Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2016/0093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар/

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон дугаар Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон гэрчилгээ, БНСУ-ын иргэн К*******ыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Газархэвлий гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ий эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд БНСУ-ын иргэн K овогтой C /К/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь улсын бүртгэлийн дугаартай, ******* регистртэй БНСУ-н Ж хувьцаат компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр, үйл ажиллагаа явуулдаг охин компани юм.

Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ж хувьцаат компанийн ТУЗ-ийн 2012 оны 5 дугаар сарын шийдвэрийн дагуу БНСУ-н иргэн Су*******ийг ерөнхий захиралаар, Монгол улсын иргэн Т.Тг гүйцэтгэх захиралаар тус тус томилсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар байгаа мэдээлэлд ТУЗ дарга, үүсгэн байгуулагчаар БНСУ-н иргэн С, ерөнхий захиралаар Су******* нар бүртгэлтэй байдаг болно.

Г ХХК-ийн үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хэвийн явагдаж байхад БНСУ-ын иргэн К******* нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гээгдүүлсэн ба өөрийг нь ерөнхий захиралаар томилсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх бичиг баримт бүрдүүлэн Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин хэвлүүлэн авч 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн байранд хүрч ирэн одоо би ерөнхий захирал болсон, тамга тэмдэг, компанийн ажлыг надад хүлээлгэн өг гэсэн шаардлага тавьж шинээр гаргуулж авсан гэрчилгээ, тамга үзүүлсэнээр манай компаний тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин хэвлэгдсэнийг мэдсэн. Тэр үед манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга компани дээр хадгалагдаж байсан.

Ингээд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус компанийн гэрчилгээ, тамгыг БНСУ иргэн К******* нь хууль бусаар дахин хэвлэж авсан ба компанийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн байна гэсэн хариуг өгсөн.

Дээрх хариуг хүлээн авсны дараа манай компанийн ТУЗ-ийн дарга С Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пид хандан 2014 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн нэмэлт өөрчлөлт хийлгэсэн бүртгэл, дахин гэрчилгээ, тамга тэмдэг хэвлүүлэн авсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд дээрх бүртгэлийг эргэн харж бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 5 дугаар сард компанийн удирдлагаар томилогдсон эрх бүхий хүмүүсийн эрхийг дахин сэргээж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч 2014 оны 12 дугаар сарын 24-ний нэмэлт өөрчлөлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн хариуг өгснийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан.

Харин Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ий ТУЗ-ын дарга С, гүйцэтгэх захирал Т.Т нарын хувьд дээрх бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 8.3-т Улсын ахлах бүртгэгч нь хуулийн этгээдийн гэрчилгээнд бичигдэх үзүүлэлт, зөрчилгүй бол жагсаалтад бүртгэж газрын даргад танилцуулна. Харин зөрчилтэй улсын бүртгэлийн гэрчилгээ, нотлох баримтыг улсын бүртгэлийн хийсэн улсын бүртгэгчид буцаан өгнө. Улсын бүртгэгч зөрчлийг арилгах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзэн ЗХХШТ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хууль ёсны, хүчин төгөлдөр гэрчилгээ гээгдээгүй компанийн гүйцэтгэх захирал Т.Тд хадгалагдаж байхад гээгдүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүхий өргөдлийг үндэслэн тус компанийн гэрчилгээг дахин олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар зөрчсөн байна.

Мөн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга дахин авахад тус байгууллагын журамд зааснаар үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд өргөдөл гаргах эрхтэй байхад тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс өргөдөл хүлээн авсан, мөн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус зөрчиж бүртгэлд өөрчлөлт оруулж, дахин улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга олгосон нь Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар тушаалуудыг үндэслэн нэхэмжлэх нь

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон № дугаар Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-нд дахин олгосон гэрчилгээ, БНСУ-ын иргэн К*******ыг захиралаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ий эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот гэрчилгээ олгож БНСУ-ын иргэн К*******ыг гүйцэтгэх захиралаар томилохдоо хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд Голд маүнтин кориа ХХК-ийн гишүүдийн шийдвэр болон холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна.

Уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Т.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан Г ХХК-ний захирал гэх Т.Т нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон дугаар Г ХХК-нд дахин олгосон гэрчилгээ, БНСУ-ын иргэн Кыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г ХХК-ний эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

БНСУ-ын Го******* ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Г ХХК-ийг худалдан авч гадаадын хөрөнгө оруулалттай компани болгосон.

БНСУ-ын Го******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаан шийдвэр гаргаж Монгол улс дахь Газархэвлий ХХК-ний захирал Сун Мён Гёнгийг компаний хөрөнгийг бусадтай нийлж завшсан, алтны уурхайд олборлолт хийж олсон алтаа хуурамч материал үйлдэж хувьдаа завшсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч төгрөгний ашиг өгөөгүй, хувьдаа ашиглан шамшигдуулсан зэргийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлж, Го******* ХК-ны хувьцаа эзэмшигч нар нь БНСолонгос улсад хуралдаж Монгол улс дахь Г ХХК-ний үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар БНСУ-ын иргэн Кыг захирлаар томилж, энэхүү баримтыг БНСУ-ын Нотариатын байгууллагаар батлуулж, Монгол улсаас БНСУ-д суугаа Консулын газраар баталгаажуулан Компаны тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд болон холбогдох журмуудыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохих өөрчлөлтүүдийг хийлгэсэн болно. Ингээд Го******* Хувьцаат компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монгол улс дахь Г ХХК-ний захирлаар томилогдсон БНСУ-ын иргэн К миний бие нь өөрт олгогдсон эрх үүргийнхээ дагуу компанийхаа хувьцаа эзэмшигч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан компаний үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгийг ашиглан шамшигдуулж хувьдаа завшсан хэргийн асуудлаар БНСУ-ын иргэн С*******, Монгол улсын иргэн Т.Т нарт эрүүгийн хэрэг үүсгүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгуулж байна.

Т.Т нь БНСУ-ын иргэн К намайг хуурамч баримт бичиг бүрдүүлэн УБЕГ-т гарган өгч хууль бусаар компанийг авсан гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж өгсөн.

Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар эрүүгийн 2015250000550 тоот хэрэг үүсгэсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Кы Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгсөн гэх баримт нь БНСУ-д үйлдэгдэж, тус улсад суугаа Монгол улсын Консулын газраар дамжин ирсэн байх ба дээрхи баримтуудыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн Дүүргийн 1-р прокурорын газрын 2015 оны 04-р сарын 12-ний өдрийн 269 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Г ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болоод хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон № тоот гэрчилгээ болон иргэн К*******ыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Г ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн С******* дээрх улсын бүртгэлийг хууль бус болох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан гомдлоо 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байх бөгөөд уг гомдлын хариуг 2015 оны 2 дугаар сарын 08, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд БНСУ-ын иргэн С******* авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг хэдий ч бодит байдал дээр дээрх хариуг итгэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авсан болох нь гэрч н.Өнөржаргалын шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газраас надруу хариу ирж ав гэж утсаар залгасан. Үүний дагуу би 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр очиж хариуг нь аваад уг албан бичгийг гэртээ дарж мартсан байсан. Сүүлд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал Т.Ттай дахин очиж авсан энэ талаар хариуг би авсан байсан гэдгээ С******* захирал болон гүйцэтгэх захирал Т.Т нарт хэлээгүй. Ямар нэгэн үр дагавар үүсгэнэ гэдгээ мэдээгүй. Би тухайн үед хариуг аваад өгөхөө мартсандаа айгаад хэлээгүй гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, өргөдөл гомдлын бүртгэлийн карт, шуудангийн дэвтэр, нэхэмжлэгч болон хариуцагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Дээрх нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарыг дүгнэж үзээд шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэх журам-ыг баталж гаргасан байна. Уг журмын тавд Өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хариуг өгөх талаар зааж өгсөн байх бөгөөд өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн аль тохиромжтой хэлбэрээр тухайн өргөдөл гомдол гаргагчид өөрт нь хариуг өгөх тухай журамлаж өгсөн байхад уг журманд заасны дагуу хариуцагч С*******-д гардуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон итгэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэн Т.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарын тухайд:

Анх Г ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан ба тус компанийг эзэмшигч Б.Батболд нь 2013 оны 12 дугаар сард БНСУ-ын хуулийн этгээд G******* LLC /цаашид Голд маунтин кореа компани гэх/-д эзэмших эрхээ шилжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалттай компани болон өөрчлөгдөж, ерөнхий захиралаар БНСУ-ын иргэн S******* /С*******/-г Голд маунтин кореа компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захиралаар Т.Тг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байх бөгөөд өмнөх захирал Б.Батболд нь Т.Тг 2013 оны 5 дугаар сард тус компанийн гүйцэтгэх захиралаар томилсон байна.

Үүнээс дүгнэж үзэхэд маргаан бүхий акт буюу бүртгэлийн улмаас Г ХХК болон Т.Тгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэхээр байх тул Т.Тг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээргүй байна.

Хэргийн нөхцөл байдлын талаар:

Гуравдагч этгээд KI******* /К*******/ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК /РД: *******/ нь БНСУ-ын Голд маунтин кореа компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан ба тус компанийн захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн SO******* /Су*******/-ийн хариуцлагагүй байдлын улмаас тус компанийн бүртгэлийн гэрчилгээ болон тамга зэргийг үрэгдүүлсэн байна.

Хөрөнгө оруулагч БНСУ-ын Голд маунтин кореа компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн SO******* /Су*******/-ийг чөлөөлж БНСУ-ын иргэн KI******* /К*******/-ийг гүйцэтгэх захиралаар томилсон тул өөрчлөлтийг бүргэж Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гадаад паспорт болон Өнөөдөр сонин, Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан өргөдөл, Г ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах тухай захирлын шийдвэр зэрэг баримтыг гарган өгч улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр № тоот гэрчилгээг дахин олгож БНСУ-ын иргэн KI******* /К*******/-ыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх ба уг бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчсөн байна.

Хууль зөрчсөн талаар:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно мөн хуулийн 11 дүгээр зүйлд Улсын бүртгэгчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгсөн байхад энэ үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч нь өмнөх бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байгаа эсэх, хавсаргасан нотлох баримт нь үнэн зөв зөрчилгүй талаар шалгаж нягтлах үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлэлгүйгээр дахин бүртгэлийг хийсэн нь хууль бус болсон байна.

Мөн KI******* /К*******/ нь Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн гэсэн баримт бичиг улсын бүртгэлийн хувийн хэрэгт байхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд болон 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг баримтлана гэсэн зохицуулалттай бөгөөд 15 дугаар зүйлд Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг нарийвчлан заасан байх ба 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана, 15.1.1-д тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 15.1.2-д тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, 15.1.3-д тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг, 15.1.4-д хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 15.1.5-д хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, 15.1.6-дитгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж өргөдөл гаргах эрхтэй этгээдийг тодорхой зааж өгсөн байхад энэ хуулийн заалтыг Улсын бүртгэгч нь зөрчиж дээрх бүртгэлийг хийсэн нь хууль бус болсон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Улсын бүртгэл нь үнэн зөв байх, Улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн үндсэн зарчим алдагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан Газархэвлий гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Бүртгэлийн Газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон № тоот гэрчилгээ болон иргэн KI******* /К*******/-ыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ