Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

2022 оны 03 сарын 15-ны өдөр       Дугаар 2022/ДШМ05                  Баруун-Урт

 

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Сумъяа

шүүгдэгч Э.Г

хохирогч Л.Цэнгэл, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан

                        нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.         

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Б.Энх-Амгалангийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... онд Сүхбаатар аймгийн ......суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн ...... сумын .....дугаар баг, ................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............овогт Э.Г  /РД:/,

Яллагдагч Э.Г нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн .......... сумын ........дугаар баг, “.........” гэх газар орчиндоо аюул учруулж болох амьтан буюу 2 нохойгоо уялгүй сул байлгасны улмаас Л.Ц рүү дайран урж, түүний биед 2 гарын бугалга, шуу, хөлийн 2 гуя, өгзөгний хэсгийг хамарсан олон тооны хазагдсан шарх, өгзөгний болон зүүн гуяны дотор хэсгийн нэвчдэст идээт үрэвсэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан  нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэрэгт нэмэлт мөрлөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч Э.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Б.Энх-Амгалан эсэргүүцэлдээ: Э.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжаар хэргийг буцааж шийдвэрлэсэн.  Хэргийн бодит байдлыг тогтоохоор хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай гэж үзсэн. Хэрэгт авагдсан шүүгдэгч,, гэрч нарын мэдүүлгүүдээр хэрэг болсон газар, цаг хугацаа байрлалыг хангалттай мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэг хийлгэх шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор” хэргийн газрын үзлэг хийх талаар хуульчилсан байдаг. Энэ хэрэгт тухайн хэргийн газарт ямар нэгэн нотлох баримт гээгдэж орхигдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий байдлууд нь, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр бүрэн тогтоогдсон тул заавал хэргийн газрын үзлэг хийх шаардлагагүй гэж үзэж байгаа.  Хохирогч Ц болон шүүгдэгч Г, гэрч Э, Б нарын мэдүүлэг зөрүүтэй гэж үзсэн. Хохирогч Ц болон гэрч Б нар нь зөрүүгүй мэдүүлдэг. Хэний нохой хазсан талаар нар нь шууд заадаг. Гэрч Э-ийн хувьд таамаг маягаар мэдүүлдэг. Эхлээд дайрсан болохоор тухайн айлын нохой урсан байлгүй дээ, би нэг их анзаараагүй гэх мэдүүлэг нь зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ээ. Г нь Э-д хэлэхдээ нохой хүн урчихлаа, нохойгоо хөөгөөд ирлээ гэж хэлсэн мэдүүлэг нь Г-ын нохой Ц-г урсан гэдгийг давхар нотолж байгаа. Г-ын нохой Н-ийн нохой хоёрын зургийг хэрэгт хавсаргаагүй байна гэсэн байдаг. Тухайн нохойнууд нь бие, зүс зэрэг нь гэрч нарын мэдүүлгээр тодорхой яригдсан байдаг. Иймээс нохойнуудын зургийг заавал хавсаргах шаардлагагүй гэж үзсэн. Нохойны зургийг хавсаргаагүй нь хэргийг шийдвэрлэх шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө  үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Г-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдал, ажиллагаа гүйцэд биш хийгдсэн гэсэн  дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ. Тухайлбал:

 Хавтаст хэрэгт Л.Ц-ийн: Баруун-Урт сумын ......баг, “..........” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд гэрээсээ гараад тугалаа хөөгөөд буцаад гэр лүүгээ явж байхад ...Г-ын шар нохой над руу хуцаад дайрсан, гэтэл хар нохой нь  ирээд хоёулаа нийлээд намайг газар унагаж урсан, ... хойд айлын цагаан,  шар хоёр нохой ирж хуцаад байсан, намайг урж  байсан хоёр нохой надаас жаахан холдохоор нь би босоод гэр лүүгээ  зугтаж хашаандаа орсон...” гэх, /хх-13,18/

 

гэрч Л.Б-ийн “Миний бие 2021 оны 08 сарын 30-ны өглөө ........... гэх газар 10 цагийн үед гэрээсээ тугалаа хөөгөөд явж байхад Ц эгч тугалаа хөөчхөөд миний өөдөөс ирж байхад нь Г-ын 2 нохой давхиж очоод унагаад урж байсан, Н-ийн 2 нохой наана хуцаад зогсож байсан” гэх ,/хх-22,26/

гэрч А.Э “ ... Г-ын хашааны зүүн талд өөр айлын 2 нохой эмэгтэй хүн рүү хуцаад дайрч байхад Гын  2 нохой хөгжөөд тэр 2 нохойны араас нь давхиж очоод 4 нохой нийлээд бужигнахаар нь Г машинтай очиж нохойнуудыг хөөсөн...” гэх  /хх-34/  мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг болсон газар, хашааны байрлал, нохойнууд аль зүгээс ирж руу дайрч гэмтэл учруулсан зэргийг тодорхой, ойлгомжтой болгох үүднээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор ... нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийх”-ээр заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн газрын үзлэгт хэрэг  болсон газраас, гэрч, шүүгдэгчийн хашаа хэдэн метрийн зайтай, ертөнцийн зүгээр хаашаа харсан байрлалтай байсан, аль зүг рүү тугалаа бэлчээгээд гэр лүүгээ ирж байсан, гэрч Л.Бийн хараад зогсож байсан газар болон шүүгдэгч  Э.Г, гэрч А.Э нарын гахайн хоол буулгаж байсан хашаа хэрэг болсон газраас хэдий хэмжээний зайд байсан, тухайн газарт олон  нохойны хөлд шороо, тоос боссоноор үзэгдэх орчин хязгаарлагдах боломжтой эсэх зэргийг тогтоосноор  хэргийн нөхцөл байдлыг бодитой, эргэлзээгүй тогтоож шүүгдэгчийн гэм бурууд  тохирсон ял шийтгэл оногдуулах учиртай.

 Мөн хэргийн газрын зураглал хийснээр Л.Ц, гэрч Л.Б, гэрч А.Э нарын  мэдүүлгүүдээр  Г, Н нарын хэнийх нь хоёр нохой түрүүлж  руу дайрсан  талаарх зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно.   

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г-т мөрдөн байцаалтын шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.                                                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч,, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

    ШҮҮГЧИД                                                    О.БААТАРСҮХ

 

                                                                           С.ОЮУНТУНГАЛАГ