Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

2022 оны 05 сарын 10-ны өдөр           Дугаар 2022/ДШМ/08                      Баруун-Урт

 

Э.О, А.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

       нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол, хяналтын прокурор М.Сумъяагийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.О, А.Н нарт холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 19......онд Сүхбаатар аймгийн ..........суманд төрсөн, .......настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...................... мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн .........сумын .......дүгээр баг, ..................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............. овогт Э.О /РД:........./,

 

2.Монгол Улсын иргэн, 19..... онд Сүхбаатар аймгийн ......... суманд төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ......... сумын ...... дугаар баг, “........” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... овогт А.Н /РД:................../,

 

Шүүгдэгч Э.О, А.Н нар нь 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн ...........сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Г-ийн 2 адууг хулгайлж, хохирогчид 8000000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос шүүгдэгч Э.О, А.Н нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Г.Г-ийн хулгайд алдсан хоёр гүүний эх тал нь хурдан удмын адуу мөн эсэх, уг гүүнүүдээс гарсан төл хурдалж байсан эсэх тодорхойгүй байхад үнэлгээ хийсэн байх тул нэмэлт шинжилгээг өөр шинжээчээр хийлгэх, хохирогч Г.Г, түүний адууг хариуцан малладаг Г.Б нарын малын А дансыг авах зэргээр тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн эрх зүйн байдлыг тогтоох,  хулгайлагдсан 2 гүүний эх тал нь хурдан удмын эсэхийг мэдэх хүмүүсийг асуух зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж, Э.О, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор М.Сумъяа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шинжээч дүгнэлт гаргахдаа “...........” гэх адуу нь аймаг, сум, бүсийн чанартай уралдаанд айраг, түрүү хүртэж, хурдан адуу мөн болохыг түүний шагналын баримтаар тодорхойлж, хулгайд алдсан 2 гүүг “...........” азарганы төл болохыг гэрч Г.Б, Д.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч Г.Г нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа хурдан талаар мэдүүлээгүй, өөрөөр хэлбэл алдагдсан хоёр гүүг хурданд тооцож шинжээч дүгнэлт гаргаагүй, удмын хувьд “...........удамтай” гэж үнэлгээ гаргасан, түүнчлэн зах зээлд адууг үүн дотор гүүг арилжих, худалдахад тухайн гүүний өөрийн хурдан эсэхээс биш удам, угшлаас хамаарч үнэ ханш нь тодорхойлогддог. Хэрэгт хохирогчийн хоёр гүүг хурдан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох боломжгүй бөгөөд харин хоёр гүүний эцэг “........” гэх азарга нь аймаг, сум, бүсийн чанартай наадамд түрүү, айраг хүртэж байсан хурдан адуу болох нь нотлогдсон. Энэ хэрэгт хоёр гүүг “...........” гэх адууны үр төл болохыг тогтоосон байхад заавал эх талаас болон үр төл нь хурдан адуу байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй юм. Прокурорын хяналтын хугацаанд талуудаас шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй болно. Түүнчлэн төрлийн бус нэг бүрийн шинжээр үнэ цэнэ нь тодорхойлогдох дээрх адууны үнэлгээг шинжээч нь морьдын нас, зүс, цус, хурдны угшилтай эсэх, төстэй адууны ханшны судалгаа зэрэгт үндэслэн гаргасныг няцааж үгүйсгэх, эсхүл эргэлзээтэй болсон гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үнэлгээ гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан ямар үндэслэл, юунд тулгуурлан дүгнэлт гаргасан болохыг тайлбарлуулж мэдүүлэг авч шийдвэрлэх боломжтой байсан. Хохирогч Г.Г, түүний адууг хариуцан маллах Г.Б нарын малын өмчлөгч мөн эсэхэд талууд маргаагүй бөгөөд заавал малын “А” дансыг авч хэрэгт хавсаргах шаардлагагүй. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Хохирогч Г.Г нь хоёр гүүгээ алдаж цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “........ удмын” гэж мэдүүлж байгаагүй.  Гэтэл цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 1 жил 11 сарын дараа, хохирол төлөгдсөнөөс хойш хоёр гүүгээ “хурдан удмын” хэмээн дахин үнэлгээ гаргуулахаар өргөдөл гаргасан. Өмгөөлөгч Т.Хүдэр мөн адил хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн аваад хангаж, шинжээч томилсноор тус бүр 4000000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Дахин үнэлгээ хийлгэснийг “шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв дээрх гүүнүүд нь үнэхээр хурдан удмын гүү байсан бол хохирогчийн зүгээс анх гомдол гаргахдаа “.........удмын гүү” гэж тэмдэглүүлж, гурван удаагийн мэдүүлэгтээ ч "......... удмын гүү” гэдгээ тодруулан шалгуулах боломж байсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, хурдан удмын адуу болгоноос гарсан үр төлийг хурдан удмын гэж жишиг байдлаар тодорхойлж үнэлгээ гаргасан нь дутагдалтай гэж үзэж байгаа бол хохирогчийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан “...........” ХХК-ийн .......... тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын зүгээс өмчлөгчийн талаар маргаагүй тул өмчлөгчийн эрх зүйн байдлыг тогтоох шаардлагагүй бөгөөд малын “А” данс нь “......... удмын гүү” мөн эсэхийг нотлохгүй. Энэ ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, анхны үнэлгээгээр хэргийг шийдвэрлэх боломжтой тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй юм. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргав гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах саналтай байна. Учир нь үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нар маргаж байгаа. Нэг шинжээч 2 удаа үнэлгээ хийсэн асуудал хэргийн материалаас харагдаж байна. Энэ хэргийн хувьд үнэлгээг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Яагаад эхний үнэлгээ 1050000 төгрөг, дараагийн үнэлгээ 4000000 төгрөг гэж зөрүүтэй гарсан юм гэвэл мөрдөн байцаах ажиллагаанд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гарсан гэж үзэж байна. “Бүжин хонгор” гэх хурдан удмын адууны төл мөн эсэхийг гэрч Б-аас дахин мэдүүлэг авч тодруулах, дахин өөр үнэлгээчнээр үнэлгээ гаргуулж, тухайн адуу хурдан удмын адуу мөн юм уу эсвэл энгийн адуу юм уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хохирогчийн хувьд эд хөрөнгөөрөө хохирсон учраас үнэлгээг дахин гаргуулж, гэм буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх хүсэлтээ байгаа гэв. ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор М.Сумъяагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.О, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.О, А.Н нар нь 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Г-ийн 2 адууг хулгайлж, хохирогчид 8000000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдлуудын нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоож чадаагүй байна.

 

Хохирогч Г.Ганхуяг нь 2020 оны 04 дүгээр сарын 14, 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хулгайд алдагдсан 2 гүүгээ “хурдан удамтай” гэж мэдүүлээгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Би халиун зүсмийн гүүгээ 3000000 төгрөгөөр, шаргал гүүгээ 1500000 төгрөгөөр үнэлнэ” гэж мэдүүлжээ. /1-р хх 39-42 /

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагч нар учруулсан хохирлоо барагдуулахаар 2100000 төгрөгийг хохирогч Г.Г-ийн дансанд шилжүүлэхэд мөн өдөр хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр, тухайн сарын 18-ны өдөр хохирогч Г.Г нар “хохирлын үнэлгээг дахин гаргуулах”-аар хүсэлт гаргасны дагуу нэмэлт шинжилгээ хийж, хохирлын хэмжээг 8000000 төгрөг болгож, 4 дахин нэмжээ. /1-р хх 86-99, 190-191, 193 /

Гэрч Д.Г нь “........" азарга хурдан байсныг мэдүүлсэн хулгайд алдагдсан 2 гүү түүний үр төл мөн эсэхийг мэдүүлээгүй, гэрч Г.Б хохирогчийн төрсөн дүүгийн нөхөр тул түүнээс өөр хөндлөнгийн хүмүүсээс хулгайд алдагдсан хоёр гүү нь хоёулаа “.......” адууны үр төл мөн эсэх, хурдан удамтай эсэхийг асууж тодруулах нь хохирлын үнэлгээг тогтооход чухал ач холбогдолтой учраас холбогдох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай. /1-р хх 65, 70/

Хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “хулгайд алдагдсан 2 адууны үнэлгээг 2100000 төгрөг” гэж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “........ удмын 2 гүүний үнэлгээг 8000000 төгрөг” гэж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Хоёр адууны үнэлгээг 1633800 төгрөг” гэж тус тус үнэлснээс үзэхэд хохирлын хэмжээ илт зөрүүтэй, эргэлзээтэй байна. /1-р хх 73-80, 88-112, 120-129/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж зааснаар өөр шинжээч томилж, хохирлын үнэлгээг дахин тогтоолгох шаардлагатай болно.

Иймд прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

О.БААТАРСҮХ