| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2130000000216 |
| Дугаар | 2022/ДШМ/04 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/04
2022 оны 03 сарын 01-ний өдөр Дугаар 2022/ДШМ/00004 Баруун-Урт
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ханджав,
шүүгдэгч Э.М,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Т.Хүдэр
хохирогч О.Үүрийнтуяа,
хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Б.Баясгалан, хохирогч О.Үүрийнтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунгэрэл нарын давж заалдах гомдлоор *******д холбогдох 2130000000176 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн ......суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн ........ сумын ......дугаар баг ........... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, .............овогт Э.М-д холбогдох
Шүүгдэгч Э.М нь бага насны хүүхэд болох О.Үүрийнтуяаг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан Сүхбаатар аймгийн ..........сумын ......дугаар баг .........гэх газарт 2020 оны 11 дүгээр сард 13 нас 6 сартай байхад нь, мөн Сүхбаатар аймгийн ................сумын 4 дүгээр багт 2021 оны 02 дугаар сард 13 нас 9 сартай байхад нь тус тус бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, насанд хүрээгүй хохирогчид хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, эрхийг нь хангах арга хэмжээ авахыг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн 12.1-т заасан хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс харахад хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хийсэн үйлдэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт гаргаж оролцсон. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Бага насны хүүхдийн зүгээс бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн, эсэргүүцээгүй нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм” гэж үзэн няцаасан нь эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хохирогчийн бэлгийн бойжилт бүрэн явагдсан байсан нь түүний жирэмсэн болсон байдлаас нотлогдоно. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдтэй танилцахад тэрээр эр, эмийн харьцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг бүрэн ойлгож, ухамсарлаж байсан нь харагддаг. Дээрхээс дүгнэхэд миний үйлчлүүлэгч М нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг аливаа үйлдэл хийгээгүй ба хохирогч өөрийн хүсэл зоригийг бүрэн ойлгож ухамсарласан байсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.М, хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэг биш юм. Хүчингийн гэмт хэргийн үндсэн шинж бол зайлшгүй хүч хэрэглэсэн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан, эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, субъектийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн, бүрэн ухамсарлагдсан үйлдлээр илэрсэн гэмт хэрэг биш байна. Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хурцал үйлдэх хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл хохирогчийн хүсэл зоригийг үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгодог. Гэм буруутай байх нь гэмт хэргийн нэг гол шинж болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Үүрийнтуяа нь хэдийгээр 14 насанд хүрээгүй ч энэ үйлдлийн үр дагаврыг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүсэл сонирхлынхоо дагуу үерхлийн харилцаанаасаа улбаалан хоорондоо зөвшөөрөлцөж бэлгийн харьцаанд орж, үр хүүхэдтэй болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.М-ны үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нотлох баримтыг цуглуулахад хууль бус ажиллагаанууд хийгдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрээгүй хүнээс 2 цагийн хугацаагаар тасралтгүй мэдүүлэг авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол 30 минутын завсарлага авна гэж заасан. Гэтэл хохирогч Үүрийнтуяагаас мөрдөн байцаалтын шатанд анхны мэдүүлэг авахдаа 16 цаг 32 минутад эхлээд 18 цаг 45 минутад дуусгаж, нийт 2 цаг 13 минутын турш мэдүүлэг авч хохирогчийн эрх ашгийг зөрчсөн. Ингэж хууль зөрчиж авсан мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй юм. Энэ мэдүүлэгт хохирогч “Би 13 настай гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч, шүүгдэгчийн сэтгэцийн шинжилгээ хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байна. Шинжилгээ авсан бүрэлдэхүүнд Мөнхтулга гэж нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилтай хүн албан тушаалын байдлаар орсон. Гэхдээ энэ хүн нүдний эмч бөгөөд сэтгэцийн шинжилгээ хийх эрхгүй. Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, журамд зааснаар сэтгэцийн мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан, мэргэшсэн эмч сэтгэцийн шинжилгээ хийх эрхтэй. Мөн Шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Хохирогч, шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай юу, үгүй гэдгийг хуульд заасан журмын дагуу дахин шинжилгээ хийх шаардлагатай. Хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Мягмарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Үүрийнтуяа бид хоёр үерхдэг байсан. Хааяа очиж уулздаг байсан. Бид бие биедээ хайртай. Намайг цагаатгаж өгнө үү гэв.
Хохирогч О.Үүрийнтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мягмарсайхан нь намайг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн асуудал огт байхгүй. Бид хоёр бие биедээ хайртай учраас бэлгийн харьцаанд орсон. Бидний дундаас 2021.12.03-нд охин минь мэндэлсэн. Хэдийгээр би насанд хүрээгүй ч гэсэн миний ээж ..........., М-ийн ах, дүү нар биднийг гэр бүл болгож тусдаа гарахыг дэмжиж байгаа. Гэтэл хуулийн байгууллага бидний гэр бүл болох, элэг бүтэн амьдрах боломжийг харгалзан үзэхгүйгээр М-ыг хүчиндэх гэмт хэрэгт буруутган 12 жилийн хугацаагаар хорьсон. Иймд би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч М нь ......настай. Хохирогч Үүрийнтуяа 13 нас өнгөрч байсан. Гэхдээ энэ хүмүүс хөдөө амьдардаг, нэг нэгнээ таньдаг, сүүлдээ хайр сэтгэлийн холбоотой болсон. Өнөөдөр манай үйлчлүүлэгч Үүрийнтуяа М-тай хайр сэтгэлийн холбоотой учраас хүүхдийг нь гаргасан, амьдарна гэдэг. Ар гэр аав, ээж, ах нар нь хоорондоо холбоотой байдаг. Нэг гэр бүл болох талаар ярьж тохиролцсон асуудал байгаа. Хүний амьдрал баян гэгчээр ийм зүйл гарлаа. Шүүгдэгч насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орвол хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож мэдэж авсан. Иймд цаашид хохирогчийн хэлж байгааг анхаарч шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хэлж байгаагаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор М.Ханджав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон. Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг. Энэ нь хүчиндэх гэмт хэргийн гол шинж мөн боловч бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхэд дээрх шинж хамаагүй. 14 насанд хүрээгүй хүүхдийг “бага насны хүүхэд” гэж тодорхойлсон байх бөгөөд биеийн өсөлт бүрэн хөгжөөгүй, бэлгийн бүрэн бойжилт олоогүй, мөн дээр нь оюун ухааны хувьд төлөвшөөгүй, бэлгийн харилцааны учир холбогдлыг ойлгож ухаараагүй нас юм. 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг нь онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчлэхээр заасан. Мөн Э.М, О.Үүрийнтуяа нар нь хайр сэтгэлийн холбоотой, гэр бүл болж амьдарна гэсэн, мөн хохирогч энэ жаахан охин төрсөн байгааг нь бараг хэвийн үзэгдэл гэж өмгөөлөгч нар яриад байна. Тийм биш шүү дээ. Энэ нөхцөл байдал хохирогчийн сэтгэл санаа болон бие махбодын хувьд асар их хохирол учруулсан нь ойлгомжтой зүйл. Тийм байхад хүчиндэх гэмт хэрэг биш юм аа гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ шүүхээс цагаатгах тогтоол гарах юм бол 14 насанд хүрээгүй хүүхэдтэй хайр сэтгэлийн холбоотой болчихвол бэлгийн харьцаанд орж, хүчиндэж болдог юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгнө. Ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчдын эрхийг хөндөөгүй. Э.М, О.Үүрийнтуяа нар нь 2 удаагийн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон болохоо өөрсдөө тодорхой мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.М-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М нь бага насны хүүхэд болох О.Үүрийнтуяаг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг .........гэх газарт 2020 оны 11 дүгээр сард 13 нас 6 сартай байхад нь, мөн тус сумын 4 дүгээр багт 2021 оны 02 дугаар сард 13 нас 9 сартай байхад нь тус тус бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:
Яллагдагч Э.М-ны “Би Үүрийнтуяагаас бэлгийн харьцаанд орох уу гэж асуусан. Үүрийнтуяа “За” гэж хэлсэн. Тэгээд хонины хашааны баруун урд талд би дээл, хүрмээ дэвсэж бэлгийн харьцаанд орсон. 2021 оны цагаан сарын шинийн дөрвөнд баруун хойд талын, эзэнгүй хашаанд бэлгийн харьцаанд орсон. Үүрийнтуяа нь бэлгийн харьцаанд орохдоо эсэргүүцэл үзүүлээгүй. Би Бямбаад Үүрийнтуяатай 2020 оны 11 дүгээр сард бэлгийн харьцаанд орсон талаараа хэлж байсан. Тэгсэн Бямбаа ах: “наадах чинь жоохон хүүхэд байна” гэж хэлж байсан. Би 2020 оны 11 дүгээр сард бэлгийн харьцаанд орохдоо насыг нь асуухад 14 настай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтасны 181-183, 201-204/,
Насанд хүрээгүй хохирогч О.Үүрийнтуяагийн “Би Э.М ахад хайртай. Хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй. Э.М-ыг гаргаж өгнө үү” гэх /2-р хавтасны 128/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............ “2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн их эмч Энхээд үзүүлэх үедээ Шагаа гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаараа манай охин хэлсэн. Ер нь би гадарлаж байсан юм.” гэх /1-р хавтасны 15-16/,
Гэрч О.Алимантуяагийн “О.Үүрийнтуяа нь миний төрсөн дүү юм. 2021 оны 07 дугаар сард эмчид үзүүлэхэд Үүрийнтуяаг жирэмсэн болсон байна гэсэн. Би дүүгээсээ хэнээс жирэмсэн болсон талаар асуухад Шагаагийнх гэсэн, энэ талаар Шагаад хэлэхэд: Би Үүрийнтуяатай 2021 оны 02 дугаар сард унтсан, сууна гэсэн” гэх /1-р хавтасны 19-21/,
Гэрч О.Ариунбуянгийн “Би 2020 оны 12 дугаар сард М, Үүрийнтуяа хоёрын харилцааны талаар анх мэдсэн. Тухайн үед Үүрийнтуяагийн утсыг үзэхэд М руу: Ахаа би танд хайртай шүү дээ. Та утсаа авалдаа, чат бичилдээ гэсэн дуут шуудан явуулсан байсан.” гэх /1-р хавтасны 62-63/,
Гэрч Б.Бямбадоржийн “2020 оны 11 дүгээр сард М нь би Үүрийнтуяатай бэлгийн харьцаанд орж үзсэн гэж хэлэхээр нь “наад хүүхэд чинь 18 насанд хүрээгүй жоохон охин шүү дээ” гэж хэлэхэд: Миний араас гүйгээд хайртай гээд байгаа юм гэж хэлсэн.” гэх /1-р хавтасны 40-41/,
Гэрчийн “Э.М нь миний төрсөн эгчийн хүү байгаа юм. Ээж нь 2015 онд бурхан болсон. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Мягмарсайханыг цагдаагаас аваад явсан талаар мэдээд сумын төв рүү орж, асуухад: Үүрийнтуяа гэдэг охинтой үерхэж байсан. Тэр охин нь жирэмсэн болсон байна гэж хэлсэн.” гэх /1-р хавтасны 44-45/,
Гэрч Б.Доржрагчаагийн “Э.М нь миний төрсөн эгчийн хүү байгаа юм. Мягмарсайханы утас шөнөдөө дуугарч байгаа нь сонсогддог. Утсыг нь үзэхэд Үүрийнтуяагийн дугаар байдаг. Энэ талаар асуухад М: Бид хоёр үерхдэг гэж хэлсэн.” гэх /1-р хавтасны 48-49/,
Гэрч О.Энхээгийн “2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр О.Үүрийнтуяа нь*******, эгч Алимантуяа нарын хамт үзүүлэхээ ирсэн. Тэрнээс өмнө манай эх баригч, бага эмч Эрдэнэцэцэгт үзүүлсэн байсан. Намайг үзэхэд хүүхэд нь 5 сар гаруйтай. Ер нь хүүхдээ тээх сонирхолтой байсан. Үүрийнтуяагаас найзтай юу гэж асуухад тиймээ гадаа ирчихсэн байгаа гэхээр нь оруулж ирэхэд М гэх хүүхэд байсан. Тэр хоёртой уулзахад: “2020 оны 10 дугаар сараас хойш найзалж байгаа. Бие биедээ хайртай, хүүхдээ гаргана” гэж ярьж байсан.” гэх /1-р хавтасны 32-33/,
Гэрч Л.Хүрэлтөмөрийн “О.Үүрийнтуяа нь аав, ээж, эгч, хоёр дүүгийн хамт амьдардаг. Ар гэрийн амьдрал тааруу, амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл байдаг. Ээж, эгч хоёр нь айлд ажил хийж, амьдралаа залгуулдаг. Ээж нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг.” гэх /1-р хавтасны 59/ мэдүүлгүүд,
Хохирогч О.Үүрийнтуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хавтасны 215/,
Хохирогч О.Үүрийнтуяагийн нас тоолсон “Насанд хүрээгүй хохирогч О.Үүрийнтуяа нь 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 нас 6 сартай байхдаа, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 нас 9 сартай байхдаа тус тус бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл /1-р хавтасны 216/
Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 384 дугаартай “О.Үүрийнтуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй, охин хальс хуучин урагдалтай, 22-23 долоо хоногтой жирэмсэн байна.” гэх дүгнэлт /1-р хавтасны 90-91/
Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 386 дугаартай “Э.М нь хурьцал үйлдэх чадвартай байна.” гэх дүгнэлт /1-р хавтасны 101-102/ зэргээс үзэхэд шүүгдэгч Э.М нь бага насны хүүхэд болох О.Үүрийнтуяатай 2 удаа бэлгийн харьцаанд орсон, хохирогч зөвшөөрсөн, эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд түүнээс жирэмсэн болж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин хүүхэд төрүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Мөн хэрэгт авагдсан гэрч .............................. шинжээч эмч А.Болор-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, яллагдагч Э.Мягмарсайханы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, багийн Засаг даргын тодорхойлолт, насанд хүрээгүй хохирогч О.Үүрийнтуяагийн хувийн хэрэг зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1-р хавтасны 24, 28-29, 36-37, 44-45, 52, 55-56, 66-67, 70-75, 78-85, 223, 227-аас 2-р хавтасны 27/
Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч насанд хүрээгүй хохирогч О.Үүрийнтуяагаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, завсарлагагүйгээр 2 цагаас илүү хугацаагаар мэдүүлэг авсан байх тул энэ мэдүүлгийг магадлалын үндэслэл болгоогүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоогдож байна. /1-р хавтасны 7-10/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон энэ зүйлийн тайлбарт зааснаар хууль тогтоогч бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна. Бага насны хүүхэд гэдэгт арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг хамааруулан ойлгодог ба тэрээр сэтгэхүйн болон бие махбодын хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр, эмийн харьцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгох чадваргүй учраас биеэ хамгаалах чадваргүй этгээд гэж үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаардахгүй, арван дөрвөн насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Ийм учраас хохирогч О.Үүрийнтуяа нь шүүгдэгч Э.М-тай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн, эсэргүүцэл үзүүлээгүй нь шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилсэн нь зөв, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч О.Үүрийнтуяа, шүүгдэгч Э.М нарын сэтгэц эмгэг судлалын шинжилгээг сэтгэцийн ахлах зэргийн эмч А.А, сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч Д.Б, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.М нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн саналыг хүлээн авах боломжгүй, холбогдох шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хавтасны 143-153/
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, хохирогч шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд орохыг өөрөө зөвшөөрсөн, хүссэн гэж мэдүүлж буйг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээний хамгийн доод ялыг оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээс гадна шүүгдэгч бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосны улмаас хүүхэд төрүүлсэн байхад эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Б.Баясгалан, хохирогч О.Үүрийнтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунгэрэл нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Б.Баясгалан, хохирогч О.Үүрийнтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч .......... нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Э.М-ын цагдан хоригдсон 81 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.БАЙГАЛМАА