийт үнийн дүнг тодорхой заасан байх атал тухайн байгууллагын хэн нэгэн хүн дур мэдэн гараар засвар оруулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн үнийн хөнгөлөлт гэх 30,540,000 төгрөгийг гаргаж ирж нэхэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс уг гэрээнд засвар оруулсан эсэхийг Цагдаагийн байгууллагаар тогтоолгох, дур зоргоороо авирлан гэрээний нэг хувь надад байхад өөрт байсан хувь дээрээ гараар засвар оруулан хуурамч бичиг баримт үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж буй тул шүүхээр тухайн гар бичмэлийг хэн үйлдсэнийг тогтоолгох хүсэлтийг гаргах болно. Тухайлбал: 2017 оны 10 сарын 16-ны өдөр миний бие гранд групп ХХК-тай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1.4 дэх заалтад орон сууцны тоот, нийт талбайн хэмжээ, 1 м.кв-ын үнэ, гарааштай эсэх болон нийт үнийн дүнг тодорхой заасан байдаг /Эх гэрээг хавсаргав/. Гэтэл нэхэмжлэгч тал нь батлагдсан гэрээнд гараар засвар оруулж 16% буюу 30,540,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн хэмээн өөрчилжээ. Шаардах эрхийн үндэслэл болгож буй №171016А тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш юм. 2017 оны 10 сарын 16-ны өдөр байгуулсан дээрх гэрээтэй холбоотой харилцаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж 1 жил 1 сарын дараа буюу 2018 оны 11 сарын 23-ны өдөр Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ-нд гарын үсэг зурахыг шаардах болсон. Байр ашиглалтад ороогүй байх энэ хугацаанд миний бие хэдийн 28,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг компанид шилжүүлсэн байсан тул гэрээнд гарын зурахаас аргагүй байдалд орсон. Нэхэмжлэгчийн зүгээс тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ-ний үүргийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шаардах эрхийн үндэслэл болгож буй гэрээ нь Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа болно. Миний бие 2005-2008 онд гранд групп ХХК-д хүний нөөцийн ажилтан 2015 онд хүний нөөцийн албан дарга, 2016 оноос Дотоод хяналтын албаны дарга, 2020 оноос 2022 оныг хүртэл Дотоод хяналтын албаны даргын ажил үүргээс гадна Хүний нөөцийн албаны дарга мөн ХХК-ийн салбар компани болох Тэнгэрийн-Улаач, Мед Фарм ХХК зэрэг компаниудын Хүний нөөцийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байв. Нийт 10 жил үр бүтээлтэй ажилласан байдаг. Ажиллаж байх хугацаандаа тухайн 2017 онд Оны шилдэг албаны дарга, 2018 онд компанийн хөгжилд миний оруулсан хувь өндрөөр үнэлэн Барилга хот байгуулалтын яамны Хүндэт жуух бичиг-ээр тус тус шагнаж байв. 2017 онд Дотоод хяналтын албаны даргаар ажиллахдаа өндөр хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох санхүүгийн зөрчлийг илрүүлж үр бүтээлтэй сайн ажилласан нь компанийн хүлээх алдагдлыг арилгаж өгсөн хэмээн тус ийн Ерөнхийлөгч Д. Япон улсын Тоёота Харриер маркийн автомашинаар шагнасан. Тухайн үед ажиллаж байсан санхүүгийн болон маркетингийн албаны дарга нарт ажилтны нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг өгсөн ба миний бие холбогдох татваруудыг төлж уг машиныг эзэмшсэн. Өөрийн эзэмшлийн ******* УБЯ улсын дугаартай Харриер маркийн машиныг 2017 оны 6 сараас 2023 оны хооронд 5 жил 5 сар унаж ашиглахдаа шаардлагатай татвар, хураамж, үзлэг, засвар үйлчилгээг миний бие бүрэн хариуцаж байв. Автомашины эд ангийг солих том хэмжээний засвар орох болсон тул 2023 оны 1 сард зарж борлуулсан байдаг. Миний бие 2017 онд тус байгууллагын Дотоод хяналтын албаны даргаар ажиллахдаа их хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох санхүүгийн зөрчлийг илрүүлж, компанийн хүлээх алдагдлыг арилгаж өгсөн, байгууллагад үр бүтээлтэй сайн ажилласан хэмээн тус группийн ерөнхийлөгч Д. нь намайг маргаан бүхий автомашинаар шагнаж урамшуулсан. Нэхэмжлэгч компанийн тайлбарлаж буй шиг тус кампанийн автомашиныг авч явсан төлбөр тооцоо төлөөгүй гэх зэрэг тайлбар хийж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэв маргаан бүхий автомашин нэхэмжлэгч компанийн өмчлөлийн машин байсан бол яагаад өөрийн нэр дээр шилжүүлээгүй юм, төлбөр тооцоо төлөх ёстой байсан бол яагаад цалин хөлснөөс нэг удаа ч гэсэн суутгаж байгаагүй юм. 2017 онд шагнал урамшуулал хэлбэрээр шилжүүлж өгчхөөд өдийгөөс төдий хүртэл нэг ч удаа төлбөр мөнгө, автомашин шаардаагүй байж ажлаас гарангууд гэнэт ийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: 1хх-6-49, 109-250, 2хх-1-19-р тал.

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: 1хх-59-66, 2хх-27-29-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1хх-75-85, 105-107-р тал-гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч гранд групп ХХК хариуцагч С.*******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хөнгөлсөн үнэд 30,540,000 төгрөг, ******* УБЯ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.а Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц худалдах, худалдан авах гэрээний хөнгөлсөн үнэд 30,540,000 төгрөг, ******* УБЯ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашины үнэд 26,000,000 төгрөг, нийт 56,540,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

3. Хариуцагч тал тогтвортой байдлын гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, ажлын байрны дарамтаас ажлаасаа гарсан, орон сууцны үнийг төлсөн, авто машиныг бэлэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4. Хариуцагч С.******* нэхэмжлэгч гранд групп ХХК-д 2005-2008 онд хүний нөөцийн ажилтнаар, 2015 оны 05 сараас 2022 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл хүний нөөц, хяналтын албаны дарга, дотоод хяналтын албаны даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын тайлангаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй. /1хх-34, 135-250/

 

5. Ажил олгогч гранд групп ХХК болон ажилтан С.******* нарын хооронд 2017 оны 10 сарын 16-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, худалдагч болох гранд групп ХХК Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол /13312/ Нарны зам гудамж /13311/ гудамж 755-р байр 505 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204117708 дугаарт бүртгэлтэй, 76,35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв тутамд 400,000 төгрөгөөр хөнгөлөлттэй худалдах, худалдан авагч С.******* орон сууцны үнэд 160,335,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гранд групп ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 350 дугаартай тушаал, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 11-21, 112/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

 

6. Ажил олгогч гранд групп ХХК болон ажилтан С.******* нарын хооронд 2018 оны 11 сарын 23-ны өдөр тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ байгуулагдаж, гранд групп ХХК-д С.******* 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс эхлэн 2028 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах, ажилтан энэ хугацаанд хөнгөлөлттэй үнээр худалдан авч буй орон сууцны төлбөрийг тогтсон хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 9-10/

 

6а. Барилгад хөрөнгө оруулах тухай гэрээг байгуулснаас хойш 1 жил 1 сар орчмын дараа тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээг талууд бичгээр байгуулсан хэдий ч тогтвор суурьшилтай ажиллах гэрээний дагуу орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, орон сууцыг эзэмшиж, өмчилсөн зэрэг хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байна.

 

6б. Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээнд С.*******г хүчээр гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хариуцагч энэ тайлбараа баримтаар нотлоогүй.

 

7. С.******* байр ашиглалтад орох үед урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг төлж, үлдэх 130,335,000 төгрөгийг 2018 оны 1 сараас 2025 оны 12 сарыг дуустал цалингаасаа сар бүр хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр орон сууцыг эзэмшсэн, 2018 онд 29,000,000 төгрөг, 2019 онд 14,800,000 төгрөг, 2020 онд 1,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас 2021 онд зээл авч 115,535,000 төгрөг, нийт 160,335,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан болох нь талуудын тайлбар, төлбөр төлөх график, тооцооллын баримт, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /1хх-20-21, 62-66/

 

7а. С.******* 2022 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 2022.04 сараас 2022.09 сар хүртэл чөлөөтэй байсан, чөлөөний хугацаа дуусаад ажилдаа ороогүй болох нь зохигчийн тайлбар, С.*******гийн хүсэлт, гранд групп ХХК-ийн 2022.11.23-ны 22/674 дугаартай шаардлагаар тогтоогдож байна. /1хх-41, 45/

 

7б. Хариуцагч С.******* гранд групп ХХК-ийн 2022.11.23-ны 22/674 дугаартай шаардлагыг хүлээн авсан талаар маргаагүй боловч ... ковидын үед 6 сартай байхад ажилдаа орохыг шаардсан, компани чамд байр өгөөд байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм гэж дарамталдаг. Давхар ажил хийхийг шаардсан, цалингаа нэмүүлье гэсэн чинь байр өгсөн гэж дарамталдаг.... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

8. гранд групп ХХК С.*******гийн худалдан авсан орон сууцыг тухайн үед нийтэд 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан болох нь иргэн Д.Баясгалан, Б.Удвал нартай байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнүүд, орон сууцны үнэлгээ гэх баримтуудаар тогтоогдож байна. /1хх-117-134/

 

9. гранд групп ХХК ажилтантай байгуулсан тогтвортой гэрээний үндсэн дээр орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдах үүргээ биелүүлсэн, орон сууцыг С.*******гийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн байхад С.******* гранд групп ХХК-д 10 жил тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч талыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахгүйгээр тухайн үед нийтэд худалдаж байсан 2,500,000 төгрөгөөс тооцож хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, 1 м.кв тутамд 400,000 төгрөгийг 76.35 м.кв-аар тооцож 30,540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

10. гранд групп ХХК иргэн Д.Баясгалангаас авах орон сууцны төлбөртөө тооцон тоёота харриер маркийн ******* УБЯ улсын дугаартай авто машиныг 26,000,000 төгрөгт тооцон авахаар тохирсон, уг авто машиныг албан хэрэгцээнд хэрэглүүлэхээр гааль дээрээс ажилтан С.*******гийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь С.*******гийн ...албаны хэрэгцээнд унаж ашиглах зөвшөөрөл олгох... утга бүхий хүсэлт, иргэн Д.Баясгалантай байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, төлбөрийн тооцоо, авто машин хүлээлцэх акт, гэрч Э.Батхааны мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх-24-25, 105-107, 111, 125-132/

 

10а. Хариуцагчийн ...авто машиныг бэлэглэсэн... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

10б. С.******* нь 2016.11.28-нд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг гранд групп ХХК-тай байгуулсан болох нь нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /1хх-37-39/

 

Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ,

131.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй бол гэж заажээ.

 

10в. Тоёота харриер маркийн ******* УБЯ улсын дугаартай авто машины өмчлөгч гранд групп ХХК нь ажилтан С.*******гийн албан ажлын хэрэгцээнд авто машиныг эзэмшүүлж, өмчлүүлсэн боловч С.******* уг авто машиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023-02-13-нд Д.Энхцэцэгт, Д.Энхцэцэгээс Ю.Мөнхчимэдэд, Ю.Мөнхчимэдээс Л.Отгонбатад, Л.Отгонбатаас Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-д, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-аас З.*******д өмчлөх эрх нь шилжсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 03 сарын 19-ний 86 дугаартай албан бичиг, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /1хх-76-85/10.

 

С.******* маргаан бүхий авто машиныг бусдад шилжүүлсэн атлаа өмчлөгч болох гранд групп ХХК-д үнийг төлөөгүй, нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн, авто машины үнэ болох 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

12. Иймд хариуцагч С.*******гаас орон сууцны хөнгөлөлт болох 30,540,000 төгрөг, байгууллагаас албан ажилтай нь холбогдуулж итгэмжлэн хариуцуулсан авто машины үнэд 26,000,000 төгрөг, нийт 56,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч гранд групп ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 440,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хөдөлмөрийн тухай /2021оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 56,540,000 /тавин зургаан сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч гранд групп ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 440,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ