Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 159

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0162/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            Н.Энхзул 

Улсын яллагч                            Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                           Б.П нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох 17390002300075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 1965 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэнгийн 9-9а тоотод оршин суух Б.П

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Б.П нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод иргэн Ю-н зүй бус үйлдлийн улмаас маргалдан нүүрэн тус газар нь төмрөөр чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч У.Ю-н: “... П пизда минь зайл гээд байхаар нь би түүнтэй хэрэлдэж, дуудаж авчирчихаад юу гээд байгаа юм гээд түүний өөдөөс салаавч гаргахад П уурлаад над руу юм аваад шидсэн. Юу шидсэнийг нь хараагүй төмөр шиг л байсан. Хөмсөгний дээд талд 5 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14хуу/

 

         Гэрч Ж.Г-н: ... П Ю-д хандаж чи хүүхдээ авахаар явахгүй юм уу гэхэд манай нөхөр лүү салаавч гаргаж түй май пизда минь гээд нөхөр П-г алгадсан. П уурлаад гэрийн зүүн урд шүүгээний хажууд байсан богино хар төмрийг аваад Ю лүү шидсэн чинь Ю-н нүүрэнд оносон гэх мэдүүлэг. /хх-ийн 15хуу/

 

       Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаартай дүгнэлтэд:

 

       Ю-н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

        Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

         Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 18хуу/

 

          Шүүгдэгч Б.П-н: ... тэгээд үдээс хойш архи нь дуусах үеэр Ю-г би гэр лүүгээ харь, хүүхдээ цэцэрлэгээс нь авах цаг чинь болчихлоо гэхэд явахгүй, хуц пизда минь гээд над руу салаавч гаргаад миний хацар луу алгадсан. Тэгэхээр нь би тухайн үед уур хүрээд гэрийн зүүн урд шүүгээний хажууд байсан богино хар төмрийг аваад түүн рүү шидсэн чинь нүдний хавьцаа оноод цус гарсан. Мөн эхнэр эмнэлэг рүү авч яваад оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30хуу/ зэхэг болно.

 

 

          Шүүгдэгч Б.П нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 9-9а тоотод иргэн Ю-н зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь төмрөөр чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

        Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 42хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэх нь зүйтэй байна.   

      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ НЬ:

  

         1.Шүүгдэгч Б.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

  

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см-ийн урттай, хоёр талын үзүүртээ хуучин ховил татсан оромтой цул төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА