Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2024/00318

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: УАПГын,

            Хариуцагч: Ө.Сид холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УАПГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Ө.С нь 2019 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Ө.С нь гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 5,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд..иргэн Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18 зүйл, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иргэн Ө.С нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн Ө.С нь талуудын байгуулсан ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй буюу 5,000,000 төгрөг төлөөгүй байх тул гэрээний 1.3, 3.5 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2“бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 5,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.                    

Хариуцагч Ө.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ПГаас нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас зээлээ төлж чадахгүй байсан. Одоо ажилтай болсон. Уг 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулна” гэжээ.           

Нэхэмжлэгч УАПГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ө.С нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээл 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Ө.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.           

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, УАПГын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Сид холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.  

4. Хариуцагч Ө.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлнэ.

5. Нэхэмжлэгч УАПГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч Ө.Соос гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УАПГын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.С 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацааанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Соос улсын тэмдэгтийн хураамж 47,475 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.   

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА