Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

2022 оны 05 сарын 10-ны өдөр           Дугаар 2022/ДШМ/07                      Баруун-Урт

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Насанжаргал,

        нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ч-д холбогдох эрүүгийн .................дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 19......онд Сүхбаатар аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ......... сумын ...... дүгээр багийн “.......” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........овогт Б.Ч. /РД:.........../

 

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн ............сумын .......дүгээр багийн нутаг “.........” гэх газраас алдуул мал завшиж 696360 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн газраас иргэн Д.М-ын 1 тооны үхрийг хулгайлж, 696360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч Б.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .......овогт Б.Ч-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч-д шүүхээс оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, ялтан нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлогод оруулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Д.М-ын хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдорж эсэргүүцэлдээ болон прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа тодорхойлох хэсэгт “8 сар” гэж, тогтоох хэсэгт “6 сар” гэж зааснаас өөрөөр бичсэн байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох  зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэл тогтоох зэргээр тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Шүүгдэгч Б.Ч нь Сүхбаатар аймгийн ......... сумын ...... дүгээр багийн нутаг “.........” гэх газарт оршин суудаг талаар шийтгэх тогтоолд тусгагдсан ба тэрээр нутаг дэвсгэрийн ямар ч хязгаарлалтгүйгээр оршин суух газраа өөрийн дураар чөлөөтэй сонгох, ингэж оршин суух газраа өөрчлөх тохиолдолд л эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна, бусад байдлаар зорчин явах, оршин суух бүс газрыг зааж өгөөгүй, түүнчлэн тухайн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих байгууллагыг заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, уг ялыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “шүүгдэгч Б.Ч-г 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа буюу шийтгэх тогтоол гарах үед оршин сууж байсан Сүхбаатар аймгийн.............. сумын нутаг дэвсгэрээс өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, анхан шатны шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн ....... сумын ......дүгээр багийн нутаг “........” гэх газраас иргэн Д.М-ын 1 тооны үхрийг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 696360 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн газраас иргэн Д.М-ын 1 тооны үхрийг хулгайлж 696360 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал: Шүүгдэгч Б.Ч “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байхад ээж М миний утас руу залгаад: Маргааш хүмүүс очиж, бяруу авна өгөөрэй гэхээр нь үхрээ хураахад манай үхэрт сартай хар зүсмийн бяруу нийлсэн байсан. 11 сарын 30-ны өдөр хүмүүс ирэхээр нь уг бярууг хийж өгөөд явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аав залгаад ..........  Г гэх хүн очиж бяруу авна гэсэн. Маргааш нь манай үхэр “..........” гэх газарт өөр айлын үхэртэй бэлчиж байхаар нь айлын мухар улаан зүсмийн бярууг тууж аваачиж, ачаад явуулсан. Д.М ахынх манайхаас баруун хойд зүгт 20 гаруй км-т байдаг. Би үхэртээ явахдаа хүрэн зүсмийн, хязаалан насны морьтой явдаг.” гэх /1-р хавтасны 76-80/,

Хохирогч Д.М-ын “2021 оны 11 дүгээр сарын 27-30-ны хооронд сартай хар бяруу, 2021 оны 12 дугаар сарын 02-06-ны хооронд мухар улаан шүдлэн бяруу маань алга болсон. Б.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 20-оос 23-ны хооронд 2 тооны бяруу өгч намайг хохирол, гомдолгүй болгосон.” гэх /1-р хх 13-17/,

Гэрч Н.Б-ын “Миний бие Ганхуяг гэх хүнд нэг бярууны өглөгтэй байсан. Тэгээд хүү Ч-д утсаар “Миний хүү Г ах нь удахгүй очно. Өөрийнхөө бяруунаас өгөөрэй” гэж хэлсэн.” гэх /1-р хх 24, 30/,

Гэрч Д.Г-ийн “Би 2020 онд Б гэх хүнд 500000 төгрөг зээлүүлээд дараа жил идэшний бяруу авна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б руу залгаад хэлэхэд манай хүүгээс авчих гэсэн. Ч үхрээсээ мухар улаан зүсмийн бяруу барьж өгсөн.” /1-р хх 33/

Шинжээчийн “Хоёр бярууны нэг бүрийн үнэ 696360, нийт үнэ 1392720 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 38-47/,

Шинжээчийн “1 морины үнэ 732133,33 төгрөг”  гэх дүгнэлт /1-р хх 55-64/,

Хохирогч Д.М-ын Б.Чнь 2 тооны бяруу өгч, миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /1-р хх 104/ зэрэг болно.

Гэрч Д.М-ийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ч-ийн Хаан банкны дансны хуулга, мал тооллогын баримт зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. / 1-р хх 27, 89, 94-98/

 

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргаж, шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг “8 сар” гэж тогтоох хэсгээс зөрүүтэй бичсэнийг залруулах нь зүйтэй юм.

Дээд шатны прокурорын “Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний оршин суух бүс газар, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих байгууллагыг зааж өгөөгүй” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийг хангаж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай” гэснийг

          “Шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх буюу Сүхбаатар аймгийн ................ сумын нутаг дэвсгэрийн дотор зорчих үүргийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай”  гэж өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсэгт: “Шүүгдэгч Б.Ч-д зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн нэмэлтийг оруулсугай.

1.3. Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                         Д.БАЙГАЛМАА