Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2024/00285

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн ***** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: А.А-т холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,413,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А нь 2013 онд Хоршоо хөгжүүлэх сангаас хиамны цехийн зориулалтаар 4,300,000 төгрөгийн зээл авч зээл төлөх эцсийн хугацаа 2016 онд дууссан. Энэ хугацаанд амаар болон бичгээр удаа дараа зээлийг эргэн төлөх албан мэдэгдэл өгч байсан боловч одоог хүртэл зээлийн үлдэгдэл болох 4,413,520 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлийн хугацаа дууссан учир зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

           Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.А нь Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр болох 4,413,520 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 300,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сард 213,520 төгрөг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: ***** сумын хоршоо хөгжүүлэх сангаас Хөдөлмөр багийн иргэн А.А нь зээл авч хугацаа хэтрүүлээд байсан бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл хуваарийн дагуу сар бүр 300,000 төгрөг төлж, зээлийн бүрэн барагдуулахаар өөрийн биеэр хүсэлт гаргасныг ***** сумын Засаг дарга миний бие хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг дарга нь хариуцагч А.А-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,413,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,413,520 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Хариуцагч А.А үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.А-ээс 4,413,520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,566 төгрөгийн 50 хувь буюу 42,783 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч А.А нь 4,413,520 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг Увс аймгийн ***** сумын Хоршоог хөгжүүлэх санд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн ***** сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 42,783 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч А.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БОЛОР