| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03323/И |
| Дугаар | 182/ШШ2024/03464 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/03464
2024 08 22 182/ШШ2024/03464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Мн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,354,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аав *******гийн хамт хүнсний ногоо зарж, худалдан борлуулдаг гэр бүлийн бизнес эрхэлдэг юм. Хүмүүс аав, бид хоёрын хэн нэгэн рүү утсаар холбогдож, хүнсний ногоо авах захиалгаа өгдөг ба би ногоог зохих газарт нь хүргэж өгдөг юм. Хариуцагч Д.******* нь манайхаас хүнсний ногоо авдаг байсан. Д.******* нь 2022.11.18-ны өдөр манай аавтай утсаар холбогдож, ногоо худалдан авах захиалгаа өгсөн бөгөөд миний бие 2022.11.22-ны өдөр лууван 4тн, сонгино 2тн, шар манжин 1тн, нийт 7 тн, 7,400,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог Хүчит шонхор зах дээр буулгаж, Д.*******д хүлээлгэн өгсөн. Хариуцагч Д.******* нь төлбөрөө 7 хоногийн дараа төлнө гэсэн боловч 3,046,000 төгрөгийг манай аав К.*******гийн ХААН банк ХК-ийн дансаар цувуулж төлсөн. Харин хариуцагч Д.******* нь үлдэгдэл 4,354,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд үүнийг 7 хоногийн дотор төлнө гэж 2023.03.10-ны өдөр бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч Д.******* нь Хүчит шонхор захын лангуугаа ажиллуулахаа больсон, утсаа авахгүй, миний дугаарыг блоколсон байгаа. Иймд хариуцагчаас ногооны үлдэгдэл төлбөр 4,354,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
К.*******гийн дансны хуулга, 2023.03.10-ны өдрийн Д.*******гийн төлбөр төлөх тухай гар бичвэр, иргэний үнэмлэхний хуулбар, гар утасны захидлууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч Д.******* нь худалдан авсан хүнсний ногооныхоо үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлөхөө зөвшөөрч бичиж өгсөн боловч төлөөгүй учир үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч М.******* нь аав К.*******гийн хамт Дархан-Уул аймагт хүнсний ногоо тариалж, худалдан борлуулдаг гэр бүлийн бизнес эрхэлдэг байх ба, хариуцагч Д.******* нь 2022.11.18-ны өдөр утсаар холбогдож, хүнсний ногоо худалдан авах захиалга өгч, төлбөр төлөх, нэхэмжлэгч М.******* нь хүнсний ногоог тохиролцсон газарт нь хүргэн өгөхөөр амаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 189 дүгээр зүйлийн 189.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасантай нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэжээ.
3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч М.******* нь 2022.11.22-ны өдөр лууван 4 тн, сонгино 2 тн, шар манжин 1 тн, нийт 7 тн 7,400,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог хариуцагч Д.*******гийн ажилладаг Хүчит шонхор зах дээр буулган, түүнд хүлээлгэн өгсөн, хариуцагч Д.******* нь 2023.02.05-ны өдөр ******* гэсэн утгаар 600,000 төгрөг, 2023.02.09-ний өдөр ******* luuwan manjin гэсэн утгаар 1,500,000 төгрөгийг К.*******гийн ХААН банк ХК-ийн дансаар төлсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэж байна.
Тодруулбал, хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч М.Мөнхсайханд нийтдээ 3,046,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,354,000 төгрөг /7,400,000 төг-3,046,000 төг/-ийг төлөөгүй, тэрээр үлдэгдэл 4,354,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлөхийг зөвшөөрч 2023.03.10-ны өдөр баримт үйлдсэн байх боловч төлөөгүй, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа утсаар шаардаж, захидал бичиж байсан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.
4.Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар дээр дурдсан хүнсний ногоог ямар нэгэн эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хариуцагч Д.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Д.******* нь үлдэгдэл төлбөр 4,354,000 төгрөгийг төлөх үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Д.*******гаас үлдэгдэл төлбөр болох 4,354,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч Д.******* нь төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон.
5.Шүүх 2024.06.14-ний өдрийн 11058 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.*******г албадан ирүүлж, 2024.07.01‑ний өдөр түүнд нэхэмжлэлийг гардуулан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан 2024.07.15‑ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Д.******* нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иймд шүүх хариуцагч Д.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул түүнээс үлдэгдэл төлбөр 4,354,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч М.*******гийн 2024.05.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 84,614 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 84,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.‑д зааснаар хариуцагч Д.*******гаас 4,354,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 84,614 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 84,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА