Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00316

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “С ББСБ” ХХК-ийн,

Хариуцагч: М.Б,

Хариуцагч: Т.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,944,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.Б, Т.Д нар нь С ББСБ-тай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/1502100695 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100695 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 95456545, 95453905 дугаарын утсаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,955,007 төгрөг, хүүгийн төлбөр 967,118 төгрөг, нийт 4,922,125 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч М.Б, Т.Д нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 4,922,125 төгрөг, нотариатын хураамж 22,000 төгрөг, нийт 4,944,125 төгрөг хариуцагч нараас гаргуулж С ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.         

Хариуцагч М.Б, Т.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би “С ББСБ” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээл авсан, хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед С.Г гэх залуу бид нарыг гуйж зээл авахуулсан. Одоо С.Г нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөнгөө өгнө гэсэн. Иймд бид 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд “С ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,944,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Б, Т.Д нарын тайлбартай танилцлаа. Зээлийн төлбөрөө 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч М.Б, Т.Д нар нь нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,944,125 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов. 

4. Хариуцагч М.Б, Т.Д нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,056 төгрөгийн тавин хувь болох 47,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 47,028 төгрөг, хариуцагч М.Б, Т.Д нараас 74,028 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,944,125 /дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.Б, Т.Д нар 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,056 /ерэн дөрвөн мянга тавин зургаа/ төгрөгийн тавин хувь болох 47,028 /дөчин долоон мянга хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 47,028 /дөчин долоон мянга хорин найм/ төгрөг, хариуцагч М.Б, Т.Д нараас 47,028 /дөчин долоон мянга хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б, Т.Д нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА