Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2024/00317

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “МХБ” ХК-ийн,       

            Хариуцагч: “ИБУ” ХК-д холбогдох,

Үйлчилгээний хөлс 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИБУ” ХК-ийг Увс аймгийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот тогтоолоор хувьчилж, төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулсан ба МХБид үнэт цаасаа бүртгүүлж, бүртгэлийн гэрээ байгуулсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасны дагуу “МХБ” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар бүртгэлтэй компаниудын үйлчилгээний хөлсийг тогтоосон. Мөн “ИБУ” ХК-тай 1995 онд байгуулсан Бүртгэлийн гэрээний 1.3-т компани нь бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь төлөхөөр заасан байдаг. МХБийн зүгээс удаа дараа утсаар холбогдож үйлчилгээний хөлсийг нэхэмжилж байсан ч “ИБУ” ХК нь одоог хүртэл үйлчилгээний хөлсөө төлөөгүй байна. Иймд уг компанийн 2020 оноос 2023 оныг дуустал хугацаанд төлбөл зохих үйлчилгээний хөлс болох нийт 1,900,000 төгрөгийг “ИБУ” ХК-иас гаргуулж, “МХБ” ХК-д олгож өгнө үү” гэжээ.     

Нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “МХБ ХК нь тус шүүхэд “ИБУ" ХК-д холбогдуулан үйлчилгээний хөлс 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус үйлчилгээний хөлсийг төлсөн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжпэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.             

ҮНДЭСЛЭХ нь:      

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.         

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлжээ.     

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийн тал хувь болох 22,675 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,675 төгрөг гаргуулж “МХБ” ХК-д олгох нь зүйтэй.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ИБУ" ХК-д холбогдох, үйлчилгээний хөлс 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МХБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 /дөчин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 22,675 /хорин хоёр мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,675 /хорин хоёр мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулж “МХБ” ХК-д олгосугай.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.        

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА