Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/65

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн 1727000080007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн нисэх буудалд цахилгаан техникч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Л. М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Л.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр сумаас өөрийн эзэмшилд байдаг 22-69 ӨВР улсын дугаартай Волво маркийн автомашиныг унаж хамт ажилладаг аж ахуйн нярав Л.Д, холбооны инженер Д.С нарын хамт 3-уул Өвөрхангай аймгийн Хархорин сумын нисэх буудал орох замд автомашинтайгаа явж онхолдож замын хажуу хэсэг рүү орох шиг болсон. Тэрнээс хойш мэдэх зүйл байхгүй. Өвөрхангай аймгийн эмнэлэгт нэг мэдэхэд хүргэгдэж ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-159 дүгээр хуудас/

Хохирогч Д.С-гийн өгсөн: “...М-ы автомашинд Д-гийн хамт гурвуул Хархорин сум явсан. Д, М бид жолоочийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумаас урьд шөнө нь ирсэн байсан. Тэгээд нойр дутуу байсан болохоор Д бид 2 унтаж явсан. Харин М өөрийнхөө автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт ирээд ухаан орсон. Тухайн үед Д-гийн хамт арын суудал дээр унтаж явсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн санал огт байхгүй. Бид 3 ажлаар явж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

Хохирогч Л.Д-гийн өгсөн: “...Автомашиныг М жолоодсон. Харин автомашины арын суудал дээр С бид 2 сууж явсан. Нэг мэдэхэд Хархорин сумын эмнэлэгт ухаан орсон. Намайг эмч нар гар хөл хугарсан гэж хэлсэн. Тэгээд л зам тээврийн осол гарсан гэдгийг мэдсэн. М С бид 3 урд шөнө нь Өвөрхангай аймгийн Богд сумаас ирсэн байсан. Тэгээд маргааш нь Хархорин сум руу тооллогоор ажлаар яваад ийм асуудал болсон. Надад санал хүсэлт огт байхгүй. М, С бид 3 нэг газар ажилладаг болохоор гомдол санал огт байхгүй. Бид нар огт архи дарс хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-154 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас

- Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-15 дугаар хуудас/,

- Замын цагдаагийн байцаагчийн ослын акт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Л. М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Л.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.М-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.М-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7.  Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримаар хэрэгт хавсаргагдаж ирсэн №53780 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №0164736 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М-д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.М-ы 500.000 төгрөгийн үнэ бүхий Пунай маркийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА