Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 04 с 19ө

Дугаар 101/ШШ2024/02141

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ы ******* /рд:*******/,

Хариуцагч: *******ын ******* /рд:*******/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: банк ХХК /рд:/,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 5 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.*******д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., Ц., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Б.*******ын өмгөөлөгч О., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Б., нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

Хариуцагч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд оролцож байгаа тул А.Отгонбаярын эзгүйд хэргийг шийдвэрлэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний хүү М.Очир 2017 оны 5 сард өөрийн эхнэр Б.ын ятгалаг, гуйлт, шахалтаар Б. нь миний багын найз А.*******гийн амьдрал ахуй нь хүнд мөнгөний өрөнд орсон бараа нь зарагдахгүй хэцүү байдалд байна би найздаа тус болмоор байна гэж удаа дараа гуйж байсан тул хүү бид 2 тус болох үүднээс өөрийн улсын бүртгэлийн 204061153 дугаарт бүртгэгдсэн 5 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг А.*******д худалдаж байгаа мэтээр худалдан авах гэрээг байгуулж А.******* нь банкны энгийн нөхцөлтэй орон сууцны зээл авч 2017 оны 5 сард 60 сая төгрөгийн зээл авч уг 60 сая төгрөгийг А.******* болон миний хүү М.Очир нар хуваан авсан байдаг. А.******* болон М.Очир нар нь уг зээлийг адил тэнцүү хуваан авч 1 жилийн дотор өөрсдийн авсан зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсны дараа А.*******гаас орон сууцыг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн А.*******д 2018,2019 оноос хойш удаа дараа уг зээлийн төлж барагдуулж аав уруу шилжүүлж өгөх талаар сануулж хэлж байсан боловч хэлэх болгонд зовлон ярьж арга хэмжээ авч өгөхгүй явсаар өдийг хүрлээ. Иймд А.*******д Баянзүрх дүүрэг 4 хороо 15 хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 1 байр м-5 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг бодитоор худалдаагүй, түүнд тус болох үүднээс худалдсан мэтээр худалдан авах гэрээг байгуулж зээлийн мөнгийг А.******* өөрөө авч ашигласан бөгөөд уг авсан мөнгөө ч төлөхгүй байгаа тул 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* 2023 оны 06 сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие А.*******тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 байрны М-5 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд доорх үндэслэлээр шаардлагаа тодруулж байна. Миний бие иргэн А.*******д дээрх орон сууцыг бодитоор худалдаагүй бөгөөд миний хүү М.Очир нь А.******* бид хоёрт мөнгө хэрэгтэй байна, энэ орон сууцыг А.*******д худалдаж байгаа болоод банкнаас хүү багатай урт хугацаатай мөнгө зээлж аваад төлж дуусгасны дараа орон сууцыг буцааж А.*******гаас шилжүүлж авна гэсний дагуу миний бие А *******тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 байрны М-5 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.*******д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.*******тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 1 байр м-5 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2204061153 дугаар орон сууцыг 61,000,000 -эгэн сая/ төгрөгөөр худалдан авч холбогдох хууль, журамд заасны дагуу гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. гэрээг байгуулахдаа бид тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, бусад этгээдийн гуйлт, дарамт шахалт, нөлөөлөлд авталгүй байгуулсан юм. Иймд дээрх гэрээ төгөлдөр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч талаас нэлээдгүй олон зүйлийг зохиомлоор ярьж байна. М.Очир болон А.******* нарын хооронд бичилцсэн чат байдаг бөгөөд тус чатад М.Очир чи Б.ын найз учраас би чамаас зөвшөөрөл авна гэж бичсэн байсан, дараа нь М.Очир чатаа устгасан байсан. Энэ бүх хорыг найруулж байгаа хүн бол М.Очир. Өнөөдөр бид нар Ж.******* болон А.******* нарын хоорондын гэрээний харилцааг хэлэлцэж байгаа, Ж.******* гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 40, 41, 189, 243-р зүйлүүдийг үндэслэн талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Ж.******* төлбөрөө өөрийн дансаараа дамжуулж хүлээн авсан байна, авсан мөнгөө цааш хэнд, яаж шилжүүлэх нь Ж.*******ийн эрхийн асуудал тул А.*******д холбогдуулах шаардлага байхгүй. Ж.******* болон А.******* нарын хоорондын гэрээний харилцаанд Иргэний хуулийн 56.1.2-р зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол энэ гэрээгээ л үндэслэл болгоно, гэтэл нэхэмжлэгч талаас Ж.*******ийн хүүтэй холбогдуулж гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна бэ. Нэхэмжлэгч хүүхдээ их сайн хүн мэтээр тайлбар хэлж байна, гэтэл М.Очир Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байх үедээ банкны сүлжээ ашиглаж Б., түүний аав Батдорж, түүний ээж нарын хувийн мэдээлэл болох дансны мэдээллийг хууль бусаар олж авсан үндэслэлээр ажлаасаа халагдсан. Үнэн зөв зүйл яриасай гэж хүсэж байна. Өөрийн хүүхдэдээ өгсөн мөнгөө А.*******гаас нэхэж болохгүй. Зээл төлөх чадамжтай хүнд банкнаас зээл олгодог жишээлбэл сарын 1,800,000 төгрөгийн орлоготой байж 900,000 төгрөгийн зээл авах эрх нээгддэг. А.******* тус байрыг 8 хувийн ипотекийн зээлээр авах хүсэл зоригоо банканд илэрхийлж байсан. А.******* маргаан бүхий орон сууцыг худалдан авах хүсэл зориггүй байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл зээлийн хүү төлөөд байгаа юм. М.Очир болон А.******* нар зээлийг хувааж төлөх ёстой байсан юм бол яагаад 2024 оны 04-р сарын 19-ний өдөр зээлээ нөхөж төлөөд байгаа юм бэ, хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байж яагаад гүйцэтгэсэн мэт тайлбар хэлж байна бэ, энэ бүхэн үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаанд А.******* болон түүний ээж ******* нар 18,300,000 төгрөг төлсөн. А.*******д маргаан бүхий орон сууцыг худалдаж авах хүсэл зориг байсан. Хүсэл зориг байгаагүй гэрээний харилцаанд яагаад А.*******гийн ээж мөнгө өгөх ёстой юм, охиныгоо орон сууцтай болоосой гэсэндээ өөрөөсөө 6,300,000 төгрөг төлж байсан. Ж.******* өөрийн орон сууцаа барьцаанд тавьж хүүдээ зээл авч өгч болох байсан, гэтэл яагаад тэгсэнгүй бэ. А.******* БНХАУ-аас байнга бараа оруулж ирж зардаг, ашигтай ажилладаг хүн учраас өөрийн дансыг идэвхтэй байлгах ямар ч шаардлага байхгүй. Үүнийг нотлох гол нотолгоо нь А.*******г зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж дүгнэж зээл олгож байна.Дүр үзүүлсэн хэлцлийн хууль зүйн шинж нь бүх үйлдэл бодит биш, хууль бус байхыг шаарддаг. Гэтэл А.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлж сар болгон төлөлт хийж байна. Нэг тал үүргээ гүйцэтгэсэн бол дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэхгүй гэж Улсын дээд шүүхийн тайлбарт заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... банк ХХК А.*******тай 2017.05.03-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тодруулбал зээлийн хэмжээ, хүү, төлөх хугацаа, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар харилцан тохирч, бичгээр байгуулснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2204061153, 000584166 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 дүгээр байрны 5 тоот 59,92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.4-т заасны дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэснээр барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болно. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг бүртгүүлнэ гэж заасан ба банк ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахдаа зээлдэгч А.*******гийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн. Тодруулбал, Улсын бүртгэл хүчинтэй тул зээлдэгч нь барьцааны эд хөрөнгө болох орон сууцны өмчлөгч А.*******гийн нэр дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн болно. Хэрэгт авагдсан, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг талаас Ж.*******, нөгөө талаас А.******* нар байгуулсан байх ба бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн талууд гэрээний нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж, гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдагч орон сууцны өмчлөх эрхээ А.*******д шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин А.******* орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэхийг шаардах болохоос гэрээ хүчин төгөлдөр бус байх шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1хх-4-22, 66-73, 119-125, 2хх-24-41-р тал.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1хх-145-170-р тал.

 

Шүүхийн журмаар нотлох баримт: 1хх-53-56, 96-118, 133-139, 177-178-р тал,

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч А.*******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.а Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.*******ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1-р байрны М-5 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.*******д даалгах гэж нэмэгдүүлж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

3. Хариуцагч тал орон сууцыг худалдаж авсан, гэрээ хүчин төгөлдөр, орон сууцны зээлд хамрагдсан, дахин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасны дагуу зээл олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд хариуцагч талын тайлбарыг дэмжиж оролцож байна.

 

5. Нэхэмжлэгч Ж.*******ийн хүү М.Очир, хариуцагч А.*******, гэрч Б. нар найз нөхдийн холбоотой болох нь талуудын тайлбар, гэрч Б.ын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

6. Ж.******* болон А.******* нарын хооронд 2017 оны 04 сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч болох Ж.******* Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 1-р байр м-5 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204061153 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан авагч А.*******гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч А.******* орон сууцны үнэд 61,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

 

7. Талууд орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 18,300,000 төгрөгийг төлөх, үлдэх 42,700,000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж төлөх нөхцөлтэйгөөр худалдах-худалдан авах, А.******* нь орон сууцыг Ж.*******ийн хүү М.Очирт 3 жилийн хугацаатайгаар бусдад түрээслүүлж, эзэмшүүлэх эрхийг олгосон болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /1хх-4, 144/

А.******* дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу банк ХХК-аас 2017 оны 05 сарын 03-ны өдөр 42,700,000 төгрөгийн зээл авсан, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 1-р байр м-5 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204061153 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц барьцаалсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хүүг жилийн 8 хувь болгосон болох нь зохигчийн тайлбар, орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зээл, зээлийн хүү төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-96-106/

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2017.05.01-нд 1,000,000 төгрөг, 2017.05.01-нд 300,000 төгрөг, 2017.05.04-нд 59,700,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох Ж.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 459021170 тоот дансны хуулгаар нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-6-7/

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заажээ.

 

8. Нэхэмжлэгч тал худалдах хүсэл зориггүй байсан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан, энэ нь гэрч Б.ын шүүх хуралдаанд өгсөн ...М.Очир маргаан бүхий байрыг зарна гэсэн, миний багын найз А.******* байр авахаар судалж байгаа гэсэн, энэ 2-ыг холбож өгсөн, хэн хэн нь байраа зарах, байр авах хүсэлтэй байсан... гэх мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж байгуулсан, мөнгө төлөгдсөн, А.*******гаас М.Очирт маргаан бүхий орон сууцыг бусдад 3 жилийн хугацаанд түрээслүүлж мөнгийг авах эрх олгосон зэрэг хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул талуудын хүсэл зориг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Талууд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан нь тогтоогдохгүй, хэрэгт авагдсан М.Очирын данснаас А.*******гийн данс уруу шилжсэн мөнгийг орон сууцны үнэд буцаан шилжүүлсэн гэж үзэхээргүй, бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын ... хариуцагчаас орон сууцны үнэд авсан мөнгийг буцаан шилжүүлсэн... гэж тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч талын ...А.*******гийн зээлийг төлөөд орон сууцаа буцаан авахаар хоорондоо ярилцсан... гэж тайлбар үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсонгүй. /1хх133-139/

 

10. Нэхэмжлэгч Ж.*******эд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг нотариат тайлбарласан байх ба түүнийг хүчээр гарын үсэг зуруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Орон сууцанд А.******* амьдрахгүй байгаа, орон сууцны ашиглалтын болон СӨХ-ны зардлыг А.******* төлөхгүй байгаа гэх тайлбар нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлд хамааралгүй байна.

 

11. А.******* орон сууц худалдан авах хүсэл зоригтой байсан нь урьдчилгаа бүрдүүлэх, улмаар зээл авсан, зээлийг хуваарийн дагуу төлж байгаа талаарх банк ХХК-иас ирүүлсэн баримтууд, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

12. банк ХХК улсын бүртгэл болон бусад баримтыг үндэслэн зээл олгосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул зээлдүүлэгчийн болон барьцаалагчийн эрхийг үгүйсгэх боломжгүй.

 

13. М.Очир, А.******* нар 2018.04.20-ны өдрөөс 2021.03.10-ны өдрийн хооронд ...хувцасны мөнгө, барааны үнэ, орлого... гэх мэтээр хоорондоо мөнгө шилжүүлж байсан нь М.Очирын Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч талын ...М.Очир Худалдаа хөгжлийн банканд ажилладаг байсан, ПОС машины сэлбэг А.*******д захиж авч байгууллага, хувь хүнд нийлүүлдэг байсан, уг мөнгөө хоорондоо шилжүүлдэг байсан... гэх тайлбар үндэслэлтэй, уг мөнгийг энэ хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна. /1хх-8-22/

 

М.Очир 2023 оны 04 сарын 19-нд А.*******гийн банкны 2109003617 тоот дансанд 2023.01 сараас 2024.04 сарын орон сууцны зээлийн төлбөр утгатай 4,320,000 төгрөг төлсөн баримтыг хэрэгт шинээр өгсөн боловч уг баримт нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл, түүнтэй холбоотой баримт гэж үзэхээргүй байх тул энэ хэрэгт үнэлээгүй.

 

14. Иймд талуудын хооронд хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээг дүр үзүүлж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.*******ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1-р байрны М-5 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.*******д даалгах тухай хариуцагч А.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1-р байрны М-5 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.*******д даалгах тухай хариуцагч А.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/21131 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ