Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2015/0541/З |
Дугаар | 128/ШШ2016/0092 |
Огноо | 2016-02-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2016/0092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Ц.Д, хариуцагч П.Н.Ш******* нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн дарга, тус эмнэлгийн Өндөр өртөгтэй мэс заслын туслах үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэх худалдан авах ШУГТЭ-2015/04 дугаартай тендерийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, С.А, гуравдагч этгээд "Ч*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, Н.О нарыг оролцуулан А ХХК, Н ХХК-иудын нэхэмжлэлтэй, П.Н.Ш******* нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн дарга, тус эмнэлгийн Өндөр өртөгтэй мэс заслын туслах үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ-2015/04 дугаартай тендерийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ 2015/04 дугаартай тендер шалгаруулалт, мөн Улсын 3 дугаар эмнэлгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: А ХХК. РД:,
Хаяг: Баянгол дүүрэг, ,,.
Нэхэмжлэгч: Н ХХК. РД:,
Хаяг: Чингэлтэй дүүрэг, ,,.
Хариуцагч: П.Н.Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Өндөр өртөгтэй мэс заслын туслах үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэх худалдан авах ШУГТЭ-2015/04 дугаартай тендерийн Тендерийн үнэлгээний хороо.
Хариуцагч: П.Н.Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн дарга.
Хаяг: Баянгол дүүрэг, Ард аюушийн гурамж 1а.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Уваши Медикал ХХК, , Н ХХК-иудын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш******* нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлгээс "Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах" тендер нь 1,2,3,4 гэсэн багцтайгаар дахин 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрч байгаа ба уг шалгаруулалт Тендерийн хуулийн дагуу дахин зарлагдсан юм.
"У*******" ХХК нь "Н" ХХК-тай хамтран, түншлэлийн гэрээ байгуулж, Ш******* нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн "Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах" ШУГТЭ 2015/04 дугаартай тендерт "Уваши ремеди" түншлэл нэрээр 1,2,3-р багцын тендерийн шалгаруулалтад оролцсон болно.
Энэ тендерийн зорилго нь зүрх судасны мэс ажилбаруудад хэрэглэх, хүний биед суулгадаг эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх байсан болно. Өндөр хөгжилтэй орнуудад энэ эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг, өвчтөн өөрийн биед хэрэглэгдэх тухайн бүтээгдэхүүнийг чанар, үнэ ханш, эмнэлэг зэргийг сонгож эмчлүүлдэг. Үүгээрээ эмнэлгийн өрсөлдөх чадвар, эмнэлгийн үйлчилгээг сайжруулдаг. Манайд өөр байдлаар буюу эмнэлэг өөртөө эдгээр хэрэгслээ бэлтгэх үүднээс тендер зарлагдсан болно.
Хүний биед суугдах бараа бүтээгдэхүүнийг тендерээр худалдан авснаар гарах үр дагавар эмч, өвчтөн аль алинд нь хариуцлагыг үүсгэх ба худалдан авалт хийсэн эмнэлэг хариуцлага хүлээхгүй нь энэ тендерээс гарч байгаа үр дагавар болно. Иймээс тендерийн шалгаруулалтын гол шалгуур, анхаарал хандуулах зүйл нь тухайн бүтээгдэхүүн байтал тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтний санал зөвлөгөөг үндэслэн бүтээгдэхүүнд шалгаруулалт хийгээгүй нь энэ тендерийг буруутгах нэгэн үндэслэл болно. Үнэн хэрэг дээрээ, тендерийн үнэлгээ нь зөвхөн тендерт оролцогчдын санхүүгийн чадварыг л үнэлсэн юм.
Нийлүүлэх байсан эмнэлгийн мэс ажлын хэрэгсэл муу, чанар муутай байх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа өвчтөний биеийн байдал, амь нас, улмаар эмнэлгийн үйлчилгээ баталгаатай байх гэсэн бүх л ойлголтыг хөндөх, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлбэл хүний амь нас баталгаатай байх боломжгүй тийм л хэрэгсэл юм. Гэтэл ийм хариуцлагатай, чухал тендер байтал Тендерийн үнэлгээний хороо дараах хууль бус үйлдэл хийсэн болно.
1. Тендерийн шалгаруулалтад шалгараагүй гэсэн албан бичгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль зөрчсөн байна гэж үзэн Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт гомдол гаргасан ба уг гомдлын хариу болох 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 6\3756 дугаар албан бичгийг 20115 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Анх тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн тендерийн шалгаруулалтад шалгараагүй гэх албан бичгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний У******* ХХК-руу 3 дугаар эмнэлгийн Үнэлгээний хорооноос утсаар мэдэгдэн, үүний дагуу тухайн өдөр очиж авахад, он сар өдөргүй, Гуравдугаар Төв эмнэлгийн дарга Ц.Тын гарын үсэг бүхий бичгийг гардуулсан болно. Уг нь энэхүү тендер нь Тендерийн Үнэлгээний хороог албан ёсоор байгуулж, дарга гишүүдтэй байдаг. Яагаад энэ хүн тендерийн хорооны үйл ажиллагаанд шууд хутгалдаад байгаа болох, өөрийгөө тендерийн хорооны дарга мэтээр ойлгоод байгаа нь ойлгомжгүй байна. Хуулийн дагуу бол энэ хүн тендерийн хороог төлөөлөх эрх бүхий этгээд биш. Эндээс дүгнэвэл, дээрх албан бичгийг ч хуульд нийцсэн хариу байна гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм. Нөгөө талаар, сүүлийн зарлагдсан тендерийн шалгаруулалтаар нэг ч этгээдийн материал шаардлага хангаагүй талаар Үнэлгээний хорооны өмнөөс дарга н.Т мэдэгдсэн байтал Сангийн яамнаас бидэнд ирүүлсэн хариу албан бичигт "...шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдье" гэж дурдсан нь энэ хариуцлагатай, хүний амь настай шууд холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг ТБОНӨХБАҮХАТ хуульд зааснаар, шууд гэрээ байгуулах этгээдээ өөрсдөө сонгон гэрээ байгуулах үе шатанд шилжиж байгааг харуулж байна. Энэ бол санаатай, зохион байгуулж байгаа үйлдэл гэж үзэж байна.
2. Тус түншлэлийн тендерийн материалыг шалган, тендерийн үнэлгээний зааврын 6 дугаар зүйлийн 6.4, ТОӨЗ-ийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг зөрчин, 1,2,3 дугаар багцад Түншлэлийн хувьд Түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн томилогдоогүй тул тендерийн баталгааны шаардлага хангаагүй гэж үзжээ. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-т зааснаар "Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх" ба Төрийн банкны "Дотоод баталгаа гаргах үйл ажиллагааны журам"-ийн ерөнхий үндэслэлд ...үүрэг гүйцэтгэгчид буюу хуулийн этгээдэд баталгаа гаргах..., мөн журмын Тендерийн баталгаа гаргахад бүрдүүлэх баримтын 4.12-д албан бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ...зэрэг баримтыг бүрдүүлсний дараа баталгаа гаргах журамтай.
Эдгээр зохицуулалтаас харвал, банк үүрэг гүйцэтгэгч буюу хуулийн этгээдэд баталгаа гаргадаг зохицуулалттай байтал тендерт хамтарч оролцож байгаа хуулийн этгээд бус түншлэлийн гэрээний талуудад дээрх шаардлагыг тавих нь хэрэгжих боломжгүй, хууль зөрчсөн шаардлагыг тусган, мөн үүнийгээ үндэслэн шалгаруулалтаас хасах үндэслэл болгосон нь хууль бус болно. Энэхүү "Уваши ремеди" түншлэл хуулийн этгээд бус тул банк нь тендерийн баталгаа гаргаж өгөх боломжгүй байгаа болно. Иймд Тендерийн үнэлгээний заавар, Тендерт оролцогчдод өгөх зааврын зохих заалт хууль бус байтал уг хууль бус заалтаа барьж шалгаруулалтад шалгараагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.
3. Тендерийн дагуу нийлүүлэх бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээллийг дагалдах хэрэгслийн каталогоор дамжуулан өгөх зорилгоор тендерийн баримт бичигт хавсаргасан байгаа болно. Гэтэл, тендерийн дагалдах хэрэгслийн нарийвчилсан тодруулгад байгаа үзүүлэлтийг шаардлагад нийцээгүй гэж буруутгасан. Жишээ нь: Аневризмын байнгын хавчаар 3-20 мм ТОӨЗ-ийн 19 дүгээр зүйлд заасан. Тэгвэл, "Уваши ремеди" түншлэлээс өгсөн баримт бичгийн аневризмын байнгын хавчаарын техникийн тодорхойлолтод 3,2-13,3 мм хэмжээтэй гэж байгаа ба үүнд ерөнхий урт болон хавчаарын ангайх хэмжээг тус бүрд нь заасан байтал зөвхөн тендерийн дагалдах хэрэгслийн нарийвчилсан тодруулгад байгаа ангайх хэмжээг л авч үзэн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Энэ нь хариу хүргүүлэх албан бичигт дурдсан, бусад гавлын яс бэхлэгч, цагираг оёгч аппарат зэрэгт мөн адил хамаарч байгаа ба эдгээрийн каталогт байгаа үзүүлэлт нь шаардлагыг бүрэн хангасан байгаа юм.
4. ТОӨЗ-ийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Аливаа гэрээний эрх, үүрэг нь тухайн гэрээний талын хүлээх хариуцлага болдог. Тухайн "У*******" ХХК ба Ньюремеди ХХК-ийн хооронд байгуулсан "Тендерийн түншлэлийн гэрээ"-ний 2 болон 3-т талуудын хүлээх эрх үүргийг тусгасан байх ба талууд үүргээ биелүүлээгүй тохиолдолд, хариуцлагын асуудал үүнээс үүсэн гарах юм.
Эдгээр байдлаас дүгнэхэд, У******* ХХК дангаараа болон түншлэлийн журмаар тус эмнэлгээс зарласан тендерт 2 удаа материал бүрдүүлэн өгч оролцсон боловч дээрх хэлсэнчлэн, бидний санал болгож байгаа нийлүүлэх байсан эмнэлгийн мэс ажлын хэрэгсэл муу, чанар муутай гэсэн зүйл яригдан, үүнээс улбаалж тендерт шалгараагүй гэж дүгнэлт гарсан бол үнэхээр бид хүлээн зөвшөөрч болох юм. Яагаад гэхээр, нэгэнт л зүрх судасны мэс ажилбаруудад хэрэглэх, хүний биед суулгадаг эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхдээ шаардлага хангаагүй хэрэгсэл санал болгосон юм байна гэж ойлгох, мөн үүнийгээ ч хүлээн зөвшөөрөх боломжтой байтал Тендерийн хороо нь зөвхөн тухайн тендерт оролцогчийн хувийн баримт бичигт л анхаарал хандуулж, түүнээс л өө сэв хайн, түүгээрээ шалтаг болгон дүгнэлт хийгээд байгаа нь хууль бус байна. Явж явж энэ ямар үр дүнд хүрэх вэ гэхээр, өөрсдийн компаниа шалгаруулах л зорилго үүний цаана агуулагдаж байгаа нь тодорхой юм.
"Уваши Медикал" ХХК болон Нью Ремеди ХХК нь Англи, Америк, Герман, Япон, Солонгос, Франц улсын дэлхийд томоохонд тооцогддог компаниудын Олон Улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн санал болгож оролцсон болно. Жишээ нь: Английн P******* компанийн оёгч аппаратууд нь хагалгааны аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, зүсэлт үдэлтийг нэгэн зэрэг хийдэг, төгс В хэлбэрээр параллель биш эгнээгээр үддэг, размерын сонголт арвин, цэнэг нь өөр дээрээ хутгатай учир хагалгааны явцад хутганы ир мохохгүй гэх мэт давуу талтай болно. Гэтэл эдгээр санал болгосон бүтээгдэхүүний талаар ямар нэг зүйл дурдаагүй хэрнэ санхүү, баримт бичигт л алдаа зааж буцааж байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймд Ш******* нэрэмжит Улсын 3-р эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, "Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах" 2015/04 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, уг тендерийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: А ХХК /хуучин нэрээр Уваши Медикал/, Н ХХК нь хамтран, Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгээс зарласан ШУГТЭ 2015/04 дугаартай тендерт оролцсон бөгөөд захиргааны хэргийн шүүхэд уг тендер шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгох, улмаар шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерийн баримт бичгүүдийг нотлох баримтаар хэрэгт авсан бөгөөд тухайн нотлох баримттай танилцсанаар, 2015 оны 6 дугаар сарын 23-нд өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдан, шууд гэрээ байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар хуралдсаныг, мөн Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн дарга Ц.Т 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 тоот тушаалаар шууд гэрээ байгуулах этгээдтэй гэрээ байгуулахаар болсныг мэдсэн болно.
Иймд Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байгаа болно.
Учир нь ТбОНӨХБАҮХАтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар "Энэ хуулийн 34.1-т эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгах" ба харин захиалагч болох Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн дарга нь 2015 оны 6 дугаар сарын 23-нд хуралдсан Тендерийн Үнэлгээний хорооны хурлаас гарсан 01 тоот зөвлөмжийг үндэслэн, шууд гэрээ байгуулахаар "Ч*******" болон "Мо*******" ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргаж, харин хуульд зааснаар гэрээ байгуулахаас өмнө хийгдэх хэлэлцээг тушаал гарсны дараагийн өдөр хийсэн байна.
Түүнчлэн П.Н.Ш******* нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн удирдлага нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээр хийх үедээ, тухайн гэрээ байгуулах эрх олж авсан этгээдийн нийлүүлэхээр санал болгож буй зарим бүтээгдэхүүний чанартай холбоотой, тэдгээр нь шаардлага хангахгүй байгаа талаар хэлэлцээ хийж байгаа мэргэжлийн эмч нарын зүгээс гаргасан саналыг үл харгалзаж, шаардлага хангахгүй барааг солихыг шаардан, тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтыг хангаагүй бараа санал болгож байгаа компаниудын барааг худалдан авахыг хичээж байсан нь хурлын протоколд тусгагдсан байна. Энэ нь захиалагч тухайн компаниудыг илтэд дэмжин гэрээ байгуулахаар чармайж байсан гэж үзэх үндэслэл болж байна. гэжээ.
Хариуцагч П.Н.Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Эмнэлгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай" Б/51 дүгээр тушаалын хавсралтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тусламж үйлчилгээнд шаардлагатай, чанарын шаардлага хангасан эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулахад төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцоог хангах зорилгоор нийт 11 гишүүний 9 нь (81.5%) эмч, эм зүйч, 2 нь хуулийн зөвлөх, нягтлан бодогч мэргэжилтэй эмч, мэргэжилтнүүдийг томилон ажиллуулсан.
Тухайн зарласан тендер нь мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ханган нийлүүлэгч шалгаруулах зорилготой болно.
Манай эмнэлэг нь Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер ШУГТЭ 2015/04 дүгээр тендер шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлж 10 цаг 30 минутад нээсэн.
Тендерт 5 компани оролцохоор баримт бичиг ирүүлсэн ба Уваши Ремеди түншлэл нь 1, 2, 3 багцуудад оролцохоор саналаа ирүүлсэн.
"У*******" ХХК нь эхний нээлттэй тендер шалгаруулалт болох Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй ШУГТЭ 2015/02 тендерт 2014 оны Санхүүгийн тайлан болон Аудитын дүгнэлтэд тайлант үеийн цэвэр ашиг 400 472,57 төгрөг байсан энэ үндэслэлээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтаар шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн тус тендерээс татгалзсан болно.
Энэ удаагийн Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй ШУГТЭ 2015/04 тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад Уваши Ремеди түншлэл нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шалгараагүй болно.
Шалгараагүй үндэслэл:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Тендерийн үнэлгээний зааврын 6 дугаар зүйлийн 6.4, ТОӨЗ-ийн 21 дүгээр зүйлийн 21.6 заалтуудын дагуу 1, 2, 3 дугаар багцуудад түншлэлийн хувьд түүнийг хамгаалах эрх бүхий гишүүний нэр дээр тендерийн баталгааг ирүүлнэ гэснийг зөрчиж төлөөлөх эрх бүхий гишүүн томилогдоогүй тул баталгааны шаардлага хангаагүй.
2. ТОӨЗ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 (в)-д захиалагчийн ТОӨЗ-ийн 1.1-д заасан эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхдээ бүх гишүүн хамтран болон тус тасдаа хүлээх хариуцлагыг тодорхойлж хамтран ажиллах гэрээнд тусгасан байх", түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх зааварчилгаа хүлээн авахад тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох" гэсэн заалтууд түншлэлийн гэрээнд тусгагдаагүй, бүх гишүүн болон тус тусдаа хүлээх хариуцлага тодорхойгүй 2 гишүүн томилсон байна. ТОӨЗ-ийн 6 дугаар зүйлййн 6.1(г)-д "нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөр тооцоог зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй харилцаж гүйцэтгэхийг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх" заалтыг түншлэлийн гэрээнд тусгагдаагүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ
худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д ТОӨЗ-ны 19 дүгээр зүйлийн 19.3 (а), 31 дүгээр зүйлийн 31.1 (г) дэх заалтуудад заасан техникийн тодорхойлолт зөрүүтэй, мөн ирүүлээгүй болно.
Үнэлгээний тендерийн хорооноос гаргасан дээрх шийдвэрийг Сангийн яам |2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Тендер шалгаруулалтын тухай 6/3756 дугаар тоот албан бичгээр үндэслэлтэй байна гэж үзэн шийдвэрлэсэн байна. Харин энэ шийдвэрийг түншлэл "Н" ХХК нь татварын өртэй байгааг захиалагч үнэлгээнд харгалзан үзээгүй байгааг цаашид анхаарч ажиллах нь зүйтэй байна гэж үзээд шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдье гэжээ.
Нэхэмжлэгч "У*******" ХХК, "Ньюремеди" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1-т дээрх Сангийн яамны шийдвэрийг зөвшөөрөхгүй тул шүүхэд гомдол гаргажээ. Иймд Улсын 3 дугаар эмнэлгийг бус Сангийн яамыг хариуцагчаар татах,
5. Захиалагч мөн хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу эрх үүргээ хүлээн хуульд нийцүүлэн ажилласан байна. Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" гэсний дагуу захиалагч албан бичгээр мэдэгдсэн болно.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тодорхой заажээ.
Мөн Сангийн яамны 2012 оны 09 дүгээр сарын 28-ны 194 дүгээр тушаалаар тендерийн үнэлгээний заавар, Тендерт оролцогчдод өгөх зааварчилга, Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй ШУГТЭ 2015/04 тендерийн баримт бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, заавар журмын дагуу явуулсан болохыг баталж байна. Иймд нотлох баримтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын гуравдугаар эмнэлгийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: П.Н. Ш******* нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал нь дээрх хоёр компаниудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ба нэхэмжлэл гаргах этгээд биш юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу "Захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэж тодорхой хуульчилсан байна. Нөхцөл шаардлага хангахгүй байгаа талаар 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 1057 тоотоор тодорхой бичиж хүргүүлсэн болно.
Үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд "М*******" ХХК, "М*******" ХХК, "М*******" ХХК, "Ч*******" ХХК-иудад 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 639-642 дугаар албан бичгүүдээр Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй ШУГТЭ2015/04 тендерийн 1-3 дугаар багцуудад "захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн үнийн саналаа ирүүлнэ үү.
Саналыг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн" дотор хүлээн авна гэсний дагуу "М*******" ХХК, "Монголиан стар дистрибюшин" ХХК, "Ч*******" ХХК-иудаас санал ирсэн байна.
Үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр хурлаар 1 дүгээр багцад "Ч*******" ХХК-тай 736791 000 төгрөгөөр, 2 дугаар багцад "Ч*******" ХХК-тай 296 725 000 төгрөгөөр, 3 дугаар багцад "М*******" ХХК-тай 251 915 440 төгрөгөөр тус тус шууд гэрээ байгуулах хэлэлцээ хийж, хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгах" гэж шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг Эмнэлгийн даргад хүргүүлсэн байна. Эмнэлгийн дарга 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал гаргаж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01, 02 дугаар хурлаар шууд гэрээ байгуулах хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний дагуу дээрх хоёр компаниас гэрээ байгуулах тухай хүсэлтийг ирүүлсний дагуу Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах дугаар ШГ2015/01, ШГ2015/02, ШГ2015/03 гэрээнүүдийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан болно.
Энэ гэрээг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулснаас хойш 4 сар 29 хоногийн дараа шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "30" хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргана" гэсний дагуу Сангийн яаманд гаргаагүй байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан "хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрээгүй мөн гурван сарын дотор нөхөн сэргээж болно" гэснийг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Тендер шалгаруулалтын онцгой журмын 34 дүгээр зүйлийн 34.1, "энэ хуулийн 30.4.3, 33.4-д заасан тохиолдолд" мөн 34.2-д заасны дагуу хууль зөрчөөгүй, хуулийн дагуу гэрээ шууд байгуулах аргаар сонгон шалгаруулалт явагдсан болно.
Иймд "А" Нью Ремеди ХХК-иудын эрх хууль ёсны сонирхол зөрчигдөөгүй мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ ...худалдан авах тухай хуулийн заалтуудыг захиалагчийн хувьд зөрчөөгүй тул ГШ.Ш******* нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлгийн даргын 2015 оны 03 сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Ч******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр П.Н.Ш******* нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгээс зарласан "Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах" ШУГТЭ 2015/04 дугаартай нээлттэй тендерийн 1, 2 дугаар багцуудад үнийн санал хүргүүлж, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус эмнэлгийн дарга Ц. Тын 593 тоот албан бичгээр оролцсон багцуудад шалгараагүй тухай мэдэгдэл хүлээн авсан. Уг тендер нь анх 2015 оны 01 дүгээр сард нээлттэй зарлагдсан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэдэг үндэслэлээр дахин зарлагдсан бөгөөд мөн л шаардлагад нийцсэн нэг ч тендөр ирээгүй тул тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 т заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн болно.
Бид П.Н Ш******* нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэгтэй байгуулсан өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээний дагуу 7 дугаар сараас эхлэн нийлүүлэлт хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 757.881.807 /долоон зуун тавин долоон сая найман зуун наян нэгэн мянга найман зуун долоон төгрөгийн/ үнийн дүн бүхий барааг нийлүүлээд байна.
"Уваши Медикал" ХХК, Нью Ремеди ХХК-иуд нь нэхэмжлэлдээ "...тендерийн шалгаруулалтын гол шалгуур, анхаарал хандуулах зүйл нь тухайн бүтээгдэхүүн байтал ... бүтээгдэхүүнд шалгаруулалт хийгээгүй нь ..., Нийлүүлэх байсан эмнэлгийн мэс ажлын хэрэгсэл муу, чанар муутай байх нь ... тендерийг буруутгах нэгэн үндэслэл болно ..., өөрсдийн компаниа шалгаруулах л зорилго үүний цаана агуулагдаж байгаа нь тодорхой ..." гэх мэтээр бичсэн нь угтаа олон улсын, тэр тусмаа ЕХУ, БНСУ, АНУ-ын чанарт нийцэж буй манай компанийн санал болгосон бүтээгдэхүүнүүдийг ямарваа нэгэн баталгаа, нотолгоогүйгээр "чанар муутай, муу бараа бүтээгдэхүүн" хэмээн гүтгэн муулж, биднийг үнэлгээний хорооны гишүүдийн танил тал, ах дүү болгон харагдуулах оролдлого хийж Өрсөлдөөний тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж байна.
Хэргийн материалтай танилцах явцад Улсын 3 дугаар төв эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд: "У******* ХХК-ийн санал болгосон өрөмний хошуу нь Primado /примадо/ Adeor /адеор/ ийн алинд таарч байгаа нь тодорхойгүй, тархины хатуу хальсны нөхөөс нь биологийн гаралтай биш нийлэг эдээр хийсэн, аневризмын хавчаар, гавлын ясны нөхөөс нь MRI хийхэд харшлах эсэх нь тодорхойгүй, микроскопын уут нь ариун эсэх нь тодорхойгүй, тефлон жийргийн каталог байхгүй зэргээр техникийн тодорхойлолтууд зөрүүтэй байна..." гэжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр "Уваши Медикал" ХХК, Нью Ремеди ХХК-иудын гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Монголиан стар дистрибюшн ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр хариу тайлбартаа: ... Монголиан стар Дистрибюшн ХХК нь П.Н.Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан ШУГТЭ 2015/02 тоот тендерийн хувьд 2 дугаар багцад, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин зарлагдсан ШУГТЭ 2015/04 тоот тендерийн хувьд 3 дугаар багцад тус тус санал өгч, улмаар тус Тендерийн үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 640 тоот албан бичгийн дагуу "Шууд гэрээ байгуулах арга"-ын хүрээнд битүүмжилсэн үнийн санал хүргүүлж, з дугаар багцын хувьд 251,915,448.00 /хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийн үнийн дүн бүхий Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхээр гэрээ байгуулсан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-т зааснаар "Шууд гэрээ байгуулах арга"-ыг хэрэглэхэд хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай гэж тооцогдсон этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг "хамгийн сайн" хангасан тендер оролцогчтой гэрээ байгуулах тухай хуулийн зохицуулалтын дагуу Тендерийн үнэлгээний хорооноос манай компанийн тендерийг "сайн" гэж үнэлж, гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж бид ойлгож байгаа.
... Эрүүл мэнд, спортын яамны харьяа байгууллагад П.Н.Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг хамаардаг бөгөөд тус эмнэлгийн дарга Ц.Т нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс томилогдон, түс эмнэлгийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, гадна, дотно төлөөлөх бүрэн эрхтэй учраас тус эмнэлгээс захиалсан бүх төрлийн тендертэй холбоотой асуудлаар аливаа албан бичиг өгөх, хүсэлт, өргөдөл зэргийг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй тул эрх бүхий этгээд биш гэсэн дүгнэлт хийсвэр болно.
Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах заалтуудад тодорхой зохицуулсан байх тул энэ талаар маргах шаардлагагүй болно.
Харин ашиг сонирхлын зөрчил үүсгэж, танил тал, ах дүү нартаа тухайн тендерийг гэх үндэслэлгүй таамаг төдий зүйлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2-т зааснаар чшүүх, цагдаагийн байгууллагаар тогтоогдсон зүйл биш учир үүнийг хэрэгсэхгүй байх нь зүйтэй.
Сангийн яамнаас баталсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг, түүнд тулгуурлан П.Н.Ш******* нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан ШУГТЭ 2015/04 тоот тендерийн баримт бичгийг хууль зөрчсөн гэж хэн ч тогтоогоогүй байх тул нэхэмжлэгч нарын мэдүүлээд байгаа шиг хэрэгжих боломжгүй, хууль зөрчсөн шаардлага тавьсан гэсэн нь үндэслэлгүй.
... нэхэмжлэгч нар дээрх хуульд зааснаар гэрээний үндсэн дээр хамтран тендерт оролцохдоо тендерийн баримт бичгийн тухайн шаардлагыг хангаагүйгээс гадна ШУГТЭ 2015/04 тоот тендерийн баримт бичгийн 21-р зүйлийн 21.6-т заасан Түншлэлийн хувьд банкны баталгааг түүний төлөөлөх эрх бүхий гишүүн ирүүлнэ гэсэн шаардлагыг давхар зөрчсөн байна.
Иймд, дээр дурдсан хариу тайлбар, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, Сангийн яамны тус тус үндэслэн "Уваши Медикал" ХХК болон "Нью Ремеди" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А ХХК-ийн захирал Р.Э, Н ХХК-ны захирал Н.Баяржавхлан нар тус шүүхэд хандаж Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт болон Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ 2015/04 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус эмнэлгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Монголиан стар дистрибюшн ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчдоос түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хуралдааныг үргэлжлүүлэв.
Улсын 3 дугаар төв эмнэлгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай Б/51 дүгээр тушаалын хавсралтаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ханган нийлүүлэгчийг шалгаруулах ШУГТЭ-2015/04 нээлттэй тендер шалгаруулалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарласан байна.
Тендерт 5 компани оролцохоор баримт материалаа ирүүлсэн бөгөөд Уваши Ремеди түншлэл уг тендерийн 1,2,3 дугаар багцуудад оролцохоор саналаа ирүүлжээ.
Харин тус эмнэлгээс зарласан Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй ШУГТЭ-2015/04 тендерт ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй бөгөөд энэ тухайгаа тендерийн 3 дугаар багцад материалаа ирүүлсэн М******* ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 591, Монголиан стар дистрибюшн ХХК-д мөн өдрийн 592, 1,2 дугаар багцад материалаа ирүүлсэн Чоно гол трейд ХХК-д мөн өдрийн 593, 1 дүгээр багцад материалаа ирүүлсэн Мед Монгол ХХК-д мөн өдрийн 594, 1,2,3 дугаар багцад материалаа ирүүлсэн Уваши Ремеди түншлэлд мөн өдрийн 595 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ., 27.1.1-дэнэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;, 27.1.2-т техникийн тодорхойлолт:, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага:, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Ай Эм Тех ХХК, Н ХХК-иудаас ирүүлсэн Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа зэрэгт заасан зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэж татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэг: Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ 2015/04 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, уг тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч компаниуд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 6.1-д зааснаар түншлэлээр оролцож материалаа ирүүлэхдээ Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 21.6 д заасан түншлэлийн хувьд түүнийг хамгаалах эрх бүхий гишүүний нэр дээр тендерийн баталгааг ирүүлнэ. гэснийг зөрчсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Тендерийн үнэлгээний зааврын 6.4-т заасан шаардлага хангаагүй,
2.Түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх зааварчилгаа хүлээн авахад тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох, ..эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхдээ бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг тодорхойлж хамтран ажиллах гэрээнд тусгасан байх гэсэн заалтууд түншлэлийн гэрээнд тусгагдаагүй, хүлээх хариуцлага тодорхойгүй 2 гишүүн томилсон нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1-ийн (б), 6.1-ийн (в)-д заасныг зөрчсөн,
3. Нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөр тооцоог зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй харилцаж гүйцэтгэхийг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх гэсэн заалтыг түншлэлийн гэрээнд тусгаагүй Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1(г)-д заасныг зөрчсөн,
4. Тендерийн материалд ирүүлсэн техникийн тодорхойлолтуудыг зөрүүтэй ирүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19.3(а), 31.1(г) дэх заалтуудыг зөрчсөн,
5. Түншлэлийн Н ХХК нь татварын өртэй байсан зэрэг үндэслэлээр шалгаруулаагүй тендерийн үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн яамны сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа зэрэг хууль, заавар, журмуудтай нийцсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар ...тендерт ирүүлсэн баталгаа нь энэ хуулийн шаардлагыг хангаагүй... гэж үзэж татгалзаж мөн хуулийн 31, 34 дүгээр зүйлд зааснаар тендер шалгаруулалтын онцгой ажиллагаа болох гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэсэн захиалагчийн шийдвэр хууль зөрчсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын 3 дугаар эмнэлгээс зарласан Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ-2015/04 нээлттэй тендерийн 1,2,3 дугаар багцуудад Уваши Ремеди түншлэлээс ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй захиалагчийн үнэлгээний хорооны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэв
Түүнчлэн тендер шалгаруулалттай холбогдуулан У******* (А) ХХК, Н ХХК-ийн түншлэлээс Сангийн яаманд гомдол ирүүлснийг тус яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газраас хянаад 2015 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн 6/3756 дугаар албан бичгээр Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдэж хариу хүргүүлжээ.
Хоёр: Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ-2015/04 тендерийн 1-3 дугаар багцуудад захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа ирүүлэхийг хүссэн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу М******* ХХК, Монголиан стар дистрибюшн ХХК, Ч******* ХХК-иуд саналаа ирүүлжээ.
Үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дээрх компаниудын саналыг хэлэлцээд тус тендерийн 1,2 дугаар багцад Ч******* ХХК-тай, 3 дугаар багцад Монголиан стар дистрибюшн ХХК-тай шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байх ба уг зөвлөмжийг үндэслэн нэр бүхий компаниудад гэрээ байгуулах эрх олгох тухай Эмнэлгийн даргын Б/262 дугаар тушаал хууль зөрчөөгүй байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т Энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах. гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд захиалагч мөн хуулийн 34.1.1-д зааснаар шууд гэрээ байгуулах эрхтэй байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон, энэ нь захиалагч байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн У******* (А) ХХК, Н ХХК-ийн түншлэлийн тендерт оролцогчийн ерөнхий шаардлага, санхүүгийн чадавхыг үнэлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар шууд гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 31, 34 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Ш******* нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ШУГТЭ 2015/04 дугаартай тендер шалгаруулалт, мөн Улсын 3 дугаар эмнэлгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/262 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий А ХХК, Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР